Categories
гадаад мэдээ

Руслан Пухов: Түр хойшилж буй таны ялагдал байх болно DNN.mn

ОХУ-ын “Стратеги, технологийн шинжилгээний төв”-ийн захирал Руслан Пуховын “Коммерсант” сонинд нийтлүүлсэн “Уроки Сирии” буюу “Сирийн сургамж” нийтлэлийг орчуулан хүргэж байна. Бүрэн дарангуйллын дэглэмтэй болсон ОХУ-ын Кремлийг дэмжигч “Коммерсант” сонинд ийм утгатай, мэргэжлийн хүний нийтлэл хэвлэгдэж байгаа нь Москвад Путины эсрэг маш том улс төрийн хүчин бий болж, өөрсдийгөө тунхаглан зарлаж байгаа хэрэг юм.

Өнөөдөр Сирид болсон үйл явдлууд 2021 онд Афганистанд болсон явдлыг давтаж байгаа тул Сирийн иргэний дайнд Оросын оролцоо амжилтгүй болсон талаар зарим нэгэн урьдчилсан дүгнэлт хийх боломжтой болов. Би бараг есөн жилийн өмнө “Оросын дэлхийн улс төрд эзэлж буй байр суурь” сэтгүүлд хэвлүүлсэн “Тулааны талбайн ирээдүй” нийтлэлдээ тухайн үед Сирийн нутагт хэрэгжүүлсэн Оросын цэргийн эхний амжилтуудыг үнэлээд, Оросын хувьд “урт дайнд татагдан орохгүй байх нь туйлын чухал” бөгөөд “энэ кампанит ажлаас цаг тухайд нь яаралтай гарах чадвартай байх шаардлагатай” гэж бичиж байсан. Гэтэл өнөөдөр бүх зүйл яг үүний эсрэг болж өнгөрөв. Оросын цэргийн хүч Асадыг эсэргүүцэгчдийг дарах чадваргүй, Асад ялангуяа АНУ, Турк, Арабын хаант улсууд гэх мэт гадны хүчирхэг тоглогчдын шууд дэмжлэгтэй хүчинтэй гал зогсоох гэрээ хийсэн нь өөрийн ялагдлыг түр зуур л хойшлуулсан явдал байсан нь тодорхой болов.

Өнөөдөр Оросуудын тарааж байгаа “Асад дэглэмээ бэхжүүлж чадаагүй учраас өөрөө буруутай” гэсэн тайлбарыг сонсоход хачирхалтай санагдана. Ассадын дэглэм дорны ердийн дарангуйллын тогтолцооны хувьд, дотоод дэмжлэгээ хадгалахын тулд “шинэчлэл” хийх шаардлагагүй, харин ялагдсан дайснуудынхаа цогцос дээр “бүжиглэж” буйгаа олон нийтэд харуулахад л болох байв. Харин Орос Асадад ийм боломж олгож чадаагүй нь олон жилийн өмнөөс стратегийн бүтэлгүйтлийн гол шалтгаан болсон юм. Сирид Оросын цэргийн ангиуд шинээр ирж байрласан ч энэ алдааг засах гэж оролдохгүй байсаар хүчээ сулруулахаас өөр аргагүй байдалд тулж очсон билээ.

Оросын эрх баригчид Сириэс “гарах стратеги”-ийн талаар огт бодоогүй байсан гэж хэлж болохгүй, харамсалтай нь тэд анхнаасаа энэ стратегийг Оросын цэргийн ололт амжилтын оргил үед Сирийн бусад гадны тоглогчидтой иж бүрэн тохиролцоонд хүрэх явдал гэж үзэн үүндээ итгэж, алдаа гаргасан. Оросын тал яагаад бусад хүчирхэг хүчнүүд Москвад таалагдах “элсэн дээр баригдсан гэрээ”-г тэдний нөхцөлөөр зөвшөөрч байгааг ойлгож чадсангүй. Эсрэг тал нь гэрээ байгуулан цаг хожиж, оролцооныхоо хүчийг улам нэмэгдүүлж, Оросын талыг улам бүр их зардал гаргуулах замаар өшөөгөө авах гэж буйг таамагласангүй. Хэдэн жилийн дараа дайснууд нь өөрийн энэ аргаа Украинд давтан хэрэглэх болно гэдгийг анзаарсангүй орхив.

Орос улс Сири дэх зардлаа багасгахын оронд тэнд байгаа ялзарсан, үр дүнгүй статус-кво-г хэвээр хадгалах, иргэний дайны улмаас хууль бус болж, ялзарч, өмхөрсөн Асадын дэглэмийг хамгаалахад улам бүр анхаарлаа хандуулж, үүндээ улам л их зардал гаргах болсон. Оросуудын энэ арга нь хэтийн төлөв, эсрэг хүчинд үзүүлж буй гадны тоглогчдын өсөн нэмэгдэж буй динамик байдалд нөлөөлөх чадваргүй байсан билээ. Украинд удаан үргэлжлэх дайн эхлүүлсний дараа Сири дэх Вагнерчууд алга болж, Оросын Сири дэх цэргийн бүлгийн чадвар эрс буурч, Оросын цэрэг-стратегийн сулрал бий болж, үр дүнд нь Ассадын дэглэм нуран унав. Оросуудын тулалдахгүй, бас явахгүй гэсэн “Хоёр сандал дээр зэрэг суух” гэсэн бодлого эцэст нь тэднийг ялагдуулав.

Сирийн дайны өнгөн талдаа байгаа эхний бөгөөд гол сургамж нь Оросын “агуу гүрэн” гадны хөндлөнгөөс оролцох бодлогыг сөрөн зогсох чадваргүй байгааг харуулсан явдал юм. Москвад ЗСБНХУ-ын бүрэлдэхүүнд байсан нутаг дэвсгэрээс гадуур үр нөлөөгөө тогтоох цэргийн интервенц хийх хангалттай цэргийн хүч, нөөц байхгүй бөгөөд зөвхөн бусад хүчирхэг гүрнүүд зөвшөөрсөн тохиолдолд л тэнд ажиллаж чадах юм байна гэдэг нь тодорхой болов. Энэ нь 2022 оноос хойш бүр ч ойлгомжтой болоод байна. Дэлхийд хүч чадал, чадавхынхаа талаар хуурамч мэдээлэл тараах нь байдаг л зүйл болов ч энэ хуурамч мэдээлэлдээ гадныхан шиг өөрсдөө итгэчихгүй байх нь маш чухал хүчин зүйл юм. Сирийн дайны бас нэг стратегийн сургамж нь орчин үеийн ертөнцөд ялалт нь зөвхөн хурдан бөгөөд түр зуурын дайнд л байх боломжтой. Хэрэв та хэдэн өдөр эсвэл хэдэн долоо хоногийн дотор үр дүнтэй цэргийн ялалт байгуулсан ч үүнийгээ тэр дор нь улс төр-цэргийн амжилт болгож чадахгүй бол юу ч хийсэн яваандаа ялагдах болно гэдэг том сургамж юм. Америкчууд өмнө нь үүнийг Ирак, Афганистанд хэрхэн, яаж хийдгийг харуулсан бол Оросууд манай үндэсний уламжлал ёсоор тэдний туршлагыг огт тоохгүй явсаар, өөрсдөд дээр нь тулж ирэхэд л сая нэг юм ойлгосон ч энэ нь хожимдсон явдал болов. Өөрөөр хэлбэл, аль ч төрлийн удаан хугацааны цэргийн кампанит ажил нь хэдийгээр жижиг, сажиг цэргийн амжилтад хүрч байгаа ч эцсийн эцэст өөрийн санаачлагчдаа стратегийн ялагдал авчрах болно гэдэг нь тодорхой болов. Уртаар үргэлжлэх дайн нь жижиг амжилтын хариуд хэт үнэтэй зүйл болох цэргийн нөөцөө шавхаж, улмаар стратегийн ялагдалд хүрэх замаа засаж байгаа явдал гэсэн үг бөгөөд өрсөлдөгчдөдөө, түүнчлэн гадны хүчинд энэ нөхцөл байдлыг өөрсдөдөө ашигтайгаар эргүүлэх боломжийг үргэлж үлдээж байдаг. Энэ нь дайсны тал чинь өнөөдөр биш ч гэсэн маргааш эсвэл нөгөөдөр таныг ялах болно гэсэн үг. Иймээс урт хугацааны дайны үед эсрэг талтайгаа гал зогсоох тухай урт, богино хугацааны “харилцан буулт хийх” аливаа тохиролцоо нь үнэн хэрэгтээ түр зуур л хойшилж буй таны ялагдал байх болно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *