Цагдаагийн ерөнхий газар энэ сарын 9-ний өдрөөс эхлэн НЭМҮТ-тэй хамтран Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 43 дугаар зарлигийн хэрэгжилтийг хангах үүднээс “Хэтрүүлээд хэрэггүй” аяныг орон даяар зохион байгуулжээ. Энэхүү аяны маань гол зорилго нь шинэ жилийн баярын өдрүүдээр хоолны болон архины хордлого, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох, архидан согтуурсантай холбоотой гэмт хэрэг, хөлдөлт осголт, угаарын хийн хордлого, мөн галын аюул зэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр иргэдэд мэдээ мэдээлэл өгөхөд чиглэгдэж байгаа аж.
Манай улсад сүүлийн таван жилийн хугацаанд хийсэн судалгаагаар жилд дунджаар 952, сард 79, өдөрт хоёр хүн архины хордлогын улмаас амь насаа алдаж байгаа нь харамсалтай. Согтууруулах ундааны хэрэглээгээрээ Монгол Улс Ази тивдээ дөрөвдүгээрт ордог. Эхний гуравт БНСУ, Вьетнам, Тайланд зэрэг улс багтдаг. Харин согтууруулах ундаанаас шалтгаалсан нас баралтын тоогоороо монгол эрэгтэйчүүд дэлхийд хоёрдугаарт, эмэгтэйчүүд гуравдугаарт жагсдаг гэсэн судалгаа гарчээ.
Энэ оны эхний 11 сарын байдлаар улсын хэмжээнд 33.764 хүн эрүүлжүүлэгдсэн байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 1342 нэгжээр өссөн үзүүлэлт байгаа аж.. Эрүүлжүүлэгдсэн иргэдийн 92 хувийг эрэгтэйчүүд, найман хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Мөн 18 хүртэлх насны 28 иргэн эрүүлжүүлэгдсэн байна.
Мөн энэ оны эхний 11 сарын байдлаар гудамж замын хяналт шалгалтаар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 25.400 зөрчил бүртгэгдсэн. Үүнээс 20 мянга нь жолоодох эрхтэй үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон бол үлдсэн нь жолооч биш, эсвэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцсон гэсэн судалгаа байна.
Шинэ жилийн баярын өдрүүдээр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон тохиолдол түгээмэл бүртгэгддэг. Тээврийн цагдаагийн албанаас энэ сард нийслэлийн- хэмжээнд 925 алба хаагч өндөржүүлсэн бэлэн байдалд 24 цагаар замын хөдөлгөөний хяналт шалгалт хийж ажиллана.