Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2024.12.12/ хуралдаан 09 цаг 30 минутад эхэлж, гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэв.
Хуралдааны эхэнд Байнгын хорооны дарга Ц.Даваасүрэнгийн танилцуулсан хэлэлцэх асуудалтай холбогдуулан санал хэлэх гишүүн байсангүй. Иймд Засгийн газраас 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн.
Хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн хувилбар, төслийн танилцуулгатай холбогдуулан асуулт асуух гишүүн байсангүй. Төслийн эцсийн хэлэлцүүлэг явуулсан талаарх Төсвийн байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Дав.Цогтбаатар чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.
Дараа нь Засгийн газраас 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2025 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ.
Нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналуудыг холбогдох хуулийн төсөлд нэмж тусгасан эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн хувилбар, төслийн танилцуулгатай холбогдуулан асуулт асуух гишүүн байсангүй.
Мөн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1-т заасны дагуу хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний төсөвт өртөг, санхүүжих дүнг өөрчлөхгүй, агуулга, зарчмыг алдагдуулахгүйгээр арга хэмжээний нэр, хүчин чадал, байршилтай холбоотой залруулгыг хийх саналтай гишүүн байсангүй. Энэ талаарх Байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.
Хуралдааны төгсгөлд Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа.
Чуулганы нэгдсэн хуралдаанаар найман хууль, Улсын Их Хурлын дөрвөн тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед Зөрчлийн тухай хуулийн зарим хэсэг хүчингүй болсонд тооцох тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хууль санаачлагчид нь буцаах санал дэмжигдсэн тул Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хууль хүчингүй болсонд тооцох тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төрийн хэмнэлтийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай зургаан хуулийн төсөл болон “Засгийн газрын үнэт цаас гаргах эрх олгох тухай”, “Засгийн газарт чиглэл өгөх тухай”, “Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай”, “Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын дөрвөн тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэгийг авсан зарчмын зөрүүтэй саналыг хууль тогтоолын төсөлд нэмж тусгасан эцсийн хувилбарыг бэлтгэсэн гэдгийг Байнгын хорооны дарга танилцуулсан.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг төрийн бүтэц, төрийн албан хаагч, төрийн өмчит компаниудын данхгар бүтцийн асуудалд нарийвчилсан судалгаа, тооцоо хийхэд Засгийн газарт чиглэл өгөх талаар, Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал боловсролын салбарын санхүүжилтийн босгыг заасантай холбогдуулан Сангийн яамны байр суурийг тодруулав.
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.3 дахь заалтад нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр санал хурааж дэмжигдсэн боловч уг саналаар Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүй нь дахин санал хураалгах шаардлагатай гэж үзсэн хэмээн заасны дагуу санал хураалт явуулсан.
Энэ тухайд Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал төсвийн зарлагыг дотоодын нийт бүтээгдэхүүний 30 гаруй хувиар хязгаарлалт хийсэн атлаа нэг салбарын хөгжлийн асуудлыг дотоодын нийт бүтээгдэхүүний хувьд хүргэхээр шийдэх нь бусад салбар хоорондын хөгжлийн тэнцвэр алдагдах үр дагавартай, мөн хөрөнгө оруулалтын арга хэмжээг үр дүнтэй урагшлуулах саналд дахин аудит хийх санал оруулах нь ажлын хэсгийн үзэл баримтлалтайгаа зөрөлдөж байна гээд горимын санал гаргалаа.
Ингээд “Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай”, “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн талаар гаргасан Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхтуяа, Д.Үүрийнтуяа нарын дэмжигдсэн саналаар дахин санал хураалт явуулах горимын саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 77.8 хувь нь тус тус дэмжсэн.
Иймд “Боловсролын салбарт зарцуулах төсвийг нэмэгдүүлэх, Нэгдсэн Үндэсний Байгууллагаас гаргасан Тогтвортой хөгжпийн зорилго 2030, Боловсрол 2030, Инчоны тунхаглалын зорилтыг хэрэгжүүлэх, салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ хамгамжийг сайжруулах, багш, ажилтны хөдөлмөрийн нөхцөлийг шинэчлэн тогтоох, цалин хөлсийг тооцох шинэ аргачлал нэвтрүүлэх, нийгмийн баталгааг сайжруулах зорилгоор 2026 оны төсвийн жилээс эхлэн боловсролын салбарын төсвийн нийт зардлыг дотоодын нийт бүтээгдэхүүний 6 хувиас багагүй эсвэл улсын төсвийн нийт зардлын 18 хувиас багагүй байхаар тооцон боловсруулж, өргөн барих, хөдөлмөрийн аюулгүй байдлын эрүүл ахуйн зардлыг холбогдох хуулийн дагуу дараа жилийн төсөвт суулгаж өгөх арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газарт даалгах” Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхтуяагийн санал болон “2025 оны улсын төсөвт тусгагдсан бүх барилга байгууламжийн ажлын төсөвт өртөг, түүний магадлал үнэн зөв хийгдсэн эсэх, төсөвт өртгийг тооцож, магадлал хийх эрх бүхий этгээдүүдийн үйл ажиллагаа холбогдох хуулийн хүрээнд шударга явж байгаа эсэхийг хараат бусаар нягтлан шалгах ажлыг зохион байгуулж, үр дүнг 2025 оны эхний хагас жилд багтааж Улсын Их Хуралд танилцуулах” гэж өөрчлөх Улсын Их Хурлын гишүүн Д.Үүрийнтуяагийн саналаар дахин санал хураалт явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнгүй.
Үргэлжлүүлэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.1 дэх заалтад заасныг баримтлан зарчмын зөрүүтэй нэг саналын томьёоллоор санал хураалт явууллаа хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.