Categories
мэдээ цаг-үе

Агуу эрдэмтдэд тохиолдсон зугаатай түүхүүд

ТОМАС ЭДИСОН

“Чиний царай зүс авах юм алга, дэндүү ядарчээ гэж Америкийн алдарт зохион бүтээгч Эдисонд эхнэр нь хэлээд, -гэрээсээ нэг хоногоор яв, тав тухаараа сайхан амар гэжээ. Эдисон үгийг нь сонсоод, хаашаа ч юм яваад өгчээ. Харин нэг өдрийн дараа эхнэр нь түүнийг лабораторидоо ээлжит туршилтаа хийж байхад нь олжээ. “Сайхан амарлаа шүү!” гэж нөхөр нь уулзахдаа баясгалантайгаар хэлсэн гэдэг.

l l l

Томас Альва Эдисон зургаан настай байхдаа нэг удаа өндгөө дарж байгаа эм галууг анхаарч ажигласан ба удалгүй түүний орчин тойронд дэгдээхэйнүүд гүйлдэж байхыг харжээ. Нэлээд хэдэн өдрийн дараа бяцхан Аль хаашаа ч юм алга болчихов. Ээж нь нэлээд удаан хайсны эцэст түүнийг тахианы байрнаас олов. Жаалхүү нугасны өндөгнүүд дээр суучихсан нугасны дэгдээхэйнүүд гарахыг хүлээж байсан гэнэ.

l l l

Нэг удаа есөн настай Эдисон хий үүсэх үедээ дээш хөөрөн зарим зүйлд нисэх боломж өгдөг онолыг шалгахаар шийджээ. Тэгээд догшин шүүний ус үйлдвэрлэх үед хэрэглэдэг Зейдлицийн нунтгаас өөрийн найз Михаэль Оатаг хүчтэй тунг уухыг ятгав. Үүсч байгаа хий нь түүнд нисэх боломж олгоно гэж найздаа итгүүлжээ. Үр дүн нь гэнэтийн болов. Итгэмтгий Михаэль хүчтэй өвдөлт мэдэрч, залуу туршигч саваадуулж шийтгүүлжээ.

l l l

Цахилгаан чийдэн зохион бүтээгчдийн нэг Томас Альва Эдисон төлбөр төлөөгүйн улмаас дархны газрынх нь шатдаг хийг хааж тасалсан хийн компанид уурлаж бухимдсан үедээ цахилгаан гэрэлтүүлгийн боломжийн тухай анх бодсон гэдэг. Тэр энэ талаар өөрөө бичихдээ: “Би тэр үеэр жижигхэн дархны газрыг маань хааж битүүмжлэх хугацааг хойшлуулахын тулд цагдаагийн даргад өдөрт таван доллар төлдөг байсан юм.

Гэтэл бас хийн компанийн хүн ирээд хийг маань хааж тасалчихлаа. Би уурлаж бухимдахдаа, хийн гэрэлтүүлгийг цахилгаанаар сольж болох эсэх талаар мэдэхийн тулд хийн техникийн тухай, эдийн засгийн талаар бүх ном хэвлэлүүдийг уншиж судалсан юм. Хэрэв ингэж сольчихвол эдгээр харамч амьтдаас хариугаа бүрнээ авна!”

l l l

Нэг удаа Эдисон дээр нэгэн залуу зохион бүтээгч ирээд, дэлхий дээрх бүх юмыг хайлуулж уусгах чадвартай нийцлэг уусгагч нийлэгжүүлэн гаргаж чадна гэж хэлжээ. “Энэ чинь маш, … маш сайн хэрэг. Гэхдээ та энэ гайхамшигтай шингэнээ юунд хийж хадгалах юм бэ?” гэж Эдисон хэлсэн гэдэг.

НИЛЬС БОР

Нильс Бор Геттингенд сурч байхдаа нэг удаа коллоквиумд \сорих яриа\ муу бэлтгэсэн ба түүний илтгэл тааруухан болжээ. Харин Бор сэтгэлээр унасангүй, үгийнхээ төгсгөлд инээмсэглэн хэлэхдээ, би энд өчнөөн муу илтгэлүүд сонссон. Миний саяын илтгэлийг өс хонзонгоо авсан гэж тооцож үзэхийг гуйя гэжээ.

l l l

Нильс Бор өөрийн тосгоны байшингийн үүдэн дээр тах хаджээ. Хуучны мухар сүжгээр тах үүдэн дээрээ хадах нь аз жаргал авчрах ёстой гэнэ. Тэднийд ирсэн зочдын нэг тахыг хараад, -Тан шиг ийм агуу эрдэмтэн үүдэн дээрх тах аз авчирна гэдэгт үнэхээр итгэдэг гэж үү? хэмээн дуу алдав. -Үгүй, мэдээж, би итгэдэггүй. Энэ бол балай заншил. Гэхдээ үүнд итгэдэггүй хүмүүст ч гэсэн тэр аз авчирдаг гэж ярьцгаадгийг та мэдэх үү хэмээн Бор хариулжээ.

l l l

Нильс Бор эхнэр ба голландын залуу физикч Казимирын хамт шөнө орой болсон хойно айлд зочлоод буцаж явжээ. Казимир ууланд авирах хорхойтой хүн байсан ба хаданд авиралтын талаар бахдалтайгаар ярьж явжээ. Харин дараа нь өөрийн ур чадварыг үзүүлэхийг санал болгоод, яг тухайн үед тэд дэргэдүүр нь өнгөрч байсан байшингийн ханыг сонгон авчээ. Тэр ханын төвгөрөөс барьж авирсаар хоёр давхраас дээш гарах үед, хор нь хөдөлсөн Бор түүний араас дээш авирчээ. Маргарита Бор дороос нь сэтгэл түгшин ажиглаж зогсчээ. Яг энэ үеэр шүглийн дуу тасхийн сонстож, байшин руу хэдэн цагдаа гүйлдэн хүрч ирсэн байна. Энэ байшин нь банкны салбар байсан ажээ.

l l l

Нильс Бор ЗХУ \Зөвлөлт Холбоот Улс\ -ын ШУА-ын физикийн хүрээлэнд илтгэл тавьж байх үедээ, түүнээс хэрхэн физикчдийн шилдэг сайн сургууль байгуулж чадсан тухай асуултад хариулахдаа, “Би хэзээ ч өөрийн шавь нарт би тэнэг гэж шууд хэлэхээс ичиж байгаагүйгээс болсон байх….” гэжээ. Нильс Борын үгийг орчуулж байсан Оросын физикч, эрдэмтэн Е.М.Лифшиц энэ хэлсэн үгийг нь дараахь байдлаар орчуулж сонсогчдод хүргэжээ. “Би хэзээ ч өөрийн шавь нарт тэднийг тэнэг гэж хэлэхээс ичиж байгаагүйгээс болсон байх …” гэжээ. Энэ үг сонсогчдыг хөгжөөсөн ба тэр үед Е.М.Лифшиц дахин лавлан асуугаад, санамсаргүй эндүүрлийнхээ төлөө уучлал гуйгаад, үгээ залруулжээ. Харин танхимд сууж байсан физикч эрдэмтэн П.Л.Капица гүнзгий утгатайгаар, энэ бол санамсаргүй эндүүрэл биш гэж хэлсэн байна. Энэ үг нь Е.М.Лифшиц харьяалагдаж байсан Лев Ландау болон Нильс Борын сургууль хоорондын зарчмын ялгааг үнэн хэрэгтээ илэрхийлж байв.

l l l

Нильс Бор ярилцагчтайгаа нүүр тулан ярилцаж байх үедээ өөрийн бодол санааг гайхалтай сайн илэрхийлдэг байсан ба харин олон сонсогчдын өмнө илтгэх үедээ бүтэл муутай байх нь олонтаа, тэр ч байтугай заримдаа ойлгомж муутай байдаг байв. Түүний ах, нэрт математикч Харальд гайхамшигтай лектор байлаа. Тэр хэлэхдээ, “Үүний шалтгаан нь энгийн юм, би үргэлж урьд нь ярьж байсан юмаа тайлбарлан ярьдаг, харин Нильс үргэлж хожим нь ярих юмныхаа тухай тайлбарладаг” гэжээ.

ИСААК НЬЮТОН

Исаак Ньютон хайнга, алмайгаараа ялгардаг байлаа. Энэ нь ямар нэг сэдэвт анхаарлаа маш их төвлөрүүлдгийн шинж байсан биз. Ийм учраас агуу физикч эрдэмтэнд олон зугаатай, хөгтэй явдал тохиолддог байжээ. Тэр нэг өдөр өндөг чанахаар шийдээд, бүгдийг нь зохих ёсоор маш нямбай хийжээ. Гэхдээ тэр зөвхөн ганцхан юман дээр алдсан байв. Тэр нэг гартаа өндгөө барьчихаад, харин цагаа хайруулын тавган дээр тавиад хайрчихжээ.

l l l

Ньютонд зулзагатай муур байжээ. Тэд өглөөгүүр унтахад нь саад болохгүйн тулд хаалгандаа том, жижиг хоёр нүх гаргасан гэнэ. Ньютоны хөрш үүнийг харчихаад, ганцхан том нүх гаргачихвал болох байсныг хэлжээ. –Нээрээ, тийм байна шүү дээ! Энэ гайхамшигтай санаа толгойд минь орж ирсэнгүй гэж Ньютон дуу алдсан гэдэг.

ЭРНЕСТ РЕЗЕРФОРД \1871-1937\

Резерфорд нэгэн орой лабораторидоо оржээ. Хэдийгээр цаг нэлээд орой болсон байсан ч, лабораторид нь түүний олон тооны шавь нарын нэг багажин дээр тонгойчихсон юм хийж байв.

-Ийм орой болсон хойно та юу хийж байгаа юм бэ? гэж Резерфорд асуужээ.

-Ажиллаж байна гэж шавь хариулав.

-Харин та өдөр юу хийдэг юм бэ?

-Мэдээж, ажилладаг гэж шавь хариулав.

-Өглөө эрт мөн л ажилладаг уу?

-Тийм ээ, профессор оо, өглөө ч ажилладаг гэж алдарт эрдэмтний амнаас магтаалын үг сонсох байх гэж найдсан шавь батлан хэлэв.

Резерфорд царайгаа барайлган, ууртайгаар асуусан нь,

-Тэгээд та хэзээ нь боддог хүн бэ? гэжээ.

l l l

Эрнест Резерфорд ажилтан сонгож авахдаа дараахь шалгуурыг ашигладаг байв. Түүн дээр анхны удаа ирэхэд нь Резерфорд даалгавар өгнө. Хэрэв үүний дараа шинэ ажилтан цаашаа юу хийхийг асуувал, түүнийг халдаг байжээ.

ГЕЙ-ЛЮССАК ЖОЗЕФ ЛУИ \1778-1850\

Францын томоохон химич, физикч Гей Люссак химийн нэгэн туршилтын үеэр нэг нүдээ сохолжээ. Түүнтэй нэг өдөр Францын академийн “мөнхийн” гишүүдийн тоонд ивээлээр багтсан, биеэ тоосон Сиезийн хамба лам уулзжээ.

-Ердөө ганцхан нүдтэй байж яаж эрдэмтэн байж болдог юм бэ, ойлгохгүй юм! Ганц нүдээр юу харж болох юм бэ?

-Танаас илүү ихийг хардаг юм, жишээлэхэд, би танд хоёр нүд байгааг харж байна, харин та надаас зөвхөн ганцыг харж байна! гэж Гей Люссак огт самгардсангүй хариулжээ.

l l l

1802 онд Францын эрдэмтэн Жозеф Луи Гей-Люссак Парист шинжлэх ухааны туршилтууд явуулж байв. Түүний туршилтад зөвхөн Германд шил үлээгчдийн хийдэг байсан шилэн хоолойнууд хэрэгтэй байлаа. Эрдэмтэн тэдгээрийг захиалж авчрах үед, Францын гаалийнхан худалдаж авах аргагүй тийм өндөр татвар ногдуулсан байв. Александр Гумбольд энэ тухай мэдээд, Гей-Люссакт туслахаар шийджээ. Тэр барааг илгээгчдэд шилэн хоолойнуудын үзүүрүүдийг холбон гагнаж, дээр нь “Болгоомжтой! Германы агаар!” гэсэн шошго наахыг зөвлөсөн гэдэг. Агаар гэнэ ээ? Гаалийн тарифт агаар гэсэн зүйл байсангүй, тэгээд энэ удаад шилэн хоолойнууд Францын эрдэмтэнд ямар ч татваргүйгээр хүрч ирсэн гэдэг.

А.ЭЙНШТЕЙН

Нэг удаа Эйнштейнээс:

-Дэлхийн III дайнд ямар зэвсэг гол зэвсэг байх бол? гэж асуужээ.

-Мэдэхгүй, гэж эрдэмтэн хариулаад, -Харин Дэлхийн IV дайнд гол зэвсэг нь чулуун сүх байх нь лавтай гэжээ.

l l l

Эйнштейн танилындаа зочилсон ажээ. Бороо орж эхлэв. Эйнштейнийг харихаар гарах үед нь түүнийг бүрх малгай өмсөхийг санал болгожээ.

-Яах юм бэ? гэж Эйнштейн хэлээд, -Би бороо орохыг мэдэж байсан юм, чухам ийм учраас бүрх малгай өмсөөгүй. Малгай миний үснээс удаан хатна шүү дээ. Энэ чинь маргаангүй үнэн биз дээ гэжээ.

l l l

Нэгэн хатагтай А.Эйнштейнээс түүн рүү орой утасдахыг гуйжээ. “Миний утасны дугаар тогтооход хэцүү, 24361” гэж хэлжээ. “Үгүй, хэцүү биш юм, 12-ыг 2-оор үржүүлээд, 19-ийг квадрат зэрэг дэвшүүлчихвэл боллоо. Амархан байгаа биз!”

l l l

-Өөртөө яагаад ч туслагч олж чадахгүй байна гэж Эдисон нэг удаа Эйнштейнд гомдолложээ. -Өдөр бүр залуус ирдэг боловч, тэдний нэг нь ч таарч тохирохгүй юм.

-Та яаж тэдний таарч тохирохыг тодорхойлдог юм бэ? гэж Эйнштейн сонирхов. Эдисон асуултууд бүхий хуудас үзүүлээд, -Тэднээс эдгээр асуултад хариулсан хүн миний туслах болно гэж Эдисон хэлэв.

Эйнштейн “Нью-Йоркоос Чикаго хүртэл хэдэн миль вэ?” гэх асуултыг уншаад, -“Төмөр замын лавлах харах хэрэгтэй юм байна” гэж хэлэв. Дараагийн асуулт: “Зэвэрдэггүй ганг юугаар хийдэг вэ?” -Энэ тухай металл судлалын лавлахыг харах хэрэгтэй…” Эйнштейн үлдсэн асуултуудыг гүйлгэн харчихаад, хэлсэн нь: -Татгалзахыг хүлээлгүйгээр би өөрөө ажилд орох саналаа татаж авъя даа гэжээ.

А.АРВИЙ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *