Путины дэглэмийг дэмжигч, санхүүжүүлэгч Оросын тэрбумтан Роман Абрамович Лондон дахь тансаг зэрэглэлийн үл хөдлөх хөрөнгөө худалдаалахаар зар тавьсан байна. Энэ талаар Их Британийн парламентын гишүүн Крис Брайант мэдэгдсэнийг Times дамжууллаа.
Орос, Украины нөхцөл байдалтай холбогдуулан АНУ, Япон болон Европын холбооны улсууд ОХУ-ын эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээ авсанаа зарласан. Хориг арга хэмжээнд улс төрчид болон Путинтэй холбоотой хүмүүс мөн багтаж буй. Харин Европын холбооны орнууд болон Их Британийн зүгээс Роман Абрамовичийн эсрэг хориг арга хэмжээ авах эсэхээ зарлаагүй байгаа ч нөхцөл байдал өөрчлөгдөж магадгүй хэмээн таамаглаж буй.
Тэгвэл энэ талаар Брайант хэлэхдээ, эдийн засгийн хориг арга хэмжээ Абрамовичийг буланд шахсан байна. Тэрбээр өнөө маргаашдаа багтаан Лондон дахь байшин /200 сая ам.долларын үнэлгээ бүхий/, байраа худалдаалахаар төлөвлөж байна. Иймээс Оросын тэрбумтныг үл хөдлөх хөрөнгөө худалдахаас өмнө хориг арга хэмжээ авахыг Их Британийн засгийн газарт уриалжээ.
Газрын тосны магнат, Путины ойрын хүмүүсийн нэг гэгддэг Роман Абрамович 2021 онд 14.5 тэрбум долларын хөрөнгөтэй хэмээн үнэлэгдэж байсан. Абрамович нь Орос, Португал, Израилийн иргэншилтэй бөгөөд Лондон хотын байнгын оршин суугчийн статустай юм.