Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн халз мэтгэлцээнтэй холбоотой асуудлаар МҮОНРТ-ийн Төв байранд хэвлэлийн бага хурал хийж байна.
МҮОНРТ-ийн захирал А.Бүрэнбаатар “МҮОНРТ мэтгэлцээнийг зохион байгуулах боломжгүй болж байна. Мэтгэлцээнийг цахимаар явуулах нь ТВ-ийн шийдэл биш. ТВ-ээр гарч байгаа утга учир нь студид ирж, нүүр нүүрээ харж байж л халз мэтгэлцдэг. Ярилцлага, форум гээд дэлхийн нийтээрээ л цахим хэлбэрт шилжиж байгаа. Ерөнхийлөгчийн сонгуулийн мэтгэлцээн цахимаар болсон түүх одоогоор байхгүй. Онлайнаар мэтгэлцэх асуудал намуудын дунд байж болно” гэсэн юм.
Мөн тэрээр “Мэтгэлцээний бэлтгэл ажил хангагдаж дуусаад байна. Мэтгэлцээнийг Үндэсний ТВ-ээр шууд дамжуулна. Радиогоор шууд дамжуулна. MNB World сувгаар англи орчуулгатай хүргэнэ. Мөн Clubhouse-аар шууд дамжуулна. Дөрвөн дохионы хэлмэрчтэй, нэг синхрон орчуулгатай болох ба Ерөнхийлөгчид 5 сэдвийн хүрээнд мэтгэлцэхээр зохион байгуулахаар төлөвлөж байсан.
Ерөнхийлөгчийн сонгуулийн мэтгэлцээний үйл явцын намуудад танилцуулахад хүлээн зөвшөөрсөн. Ингээд 17:30 минутад хийнэ. 60 орчим сяа төгрөгийн санхүүжилтээр босгосон. Мөн халдвар хамгааллын дэглэмээ сайн баримталж ажилласан. 190 орчим ажилчид шинжилгээ хийхэд бүгд сөрөг гарсан.
Өчигдөр ХҮН-аас бидэнд санал тавьсан. Д.Энхбат нэр дэвшигч ковидын халдвар авсан. Иймээс мэтгэлцээнээ яаж хийх вэ гэдгийг ярилцсан. ХҮН-аас нэр дэвшигч Д.Энхбатыг студид авчирч хийж болох уу гэдэг санаачилга гаргасан. Эсвэл гурвууланг нь эмнэлэгт аваачиж хийх боломж байна уу гэдгийг судалсан. Эсвэл Д.Энхбат нэр дэвшигчийг эмнэлгээс нь бусад нэр дэвшигчдийг эндээс оролцуулах гэсэн гурван хувилбар байсан.
Мөн явуулын станц байгуулж нэр дэвшигч Д.Энхбатын хэвтэж буй эмнэлэгт хүргэж зохион байгуулахаар тус эмнэлэгт албан хүсэлт илгээсэн. Улсын хоёрдугаар эмнэлгийн зүгээс УОК-ын шийдвэрийн дагуу улаан бүс рүү хүн нэвтрүүлэхгүй гэж хэлсэн” гэв.