Монгол Улсын Шадар сайдын өгсөн чиглэл, үүргийн дагуу Стандарт, хэмжил зүйн газраас Шадар сайдын ажлын алба, Мал эмнэлгийн ерөнхий газар, Үндэсний итгэмжлэлийн төвтэй хамтран Баялаг Ундраа, Баянзүрх худалдааны төвд нийслэлийн иргэдийн хүнсний хэрэгцээнд нийлүүлж буй махны чанар, аюулгүй байдалд өнөөдөр хяналт, шалгалт хийжээ.
Эдгээр худалдааны төвд бөөний болон жижиглэнгээр худалдан борлуулж байгаа мал, амьтны гаралтай түүхий махны эрүүл ахуй, аюулгүй байдлын үзүүлэлт болон тээвэрлэлт, хадгалалт, худалдааны агуулах, лангуу нь холбогдох стандарт, “Мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдааны техникийн зохицуулалт”-ын болон эрүүл ахуй, ариун цэврийн шаардлагыг хангаж байгаа эсэхийг газар дээр нь шалгасан байна.
Мөн дотоод хяналтын лабораторийн итгэмжлэл, түүхий маханд хийж буй шинжилгээний явц, үр дүнг хянах, Худалдаалж буй мал, амьтны гаралтай түүхий махнаас дээж авч итгэмжлэгдсэн лабораторийн магадлан шинжилгээнд хамруулах, худалдаанд ашиглаж буй жин хэмжүүрийн баталгаажуулалт, ашиглалт, хэмжил зүйн үзүүлэлтүүдийг хянав хэмээн Стандарт, хэмжил зүйн газраас мэдээллээ.