Categories
мэдээ цаг-үе

Адуун хийморьтой тавилан

ЛУС”-ЫН ДААЛТТАЙ УДАМ

Сэцэнхан аймгийн Боржгин сэцэн вангийн хошууны баруун Чойрын Ловон отгийн малчин ард Амгалангийнд 1896 оны нохой жил хоёр ихэр хүү төржээ. Тэднийх жирийн л нэг бор айл байв.Төрөөд хоёр хоноод байтал тэднийд ногоон дээлтэй, хоёр хар морьтой огт танихгүй хүн бууж. Тэр хүн орж ирээд “Танай хоёр ихэр хүүхдэд нэр өгөх гэж ирлээ” гэж хэлж. Ирсэн зочныг хүндлээд л, хэмжээндээ цайлж дайлаад лүгий нь сонсож л дээ. Тэр хүн “За хоёр хүүд Галт, Цогт гэж нэр өглөө. Эд нар есөн үеэрээ сайн сайхан явна аа” гэж айлдсан гэнэ. Ирсэн хүний гуяан дээр дагаж очин моринд нь мордуулан гаргаж өгч л дээ. Гэтэл өнөө хүн мордож хэд алхуулаад л харагдахгүй болчихсон гэдэг.Түүнийг одоо хүртэл “лус хүрч ирээд нэр өгөөд яваад өгсөн” гэцгээн удам дамжин ярьсаар байдаг.

Энэ бол одоогийн Төв аймгийн Баянцагаан сумын нутагт болсон явдал байв. Өнөөгийн Баянцагаан суманд Галтынхан гэдэг нь МУ-ын хөдөлмөрийн баатар, гавьяат, зууны тод манлай уяач Д.Даваахүүгийн талынхан, Цогтынхон гэдэг нь Улсын начин “цагаан” Бадарчийн талынхныг хэлдэг аж. Эрт дээр үеэсээ Баянцагааны настангууд эднийхнийг “лусын даалттай” гэж ярьдаг нь үүнтэй холбоотой байсан хэрэг. Амгалангийн ихэр хоёр хүү Галтынхан, Цогтынхны удам сайн сайхан явдаг нь ч үнэн ажээ. Эдний удамд бусдаас ялгаатай бахархам онцлог онцгой сонинзүйл олон бий.

Зөвхөн монгол үндэсний морин уралдааны түүхэнд монгол төрийн наадамд гурван үеэрээ азарга түрүүлсэн нь 20-р зуунд Хардэл жанжин бэйсийн дараагийнх нь Галтынхны удам болж байгаа юм. Тодруулж хэлбэл Мөнхийн Данзаннямын “ажнай” хүрэн, Данзаннямын Даваахүүгийн “цолмон” халтар, Даваахүүгийн Баянбатын “наран” хонгор азарганууд төрийн наадмын түрүү магнай түмэн эхүүд билээ. Үндэсний морин уралдааны өв их соёлын гайхамшгийг зуун дамжиналд аршуулсан гурван үеийнхний адуун тэнгэртэй амьдрал түүхийг сургаал хэмээн хүндлэн залмой.

МОРИН ЭРДЭНИЙН СҮНШИГДАЛЛАГА

Долоон настай Данзанням хүүгийн шахалтаар аав Мөнх морь уяж эхэлсэн ажээ. Уяачид морьдоо уяад ирэхээр Данзанням хүүморь унана гээд хэнийг ч хамаагүй дагаж явчих гээд зовоодог байж. Тэр үед Мөнх хүүтэйн хэрэг юу билээ мориор наадъя, хүүгээрээ унуулж уралдах ч эр хүний нэг цэнгэл гэж монгол эрчүүдийн нэгэн адил бодсон л байж таараа. 1932 оны улсын баяр наадамд Дундговь аймгийн Баянжаргалангийн Борнойн Жамъянгийн цоохор даага аман хүзүүнд хурдалсан гэж бий. Энэ уяач бол Боржигны “баян” Борнойн том хүү Жамъян юм. Тэр зун Борнойн Жамъянг улсын наадамд тэдний нутгаар дамжин өнгөрөх үед нь Мөнх зориуд угтан уулзаад сайхан хусран хээр даагыг нь гуйсаар байгаад авчихсан гэдэг. Хээр даагыг гурван жил дараалан Баянцагаанд түрүүлгэн азарга тавьснаар эднийхэнд анхны хурд уриншжээ.

Энэ үед шинэ цагийн ардын засаг тогтож нийслэлд ардын баяр, эрийн гурван наадмыг хөхүүлэн дэмжиж өргөн хийдэг болов. 1940-өөд он гэхэд улс орон даяар Галшарын хурд танигдан магтагдаж байсан үе. Галшараас адуу залах хүсэлтэй сүйхээтэй эрчүүд ховор байж. Тийм ховор хүмүүсийн анхных нь Баянцагаан сумын уяач Галт байв.

Галт 1944 оны мичин жилийн намар зүүн тийшоторт явах үедээ адууны эрэлд Галшараар явж байгаад Ван ноён Доржцэрэнгийн уяач байсан “гожигодой” хэмээх Лувсанцэндийн хээр буув. “Монхор” Халтар гуай босоо улаан морьтойгоо явж тааралдаад таргалчих гээд байна, зээрэнд явах гэж байгаа юм гэж байжээ. Лувсанцэндийн хурдан халиун морь нь хөл муудсан гээд тэргэнд уяатай байж. Тэд хоорондоо танилцаж Галтаар халиун морины хөлийг хатгуулаад үлджээ. Галт 1945 оны тахиа жилийн намар тахиа өсч өндөглөнө гэж бэлгэдэн адуу залахаар адуучин зээ дүү Мөнхийн Данзаннямыг дагуулан хурдны өлгий Галшарыг зорьжээ. Тэд арваад хоног яваад Галшарын Сүм гурван булагт иржих уяач “монхор” Халтар гуайнд бууж тэнд адууны наймаа хийсэн байна. Данзанням гуай залуухан хорьтой явж. Адуунд эртэй, уурганд ч, эмнэгт ч идсайн, багтаж ядсан залуу явж. Их уяач Халтар гуай “Хүү чи уургал” гэж саран дэвсгэртэй босоо зуузай тамгатай буурал зээрд морь барьж өгөөд, орон дороосоо бургас гаргаж уурганд нь цээж татуулж мордуулжээ.

Дагмид адууны азарга гээдих манхин, бага манхин гэж хоёр халзан азаргатай адуу байснаас их манхин азарганаас саарал даага барив. Энэ саарал даагыг бас нэг улаан үрээтэй Данзанням хүү авч. Галт болохоор орлойнхоны угшилтай гэх дугуй тамгатай хонгор үрээ, Содномын улаан гэж улсад 1938 онд аман хүзүүдсэн улаан азарганы төл бор үрээ авчээ. Данзанням хүү ч адуунд ямар залуу болохоо ч үзүүлсэн хэрэг. Эндээс дамжаад их уяач “гожигодой” Лувсанцэндийн хээр ирэхэд ээж нь настай хөгшин хэвтэрт байх үе таарч. Урьд намар нь Галтаар хатгуулсан халиун морь хөл ороод сумандаа түрүүлсэн байв. Тиймээс тэр хөгшин Галтыг таниад “Чи их сайн хүү. Би нас өндөр болсон хүн чамд цайгий чинь сүлэх даага өгнө өө? аваад яваарай хүү минь. Жаахан гэж голох хэрэггүй шүү. Дамар хонгорын үр юм шүү. Хөхтэй юм зайлуул гэхдээ хөтөлгөө даах байлгүй дээ” гэж хэлээд охин цавьдар даага хөтлүүлжээ. Ингээд нутаг буцах болоход гаргаж өгөхдөө их уяач “монхор” Халтар гуай Данзанням хүүг ихээр тоож “За чи адуунд дуртай ч хүн юм, адуунаас салах ч үгүй хүн юм байна. Уяач ч болох хүү байна. Манай нутгаас сайн ч адуунууд аваачлаа даа” гэжмагтаад “За хүү минь малгайгаа ар шилэндээрээ өмсч яваарай миний хүү” гэж хэлээд буцжээ. Энэ тухай Данзанням гуай өвөөдөө ирж намайг ингэж магтсан гээд л ярьсан юм билээ. Харин их уяачийн“За чи малгайгаа ар шилэн дээрээ өмсч яваарай миний хүү” гэж хэлснийг ойлголгүй гайхаад өнгөрчээ. Үүний нарийн учир нь гэвэл “Тарган морьтой хүн давхидгүй учраас малгай нь толгой дээрээ явдаг, эцэнхий морьтой хүн давхиж явдаг учраас малгай нь ар шилэн дээрээ явдаг нь монголчуудын араншин. Морин эрдэнийн заяа, заслыг шууд хэлдэггүй, дөхүүлэн ойртуулан сануулж хэлэх нь Хар дэлийн хэний соёл. Тиймээс Халтар гуай Данзанням хүүд “Морио сайн эцээж уяж байгаарай” гэж давхар үгээр аминчилж захиж хэлсэн хэрэг. Ойртуулан хэлсэн үгийг огт ойлголгүй явсаар 20 жилийн дараа ухаарсан гэдэг юм.

Ингээд нутгийн зүгүдүүлээд нутаг буцахаар саахалтаас хол зайд гараад явж байтал Монхор халтар гуай дуудаад даллаад байж. Галт гайхаад бор үрээгээ буцаахын биш байгаа гэх бодол ч орж гарч байж. Гэтэл хүрч ирээд Галтад “Чамд нэг юм хэлэхээ мартчихаж айлын адуу долоо хүрэхээр эвгүйтээд байдаг юм. Манай адуу найм хүрэхээр эвгүйтээд байдаг юм шүү? Найман настай болгоомжтой байгаарай. Болж өгвөл өнжөөчихөөрэй. Үүнийг захих гэсэн юм… за сайн явцгаагаарай гэж хэлээд үлдээд хоцорсон байна.

Ингэж нагац ах Галт, зээ дүү Данзанням хоёрын их газраас залж авчирсан энэ хэдэн адуу Мөнхийнхнийг хурдтай болгоод тогтохгүй Баянцагаан болон ойр залгаа сумдын хурдыг сайжруулсан нэгэн түрлэг болсон юм.

Галт бор үрээгээрээ азарга тавив. Галтын бор Данзанням гуайгаас өөрхүн эдэлж чаддаггүй догшин азарга гарчээ. Соёолонд нь эдэлсээр байж цагаашруулж аваад хавчиг азарга Дундговийн Цагаандэлгэрт анх уяж уралдаад гуравт хурдалсан байна. Ааш зан нь болохоос хурд нь ч тодорхой болов. Намар нь Авдар баян суманд Баянцагааны Гомбодоржийн, Нэрэнжимээгийн гээд нэрээ олсон даалуу хэдэн сайн азаргануудтай уралдаадахсан чинь хол түрүүлэх нь тэр.

1949 онд Галтын бор азарга 7 настай улсад уралдаад алдарт Санжаабүүргийн цавьдартай уралдаж байгаад айргийн тавд хурдалжээ.1950 онд Дундговьд байсан Галтын том ах Данзандаржаа өвгөн дээр очоод тэр нутагт уралдаад ахаж. Гараанаасаа ганцаараа тасарч газ-67 машинтай уралдаж яваад хөлөө авчих нь тэр. Өнөөх их уяач “монхор” Халтар гуайн хэрэг болгон ирж хэлсэн” манай адуу 8 настай эмзэг шүү, болбол өнжөөчихөөрэй” гэсэн үгийг хөлий нь авчихаад л санасан гэдэг. Ингэж өөрөө уралдахаа больсон ч гэсэн Галтын борын үр төл, удам угшил олон хүнийг баярлуулсан нь түүх болон үлджээ.

Галт бор азаргандаа хамт авчирсан цавьдар даагаар гүү хийж нийлүүлснээр сайхан зээрд гүү гарч. Зээрд гүүг “өвгөний” Батбуянгийн хонгор халзангийн үр Совд гэдэг хүний (шүдлэн хязаалан улсад түрүүлээд хөлгүй болсон) зээрд азаргыг Галт авч хураалгаад байж байв. Гэтэл Дэрэнгийн Товуу гэж наймаачин хүн зээрд гүүг авъя гээд шалаад байхаар нь зарчихаж. Товуугаас Баян-Өнжүүлийн “буурал морьт” Балбар өвгөн өвөл нь дахиад худалдаад авчихаж. Хавар нь хонгор халзан унага гарч. Тэр хонгор халзан унагаүрээ болоод уяанд байхад нь Ханддорж гуай Балбарын уяан дээгүүр явж байгаад харчихаад энэ хонгор халзан үрээг чинь авъя гэж байгаад авчихжээ. Ханддорж гуай түүнийг азарга болгоод, уяж улсад айрагдуулснаас гадна , арваадаар хэд оруулсан гэдэг юм. Түүний төл Ханддорж гуайн улсад гурав түрүүлсэн алдарт хонгор халзан морь төрсөн гээд угшил түүх нь үргэлжилдэг юм.

Адуучин залуу Мөнхийн Данзанням авчирсан улаан үрээгээ морь болгоод Дундговь Төв аймгийн ойрын сумдаар нилээд хурдлуулсан байдаг. Харин саарал даагаараа азарга тавьсан нь соёолон болтлоо хөхрөөд уягдалгүй өнжжээ. 1951 ондулсын 30 жилээр уяад саарал азаргаа 17-д , булагт хээр гэдэг морио 11-д оруулж л дээ. Гэтэл Донойн Цэгмэд гуайн саарал азарга түрүүлээд ирсэн чинь Баянцагааныхан Данзанням гуайн саарлыг түрүүллээ гэж андуурцгааж гүйн очиж бөөн инээдэм болцгоосон гэдэг. Дээд гарал нь нэг удамтай болохоор адилхан байх нь аргагүй л юм. Данзанням гуай нас залуу уяаны мэдлэг тааруу байсан үедээсаарал азаргаа таргадуулжхадуурдаг болгочихсон гэдэг.Сүүлд энэ тухайгаа хээ мөн хөдөлгөөнтэй хайран адууг хадууртал нь л уядаг хүн шүү дээ би …гэж өөрийгөө голон харамсанярьдаг байж. Малгайгаа ар шилэн дээрээ өмсч яваарай гэхийг ойлгосон бол ч ингэхгүй л байсан хэрэг. Саарлын төл бага саарал гэж хурдан азарга ч төрж.

Данзанням гуай “өвгөний” Батбуянгийн хөх цавьдарын үр “тэмээн хээр” гэдэг азарганд (Галшараас ирсэн Дамар хонгорын үр хэвтэрт байсан хөгшний өгсөн) хүрэн цавьдар гүүг хураалгаад гарсан хар гүү нь “түмэн эх” цолмон халтарын эхийн эх ажээ. Энэ хар гүүнээс өмнө бас нэг хар гүү гарсныг Галт Дундговийн Бадарч гэдэг хүнд арилжсан гэдэг. Түүнээс гарсан охин байдсыг “мантын хүрэн” гэдэг азарганд хураалгаад Дундговийн Содномпэлийн улсын наадмын түрүү их хүрэн азарга гарсаны дээр түүний угшил анхны их хурдын аман хүзүү Лүнгийн Жамъяндоржийн буурал духт Борнуурын Гончигдоржийн хонгор азарга гээд одоог хүртэл хурд тасралгүй үргэлжилсээр байгаа юм билээ.

Мөнхийн Данзанням гуай бол аргагүй угшилтай эр охин адууг нийлүүлж адууны угшлыг хадгалж, чангаруулж байх ухааныг эрт ухаарсан хүн.

Баянцагааны Даваанэрэн, Данзанням хоёр дотно найзалж нөхөрлөдөг улс байж. Даваан эрэнг дээр үед багадаа Галшараас ирсэн хүн ч гэж ярьдаг байв. Өвгөний Батбуян гуайн хөх цавьдрын үр “тэмээн хээр” гэдэг азаргыг Даваанэрэн худалдаж аваад хавчигт нь гуравт оруулаад долоотой уяад уралдаадахсан чинь уяа уруугаа хадуурч давхиад хөлөө эвгүй болгочихсон гэдэг. Хойтон жил нь залуу уяач Данзанням уяач хүний алсын бодлоор өөрөө шийдэн хөлөө авсан“ тэмээн хээрийг” тэр үеийн өндөр үнээр 1500 төгрөгөөр аваад ирэхэд ах дүү нар нь хэн нь ч дуугарахгүй хялалзацгаан дургүйгээ илэрхийлж байв. Тэр үеэр Бадамдорж шанзавын уяач байсан огтной Мөр зэвэгтэй насаараа хамт явсан Мөр зэвгийн шавь уяач шоовой Очир айраг уухаар эднийхээр буух таарч. Залуу уяач Данзанням хэрэгтэй хүн ирсэнд дотроо талархаж“ Би ийм азарга авчихлаа гэж” үзүүлсэнд “Чи мөн сайн азарга авч. Чамд сайн их насны морь гаргаж өгнө дөө. Эр хоёр засаатай юм байна шүү дээ гэж магтаж гэнэ. Данзанням хүү “Эр засаа гэж юуг хэлдэг юм бэ? гэхэд “шоовой” Очир хойшоо харсан жижигхэн шовх засааг хэлдэг юм гэж хэлэнгээ хөлий нь барьж үзээд өө энд жоохон юм байна. Чи тарвага алаад ир. Би хөлий нь янзалж өгье гэв.Тэр дороо мордож гүвээ тонгойн тарвага алжавчраад арьсаар нь хэд хоног боож байгаад хатгаж өгөөд явж. Ирэх жилээс хөл нь гайгүй болохоор нь уяад1962 оны зун Баянцагааны Нэрэнжимээгийн гээд даалуу хэдэн азаргатай уралдаад хол түрүүлжээ.

1963 онд Төв аймгийн 40 жилээр сунгаанд хол түрүүлж байсан боловч 9-д орсон байна. Их уяачийн саарал азарга, үнэтэй авсан “тэмээн хээр” азарганы удам угшил одоо хүртэл тасралгүй үргэлжилсээр байгаа ажээ. Үүн дээр Баянцагааныхны дээд талын угшил Баастын ногоон, Өлзий өвгөний хулын угшил, өвгөн лам Цэгмэдийн даншигт түрүүлсэн азарганы удам орж ирсэн зэрэг нь удамт монгол адууг шижир алт лугаа тунгаан эзэмшдэгийн жишээг эндээс харж болно.

Данзанням гуай Өлзий өвгөний хул азарганы төлийн төл хул хязаалан гүүгавч Даваахүүгээр хөтлүүлэн авчирч “тэмээн хээр” гэдэг азаргандаа нийлүүлснээр алдарт хурдан хээр морь төрсөн байдаг. Яс үеийнь харагдтал уясан хээр морины зураг сонин сэтгүүл дээр гарсанийг үзсэн өвгөн уяачид уясан эзэн нь ч шидтэй юм, уягдсан морь нь ч хүлэг юм гэдэг байж билээ. Үнэндээ хээр морь ч ховор төрсөн буян ажээ.

Төрийн наадамд гурав түрүүлсэн Данзанням гуайн “ажнай” хүрэн азаргыг дээд талдаа Баянцагааны “өвгөн лам” Цэгмэдийн Даншигт түрүүлсэн алаг азарганы угшилтай “Өвгөний” Батбуянгийн төрсөн дүү Аривдахын адууных гэдэг. Эднийхэн олон үедээ морь айрагдуулж хурдлуулсан түүхтэй улс. Эдгээрээс гадна “өвгөний” Батбуянгийн хөх цавьдрын төл цавьдар азарга Данзанням гуайн авга ах Намжилаар дамжин орж ирж эднийд давтан сүлэлдсэн байдаг. Хурдан адуу тэр нутгийн өмч болдог жамтай. Баянцагааны хурд гэж алдаршсан адуун сүргийг бий болгосон алдартнуудад Мөнхийн Данзанням гуайн байр суурь өндөрт харагдах бизээ.

Ийнхүү балчир багаасаа эцэг Мөнхийг хурдан моринд татан оруулсан хурдны сүншигтэй М.Данзанням хүүгийн хувь заяа адуун сүргийн эзэн байж морин эрдэнийн заяа, заслын эрдэмд гэгээрсээр жилд ганцхан болдог монгол төрийн наадмаас таван түрүү 11 айргийг хүртсэн нь эрдэмт уяачийн эгнээнд алтан үсгээр бичигджээ.

Өнөөгийн цаг үеэс эргэн дурсахад Данзанням гуайн хэрсүү хөх монгол өвгөний хөрөг дүрс кино дэлгэцнээ мөнхөрчээ. Чин сэтгэл, шударгуу зан, санаснаа хэлчихдэг араншин зэрэгт монгол уяачийн жудаг, өв их соёл, сургааль тэнд л мөнхөрдөг жамтай.

Буянт буурлын хишигтэн, эрдэм соёлыг өвлөн тээгчидхүү Монгол Улсын зууны манлай уяач, гавъяат, хөдөлмөрийн баатар Данзаннямын Даваахүү , ач хүү Даваахүүгийн Баянбат нараар 21-р зуунд тодорсоор удамшин үргэлжилсээр авай.

Намсрайцэрэнгийн САНЖААДОРЖ

2015.03.05

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *