Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Гаднаас ажиллах хүч авах тухай хууль цагаа олоогүй болохоос хэрэггүй хууль биш DNN.mn

Аж ахуйн нэгжүүдийн толгойны өвчин болсон ганц асуудал бол ажиллах хүчин гэдэгтэй угтаа хэн ч маргамааргүй юм. Энэ асуудлыг хуулиар зохицуулж өгөөч гэдгийг аж ахуйн нэгж, бизнес эрхлэгч, баялаг бүтээгчид төр, засагтаа удаа дараа шаардлага хүргүүлсэн байдаг. Олон ч жил ярьж байгаа сэдэв. Ёстой аж ахуйн нэгжүүд төр засгийн төлөөлөлтэй уулзах болгондоо энэ асуудлаа шаардаж ирсэн.

Харин анхны 126 гишүүнтэй парламент энэхүү асуудлыг анхаарч, зоримог шийдэхээр нэр бүхий шинэ гишүүд уг хуулийн төслийг санаачлан УИХ-ын даргад өргөн барьсан. Харамсалтай нь хэсэг иргэдийн эсэргүүцэл, сошиал бүүллийг даахгүй улстөрчид нь хуулийн төслөө өчигдөр эгүүлэн татчихлаа. Цаг нь тохирсонгүй бололтой. Уран, хил холболт яг орох гэж байгаа үед шал дэмий хэрүүлийн сэдэв болохын нэмэр гэж бодов бололтой. Энэ оны тооллогоор манай улсад үйл ажиллагаа явуулж байгаа 250 мянга орчим аж ахуйн нэгж байна. Жилд аж ахуйн нэгжийн тоо 3-5 мянгаар нэмэгддэг бол эсрэгээрээ 2-3 мянгаар татан буугддаг гэсэн статистик тоо баримт бий. Татан буугдаж байгаа аж ахуйн нэгжүүдийн 87 хувь нь үйл ажиллагааны доголдол буюу ажиллах хүчний хомсдлоос үүдсэн бүтээмжийн дутагдлаас болж татан буугдсан байна. Угтаа аж ахуйн нэгжүүдийн тоо нэмэгдэх тусам улс орны эдийн засаг нэмэгдэн, тэлэх, нийгэм, эдийн засгийн эерэг өөрчлөлтийг бий болгодог онцлогтой. Тиймээс л бизнес эрхлэгч, аж ахуйн нэгж буюу хувийн хэвшлээ дэмжээд өгөөч, тэгж байж энэ улс орон чинь хөгжинө, хүн ард чинь ажил төрөлтэй, цалинтай болно гэж нийтээрээ шаарддаг. Гэтэл төр, засгаас эрх зүйн орчинг өөрчлөх замаар аж ахуйн нэгжүүдийн тулгамдсан асуудлыг шийдэх гэж байхад, хэн нэгэн улстөрчийн захиалгаар хийгдсэн сошиал бүүллигээс эмээгээд уг өөрчлөлт дахин гацлаа. Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг өөрчилж, гадны хөрөнгө оруулагчдыг оруулж ирье гэхэд мөн адил сошиал бүүлли технологи явагдаж унагасан. Монгол Улсын эдийн засаг, төсвийг хэд дахин тэлэх том төслүүдээ хөдөлгөе гэхээр мөн адил эсэргүүцэлтэй тулгарч гацдаг. Урагшилъя, хөгжье гэхээр чөдөрлөдөг хандлагаасаа хэдүүлээ салъя. Гадаад хүн гэхээр гай дагуулна, биднийг сөнөөнө гэсэн айдсаасаа салъя. Яг үнэндээ монголчуудыг сөнөөж байгаа хүн нь монголчууд өөрсдөө. Бүгд л нэгнийгээ шулъя, ашиглая гэдэг шунахай сэтгэлтэй гэдгээ бид хүлээн зөвшөөрөх хэрэгтэй байна.

Манайд өнөөдөр ажилгүй залуучууд олон байгаа нь үнэн. Үнэндээ тэдэнд ажил олдохгүй байгаа юм биш. Өндөр цалинтай, боловсрол, ур чадварт нь тохирсон ажил хаа сайгүй байна. Гол нь бидэнд ажил хийе, тэгээд мөнгөтэй болъё. Улмаар амьдралаа сайжруулъя гэсэн энгийн зорилго, мөрөөдөл алга. Ажил хийхгүйгээр, аль эсвэл хялбар аргаар яаж хурдан баяжих вэ, хэнийг долоож, дагаж явж байгаад мөнгөтэй, албан тушаалтай болчих бол гэсэн бодол олон хүний толгойны өвчин болж. Дээрх статистик дүнгээс харвал, ажиллах хүчний хомсдолд орсноос болоод жил болгон хэдэн мянган аж ахуйн нэгж, компаниуд дампуурч байгаа гэнэ. Тэгвэл тэдэнд яг ямар асуудал тулгардаг юм бэ. Яагаад энэ олон ажилгүй хүмүүсийг ажилд авч болохгүй байгаа юм бэ. Гол асуудал нь аж ахуйн нэгжүүдэд биш ажилд орж байгаа хүндээ, цаашлаад монгол хүний хандлага, төлөвшилтэй холбогдон тайлбарлагдаж байна. Монгол бол уул уурхай, хөдөө аж ахуй гэсэн хоёр салбар дээр эдийн засаг нь тогтож байгаа орон. Энэ хоёр салбарт л ажлын байр их байдаг. Ажилд ордог нь, ч, гардаг нь ч их. Энгийн нэг жишээ авъя. Сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч компани байлаа. Тус компанийн хамгийн гол түүхий эд бол малын сүү. Тэгэхээр түүхий эдээ бусдаас худалдаж авахгүйн тулд өөрсдөө үнээний фермтэй байх шаардлагатай. Фермд нь ажиллах хүч хэрэгтэй.

Өөрөөр хэлбэл манаач, малчин, саальчинаас эхлээд нарийн мэргэжлийн зэрэг шаардсан технологич, шинжээч гээд олон ажилтан хэрэгтэй. Тэгэхээр нэг сүүний компанид гэхэд л боловсрол мэргэжил шаардахгүйгээс шаардах хүртэл олон зуун ажлын байр байна. Дипломтой бол тухайн мэргэжлийнхээ ажлыг хийх, дипломгүй бол ур чадвартаа тохирсон ажлаа сонгоод хийх боломж хаана ч байна л гэсэн үг.

Гэтэл өнөөдөр аж ахуйн нэгжүүдийн ихэнх нь ажиллах хүчний хомсдолд орсон гэдэг нь үнэндээ тухайн байгууллага, компаниудад ажиллах хүсэлтэй хүн олдохгүйд л байгаа юм. Нөгөөтэйгүүр ажил хийж байгаа нь ур чадвар, бүтээмжээсээ давсан цалин нэхдэг. Нэхсэн цалинг нь өгөөд ажиллуулахаар хувийн шаардлага ихтэй. Аль нэг байгууллагад ажиллаад нэгээс дээш жил болсон л бол хал цэрэг гэдэг шиг бусдад ажлаа ацаглах нь их. Дээр нь өвчтэй зовлонтой гэх шалтгаанаар чөлөө авах, ажлаа хийдүүлэх тохиолдол өндөр. Амралтын цаг ихтэй. Баяр наадам, найр, зугаалга, ангийн уулзалт, ургийн баяр, ойн баяр, тэмдэглэлт өдрүүдээр шалтгаалж амралтын бус чөлөө авах нь их. Нэмээд архи ууна, сахилга бат алдана, байгууллагын дотоод журмаа зөрчинө, хариуцлагагүй, хайнга хандлагаасаа болоод осол аваарт орно. Хамгийн хоржоонтой нь ажиллаж байгаа газраасаа юу ч хамаагүй хулгай хийдэг муухай зантай. Хулгайч сэтгэхүйтэй. Нэг ширхэг тоосго, ариун цэврийн цааснаас эхлээд хулгайлж болох дэл сул юу байна бүгдийг л авчих санаатай. Энэ мэт байгууллага болгонд л ажлаа чөлөөт цагаараа хийж байгаа мэт хүмүүс их бий. Үнэхээр монголчууд маань ажил хийх гэж хөглөдөг гэдгээ хэн хүнгүй мэдэцгээдэг биз дээ. Эцэстээ өөрсдийнх нь амьжиргаанд ч тэр, өрөөл бусдын үйл ажиллагаанд, цаашлаад улс орны хөгжилд чөдөр, тушаа болдог. Ийм ажилтнаа аргагүй хална. Ингээд л ажиллах хүнгүй болсон байгууллага яаж үйл ажиллагаа явуулах билээ. Дээрх татан буугдсан байгууллагуудын гол шалтгаан нь ердөө энэ. Монголд аж ахуйн нэгж байгуулаад монголчуудаа ажиллуулаад явж байгаа олон мянган ажил олгогч энэхүү зовлонг хэлж байна. Тиймээс л тэдний толгойны өвчин нь ерөөсөө ажиллах хүч, хүний нөөц. Энэ асуудлаа шийдэхийн тулд л төр, засгаасаа ажиллах хүчний асуудлыг хуулиар зохицуулж өгөхийг шаардсан нь үнэн. Хүн ам цөөнтэй, хөгжиж буй манайх шиг орнуудад үндэсний нэг зовлон байдаг. Тэр нь үндэстэн үндэстэндээ зарагдах дургүй гэсэн хандлага. Олон улсад үүнийг хөгжиж буй жижиг улсуудын хөгжлийн суурь тулгамдсан асуудал гэж тодорхойлдог байна. Тиймээс энэхүү тулгамдсан асуудлаа шийдэх хамгийн зөв гарц бол гадаадын ажиллах хүчинг чөлөөтэй оруулах гэж зөвлөдөг. Ингэж байж тухайн оронд ажлын байрны өрсөлдөөн бий болдог байна. Нөгөөтэйгүүр гадаадаас ажиллах хүчин оруулж ирснээр ажлын арга барил, туршлага, нөү хау-г ч эх орондоо нутагшуулах боломжтой болдог байна. Цаашлаад ажлын байрны өрсөлдөөн явагдсанаар байгууллагын үйл ажиллагаа, эдийн засгийн өрсөлдөөн сайжирч, дотоодын ажиллах хүчиндээ эерэг нөлөөллийг авчирдаг давуу талтай гэдгийг олон улсын байгууллагаас тогтоосон байна.

Тиймээс бид үүнийг эсэргүүцэх биш, харин ч улс орныхоо хөгжлийг бодож, алсдаа гадаадад ажиллаж байгаа монголчуудаа татахын тулд дэмжих шаардлагатай. Эцэст нь аж ахуйн нэгжүүдийн толгойны өвчин болсон ажиллах хүчний хомсдлоос гаргах хууль, эрх зүйн зохицуулалтаа нэн яаралтай УИХ-д оруулж, батлуулах хэрэгтэй, гишүүд ээ. Сошиал бүүлэлтээс айж, эмзэглээд байвал нийтийн эрх ашигт тустай олон арван хуулийн өөрчлөлт хийгдэхгүй байх аюул бодитой харагдаж байна.

Э.МӨНХТҮВШИН

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *