Эрүүл мэндийн яамнаас Монгол Улсад эмийн хатуу зохицуулалттай улс оронд үйлдвэрлэсэн эмийг хямд үнээр хангах тогтолцоог бүрдүүлэхээр нэг эх үүсвэрийн худалдан авалтыг эхлүүлж, эхний ээлжинд БНСУ-ын эмийн үйлдвэрүүдтэй үнийн хэлцэл байгуулаад буй. Өнгөрсөн баасан гаригаас /2024.12.13/ тус худалдан авалтын эхний 5 нэрийн эм зах зээлд нийлүүлэгдэж эхэллээ. Эдгээр эмүүд нь зах зээлд байгаа бусад ижил төстэй эмээс дунджаар 40-80 хувийн хямд үнээр борлуулагдах юм.
Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан Монгол Улсад хэрэглэгдэж байгаа эмийн чанар, аюулгүй байдлыг сайжруулахаар ДЭМБ-аас хүлээн зөвшөөрсөн эмийн зохицуулалт, хяналтын чиг үүргийг өндөр түвшинд гүйцэтгэдэг улс орноос чанартай, үр нөлөөтэй эмийг боломжийн үнээр импортлон, эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлттэй олгох, улсын эрүүл мэндийн байгууллагуудад нийлүүлэх ажлыг өнгөрсөн 7 дугаар сараас эхлүүлсэн.
Улмаар БНСУ, Япон, Швейцарийн холбооны улс зэрэг орны эм үйлдвэрлэгчидтэй үнийн хэлцэл хийх ажлыг эхлүүлж, БНСУ-ын хэд хэдэн эмийн үйлдвэртэй гэрээ байгуулсан. Тодруулбал тус улсын шилдэг эмийн үйлдвэрүүдээс эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлт олгох 16 нэрийн, төрийн болон орон нутгийн өмчит эрүүл мэндийн байгууллагуудад хэрэглэх хавдрын хими эмчилгээний 5 нэрийн, нянгийн эсрэг 2 нэрийн нийт 23 нэр төрлийн эмийг худалдан авахаар үнийн хэлцэл хийж, гэрээ байгуулаад байгаа юм.
Өнөөдөр /2024.12.13/ дээрх компаниудын нэг болох БНСУ-ын “Донгкоо био фарм” эмийн үйлдвэрээс нийлүүлэх 5 нэр төрлийн эмийг зах зээлд нийлүүлэх нээлтийн үйл ажиллагаа боллоо. Тус үйл ажиллагаанд ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат тэргүүтэй ЭМЯ, ЭЭХХЗГ, ЭМДЕГ, “Ази фарма” ХХК болон эм хангамжийн байгууллагуудын төлөөлөл оролцлоо.
Нээлтийн үеэр ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат “ЭМЯ, ЭЭХХЗГ нэг эх үүсвэрээс худалдан авах эмийн анхны гэрээг БНСУ-ын “Донгкоо био фарм” үйлдвэртэй үзэглэж байсан бол өнөөдөр тус үйлдвэрийн чихрийн шижин, артерийн даралт бууруулах, цус шингэлэх, мөөгөнцрийн эсрэг 5 нэрийн эмийг худалдаанд гаргаж байна. Энэ эхлэл монголын ард түмэнд чанар, аюулгүй байдлыг хангасан эм, эмнэлгийн хэрэгслийг хүргэх ажлын баттай эхлэл болно гэж найдаж байна” хэмээн онцоллоо.
“Донгкоо био фарм ” үйлдвэрээс нийлүүлэгдэх эмийн тээвэр логистикийг нь “Ази фарма” ХХК хариуцаж байгаа бөгөөд Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай хөнгөлттэй эм олгох гэрээтэй эмийн сангуудаар иргэдэд хүрнэ.
Мөн 1800-1801 дугаараас эм худалдаалах цэг болон эмийн талаарх мэдээллийг авч боломжтой.