ЭМЯ-наас “COVID-19” халдварын нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа, “Бельгээс ирсэн иргэнээс шинжилгээ авахад эсрэг бие үүссэнийг нь тогтоосон. Энэ хүн III сарын 09-нд манай улсад ирсэн. Ирснээсээ хойш 50 гаруй хонож байна гэсэн үг. Дэлхий нийтэд уг халдвараар өвчилсөн иргэн шинж тэмдэггүйгээр хөнгөн өвдсөнөө өөрөө ч мэдэхгүй тохиолдолууд бий. Үүн шиг Бельгээс ирсэн иргэн шинж тэмдэггүй хөнгөн өвчилсөн байх өндөр магадлалтай. Тийм учраас цусанд нь эсрэг биет үүссэн. Тухайн иргэн халдвар тараахгүй учраас тухайн үед хамт байсан хамгийн ойрын хүмүүс нь мөн хөнгөн өвдсөн үү мөн цусанд нь эсрэг биет байна уу гэдгийг хянаж, 33 хүнээс шинжилгээ авахад коронавирусийн халдвар илрээгүй. Тэгэхээр энэ хүн хөнгөн хэлбэрээр өвчилсөн байх магадлал өндөр болж байгаа юм. Ирээд халдвар тараагаагүй. Олон улсын дүрмийн дагуу өвчилсөн газар нь бүртгэдэг. Тийм учраас энэ иргэний Монгол Улсад халдвар авсан гэж бүртгэгдэхгүй. Харин өнөөдөр өглөө тусгай нислэгээр ирсэн 34 хүнийг сэжигтэй тохиолдол гэж үзээд хянаж байна. Нийтдээ гурван удаагийн тусгай нислэгээр ирсэн 800 гаруй иргэнээс 40 гаруй хүнийг сэжигтэй тохиолдол гэж үзээд тусгаарласан. Гэхдээ эдгээр 40 гаруй хүн халуурч, ханиалгасан шинж тэмдэггүй” гэлээ.