Азийн хамгийн хүчирхэг лигүүдийг нэгтгэсэн “East Asian Super League”-ийн 2025-2026 оны улирлаас Монголын сагсан бөмбөгийн холбооны Үндэсний дээд лигийн аварга багийг оролцуулах шийдвэр албан ёсоор гарчээ.
Ингэснээр манай улсын лигийн 2024-2025 оны улирлын аварга баг дээрх лигт оролцох эрхтэй болж байгаа юм. Уг лигт Японы B лиг, БНСУ-ын KBL, Филиппиний PBA, Тайванийн P лигийн аваргуудтай өрсөлддөг билээ. Эдгээр баг дээр Хонконг, Макаогийн мэргэжлийн багууд нэмэгдэнэ. Үүнд оролцсоноор Монголын багуудад маш олон давуу талтайгаас гадна багийн санхүүгийн хувьд нэмэлт зардалгүйгээр орлого олох боломжийг үүсгэж буй юм.
Зүүн Азийн лиг нь Олон улсын сагсан бөмбөгийн холбоонд хүлээн зөвшөөрөгдсөн хамтын ажиллагаатай бизнес лиг юм байна. Нэг баг улиралд зургаан тоглолт хийх бөгөөд гурвыг нь өөрийн талбайд, гурвыг нь зочлон тоглох ажээ. Лигийн шагналын сан 2.5 сая доллар ба хожил бүрээсээ бонус авах зэрэг олон боломжтойг албаныхан хэллээ.