Categories
мэдээ нийгэм

“Ай Ти Эм-2019” үзэсгэлэн “Мишээл экспо” төвд үргэлжилж байна

Олон улсын аялал жуулчлалын “Ай Ти Эм-2019” үзэсгэлэн “Мишээл экспо” төвд өнөөдөр хоёр дахь өдрөө үргэлжилж байна.

Хорь дахь жилдээ зохион байгуулж буй энэ үзэсгэлэнд манай орны байгаль, соёлын өлгий болсон 21 аймаг, нийслэл хотын засаг захиргаа, хувийн хэвшлийн төлөөлөл, үндэсний аялал жуулчлалын тур оператор, зочид буудал, жуулчны бааз, агаарын тээврийн компаниуд гэсэн дотоодын 320 гаруй байгууллага, БНХАУ, Турк, Япон, БНСУ, Тайланд, ОХУ-ын Буриад, Тува улсын аялал жуулчлалын төрийн болон хувийн хэвшлийн төлөөлөгчид өөр өөрийн байршил талбайтай оролцож байна.

БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат үзэсгэлэнг нээж хэлэхдээ, “Аялал жуулчлал нь дэлхийн нийгэм-эдийн засгийн хөгжлийн чухал салбар болж байна. 2017 оны байдлаар 1.3 их наяад хүн аялж, жил бүр энэ нь 4-6 хувиар нэмэгдэж, дэлхийн ДНБ-ийн 10.4 хувийг энэ салбараас олж байна. Бүх ажлын байрны 10-ны нэг нь аялал жуулчлалын салбарт хамаарагдаж байна.

Манай улсад 2018 онд 529.370 гадаадын жуулчид хүрэлцэн ирсэн нь өмнөх оноос 11 хувиар өсч, бид анх удаа хагас сая илүү гадаадын жуулчид хүлээн авсанаар 569 сая ам.долларыг аялал жуулчлалаас олж, өмнөх оноос энэ тоо 29.6 хувиар өсөөд байгаа”-г онцоллоо.

Тэрээр, “Төрөөс аялал жуулчлалын салбарыг шат дараатай дэмжиж ажиллана. Энэ салбарт өөрсдийн хувь нэмрээ оруулж буй нэг дор 100-аас дээш зочин хүлээн авах хүчин чадалтай жуулчны бааз, амралтын газруудад “Ногоон зээл” олгоно” гэдгийг хэллээ. Мөн аялал жуулчлалын салбарт боловсон хүчин, хүний нөөц бэлтгэхэд анхаарч 21 аймагт аялал жуулчлалын чиглэлээр мэргэжилтэн бэлтгэх сургалтыг үнэ төлбөргүй зохион байгуулна. Энэ салбарт ажиллах чинь хүсэл эрмэлзэлтэй хүмүүс тус сургалтанд үнэ төлбөргүй хамрагдах боломжтой” гэдгийг дуулгасан юм.

Эдүгээ дэлхийн аялал жуулчлалын ерөнхий хандлага нь Ази тив рүү өсөн нэмэгдэж, Ази Европийг холбосон аялагчдын зам улам эрэлттэй тэлж байна. Иймээс Монголын аялал жуулчлалын хөгжил нь зөвхөн нэг улс орны төдийгүй бүс нутгийн, нүүдлийн соёл иргэншилт улс орнуудын, хоёр их гүрэн улсуудын дунд стратегийн чухал ач холбогдол бүхий жуулчдын зорих газар болж буй өнөө үед бид жуулчдын тоогоо жил бүр нэмэгдүүлэх бүрэн боломж байгааг тодотгож байлаа.

“Ай Ти Эм-2019″ аялал жуулчлалын үзэсгэлэнгийн энэ жилийн албан ёсны түншээр Увс аймаг оролцож байна. Тус аймгийн хувьд хил орчмын бүс нутгийн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд илүү анхаарч хил залгаа улс орнуудын аялал жуулчлалын баазуудтай нягт холбоо тогтоон ажиллаж байна. Түүнээс гадна нутгийн онцлог давуу талыг харуулсан “Тэмээ-Бүс-Загасчлал”гэсэн аялал жуучлалын эвент үйл ажиллагааг аймагтаа зохиож байгааг аймгийн Засаг дарга Д.Батсайхан хэлж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *