Categories
мэдээ цаг-үе

Адуугүйгээр өөрийгөө төсөөлдөггүй сумын алдарт уяач А.Чинбаатарын хурдан хүлгүүд өнгөтэй байна

Төв аймгийн Зуунмод сумын алдарт уяач А.Чинбаатарын уяан дээр өнгөрсөн баасан гаригт очлоо. А.Чинбаатар отрын адуучин учир нутаг усныхан нь “Хаагуур нутаглаж байгаа бол сайн мэдэхгүй юм. Сэргэлэнгээс урагшаагаа буусан дуулдсан”, “Бөхөгийн хөндийд байж магад” гэж багцаа хэлж өгөв. Тус сумын III багийн Засаг дарга Ш.Цэндсүрэн замчилж Сумын алдарт уяачийндаа хүргэлээ. Эхнэр нь аймгийн төв орсон учир А.Чинбаатар гэртээ ганцаараа байгаа аж. Айлсаж буусан Р.Эрдэнэсүрэнгийн хүүхэд нь хотод мэс засалд орж буй учир А.Чинбаатар гуай хоёр айлын мал хуй, гэр бараагаа ийн сахиж, хонины ээлжтэй байлаа. Тэрээр жижиг дөрвөн ханатай отрын гэрээ жилдээ тоймгүй олон буулгаж, барина. Байсхийгээд л нүүгээд явчихдаг учир улс амьтан ч тэр болгон олоод очдоггүй ажээ. Харин наадам дөхсөн учир аймгийн төв рүүгээ саяхан дөхөж буусан нь энэ. Бараат уулын баруун бэлээр нутаглаж байна. А.Чинбаатар гуай гурав дахь үеийн уяач. Социализмын үед мал маллаж, морь уяхын хажуугаар Нэгдэл дундын үйлдвэрт нягтлан бодогчоор ажиллаж байгаад 1993 оноос мал дээр гарчээ. А.Чинбаатар “Маргааш морь ёсолно. Энэ жил гурав, дөрвөн насанд морь уяна аа. Манайх хоёр азарга адуутай. Нэг нь энэ урд бий. Хэдүүлээ тийшээ очъё. Харин нөгөө азарга адуу маань хойшоо л бий. Дөрөв, тав хоногийн өмнө хойно л харагдсан. Очих зав олдсонгүй. Өнөө орой адуу руугаа давхина даа. Манай энд чинь сайхан шүү дээ. Хулгай зэлгий гэж байхгүй, сайхан газар ш дээ” хэмээлээ. Өврийн радионы долгионоо Үндэсний радио дээр тааруулчихсан учир 11 цагийн коронавирусийн мэдээгээ сонсчихно. 15 цагт 10 минутаас цаг агаарын мэдээндээ чих тавина. Хонины бэлчээрт энэ радио нь л хань болно. Харин маргааш (бямба гариг) морь ёсолбол А.Чинбаатар гуайн хувьд ажил нэмэгдэнэ гэсэн үг. Гэвч тэрээр наадам, адуу ярихаараа нүд нь сэргээд, инээд алдаад баярлах юм. “Наадмын тухай өчигдөр орой зурагтын мэдээгээр сонссон ш дээ. Ер нь хийнэ. Хийхдээ цахим хэлбэрээр хийнэ гэсэн. Олныг нэг дор бөөгнүүлэхгүй. Улс нь улсдаа, аймаг нь аймагтаа, сум нь сумандаа дор дороо хийнэ гэсэн. Уг нь өнөөдөр морь ёслох өдөр байсан. Хонины ээлжтэй байгаад чадсангүй. Маргааш ёсолно доо. Морь ёсолно гэдэг чинь морио уяхыг хэлж байгаа юм. Нэг ёсондоо миний хувьд наадмын бэлтгэл эхэллээ гэсэн үг л дээ” хэмээгээд “Хүй долоон худагт наадам хийдгээс өмнө Яармагт уралддаг байхад би олон жил морио уралдуулсаан. Арваадаар, 20, 30-аар зөндөө давхиулсаан. Би чинь бараг дөчөөд жил морины сүүл уяж байна даа. 1978, 1979 оноос л морь уяж эхэлсэн хүн. Би чинь өөрийгөө адуугүйгээр төсөөлдөггүй хүн шүү дээ. Адуугүй бол малын ч хэрэг байхгүй. Хар багаасаа л адуу дагасан. Өвөг дээдсээсээ л өвлөсөн хобби юм даа. Тийм болохоор сонирхлоороо явчихаж байгаа юм. Манай өвөө, эмээ нар бүгд Сэргэлэн сумын хүмүүс. Авдар хайрхан хавиар нутагладаг хүмүүс байлаа. Тод манлай уяач Онон бид чинь төрсөн ах дүүсийн хүүхдүүд шүү дээ. Сэргэлэн сум чинь анх аймгийн төв дээр байсан юм. Гандангийн хойно байснаа урагшаа нүүсэн юм. Тэр үед нь манайх хоцорсон юмдаг. Тийм л улс байгаа юм” гэлээ. Отрын гэр нь 1940-өөд оны үед байсан гэр гэнэ. Өвлөгдөж ирсэн хөрөнгө. Анх А.Чинбаатар эхнэр Б.Даваадулам, хүүхдүүдтэйгээ тавуулаа энэ гэртээ амьдраад, нүүгээд болоод л байдаг байж. Хүүхдүүд нь тусдаа гарч, эхнэртэйгээ хоёулаа үлджээ. Зуны дэлгэр цагт үр хүүхэд ач зээ нар нь цуглана. “Удахгүй зусландаа буухаар бүгд ирцгээх биз” гэж байлаа. А.Чинбаатар “Гэхдээ тэнгэр хангай ингээд хавсарга тавиад байхаар чинь зусландаа буулгахын янз алга. Бороо хур яах нь уу, ногоо цагаа хаашаа байх нь уу тэрийг харж байгаад зуслангаа сонгоно доо” гэж хаалгаар гадагшаа харж эрүүгээрээ тэнгэрийн хаяа руу заав.

Багийн Засаг дарга Ш.Цэндсүрэнгийн хамт

Өнөө жилийн хувьд коронавирустэй холбоотойгоор наадмыг цомхон тэмдэглэх шийдвэрийг төр засгаас гаргасан. Тийм ч болохоор хүмүүсийн хувьд төдийлөн наадам гэж ярихгүй байгаа. Гэтэл уяачдын хувьд үгүй бололтой. Их догдлолтой хүлээж байгаа аж. “Наадам хүлээлгүй яахав. Хүлээж байгаа болохоор л би адуу, малаа хариулаад отроор ингээд ганцаараа явж байхав дээ” гэж уяач А.Чинбаатар инээгээд “Долдугаар сарын 11, 12-нд улсын баяр наадамтай зэрэг наадамлана гэсэн. Одоогоор наадам дээр ямар байр байдалтай очихыг хэлээгүй байна. Сунгаан дээр маск зүүж, гараа ариутга гэж хэлэх юм байгаа биз. Би чинь коронатай коронагүй дандаа маск зүүдэг хүн байгаа юм. Хаврын хавсарганд ч тэр зүүнэ. Адаглаад л салхи хавсарганд уруул ам хуурайшиж хорсохгүй. Бууц шороотой ноцолдоно. Тэр болгон маск л хамар, амыг тоос шорооноос хамгаалдаг” гэж багананаас уясан хэцэнд тохсон даавуун маск руугаа заалаа. Гэрийн эзэн “Маргааш морь ёсолно гэж бодохоос өнөө шөнө нойр хүрэхгүй дээ. Наадамд догдолж байна. Морио л уячихад бусад нь бэлэн дээ бэлэн” хэмээн инээмсэглэнэ. Уяачдын хувьд наадам дөхөхөөр сэтгэл нь тогтохоо байж адаглаад л морио барина гэхээс шөнө нь нойр нь хулжаад байдаг гэнэ. Урьд жилүүдэд зургадугаар сарын хорьдоос эхэлж гүүгээ барьдаг байсан бол өнөө жил оройтож мэдэхээр байгаа аж. Гэтэл айраг цагаа, хуушуур, бууз заруулахгүй, хүн цуглуулахгүй, наадмын талбайд уяач, унаач хүүхэд хоёр л очно гэж байгаа болохоор гүүгээ бариад хэрэг байна уу хэмээж байлаа. Энэ өвөл Төв аймгийн төв, Сэргэлэн сумын нутгаар цас харьцангуй их унаж, хавар өвсний гарц дөмөгхөн байсан ч хавартаа хүйтэн, зуны сар гарснаас хойш халуун хавсарга тавиад байгаа болохоор цаашид газар гандаж мэдэхээр байгаа аж. Уяач А.Чинбаатар “Энэ жил наадмаа цахим хэлбэрээр гэр гэрээсээ үзээд сууж байх нь ээ. Тэгж юм үзэх чинь муухай нь ч муухай юм билээ. Сая хавар Чулуунхүү, Бямбажав хоёрын тоглолт болоогүй бил үү. Бас л тийм цахим хэлбэрээр үзсэн. Биднийг ч бас тэгж харах нь дээ, наадамчид” гээд инээлээ. Наадамчдын шуугиан, моринд дуртай, морины хорхойтнуудын уухайн дор морио уралдуулаад сурчихсан болохоор энэ жил үзэгчгүй наадам хийнэ гэхээр эвгүй байгааг уяач маань нуусангүй. “Монголын түүхэнд байна шүү дээ” гээд радио руугаа заагаад “Энэ л хэлж өгч байгаа юм. Хонин дээр байхад хэлж байна лээ. Монголын сүүлийн 99 жилийн түүхэнд наадмаа хийхгүй, тасалдуулж байсан удаа байхгүй. 39, 45 оны Халхын голын дайн. 37 оны лам нарын харгислалтай байсан янз янзын үеүдэд хүртэл хийдгээрээ л хийж байсан гэж Улсын онцгой комисс ярьж байна лээ. Тийм болохоор наадмаа хийсэн нь зөв. Тэгэхгүй бол 99 жилийн түүх тасарна” гээд “Наадам, Цагаан сар хоёр чинь үндэсний баяр шүү дээ. Хоёр он солигдож байгаа учир Цагаан сарыг тэмдэглэхээс аргагүй. Улсын баяр ч ялгаагүй, өдий олон жил, өвөг дээдсээсээ эхэлж тэмдэглэж ирсэн баяр. Хоёуланг нь тэмдэглэж байх хэрэгтэй” гэв.

Төв аймаг 1984 оны наадам. Гэргийнхээ хамт

Сумын алдарт уяач А.Чинбаатарын сүрэгт хүрэн азарга, зээрд, цавидар морьд, хусран даага гээд олон хурдан хүлэг байгаа аж. “Сэргэлэн сум уяачдаараа алдартай. Угаасаа л уяач олонтой, адуу сайтай газар. Одоо чинь тэжээл, тариагүй бол морь явах ч үгүй. Би бол тэр тариа мариаг нь мэдэхгүй ч үгүй ээ. Тэжээл дээр нь л анхаардаг юм. Маргааш морьдоо уячихаар гэртээ сэтгэл хорогдоод холдож чадахгүй болчихно. Орж гарахдаа л хараад” хэмээн баясгалантай өгүүлснээ “Залуу ч байлаа морь ч аюулын давхиж байхад нойр хүрдэггүй байжээ. Одоо ч нас хөөрхөн явж байна. Ядраад байдаг болж. Хөгшрөөд бүр ч нойргүй болох шинжтэй. 20, 30 настай байхад минь морь аюулын сайхан давхидаг байлаа. Тэр үед тооноор бүдэг бадаг гэгээ оров уу үгүй юү, тип тап гээд л босч аваад мордоод алга болдог байлаа. Тийм л байдаг байлаа. Би чинь хажуугаар нь ажил хийдэг байлаа. Албаны ажилтай. Тэрэндээ явна. Адуу малдаа явна. Морио уяна. Зун болно. Хагас жилийн тайлан баланс гарна. Ёстой хэцүү ажил. Долдугаар сарын нэгэнтэй уралдана. Өдөр нь морины ажлаа хийнэ. Шөнө нь тайлан тооцоон дээрээ сууна. Долдугаар сарын нэгэнд ажлаа хумхиж хаячихаад л арилаад өгдөг байлаа. Тэгж л байлаа шүү” хэмээн бага залуугийнхаа наадмын бэлтгэлийн тухай, есдүгээр сарын нэгэнд Сэргэлэн суманд жил бүр болдог 100 дааганы уралдаанд даага уралдуулж байснаа, 1983 онд аймгийнхаа 60 жилийн ойгоор амьдралдаа анх удаа 953 морь барианаас гарч байхыг харсан тухайгаа сонин болгон хуучиллаа. Ингээд А.Чинбаатар гуай адуундаа мордлоо. Сүргийн бэлчээрт нь очвол атар тарган адуун сүрэг тогтож ядан давхилдана. Уурга суналзуулсан эзнийхээ хөдөлгөөнийг дагаж, уургалах нь уу дээ гэсэн аятай үргэж зугтах аж. Отрын адуучны адуун сүрэг өнгөтэй, наадмаа хийнэ, морьдоо уяна гэсэн сэтгэл нь тогтож ядан нүүрэнд нь баяр жаргалын гал асчээ. Сумын алдарт уяач А.Чинбаатар “Маргааш үдээс хойно морь ёсолно. Дахин ирээрэй дээ” хэмээн уриад адуугаа услахаар уургаа суналзуулсаар салхи сөрөн давхиж одов.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *