Categories
мэдээ нийгэм

АБГББХ-оо ажлаа тайлагнав

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонын дарга Ж.Энхбаяр, УИХ-ын гишүүн С.Оюун нар намрын ээлжит чуулганы хугацаанд хийсэн ажлаа тайлагнан сэтгүүлчдэд мэдээлэл өгөв.

Намрын ээлжит чуулганы хугацаанд тус байнгын хороо 17 удаа хуралдаж, хуулийн төсөл 13, УИХ-ын тогтоолын төсөл 11, олон улсын гэрээ, хэлэлцээрийг зөвшилцөх 12 асуудал хэлэлцэж шийдвэрлэсэн байна. Тухайлбал, Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж батлуулсан байна. Уг хуулиар цөмийн энергийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын цацраг идэвхт ашигт малтмал эрэх, хайх, цацраг идэвхт ашигт малтмал ашиглах, цацраг идэвхт ашигт малтмал импортлох, экспортлох, тээвэрлэх, хаягдлыг булшлах болон цацраг идэвхт ашигт малтмал ашигласны дараа газар нөхөн сэргээхтэй холбогдох тусгай зөвшөөрөл олгох чиг үүргийг геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад шилжүүлэхээр зохицуулсан байна. Уг зохицуулалттай холбогдуулан Ашигт малтмалын тухай хуульд цацраг идэвхт ашигт малтмал эрэх, хайх, цацраг идэвхт ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөл олгох талаар өөрчлөлт оруулжээ.

Мөн зээлийн хэлэлцээрүүдийг соёрхон батлуулсан. Үүнд Монгол Улсын Засгийн газар, Бельгийн Вант улсын Засгийн газрын хооронд байгуулсан “Баруун бүсийн оношилгоо, эмчилгээний төвийг бэхжүүлэх төсөл”-ийн зээлийн хэлэлцээр, “Хүчээр алга болгохоос бүх хүнийг хамгаалах тухай”, “Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж, шийтгэхийн эсрэг НҮБ-ын конвенцийн Нэмэлт протокол”, Далайн хөдөлмөрийн тухай Олон улсын хөдөлмөрийн байгууллагын 2006 оны конвенц, Аврах ажиллагааны тухай 1989 оны Лондонгийн конвенц, Олон талын хөрөнгө оруулалтыг баталгаажуулах байгууллага”-ын конвенцийн нэмэлт, өөрчлөлт. Олон улсын хөдөлмөрийн байгууллагын “Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний тухай” 88 дугаар конвенц, Олон улсын хөдөлмөрийн байгууллагын “Хөдөлмөр эрхлэлтийн хувийн байгууллагын тухай” 181 дүгээр конвенц, ”Олон улсын худалдаа, хөрөнгө оруулалтын асуудлаар ил тод байдлыг хангах тухай Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улс хоорондын хэлэлцээр”, Эдийн засгийн түншлэлийн тухай Монгол Улс, Япон Улс хоорондын хэлэлцээрүүд багтаж байна.

Монгол Улс энэ онд хэд, хэдэн оронтой дипломат харилцаа тогтоохоор болсон. Тодруулбал, Уганда улс, Руанда улс, Холбооны Микронез улс, Гаити улс, Кирибати улс, Экваторын Гвиней улс, Чад улс, Маврики улстай дипломат харилцаа тогтоох тухай зэрэг асуудлыг УИХ-д оруулж батлуулжээ.

Байнгын хороо хяналт шалгалтын ажлын хүрээнд УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэлээр ахлуулсан ажлын хэсэг байгуулж, гадаад харилцааны салбарын бодлогын баримт бичгийн хэрэгжилтийг гаргуулан судлах, санал дүгнэлт боловсруулах ажлыг гүйцэтгүүлжээ. Түүнчлэн авлигын асуудалд анхаарлаа хандуулж, авлигаас, тэр дундаа өндөр түвшний авлигаас урьдчилан сэргийлэх, эрх зүйн орчныг боловсронгуй болгоход анхаарч эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулсан аж. Уг хуралд Авлигатай тэмцэх газар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын алба, МУИС, Азийн сан, Эмэгтэй удирдагч сан, Хуульч эмэгтэйчүүдийн холбоо, яам, агентлаг, төрийн болон төрийн бус байгууллагуудын нийт 120 гаруй төлөөлөл оролцжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *