Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Боловсролын сайд Н.Наранбаяр: Амралт сунгах, хөл хорио тогтоох түвшин үүсээгүй учраас заасан хугацаандаа амраад явна DNN.mn

Хүйтний эрч чангарч, агаарын бохирдол их байгаагаас шалтгаалж бага насны хүүхдүүдийн дунд ханиад, томуугийн тархалт эрс нэмэгдсэн. Ханиад нь хүндэрсэн хүүхдүүд эмнэлгийн яаралтай тусламж үйлчилгээ авах нь ч өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Яг энэ үеэр Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдын улирлын амралт эхлэх гэж байгаа юм. Тэгвэл зарим УИХ-ын гишүүд болон иргэдийн зүгээс энэ удаагийн улирлын ээлжит амралтыг бага ангийн гэлтгүй ЕБС-ийн бүх бүлгийг нийтэд нь амраах асуудлаар санал, сэтгэгдлээ өөрсдийн цахим хуудсаар дамжуулан шаардаж байна. Үүнтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн, Боловсролын сайд Н.Наранбаяраас тодрууллаа.


-Нэгдүгээр улирлын амралт энэ сарын 23-наас эхлэх гэж байна. Ханиад, томуугийн тархалт өндөр байгаатай холбоотойгоор зарим эцэг эхчүүд нэгдүгээр улирлын амралтыг бага, дунд, ахлах бүлэгтэй нь хамт амраачихаж болохгүй юу гэдэг саналыг дэвшүүлсэн. Энэ асуудлаар та байр сууриа илэрхийлэхгүй юу?

-Юуны өмнө сургууль, цэцэрлэгийн амралтыг дан ганц Боловсролын яам шууд шийдээд явдаг асуудал биш ээ. Амралтыг зохицуулахдаа холбогдох бусад төрийн байгууллагуудаас мэдээлэл авч, мөн 2024-2025 оны хичээлийн жилийн төлөвлөгөө, бүтцээ харж шийддэг асуудал. Тэгэхээр энэ удаагийн улирлын амралтыг тогтоохдоо бид Эрүүл мэндийн яамтай хамтарч ажилласан. Тус яамнаас өгсөн мэдээллээр бол улсын хэмжээнд томуу, томуу төст өвчний тархалтын түвшин “Улирлын томуу, томуугийн цар тахлын хүндрэлийн үнэлгээ”-гээр алаг цоог дэгдэлтийн түвшинд байна гэдэг мэдээллийг өгсөн. Тиймээс Эрүүл мэндийн сайдын 2022 оны А/373 дугаар тушаалын дагуу амралт сунгах, хөл хорио тогтоох түвшин үүсээгүй байна гэдэг дүгнэлтээр явж байгаа. Гэхдээ цаашид гарах нөхцөл байдлыг бид анхаарч ажиллаж байна. Нэмээд хэлэхэд мэргэжлийн байгууллагын дүн мэдээгээр амбулаторид суурилсан тандалтаар томуу, томуу төст өвчин 7.7 хувьтай байна гэсэн мэдээг өгсөн. Тиймээс Боловсролын яам нь Эрүүл мэндийн яам болон түүний харьяа мэргэжлийн байгууллагуудаас цаг үеийн мэдээллийг тогтмол авч хамтран ажиллаж байна.

-Ер нь ахлах ангийн улирлын амралтыг бага ангийн амралттай нэгтгээд явлаа гэхэд ямар нөлөөлөл бий болох юм бэ?

-Эцэг эхчүүд маань 2024-2025 оны хичээлийн жилийн бүтэцтэй танилцаарай гэж хэлмээр байна. Нөгөөтэйгүүр ахлах ангийн хувьд судлах хичээл, сургалтын хөтөлбөр, төлөвлөгөө ялгаатай тул хичээллэх хугацаа нь арай урт байдаг. Хүйтний улирал учраас ахлах ангийнхан сүүлийн долоо хоногтоо цахимаар хичээллэх “Цахим долоо хоног” гэсэн бүтцийг энэ хичээлийн жилд бид оруулсан байгаа. Өөрөөр хэлбэл, ахлах ангийнхан энэ сарын 30-наас ирэх сарын 3-ны хооронд цахим сургалттай гэсэн үг.

-Ерөнхий боловсролын сургуулийн бага, дунд, ахлах ангийн нэгдүгээр улирлын амралт яг хэднээс хэдний хооронд явагдахаар байгаа вэ?

-Бага ангийн хувьд энэ сарын 23-наас ирэх оны нэгдүгээр сарын 25-ыг дуустал амарна. Харин дунд ангийн хувьд энэ сарын 30-наас ирэх оны нэгдүгээр сарын 24 хүртэл, ахлах ангийн хувьд ирэх оны нэгдүгээр сарын 6-24-ний өдрийг дуустал амрах хуваарь гарсан.

Э.МӨНХ

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *