-ХҮҮХЭД БҮРТ ЦИРКИЙН ҮЗҮҮЛБЭР ХИЙХ БОЛОМЖ ОЛГОЖЭЭ-
Эх үрсийн баярыг тохиолдуулан “Circus Khadgaa” цирк, Хөгжим бүжгийн коллежийн циркийн тэнхимтэй хамтарсан явуулын циркийг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд ажиллуулж байна. Тэд энд хоёр дахь жилдээ тоглож байгаа аж. Бид Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээр ороход “Аав, ээж, би циркчин” шоу үзүүлбэрийн зурагт самбарууд энд тэндгүй харагдана. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн хойно босгосон томоо гэгчийн дугуй цагаан асарт циркчид үзүүлбэрээ толилуулж байгаа аж. Үдээс өмнө биднийг очиход циркчид бэлтгэлээ хийж байсан юм. Биднийг очиход Хөгжим бүжгийн коллежийн циркийн ангийн төгсөх дамжааны оюутнууд “Устай аяга” үзүүлбэрээ давтаж байлаа. ХБК-ийн багш Х.Ганболд биднийг асарт орж ирснийг анзаарах сөхөөгүй хүүхдүүддээ заавар өгнө. Тэрээр “Наад олсоо дээш нь шидээд нуруугаа урагш бага зэрэг хотойлгож өг. Зүүн хөлөө урагш, баруун хөлөө ард нь тавь. Олсоо дээш шидчихээд байрнаасаа битгий хөдөл. Олсоо бууж ирэнгүүт голоос нь атгаж ав. Агаарт эргэлдэж байсан эрчийг нь алдуулалгүйгээр гар дээрээ тосч аваад эргүүлэхгүй бол ус чинь асгарна шүү” гээд хүүхдүүдийн барьсан хоёр үзүүрт нь устай аяга бэхэлсэн олсыг өөрөө эргүүлж байгаа аятай гараа толгой дээрээ хөдөлгөж байгаа харагдав. Тэрээр “Циркийн үзүүлбэрийг өдөр бүр давтаж байхгүй бол сурсан эрдэм “Сугаар гарахад амархан шүү дээ. Энэ бол гадаад хэл сурах, машин жолоодож чаддаг болохоос тэс ондоо. Ялангуяа тоглолтын үеэр шаргуу давтах хэрэгтэй. Би олсон дээр агаарын гимнастик хийж чаддаг болчихсон юм чинь хэд хоног амарч байгаад эргээд бэлтгэлдээ оръё гэвэл дахиад эхнээс нь суралцах хэрэгтэй болдог. Бүр агаарын гимнастик хийх нь бүү хэл олс үзүүлбэрийг дээрээ ч тогтож чадахгүй. Тэгээд ч бид үзэгчдийн өмнө алдах эрхгүй. Давт, давт, бас дахин давт гэдэг зарчмаар сургуулилтаа хийхээс аргагүй” гэсээр биднийг угтсан юм.
ХБК-ийн төгсөх ангийн оюутнууд болон “Circus Khadgaa” циркийн залуу уран бүтээлчид хөндлөн олс дээрх агаарын гимнастикийн гайхамшгийг хүүхдүүдэд мэдрүүлж байгаа аж. Устай аягыг олсны хоёр үзүүрт бэхлээд дусал ч ус асгалгүй агаарт болон гар дээрээ жонглёрдож эргүүлэхээс гадна ганц дугуйт унадаг дугуйг жийнгээ толгой дээрээ олон аяга давхарлаж явах зэрэг үзүүлбэрүүдийг толилуулах аж. Саяхан Германд зохиогдсон олон улсын тэмцээнээс алтан медаль хүртсэн манай хос уран нугараачид ч явуулын циркт үзүүлбэр үзүүлнэ. Явуулын циркийнхэн хүрэлцэн ирэхээс гадна аварга могойн содон үзүүлбэрийг ч мөн хөтөлбөртөө багтаажээ. Хүүхдүүдийн шимтэн үзэх дуртай давхиж буй морин дээрх тэнцвэрийн үзүүлбэрээ ч мөн толилуулах аж. Тоглолтыг хүүхдүүдийн эчнээ танил Гонжий, Погжий хэмээх алиалагчид хөтлөн явуулж байгаа гэнэ. Улаан хамартай, намхан тарган Погжий, өндөр туранхай Гонжий нар хүүхдүүдийн дунд хөгжөөнт уралдаан тэмцээн зохиохоос гадна өөрсдийн элэг хөшөөм олон үзүүлбэрийг бэлджээ.
“Circus Khadgaa” циркийн захирал Ч.Хатанбаатар “Хүүхдийн баярыг тохиолдуулан манай циркийн хамт олон циркийн сургуулийн оюутнуудтай хамтран “Аав, ээж, би циркчин” шоугаа толилуулж байна. 20 гаруй циркчид оролцохоос дийлэнх нь залуу, шинэ уран бүтээлчид. Бид циркийн үзүүлбэрийг үзэгч хүүхдүүд, аав ээжтэйгээ хийж үзэх боломж олгож байгаараар маш онцлог. Тийм ч учраас “Аав, ээж, би циркчин” гэж нэрлэсэн юм. Манай шоуд хүрэлцэн ирсэн хүүхэд бүр давхиж буй морин дээрх тэнцвэрээ олж, аварга могойг хүзүүгээрээ ороож, яг л циркчин шиг үзүүлбэр хийж болохоороо онцлог. Циркийн үзүүлбэрийг хэн нь чадварлаг хийж чадахаараа хүүхдүүд хоорондоо өрсөлдөнө. Ялагч нь мэдээж шагналтай. Тэгээд ч циркийн уран үзүүлбэрийг дэргэдээс нь хараад сууж байгаа хүүхэд бүрт “Би үүнийг хийгээд үзх юмсан” гэсэн хүсэл оргилж байдаг. Тэр их хүслийг нь биелүүлэх боломжийг нь бид олгож байна. Баярынх нь өдрөөр хүүхдийн хүслийг биелүүлэхээс том бэлэг гэж юу байх билээ” гэсэн юм.
Зургадугаар сарын 2-ны өдрийг хүртэл үргэлжлэх тус тоглолтын хүүхдийн тасалбар 5000 төгрөг бол томчуудынх 8000 төгрөг. Өнөөдөр 19.00,21.00 цагаас тоглох бол маргааш 15.00, 18.00, 21.00 цагаас тоглох юм байна. Харин хүүхдийн баяраар болон зургадугаар сарын 2-ны өдөр 12, 15, 19 цагаас тоглох гэнэ.
М.УУГАН-ЭРДЭНЭ
Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН