Categories
мэдээ спорт

А.Энхтуул: Шатрын хөлөг дээр яг л бидний амьдрал оршиж буй мэт санагддаг DNN.mn

Олон улсын шатрын их мастер, олон улсын шатрын холбооны дасгалжуулагч А.Энхтуултай ярилцлаа.


-Насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах эмэгтэйчүүдийн 52 дахь удаагийн шигшээ тэмцээнд алтан медаль хүртсэнд тань баяр хүргэе. Энэхүү шатрын шинжлэх ухаан, спортоор хэрхэн хичээллэх болсон тухайгаа хуваалцахгүй юу. Энэ спортыг сонирхон хичээллэхэд юу хамгийн их нөлөөлсөн бэ?

-Баярлалаа. Би багадаа дуулдаг, драм уншдаг, төгөлдөр хуур тоглодог урлагийн чиглэлтэй хүүхэд байсан. Тухайн үед Цоглог студи, Хүүхдийн ордны хүүхдийн багт наадам зэрэг болдог байх үед тоглолтод оролцдог байлаа. Нэг өдөр манай төгөлдөр хуурын Бүжинлхам багш маань манай ээжид ийм шатрын дугуйлан байна, та охиноо явуулаад үзээч гэж санал тавихад ээж намайг явуулж байсан. Ингэж л шатрын спортод орж байсан даа. Хамгийн сүүлд шатар бол миний явах чиг байна гэж тууштай хичээллэсэн.

-Та анх хэдэн настайдаа, ямар тэмцээнд оролцож байсан бэ?

-Хамгийн анх өсвөрийн шатарчдын улсын аварга шалгаруулах тэмцээнд есөн настай байхдаа оролцон, нийт есөн өргөөс 1.5 оноо авч байсан.

-Шатар тоглож сурч байх үед шатрын нүүдлээ заалгахаас эхлүүлэн багшийн үүрэг их чухал шүү дээ. Таны хувьд хэн гэдэг багшаар удирдуулан шатрыг сурч байв?

-Миний хамгийн анхны шатрын багшийг “Төр Монгол” шатрын клубийн дасгалжуулагч Ц.Батболд гэдэг. Багш минь бага ангийн сурган хүмүүжүүлэгч байсан. Багш маань одоогоор Монголын шатрын холбооны дэд ерөнхийлөгч, Багануур дүүргийн дасгалжуулагчаар ажиллаж байна. Үүний дараагаар Монгол Улсын гавьяат жүжигчин олон улсын хэмжээний мастер П.Жигжидсүрэн багшийн шавь болсон цаг үеэс хойш 16 жил хамт байна. Мөн Москвад суралцах хугацаандаа орос дасгалжуулагч нартай ажилласан.

-Та өөрийн гаргаж байсан амжилтуудаасаа хуваалцахгүй юу?

-Би шатраар хичээллээд 19 жил болж байна. Энэ хугацаанд улсын, тив дэлхийн олон тэмцээнд оролцсон. Хамгийн их сэтгэлд хоногшсон тэмцээнүүдээс дурдвал 14 настай байхдаа Монгол Улсын насанд хүрэгчдийн дэлхийн шатрын олимпиадад оролцдог шигшээ багт шалгаран багийн хамт Герман улсын Дрезден хотод зохион байгуулагдсан Дэлхийн шатрын 38 дугаар олимпиадад оролцсон. Багийн тэмцээнүүдэд нэгнийгээ тоглуулахын тулд өнжих ёстой байдаг ч миний хувьд өнжөөгүй. Маш амжилттайгаар оролцон багтаа их чухал үүрэг гүйцэтгэсэн гэж боддог. Тухайн үед олимпиад таван ангилалд хуваагдан зохиогддогийн C ангилалд тэргүүн байр эзэлж байсан. Нэг ангилалд нэг л байрыг шалгаруулдаг. Мөн сурагчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монголоос анх удаагаа тэргүүн байр эзэлсэн. Өсвөрийн тамирчин байхдаа арван жил тасраад байсан өсвөрийн шатарчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний медалийг эх орондоо авчирсан. Энэ үедээ мэргэжлийн гэж яригддаг насанд хүрэгчдийн ангилалд орос дасгалжуулагчынхаа заавар зөвлөгөөг даган хүрэл медаль хүртэж байсан. Эдгээр нь миний сэтгэлд их хоногшсон амжилтууд маань юм. Энэ жилийн улсын аварга насанд хүрэгчдийн шигшээ Монголын шилдэг шатарчид оролцдог тэмцээнээс тэргүүн байр эзэлсэн минь үнэхээр бахдам амжилт.

-Таны хувьд шатрын шинжлэх ухаан гэж юуг ойлгодог вэ?

-Шатар бол математикийн шинжлэх ухаантай харьцуулан яривал математик томьёоллоор бодон тооны хариуг гаргадаг бол шатар онол хэрэглэдэг. Шатарт бид эхний гараанд заавал онол хэрэглэдэг. Гэхдээ их өвөрмөц. Шатар нь гараа, дунд, төгсгөл гэсэн гурван үе шаттай. Дунд үед тухайн хүний ухаан юуг сэтгэж өөрийн дүрсийг хэрхэн удирдаж байгаа зэрэг нь их гайхалтай. Тиймээс шатрын хөлөг дээр яг л бидний амьдрал оршиж буй мэт санагддаг. Шатар бол дуусашгүй, хязгаар нь үл үзэгдэх тийм л шинжлэх ухаан. Их сэтгэл хөдөлгөм байдаг.

-Та Азийн шатрын холбоонд урилгаар ажиллаж байсан гэсэн үү. Энэ тухай тодруулахгүй юу?

-2015 онд Азийн шатрын холбоо болон Арабын нэгдсэн Эмират улсын Алейн шатрын клубт ажиллах урилга надад ирсэн. Азийн шатрын холбоонд ажиллаж байх үедээ олон улсын тэмцээнүүдийг зохион байгуулах болон Алейн шатрын клубт дасгалжуулагч хийдэг байсан. Эндээс миний ажил амьдралын минь гараа эхэлсэн. Шатартай холбоотой ажил хийж эхлүүлсэндээ гэж өөрийгөө их азтайд тооцдог. Бага наснаасаа хичээллэж дуртай байсан спортоо өөрийн амьдрах эх үүсвэр болгож явах нь хэн бүхэнд тохиохгүй. Азийн шатрын холбоонд ажилласнаараа дэлхийн олон алдартай шатарчидтай танилцан, тэмцээнд урих, холбоо харилцаатай байх зэрэг боломжууд нээгдсэн.

-Сурагчиддаа юуг захиж, зөвлөдөг вэ?

-Би шавь нарт гэхээс илүүтэйгээр юун түрүүнд эцэг эхчүүдэд нь зөвлөгөө өгдөг. Хамгийн эхэнд зорилгоо зөв тодорхойлох хэрэгтэй. Шатрын спортоор тууштай хичээллэх үү, эсвэл өмнө хэлсэнчлэн хаана ч очсон хүнтэй тоглочихдог хэмжээнд сурах юм уу гэж эцэг эхчүүдээс асуудаг. Яагаад гэвэл хүмүүс шатрын клубт ирэхээр амархан хурдан сурч, нэг, хоёр сараас тэмцээн уралдаанд оролцож амжилт гарган мэргэжлийн тамирчин шиг болдог гэж ойлгодог. Гэтэл энэ нь эсрэгээрээ. Хүн харахад амархан юм шиг ч биеэр туулахад их хэцүү, олон жилийн хөлс хөдөлмөр, хөрөнгө мөнгө зарцуулдаг спорт. Шавь нартаа хожиж, хожигдох нь чухал биш, сайн тоглолт өрөг гаргаж, бэлтгэлээ хийх нь чухал. Аливаа зүйлд яаралгүйгээр тайван бодож, сэтгэлээ тогтоох нь их чухал гэж зөвлөдөг дөө.

-Шатарчин бүр өөрийн өргийн санг бүрдүүлсэн байдаг гэсэн үү?

-Тийм. Шатарчин хүн ер нь өөрийн тоглосон өргөө үргэлж тэмдэглэж явдаг. Миний хувьд ч ялгаагүй өөрийн шатрын программ дээр өргөө бичиж тэмдэглэн хадгалдаг. Мөн Монгол Улсын болон дэлхийн бүх орны өргүүд Chess­base олон улсын шатрын программд автоматаар хадгалагдаж байдаг. Бидний олон улсын тэмцээнд тоглож буй бүх өргүүд автоматаар хадгалагдан өргийн сан бүртгэгдэж байдаг. Энэ нь өнгөрсөн үетэй харьцуулахад ямар тоглогч хэрхэн тоглосон талаар орж харахад амархан болсон.

-Та шатар сонирхогч залууст юуг зөвлөх вэ. Шатраар хичээллэж эхэлж буй залуус юунд анхаарах хэрэгтэй байдаг юм бол?

-Шатар сонирхож буй хүүхэд, залууст хандаж хэлэхэд шатар гэдэг нь ганцхан спорт биш. Шатрын дэлхийн аварга Анатолий Карпов “Шатар бол шинжлэх ухаан, урлаг спортын цогц” гэж хэлсэн байдаг. Би шатрыг спорт гэхээсээ илүүтэйгээр шинжлэх ухаан талаас нь харж авч үздэг. Учир нь шатрын 64 буудал дээр хэний ч бодолд буумгүй уран сайхан нүүдлүүд тоглогдож, тооцоолон боддог юм. Шатар нь анхаарал сайжруулах, тэвчээртэй болгодог гэх мэтчилэн хүмүүс их ярьдаг. Миний хувьд олон жилийн турш тоглосноор шийдвэр гаргах чадварт сургадаг юм болов уу гэж боддог. Шатрын спорт хүний сэтгэл зүйд их нөлөөлдөг. Өөрийн сэтгэл зүйн байдлаас хамааран шатрын гараагаа сонгох тал бий. Шатар бол их сонирхолтой. Тиймээс энэ шинжлэх ухаанаар мастер болтлоо хичээллэдэггүй юм аа гэхэд тодорхой хэмжээнд тоглочихдог, тэмцээн уралдаанд оролцдог түвшинд сурвал илүүдэхгүй шүү гэж хэлье.

-Шатар тоглох нь хүүхэд болон хүнд хэрхэн нөлөөлж, оюун ухааныг хэрхэн задалж хөгжүүлдэг вэ?

-Шатар тоглоно гэдэг нь их цаг хугацаа, оюуны ачааллыг шаарддаг. Төсөөлөн бодох чадвар их сайжирсан байдаг. Шатарчид магадлалын онолоор юмсыг хардаг. Шатар тоглох нь хүний зургаа дахь мэдрэхүйг нээж, хөгжүүлдэг. Шатар тоглодог хүмүүс мэдрэмжтэй, зөнтэй болж, урьдаас таамагладаг гэж их ярьдаг. Учир нь бид шатар тоглож байх үедээ олон хувилбарыг тооцоолж, нүүдлүүдийг бодож өрсөлдөгчийнхөө нүүх болов уу гэж бодсон нүүдлийг хийдэг. Бүгдийг зөвхөн толгойдоо хийсвэрээр сэтгэж, төсөөлөн боддог учраас эдгээр ур чадварууд нэмэгддэг гэж боддог. Тэр ч утгаараа урьдчилан таамаглах, тооцоолоход шатарчид сайн байдаг юм болов уу гэж анзаарагддаг. Шатар оюун ухааныг олон талаас нь задалж өгдөг. Хүүхдийг хайрцагласан сэтгэлгээнд оруулалгүй, өөрөө чөлөөтэй сэтгэх боломжийг олгодог учраас хоёр тархи зэрэг хөгждөг.

-Хүүхдийг хэдэн наснаас нь эхлүүлэн шатрын спортоор хичээллүүлэх нь тохиромжтой вэ?

-Хүүхдийг шатраар тууштай хичээллүүлье гэж бодож байвал аль болох эрт хичээллүүлж эхлэх нь сайн. Бага насны хүүхдийг хамгийн эртдээ таван настайгаас эхлүүлэх нь тохиромжтой. Зарим эцэг эхчүүд 3, 4 настай хүүхдүүдэд шатар заалгах гээд байдаг. Гурав, дөрвөн нас гэдэг нь хорвоо ертөнцтэй танилцан явж байх нас шүү дээ. Энэ үедээ шатар сурч явах нь зохимжгүй санагддаг. Хамгийн эртдээ таван настайгаас шатраар хичээллүүлж эхэлбэл ирээдүйд өндөр амжилтад хүрэх магадлалтай. Аливаа зүйлийг сурахад хэзээ ч оройтдоггүйтэй адил шатрыг хэдэн ч наснаас сурч болно.

Хөдөлмөр хүнийг бүтээдэг гэдэг шиг би зарим тохиолдолд өглөө 05:00 цагт босон шатраа бэлдэн хичээллэдэг байсан. Тиймээс зорилгоо зөв тодорхойлон хэрхэн амжилтад хүрэх, ямар учраас шатар сурах гэж байгаагаа ойлгочихвол хэзээ эхлэх нь хувь хүний сонголт юм.

-Монгол Улс шатрын спортоор олон улсад ямар түвшинд байгаа вэ?

-Олон улсын шатрын холбоо буюу дэлхийн шатрын холбоонд бүртгэлтэй 184 орноос манай улс нийт шатарчдын дундаж чансаагаар 54 дугаарт эрэмбэлэгдэж байгаа. Жил ирэх тусам л манай шатарчдын чансаа бага багаар өсч байгаа. Энэ нь манайд шатрын спорт хөгжиж байгааг илтгэж байгаа болов уу гэж хардаг. Бидний үетэй харьцуулахад олон хүүхэд шатраар хичээллэж, гадны орон руу тэмцээнд явж буй хүүхдүүдийн тоог харахад үргэлж нэмэгдсэн харагддаг. Манай шатарчид тив дэлхийд тэмцээн уралдаанд оролцоход 50 хувиас дээш амжилт үзүүлдэг. Тиймээс бидний олон улсад үнэлэгдэх чансаа жил ирэх тусам нэмэгдэнэ гэдэгт их итгэлтэй байдаг.

Мөн намайг шатрын их спортод хөл тавиулсан анхны дасгалжуулагч Ц.Батболд багшдаа, 16 жил надтай хамт байж миний төлөө зүтгэсээр байгаа гавьяат дасгалжуулагч Олон улсын хэмжээний мастер П.Жигжидсүрэн багшдаа, дэд мастер байхаас минь дэмжсэн Монгол Улсын аж үйлдвэрийн гавьяат ажилтан Б.Далай ах, “Их заргач” клубийн дасгалжуулагч их мастер н.Мөнхгал ах, хурандаа Ж.Түмэнтулга захирагчтай Дотоодын Цэргийн 805 дугаар ангийн хамт олон зэрэг хүмүүстээ баярлаж талархсанаа танай сониноор дамжуулан илэрхийлье.

Монгол Улсын шигшээ баг тамирчид удахгүй долдугаар сарын 20-ноос наймдугаар сарын 12-ны өдрийн хооронд Энэтхэг улсын Ченнай хотноо зохиогдох Дэлхийн шатрын олимпиадад оролцоно. Олимпиад нь коронавирус цар тахлын дараагаар тив дэлхийн шилдэг шатарчид цуглан тоглох гэж байгаа нь олон хүмүүсийн сэтгэлийг хөдөлгөсөн тэмцээн болох байх гэж бодож байна. Монгол Улсын шигшээ баг тамирчид хичээж оролцох болно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *