ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагамтай ярилцлаа.
-Манай улсад өнөөгийн байдлаар ямар өвчин хамгийн их тархалттай байна вэ?
-Монгол Улсад халдварт өвчнийг хам шинжид суурилсан тандалт болон өвчний тохиолдолд суурилсан тандалт гэсэн хоёр аргаар танддаг. Хам шинжид суурилсан тандалт нь тухайн өвчнийг илэрхийлж байгаа шинж тэмдэг илэрсэн хүмүүсийг бүртгэж аваад ямар өвчин болохыг тогтоодог. Энэ тандалтыг эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлж байгаа бүх эрүүл мэндийн төвүүдээс цуглуулдаг. Энэ оны арваннэгдүгээр сарын 16-22-ны өдрийн байдлаар нийт 461 хам шинжийн сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн байна. Түүний 58.4 хувь нь халууралт, цэврүүт тууралттай халдвар, 27.7 хувь нь томуу, томуу төст өвчний хам шинж буюу амьсгалын замын халдвар дийлэнх хувийг эзэлж байна. Амьсгалын замаар халдварладаг салхин цэцэг өвчний үед халууралт, цэврүүт тууралт илэрдэг. Мөн хүйтний улирал эхэлж байгаа учраас томуу, томуу төст өвчний шинж тэмдгүүд дийлэнх хувийг эзэлж байна. Тиймээс иргэд амьсгалын замын халдвараас сэргийлэх, түүн дотроо томуу, томуу төст өвчнөөс өөрийгөө болон ойр дотны хүмүүсээ сэргийлэх хэрэгтэй.
-Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх хамгийн найдвартай арга нь юу вэ?
-Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх хэд хэдэн арга бий. Нэгдүгээрт, сэргийлэлтийн аргууд дотроо өвөрмөцөөр сэргийлэх арга гэж бий. Ялангуяа вакцинаар сэргийлэгддэг халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд вакциндаа хамрагдах хэрэгтэй. Вакцин бол халдварт өвчнөөс нийгмийн хувьд урьдчилан сэргийлэх гол арга юм. Мөн тухайн халдварт өвчин ямар замаар халдварлаж байгаагаас нь хамаараад хувь хүн өөрөө сэргийлэлтийн арга хэмжээнүүдийг авна. Өөрөөр хэлбэл, халдварт өвчин дамжих замыг таслан зогсооно гэсэн үг. Жишээлбэл, томуугийн үед бид вакцинд хамрагдахаас гадна вакциндаа хамрагдаагүй бол амны хаалт зүүх, дархлаагаа дэмжих, хүйтний улиралд дулаан хувцаслах зэрэг нь амьсгалын замын халдварт өвчнүүдээс хувь хүний үүднээс сэргийлэх арга зам юм.
Вакцинжуулалтын ач холбогдол нь юу вэ?
-Вакцин бол шинжлэх ухааны том ололт амжилт, бүтээл юм. Хувь хүнд үзүүлэх вакцины ач холбогдол нь тухайн халдвараас сэргийлэхээс гадна зарим тохиолдолд үүнээс үүдэлтэй хүндрэл, нас баралтаас сэргийлэх явдал юм. Мөн улс орны хувьд хамгийн түгээмэл бүртгэгддэг халдварт өвчнүүдийг вакцин хийлгэснээр эрсдэл багатай даван туулж хүн амын дунд өвчлөл гарч, дарамт үүсэхээс сэргийлж чадна. Өөрөөр хэлбэл, өвчлөл хүн амын дунд түгээмэл тархвал тэр хэмжээгээрээ хувь хүндээ ч, улс орны хувьд ч эмчилгээ үйлчилгээ, тусламж үзүүлэх хэрэгцээ шаардлага гарна. Үүнд зарцуулж байгаа зарцуулалт урьдчилан сэргийлэлтийн арга хэмжээний зарцуулалттай харьцуулахад маш өндөр. Вакцин хүн амыг халдварт өвчнөөс сэргийлэх боломжийг олгодог. Тийм ч учраас вакцинжуулалтын хамрагдалт хэдий чинээ өндөр байна тухайн халдварт өвчин хүн амын дунд тархах эрсдэл төдий чинээ бага байна гэсэн үг.
-Вакцины тухай иргэдийн дунд тогтчихсон олон буруу ойлголт байдаг. Жишээ нь, аутизм үүсгэдэг гэсэн яриа байдаг шүү дээ?
-Вакцин хийсний дараа хүний биед дархлааны хариу урвалууд өрнөнө. Үүнийг илэрхийлж зарим тохиолдолд хүний биед янз бүрийн шинж тэмдгүүд илэрнэ. Тухайлбал, вакцин тарьсан газар өвдөнө, хавдана, улайна. Түүнээс гадна ерөнхий хариу урвал буюу халуурна. Эдгээр шинж тэмдэг тодорхой хугацааны дараа аяндаа арилдаг онцлогтой. Гэхдээ энэ хариу урвалууд хувь хүний онцлогоос шалтгаалан харилцан адилгүй түвшинд, харилцан адилгүй байдлаар илэрдэг учраас вакцины дараахь хариу урвалтай холбоотой янз бүрийн асуудал үүсээд байдаг. Вакцины дараа илэрч байгаа хариу урвалыг бид судлаад, ямар хариу урвал нь вакцины зааварт тусгагдсан хэмжээнд байна, ямар нь хэмжээнээс бага байна, өндөр байна гэдгийг байнга танддаг. Монгол Улсын хэмжээнд тандалтын тогтолцоо тогтмол ажилладаг. Зарим тохиолдолд шинж тэмдэг нь удаан хугацаанд үргэлжилбэл эрүүл мэндийн байгууллагад хандах хэрэгтэй. Аутизм үүсгэдэг эсэх тухайд ярихад, дэлхий дахинд аутизмын шалтгааныг олохын тулд маш олон төрлийн судалгаанууд хийгддэг. Судлаачид судалгаа хийхдээ таамаг дэвшүүлдэг. Тухайн таамаг нь судалгааны явцад батлагдах, эсвэл үгүйсгэгдэх гэсэн хоёр янзын үр дүнг үзүүлдэг. “Вакцин аутизм үүсгэж байна” гэж шинжлэх ухааны хувьд баталсан судалгаанууд байхгүй. Харин бусад хүчин зүйлс болон агаарын бохирдолтой холбон судалж байна.
-11 настай хүүхдүүдэд хийсэн хүний папилома вирусийн эсрэг вакцинд одоогийн байдлаар хэдэн хүүхэд хамрагдсан бэ?
-Энэ вакциныг холбогдох хууль, эрх зүйн хүрээнд энэ оны арваннэгдүгээр сарын 28-наас эхлэн хийсэн. Одоогоор улсын хэмжээнд дархлаажуулалт 21 хувьтай, нийслэлийн хэмжээнд 17 хувьтай үргэлжилж байна. Энэхүү вакцинд хамрагдсан нийт хүүхдийн 0.8 хувьд хэвийн урвал буюу вакцин тарьсан хэсэг газар нь өвдөх, хавдах, улайх, мөн халуурах шинж тэмдэг илэрсэн байна. Одоогоор дархлаажуулалт хэвийн үргэлжилж байна. Мөн хүмүүс товлолт бус насны хүүхдээ өөрөөр хэлбэл, 12 буюу түүнээс дээш насны хүүхдээ төлбөртэйгөөр вакцинжуулалтад хамруулах талаарх хүсэлт нэлээдгүй ирж байна.
-Нэг ангийн 40-50 хүүхдийн 10 хүрэхгүй хувь нь л вакцинд хамрагдаж. Энэхүү халдварт өвчний эсрэг вакциныг монголчууд бараг нийтээрээ эсэргүүцээд байгааг та хэрхэн тайлбарлах вэ?
-Вакцинд хамрагдах хүүхдийн эцэг эх, асран хамгаалагч нарт нь уг вакцины талаарх мэдээллийг багтаасан мэдээлэх хуудсыг Өрхийн эрүүл мэндийн төв, сургуулиар нь дамжуулан түгээж байгаа. Мөн Эрүүл мэндийн яам, мэргэжлийн төв байгууллагууд хавдрын өвчлөлөөс сэргийлэх арга хэмжээний талаар, ялангуяа вакцин дархлаажуулалтын талаар олон улсын судалгаа, нотолгоо, мэргэжлийн эрдэмтэн судлаачдын мэдээллийг иргэддээ хүргэх ажлыг тасралгүй хийж байна. Иргэд мэдээ, мэдээллийг баталгаатай эх сурвалжаас нь, тухайн асуудлыг хариуцаж байгаа салбараас нь, эсвэл мэргэжлийн төв байгууллагуудаас авсны үндсэн дээр шийдвэрээ гаргах ёстой. Тиймээс та эрүүл мэндтэйгээ холбоотой шийдвэр гаргах гэж байгаа бол мэргэжлийн байгууллагуудын эрдэмтэн судлаачид, эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдээс мэдээлэл авч байж шийдвэр гаргах нь зүйтэй. Эргэлзээгээ тайлахын тулд мэргэжлийн байгууллагуудын өгч байгаа мэдээ, мэдээлэл дээр үндэслэж шийдвэрээ гаргах нь зөв. Хүний папилома вирусийн халдвар эрэгтэй, эмэгтэй хүнд зарим төрлийн хавдруудыг үүсгэдэг. Эмэгтэй хүнд умайн хүзүүний хавдрын шалтгаан болдог нь тогтоогдчихсон. Энэ вакциныг дэлхийн 150 орчим улс дархлаажуулалтын хөтөлбөртөө нэвтрүүлээд, жилдээ хэдэн зуун сая хүн энэхүү вакциныг хийлгэж хавдраас сэргийлэгдэж байгаа. Энэ бол дэлхий дахинд хүлээн зөвшөөрөгдсөн сэргийлэлтийн арга юм.
-Нийгэмд сүргийн дархлааг бий болгохын тулд нийт хүн амын хэдэн хувь нь дархлаажуулалтад хамрагдсан байх ёстой вэ?
-Вакцин болгон өөр өөрийн гэсэн онцлогтой. Тиймээс зарим халдварууд вакцины өндөр хамрагдалтыг шаарддаг. Ялангуяа амьсгалын замаар халдварладаг халдварт өвчнүүдийн үед хэдий чинээ өндөр дархлаажуулалттай байна төдий чинээ хүн ам хамгаалагдана гэж үздэг. Вакцинд хамрагдсан хүн ам хамрагдаагүй, ямар нэгэн шалтгаантай хоцорсон хүн амыг давхар хамгаалдгаараа онцлогтой. Үүнийг бид энгийнээр тайлбарлавал сүргийн дархлаа гэж хэлээд байгаа юм.
-Манай улсын дархлаажуулалтын салбарт тулгамдаж байгаа хамгийн гол асуудлыг та юу гэж хэлэх вэ?
-Дэлхий дахинд “Ковид-19” цар тахлын жилүүдэд авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнээсээ хамаарч ямар нэгэн шалтгаанаар товлолын дагуу хийдэг вакцинаас хоцорч, вакцины хамрагдалт буурсан. Үүнээс үүдээд дэлхийн хэмжээнд төдийгүй манай улсын хувьд ч зарим вакцины хамрагдалт буурсан. Буурахын хэрээр вакцинд хамрагдаагүй хүн ам хуримтлагдаж эхэлсэн. Энэ хүн амын дотор халдварт өвчин гарах эрсдэл бий болдог. Дэлхий дахинд үүсээд байгаа нэг асуудал бол вакцинд хамрагдалт буурснаар тухайн хүн ам дотор гарч байгаа халдварын тоо нэмэгдэж буй явдал. Үүний нэг жишээ бол улаанбурхан өвчин. Мөн улс орнууд хяналтдаа авчихсан маш бага бүртгэгддэг байсан хөхүүл ханиад, сахуу өвчин дэгдэлт хэлбэрээр бүртгэгдэж байна. Манай улс сүүлийн хэдэн жил хүн амаа вакцинаар сэргийлээд энэ өвчний халдварыг хяналтдаа авчихсан учраас бүртгэгдээгүй. Энэхүү өвчин хэчнээн аюултай гэдгийг хүмүүс төдийлөн санахгүй, мэдэхгүй байна. Сахуугийн өвчлөл маш өндөр нас баралттай, ялангуяа вакцинжуулалтад хамрагдаагүй бага насны хүүхдүүд өвдөхөд эндэх эрсдэлтэй, нас баралтын түвшин өндөр байдаг. Тухайн үедээ дэлхий дахинд энэ халдварын дэгдэлтүүд маш их бүртгэгдэж, нас баралт багагүй хэмжээгээр тоологддог байсан. Ийм халдварууд дахин сэргэх эрсдэлүүд үүсээд байгаа учраас зөвхөн Монгол Улс гэлтгүй улс орон болгон вакцинжуулалтынхаа хамрагдалтыг нэмэгдүүлж байна. Дэлхий дахинд бүртгэгдсэн цар тахалтай холбоотойгоор вакцинд хамрагдалтын хувь буурах нь халдварт өвчин гарах эрсдэлийг бий болгож байгаа нь тулгамдаж буй гол асуудал юм. Тийм учраас товлосон цаг хугацаанд нь вакциндаа хамрагдах нь хүүхдийг тань, мөн таныг хамгаална.
-Вакцин ирээдүйд ямар хэлбэрт шилжих бол?
-Шинжлэх ухаан хөгжихийн хэрээр вакцин технологийн хувьд, мөн хөгжүүлэлтийнхээ хувьд ч шинэ хувилбарууд гарч байгаа. Тухайлбал, зарим вакцинуудыг тариураар тарьдаг байсныгаа болиод арьсан дээр нь нааж, арьсаар дамжуулж хийдэг болсон. Энэ мэтчилэн шинэ технологиуд олон улсад бүтээгдэж байна. Мэдээж хэсэг хугацааны дараа үр дүн нь тодорхой болсны дараа хэрэглээнд гарах байх. Вакцины үйлдвэрлэл, хөгжүүлэлт шинжлэх ухаан, анагаах ухаан дотроо тэргүүн эгнээнд байсан, цаашдаа ч тэргүүн эгнээнд байх болно гэж бодож байна.
Ө.АНХЗАЯА