Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Улс төр судлаач Б.Анхзаяа: Улс орноо парламентаараа дамжуулж иргэд нь удирддаг гэдгийг нотолж харуулсан бодит кейс Солонгост өрнөлөө DNN.mn

Ардчилал, парламентын засаглал, улс төрийн намуудын асуудлаар улс төр судлаач Б.Анхзаяатай ярилцлаа.


-Ардчилсан тогтолцоонд шилжээд 30 гаруй жил өнгөрлөө. Энэ хугацаанд монголчууд ардчиллыг ямар өнцгөөр нь ойлгож байх шиг байна?

-Ардчилалд шилжсэн процессыг улс төрийн хүрээлэлд олон талаас нь тайлбарладаг. Юу гэхээр тухайн үед монголчууд бэлэн биш байсан, бэлтгэгдээгүй байсан, дунд нь нийгмийн нэг үе шатыг алгасаад шууд ардчилал руу орсон гэж. Гэвч бид цаг хугацааны хувьд хамгийн тохиромжтой үед ардчиллаа олж авсан гэдэг дээр ихэнх нь санал нэгддэг. Олон улсад ардчилал руу шилжсэн сайн туршлага гэдэг дээр манай улсыг жишээ болгож ярих нь их байдаг. …

-Сайн жишээ болж олон улсад яригддаг гэж байна. Гэтэл дотоодод бид ардчиллаа үгүйсгэх хандлага их гарах боллоо. Сүүлдээ парламентын засаглалаа больё гэдэг зүйл рүү орж байна. Тэгэхээр парламентын засаглалын ач холбогдлын талаар та судлаачийнхаа хувьд юуг хэлэх вэ?

-Ардчиллаасаа ухрах энэ хандлага юутай холбоотой вэ гэдгийг би шууд хэлье. Энэ бол улс төрийн намуудтай холбоотой. Ардчилал гэдэг бол улс төрийн намаар дамжуулж төрийн эрхийг барих процесс. Гэтэл төрийн бодлогыг авч явах ёстой улс төрийн намууд өөрсдөө төлөвшөөгүйн сөрөг нөлөөлөл нь эцэстээ парламентын засаглалыг үгүйсгэх хандлага руу хөтөлдөг. Өөрөөр хэлбэл, манай улс төрийн намууд ардчиллыг юу гэж хардаг вэ гэхээр зөвхөн хувийн эрх ашиг гэж ойлгодогтой холбоотой. Товчхондоо нийтийн эрх ашгийг умартдаг, үл тоодог. Иймэрхүү байдлаас болоод Монголын ардчилалд зарим талаараа ухралтууд үүсч байдаг.

Улс төрийн намуудын төлөвшлийн асуудлаас болоод парламентын тогтолцооноос ухрах хандлага Монголд ч гэлтгүй дэлхийн зарим орнуудад ид явагдаж байна.

Тэгэхээр парламентын чадамж, иргэдийн парламентад итгэх итгэл улс төрийн намуудын төлөвшил, мэргэжлийн институци болсон эсэхээс хамаарах юм байна, тийм үү?

-Тийм ээ. Яагаад зарим намууд улс төрийн давцангаас арчигдаж, дахин сэргэх хүртлээ хөгжлийн гацаанд орж байна вэ гэдгийг бид бодох хэрэгтэй. Хамгийн том шалтгаан нь нийгмийн хөгжлөө дагаад улс төрийн нам өөрчлөгдөж байх ёстой. Манайд энэ өөрчлөлт огт ажиглагдахгүй байгаа. Улс төрөөс арчигдаж байгаа намуудын ихэнх нь гишүүн төвтэй бус дарга тогтолцоотой буюу аливаа бодлого нь дээрээсээ гарч доошоо чиглэдэг. Ийм арга барил нь тухайн улс төрийн намдаа ч халгаатай, улс орныхоо засаглалын хямралд ч том нөлөөлөл учруулдаг. Тэгэхээр ардчиллын асуудлыг ярихын тулд хамгийн түрүүнд улс төрийн намын асуудлыг бид ярих хэрэгтэй. Ийшээ гол анхаарлаа хандуулах нь чухал.

-Парламентын засаглалыг бүрдүүлэгч нь улс төрийн нам. Тэгэхээр яалт ч үгүй улс төрийн намуудын асуудлыг ярих шаардлагатай гэдэгтэй санал нэг байна…?

-Өнөөдрийн нам маргаашийн төр гэж бид ярьдаг. Энэ утгаараа монголчууд парламентын засаглал болохгүй байна, ардчиллын тогтолцоо гажуудлаа гэж ярьж байгаа бол улс төрийн намууд л ийм байна гэсэн үг. Нөгөөтэйгүүр парламентын засаглалаа болиод Ерөнхийлөгчийн засаглалтай болъё гэдэг яриа нийгэмд мэр сэр яригдах боллоо. Яагаад энэ яриа үүсээд байна, яагаад зарим иргэд маань нэг хүний удирдлага дор орохыг хүсээд байна вэ гэхээр энэ бол цэвэр иргэдийн буюу олон нийтийн улс төрийн боловсрол тааруу байгаагийн л тод илрэл. Ардчиллын үнэ цэнийг бид ойлгоогүй байна. Парламентын ач холбогдлыг бид мэдрэхгүй байна. Ингээд ярихаар гол асуудал нь иргэдийн ойлголт биш нөгөө л улс төрийн нам руу чиглэдэг. Өөрөөр хэлбэл, ард түмэнд ардчиллын үнэ цэнэ, парламентын засаглалын ач холбогдлыг улс төрийн намууд л ойлгуулдаг. Улс төрийн намуудын хамгийн том хийх ёстой ажлын нэг нь олон нийтийн улс төрийн боловсролыг дээшлүүлэх. Гэтэл манайд энэ үүргээ биелүүлдэг улс төрийн нам ховор байна. Ховор ч битгий хэл өнгөрсөн хугацаанд энэ процессыг хийсэн улс төрийн нам бараг байхгүй. Бүр энэ талаар ухамсарлаж байгаа улс төрийн намууд ч байхгүй нь харамсалтай. Гэтэл бусад оронд сонгуулийн бус үед ч олон нийтэд улс төрийн боловсрол өгөх, ардчилал, парламентын засаглал, хүний эрх гэдэг чинь ийм шүү гэдэг гол зорилгоороо улс төрийн намууд нь өрсөлддөг. Нөгөө зүүн, баруун төвийн үзэл санаандаа тулгуурлаад. Манайд харин сонгуулийн үеэр л иргэдийн саналыг авахын тулд богино зайны улс төр явуулчихаад л хаячихдаг.

-Саяхан Улс төрийн намын тухай хууль шинэчлэгдсэн. Энэ хуулийн шинэчлэлээр бид алдаагаа олж засаж чадсан болов уу?

-Алдаагаа маш сайн олж харсан. Уг хуулиа ч угтаа баталчихсан байсан. Хуулийн дагуу улс төрийн намууд дүрэм журам, хөтөлбөр, бодлогоо боловсруулаад, шинэчлээд, шинэчилсэн дүрэм, хөтөлбөрөө Дээд шүүхээр батлуулаад санхүүжилтээ аваад явах ёстой байсан. Гэтэл үүнийг нь хуулийн өөрчлөлтөөр хойшлуулсан нь дахиад л алдаа руугаа орчихож байгаа хэрэг. Санхүүжилттай нь холбож тодорхой үүрэгжүүлэх заалтууд орсон ч хойшлуулсан. Угтаа энэ заалт нь улс төрийн намууд төлөвшсөн орнуудад хэрэгждэг заалт л даа.

-Парламентын засаглалтай манайх шиг оронд хууль тогтоох дээд байгууллага нь УИХ байдаг. Гэтэл манайд эрх мэдлийн хуваарилалт, засаглалын хэлбэр хооронд зааг ялгаа гэж байхгүй боллоо гэдгийг олон нийт шүүмжилж байна. Нөгөө тэнцвэртэй засаглалын асуудал. Үүнд таны байр суурь ямар байгаа вэ?

-Нэгдүгээрт, Монгол Улс парламентын засаглалтай болохоос биш Ерөнхийлөгчийн засаглалтай орон биш. Улс төрийн онолоороо бид эрх мэдлийн хуваарилалтаа шүүх, хууль тогтоох, гүйцэтгэх засаглал гээд зөв хийсэн. Гэтэл Монголд улс төрийн, тэр дундаа хувь улстөрчийн тоглолтууд онолынхоо дээр гарчихаад байдаг муу талтай. Саяхан Ерөнхийлөгч УИХ-ын дарга, Засгийн газрын гишүүд, УИХ-ын гишүүдийг дуудаж уулзсан. Агуулгын хувьд зөв. Дээд, дунд аль ч түвшиндээ бид нэгдсэн ойлголт, уялдаа холбоотой байх нь зөв. Тэр дундаа утааны асуудал дээр. Гэвч нийгмийн тулгамдсан хурц асуудал дээр улс төрийн тоглолт хийдэг, үүгээрээ өөрийнхөө улс төрийн имижийг бүрдүүлдэг байж болохгүй. Хамгийн ойрын сонгууль бол Ерөнхийлөгчийн сонгууль. Энэ утгаараа улс төрийн хүрээнд өнөөгийн Ерөнхийлөгч дахин сонгогдох уу, эс сонгогдох уу, дахин сонгогдохоор бол парламентаас сонгогдох уу, эсвэл Үндсэн хуулийн өөрчлөлт хийгдэх үү гэдэг асуудал тал талын өнцөг гаргалгаагаар яригдаж байгаа нь нууц биш. Үнэндээ Ерөнхийлөгч бүгдийг нь дуудаж уулзаад утааг бууруулах чиглэл өгчихөд л асуудал шийдэгдчихнэ гэсэн зүйл байхгүй.

-Ерөнхийлөгчийн эрх мэдлийн хувьд нэлээд хумигдсан. Эсрэгээрээ гүйцэтгэх засаглалын тэргүүний эрх мэдэл асар их хэмжээгээр нэмэгдсэн шүү дээ…?

-Ерөнхийлөгчийн хувьд аливаа асуудлаар чиглэл л өгнө. Өгсөн чиглэлийг нь гүйцэтгэх эсэх асуудлыг УИХ, Засгийн газар өөрсдөө мэддэг. Тэгэхээр олон нийтийн хувьд Ерөнхийлөгч гарч ирээд бүгдийг нь дуудаад чиглэл өгчихлөө, одоо утаагүй болох ажлууд хийгдэх юм байна гэсэн үр дүнг Ерөнхийлөгчөөс хүлээж болохгүй. Энэ бол өрөөсгөл ойлголт. Нөгөөтэйгүүр, нийгэмд тулгамдаж байгаа гол асуудал яригдаж эхлэхээр олон нийтийн оролцоог үнэгүйдүүлсэн хандлага улс төрийн хүрээнд их байна. Өөрөөр хэлбэл, олон нийтийн улс төрийн оролцоо, идэвхийг нь том ангал руу унагадаг схем бий болсон байна гэсэн үг. Жишээ нь, утааны асуудал байна. Яг үнэндээ утааны асуудлаар шийдэл ярьж байгаа хэн байна вэ. Гэтэл яг шийдэл ярих ёстой шийдвэр гаргагчид нь утаагүй зуух гэдэг зүйлийг ярьдаг. Товчхондоо нийгмийн эмзэг асуудал дээр улс төрийн тоглолт хийдэг улстөрчдийн хувьд энэ нь маш бүдүүлэг, ёс зүйгүй үйлдэл.

-Олон нийтийн улс төрийн оролцоо гэхээр жагсаал цуглаан гэж ойлгодог. Саяхан Солонгос улсад том жагсаал боллоо. Ерөнхийлөгчийг огцруулах асуудлаар. Яг үнэндээ иргэдийн жагсаал гэхээс илүү тус улс парламентын засаглал ямар хүчтэй вэ гэдгийг харуулж чадлаа шүү дээ. Үүнээс бид үлгэр жишээ авах зүйл бий юу?

-Өмнөд Солонгос улсын хувьд Ерөнхийлөгчийн засаглалтай орон атлаа хууль тогтоох эрх мэдэл нь парламентад байдаг. Парламент нь яг манайх шиг холимог тогтолцоогоор сонгууль явагдаж, иргэдийн төлөөллөөс бүрддэг. Мөн манайхтай адилхан Ерөнхийлөгчийн сонгууль хийгддэг. Одоо яригдаж байгаа Ерөнхийлөгчийн хувьд 2022 оны сонгуулиар сөрөг хүчнээс сонгогдон гарч ирсэн, ийм хүн. Өөрөөр хэлбэл, иргэдийнх нь 49 хувь дэмжээгүй гэсэн үг. Нөгөөтэйгүүр тус улсын ерөнхийлөгчид Онц байдал зарлах бүрэн эрх мэдэл нь байгаа. Гэвч сэтгэл хөдлөлөө дагасан шийдвэрийг гаргасан. Үүнийг нь олон улсын судлаачид ч сайн ойлгоогүй байгаа. Иргэдийнх нь энэ удаагийн тэмцэл бол илүү ардчиллынхаа төлөө гэсэн зорилготой тэмцэл байсан гэж ойлгох хэрэгтэй. Нөгөөтэйгүүр парламентынхаа үнэ цэнийг илүү тодотгосон маш том эерэг кейс болохоор үйл явдал Солонгос улсад өрнөсөн.

-Зарим улс орнуудад парламентын тогтолцоог үгүйсгэж байгаа гэж та хэлсэн. Манайд ч ийм хандлага байгаа талаар ярьсан. Тэгэхээр Солонгост болсон энэхүү улс төрийн тэмцэл бол парламентын тогтолцоо хамгийн зөв шүү гэдэг мессэжийг дэлхий дахинд өгсөн гэж ойлгох уу?

-Үнэхээр шинэ дохио, мессэж өгч байгаа юм шиг үйл явдал болсон. Парламентыг улс төрийн нам, улстөрчид бүрдүүлдэг. Энэ хүмүүс нь ард түмний сонголтоор гарч ирдэг. Тиймээс энэ улс орныг чинь ард түмэн бид удирддаг юм шүү гэдэг том сануулгыг тодоор нотолж харуулсан үйл явдал боллоо. Үнэхээр парламентын засаглал гэдэг бол ард түмний засаглал. Тиймээс Солонгос улс хэдий Ерөнхийлөгчийн засаглалтай орон ч ард түмэн нь бид төлөөллөөрөө дамжуулаад төрөө удирдана, парламент чухал шүү гэдгээ дэлхий дахинд тодоор илэрхийллээ. Үүгээрээ парламентын тогтолцооны ач холбогдлыг илүү тодоор илэрхийлж чадсан гэж ойлгож байгаа.

Э.МӨНХТҮВШИН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *