Categories
мэдээ цаг-үе

А.Цогцэцэг: Сүү багатай эхийн хүүхдэд сүүн тэжээл өгөх нь хуулиар нээлттэй

“Өдрийн сонин”-ы Пүрэв гаригийн №112(5679) дугаараас авч нийтлэв

Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэгтэй саяхан батлагдсан Нялх, балчир хүүхдийн хүнсний тухай хуульд ямар өөрчлөлт орсон талаар тодруулж ярилцлаа.


-Нярай 0-6 сартай хүүхдийг хөхөөр дагнан хооллоно. Хэрэв нэмэлт тэжээл өгөх болбол эмчийн жороор өгөх хууль батлагдлаа гэх мэдээлэл олны анхаарлыг татаад байгаа. Энэ талаар юуны өмнө тодруулж асууя?

-Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаар манай яамнаас боловсруулж, өргөн мэдүүлсэн “Нялх, балчир хүүхдийн хүнсний тухай” хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хэлэлцэж баталлаа. Хуулийн танилцуулгыг бүрэн хийж амжаагүй байтал хуультай холбоотой ташаа мэдээлэл олон нийтийн сүлжээнд гарсан байна. Иймээс өнөөдөр яамны зүгээс ажлын хэсэгт ажилласан хүмүүс маань хуулийн тайлбар хийж залруулга гаргалаа.

-Эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүний тухай хуульд эхийн сүүгээр зургаан сар хүртэл дагнан хооллоно гэж заасан байгаа. Энэ нь заавал эхийн сүүгээр хооллоно гэсэн утгыг агуулж байна?

-Хүүхдийг 0-6 сар хүртэл нь эхийн сүүгээр дагнан хооллох нь түүний эрүүл мэндэд чухал ач холбогдолтой. Учир нь зургаан сартай хүүхдийн ходоод, гэдэсний үйл ажиллагааны шүүрэл ялгаруулалт зөвхөн эхийн сүүг л боловсруулахад зориулагдсан байдаг. Гэтэл зориудаар хүүхдээ цаг нь болоогүй байхад хөхөөр хооллох боломжтой хэрнээ хөхнөөс гаргаж, янз бүрийн хүнсний нэмэлт агуулсан цай, химийн бодис бүхий нөөшилсөн жимсний нухаш өгдөг.

Үүнээс болоод ходоод гэдэсний хямралтай хүүхдийн тоо нэмэгдээд байна. Харин хөхөнд нь сүү орохгүй, сүүний гарц багатай эхийн хүүхдэд сүүн тэжээл өгөх нь хуулиар нээлттэй юм. Энэ сүүн тэжээл нь стандартын өндөр шаардлагыг хангасан, хүүхдийн эрүүл мэндэд аюулгүй байх ёстой юм. Харин эрүүл мэндийн шалтгаанаас хүүхдээ хөхүүлж чадахгүй тохиолдолд удаан хугацаагаар нялхсын сүүн тэжээлийг хэрэглэх тул эмчийн зөвлөгөө, зааврын дагуу олгоно гэж заасан.

-Та сэтгүүлчдийн асуултад хариулахдаа зөвхөн эмчийн жороор нэмэлт тэжээл олгоно гэж ярьсан тал байгаа юм биш үү. Шинээр батлагдсан энэхүү хуулийн утга санаа агуулга яагаад олон нийтэд буруу ташаа байдлаар хүрсэн гэж дүгнэж байна вэ?

-Хуулийн 4 дүгээр зүйлд 0-6 сар хүртэлх хүүхдийг эхийн сүүгээр дагнан хооллох бөгөөд тодорхой шалтгаануудын улмаас хөхүүлэх боломжгүй тохиолдолд эмнэлгийн мэргэжилтний зөвлөгөө, зааврын дагуу сүүн тэжээлийг өгөхөөр заасан. Энэ нь жор гэж буруу ойлгогдсон бололтой. Сүүн тэжээл маань хүнсэнд хамаарагдах тул “Хүнсний тухай” хуулиар зөвшөөрөгдсөн газруудад хаана ч худалдаалах боломжтой. Миний мэдэх бас мэдэхгүй зүйл гэж байх юм. Салбартаа 30 жил ажилласан хүний хувьд салбарын бодлогоо л зөв явуулахыг эрхэмлэж явснаас олон нийтэд хийсэн ажлуудаа зөв тайлбарлаж, ойлгуулах гэдэг чухал зүйлд сайн суралцаагүй бололтой.

-Хүүхдээ хөхний сүүгээр хооллохыг дэмжсэн хууль баталчихлаа. Эхчүүд хөхний сүүгээр хүүхдээ хооллож байгаа эсэхийг нь хэрхэн хянах вэ?

-Хүнсний тухай хуульд заасны дагуу хүн амын хоол тэжээлийн байдал ялангуяа хүүхдийн хооллолтыг үнэлэх үндэсний судалгааг таван жил тутамд Эрүүл мэндийн яам хариуцан хийдэг. Мөн Үндэсний статистикийн хорооноос тодорхой үечлэлтэйгээр хүүхдийн эрүүл мэнд, хоол тэжээлийн үзүүлэлтийг гаргах судалгааг гаргадаг. Мөн өрх сум, дүүргийн эрүүл мэндийн төвд эх хүүхдийн эрүүл мэндийн дэвтэр буюу бидний хэлж заншсанар ягаан дэвтэрт хүүхдийн хооллолтын бүртгэл явагддаг. Эндээс бид хяналтаа хийх боломжтой юм.

-Хөхний сүү багатай ээжүүд л голчлон нэмэлт тэжээл хэрэглэдэг. Монгол эх хүн аль болох хүүхдээ хөхүүлэхийг боддог. Заавал хуульчилж байгаа учир юу вэ. Энэ хууль батлагдан гарах болсон гол үндэслэл, шалтгаан юу байв?

-Хэрэв хүүхдийг зургаан сар хүртэл эхийн сүүгээр дагнан хооллож, хоёр ба түүнээс дээш нас хүртэл үргэлжлүүлэн хөхүүлбэл жил бүр эндэж буй хүүхдийн амь насыг аварч, уушгины хатгалгаагаар өвдөх эрсдлийг 30 хувь, суулгалтаар өвчлөх эрсдэлийг 50 хувь, суулгалт өвчнөөр эмнэлэгт хэвтэх 72 хувь, хатгалгаа өвчнөөр эмнэлэгт хэвтэлтийг 57 хувь, эмэгтэйчүүдийн хөх ба өндгөвчний хорт хавдраар өвчлөх эрсдлийг жил тутамд зургаан хувиар бууруулж, хүүхдийн амьдрах чадвар 14 дахин илүү байдаг зэрэг нотолгоог ДЭМБ-аас тогтоосон. Гэтэл үүнтэй зэрэгцээд Монгол Улсад экологийн доройтол буюу хөрс, агаар, усны бохирдол нэмэгдсэн болон бусад нөлөөгөөр хүүхдийн халдварт болон халдварт бус өвчлөлүүд нэмэгдсээр л байна. Ганц жишээ дурдахад өнгөрсөн 2015 онд улаанбурхан өвчний дэгдэлтээр эхний гурван сард 59 хүүхэд нас барсан аймшигт тохиолдол гарсан ба тэдний 76.2 хувь нь 0-8 сартай байсан. Эдгээрийн дийлэнх нь эхийн сүүгээр дагнан хооллодоггүй байв. Ер нь зургаан сар хүртлээ хөхөө хөхөж байгаа хүүхдүүд халдварт өвчнөөр ховор өвддөг. Улс орны хүүхдийн эрүүл мэндийн байдлыг илтгэх нэг чухал үзүүлэлт бол төрсний дараах эхний зургаан сард эхийн сүүгээр дагнан хооллож байгаа үзүүлэлт юм. Энэ үзүүлэлт хэр бага байхаас шалтгаалж нярай, нялх хүүхдийн өвчлөл, эндэгдлийн үзүүлэлт нэмэгдэж байдаг. Манай улсад энэ үзүүлэлт 2000 оны эхэнд эхийн сүүгээр хооллолт 90 хувиас дээш гарч олон улсад сайны жишээ болж байсан ч буурсаар 2010 онд 67 хувьд хүрч, 2013 онд 47 хувьтай болсон байна. Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагаас эхийн сүүгээр дагнан хооллох үзүүлэлт 40 хувиас доош буурах нь нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал гэж үздэг. Энэ хугацаанд эсрэгээрээ импортоор орж ирэх сүүн тэжээлийн тоо, хэмжээ хэд дахин нэмэгдсэн байдаг. Нийт нялхсын талаас илүү нь сүүн тэжээлийг хэрэглэж байгаа нь алсдаа эрүүл мэндийн асуудалтай хүүхдийн тоог нэмнэ гэсэн үг юм. Бага насны хүүхдийн дунд илүүдэл жин, таргалалт, харшил зэрэг өвчлөл нэмэгдэж, бүс нутагтаа дээгүүрт жагсах хэмжээнд хүрсэн.

-Энэ хуулийн гол ач холбогдлыг юу гэж харж байна?

-Энэ хууль нь анх 2005 онд “Эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүний тухай” хууль гэсэн нэртэйгээр батлагдсан боловч цаг үеийн шаардлагад нийцэхгүй олон заалтууд бий болсон. Тиймээс 2013 оноос хойшхи судалгаануудад үндэслэж агуулгын хувьд өргөжүүлэн “Нялх, балчир хүүхдийн тухай хууль” гэж шинэчлэн баталсан. Гол ач холбогдол нь нялх, балчир хүүхдийн хүнсний аюулгүй байдал, чанар стандартад тавигдах шаардлагууд сайжирч, хүүхдийн эрүүл мэндийн дархлааны суурь тогтолцоог хадгалж, эхийн сүүгээр хооллолтыг төрөөс бодлогоор дэмжих асуудлыг тусгасан. Тухайлбал 1-3 настай хүүхдийн хүнсэнд транс тос, генийн өөрчлөлттэй бүтээгдэхүүний түүхий эд зэргийг хорьж өгснөөрөө онцлог юм.

-Төрөх эмнэлгүүдэд сүүний нөөцийн банк байгуулж байгаа гэсэн. Энэ талаарх мэдээллийг хүргэнэ үү?

-Хүүхдийг эхийн сүүгээр хооллохыг дэмжих бодлогыг хэрэгжүүлэх нэг үйл ажиллагаа нь хүүхдийг зургаан сар хүртэл нь эхийн сүүгээр хооллохыг дэмжих юм. Амаржих газар, тасагт хүүхдээ хөхүүлэхэд асуудалтай эхэд зориулж хөхний сүүний нөөц бүхий эхийн сүүний нөөцийн банкийг байгуулан ажиллуулах заалтыг хуулинд оруулсан. Сүүний гарц сайтай ээж сүүний гарц багатай ээжид сүүний донор болно гэсэн үг. Мэдээж жирэмсэн байхдаа өгдөг шинжилгээн дээр зарим нэмэлт шинжилгээ хийлгэнэ, тогтсон стандарт шаардлагын дагуу хийгдэнэ. Энэ нь хуулийг дагаж гарах журмаар зохицуулагдана.

-Хүүхэд төрүүлсэн оюутнуудад тэтгэмж олгогдох заалт хуульд тусгагдсан байгаа бил үү?

-Оюутан эхэд хүүхдээ асрахаар жилийн чөлөө авсан үндэсний тэтгэлэг болох 70 мянган төгрөгийг сар бүр өгдөг байх зохицуулалт өргөн мэдүүлсэн ч хэлэлцүүлгийн шатанд Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас өргөн мэдүүлсэн өөр хуулийн заалттай давхацсан тул хасагдсан.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *