Categories
гадаад мэдээ

А.Жоли: Дүрвэгсэд нь дэлхий нийтийн тулгамдсан асуудал болчихоод байна

Холливудын нэрт жүжигчин Анжелина Жоли НҮБ-ын дүрвэгсдийн асуудал хариуцсан сайн санааны элчээр ажилладаг. Дэлхий нийтийн анхаарлын төвд ороод буй дүрвэгчийн асуудлын талаар Германы “Die Welt” сонинд өгсөн ярилцлагыг сонирхуулъя.

-Та бид хоёр яг нэг жилийн өмнө Берлин хотын Темпелхоф нисэх онгоцны буудал дээр ярилцаж байсан.
-Тиймээ би санаж байна. Темпелхоф нисэх онгоцны буудал ажиллаж байхад ойр ойрхон ирдэг байсан.
-Хуучнаар Хангарс хэмээн нэрлэдэг байсан энэ газарт саяхан 2500 дүрвэгчийг байрлуулсан. Ирэх хавар гэхэд энэ тоо 5000-д хүрнэ. Энэ нь Германы хамгийн том дүрвэгсдийн хуаран болно.
-Темпелхофт дүрвэгсдийг байрлуулсан гэдгийг би мэдээгүй.
-Саяхныг хүртэл тэнд цэвэр усны асуудалтай байсан. Үүнээс болж дүрвэгсэд эсэргүүцэл илэрхийлсэн. Таныг НҮБ-ын энэ асуудлыг хариуцсан тусгай элчийн хувьд хүмүүс сайн мэднэ. Үүнийг шийдэхэд Герман болон Европ ямар үүрэгтэй гэж та бодож байна?
-Герман саяхныг болтол чухал үүрэг гүйцэтгэж маш олон хүний амийг аварсан. Гэхдээ энэ үүргийг ганцаараа удаан гүйцэтгэж чадахгүй. Европын бусад орнууд үүнд идэвхтэй оролцож гарах гарцыг олох ёстой. Энэ нь ч хангалттай бус. АНУ болон олон улсын байгууллагууд үүнд тодорхой үүрэг гүйцэтгэх ёстой. Европт дүрвэгсдийн асуудал маш ноцтой болоод байгаа талаар мэдээлж байгаа. Үнэндээ бол энэ нь бидний бодож байгаагаас илүү том, өргөн хүрээг хамарсан асуудал. Дэлхий даяар 60 сая дүрвэгч байгаа бөгөөд энэ нь дэлхийн II дайны үеэс их гэдгийг хүмүүс мартчихаад байна. Тиймээс бид шалтгааныг үгүй болгож зөрчил, мөргөлдөөн гарсан газруудад энхийг тогтоох ёстой. Герман болон бусад орнуудад ирж буй дүрвэгсдийг байрлуулах асуудлыг шийдэх нь гол биш. Ингэснээр Сириэс ирж байгаа хүмүүсийн цувааг зогсоож чадахгүй. Олон улсын байгууллагууд гол хүмүүсийг хэлэлцээрийн ширээний ард суулгаж асуудлыг шийдэх улс төрийн арга замыг олох ёстой. НҮБ-д ийм арга зам байгаа. Гэвч улстөрчид боломжоо бүрэн ашиглахгүй байна. Үүнийг шийдэх хүмүүсийн дуу хоолойг улам нөлөөтэй болгох хэрэгтэй. Ийм хүмүүсийн нэг нь канцлер А.Меркель.
-Одоогоор уг асуудлаас болж А.Меркель нэлээд шүүмжлүүлж байгаа.
-Миний харж байгаагаар хэдэн мянган дүрвэгч Европ руу ирэх болсон нэг шалтгаан болсон Сирийн хямралыг шийдэхээр ажиллаж байгаа хүн бол А.Меркель. Аль болох олон хүнийг аврахын тулд хүн бүр чадах бүхнээ хийх ёстой. Энэ бол хүмүүнлэг ёсны үүрэг. Тиймээс үүнийг улс төрийн тоглоомын нэг хэсэг болгох ёсгүй. Төр засгийн удирдагчид хэлэлцээрийн ширээний ард суух ёстой. НҮБ-ын Аюулгүй зөвлөлөөс гаргаж байгаа санаачилгад дандаа хориг тавиад байж болохгүй.
-Та канцлер А.Меркельтэй уулзсан уу?
-Одоогоор үгүй. Би канцлер А.Меркельтэй дуртайяа уулзах болно. Нэг өдөр уулзах байх гэж найдаж байна.
-Та өнгөрсөн дөрөвдүгээр сард НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн хуралдаан дээр дүрвэгсдийн асуудлаар нэлээд ноцтой үг хэлсэн. Түүндээ Сирийг хямралаас гаргах улс төрийн хүсэл эрмэлзэл алга гэсэн.
-Тийм ээ, ингэж хэлсэн.
-ОХУ, АНУ хоёрын Турк эсвэл Ираны бүс нутагт явуулж буй бодлогын ашиг сонирхол нийцэхгүй байгаа бололтой. Ер нь ийм үг хэлсний үр дүн байна уу?
-Миний сэтгэл маш дундуур байгаа нь үнэн. Энэ нь шинэ юм биш. Би 14 жил гаруй дүрвэгсдийн асуудал дээр ажиллаж байна. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд Сири болон түүнтэй хил залгаа нутгуудад 11 удаа очсон. Дүрвэгсэдтэй уулзсан, тэдний хуаранд очсон. Бид энэ асуудлыг хэтэрхий нэг талаас нь авч үзээд байгаа. Үүнд дан ганц хүмүүсийг хаана, яаж байрлуулах тухай яригдах ёсгүй. Үүнийг хэрхэн шийдэх вэ гэсэн асуултын хариулт надад байхгүй. Гэсэн ч өөрийнхөө санал бодлыг илэрхийлэхээс цуцахгүй.
-Энэ нь таныг нэлээд бухимдуулдаг бололтой?
-Намайг хамгийн ихээр бухимдуулж байгаа зүйл нь гэвэл асуудлыг аль хэдийнээс бүгд мэдэж байгаа. Дүрвэгсдийн хуаранд хүмүүс хэрхэн амьдарч байгааг би газар дээр нь очиж харсан. Энэ тухай хэвлэлээр ч мэдээлдэг. Одоо энэ талаар маш их хүчтэй яригдах болсон нь хэдэн мянган хүн Европт очсонтой холбоотой. Гэтэл иймэрхүү явдал дэлхийн олон оронд болж байна. Азид ч гэсэн. Харамсалтай нь тэнд ямар байгаа талаар бараг мэдээлдэггүй. Ер нь дүрвэгсдийн асуудал нь дэлхий нийтийн тулгамдсан асуудал болчихоод байгаа.
Би НҮБ-ын шугамаар улс орнуудаар явж байгаа байдал ямар байгааг анзаарсан. “By the Sea” киноны зураг авалтын үеэр Мальтад байхдаа ч харсан. Тэнд байхдаа тус улсын цэргүүд далайгаас дүрвэгсдийг аварч байхад цуг байсан.

Бэлтгэсэн: Ю.ДЭЛГЭР, Д.ЦЭРЭН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *