Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

Сэтгэл судлаач Б.Ууганцэцэг: Ямар ч аргаар хамаагүй зорилгоо биелүүлнэ гэж бодож байвал энэ нь ичгүүргүй байдал DNN.mn

“Зоригтой байх, ичгүүргүй байх хоёр шал өөр”, “Хүнтэй таардаггүй байх, өөрийн бодолтой байх нь тусдаа”, “Хэрүүлч байх, шударга байх хоёр бага зэрэг эсрэг” гэж нэрт зохиолч, нийтлэлч Б.Цэнддоо саяхан олон нийтийн сүлжээнд бичсэн. Энэхүү андуурагддаг чанарын талаар сэтгэл судлаач Б.Ууганцэцэгтэй ярилцлаа.

-Хүний зан чанар гэж ямар ойлголтыг хэлэх вэ. Сэтгэл судлалын шинжлэх ухаанд үүнийг юу гэж тодорхойлдог вэ?

-Хүнийг тодорхойлдог ойлголтын тухай өнөө хэрнээ судлаачид өөр өөр өнцгөөс харж тайлбарладаг. Хүнд удамшиж ирсэн авир араншин болон хүн нийгмээс олж авдаг зан төлөв гэсэн үндсэн хоёр хандлага хүчтэй байдаг. Нэг талаас удамшлын хүчин зүйл буюу эцэг эхээс генээр дамжиж ирдэг маш олон өгөгдлүүд бий. Мөн бид нийгмээс сурч өөртөө хүлээн авч байгаа маш олон зан чанарууд байдаг. Зан төлөв, зан чанар гэдэг ойлголт ихэнхдээ орчноос хүлээн авч төлөвшиж байгаа шинж чанар гэсэн үг.

-Хүмүүс яагаад эдгээр чанаруудыг андуурч байна вэ?

-Бид сэтгэл хөдлөлөө гаргахдаа нэг бол өөрийгөө хэт хойш нь тавьж мэдрэмжээ илэрхийлж чадахгүй байна. Нөгөө талаас мэдрэмжээ ямар ч хяналт байхгүйгээр илэрхийлж, өөрийгөө ямар байгааг ч ойлгож чадахааргүй болчихоод байна гэсэн үг. Хүмүүс мэдрэмжээ хэмжээ хязгааргүй илэрхийлдэг хүнийг энэ угаасаа л ингэж байдаг, эсвэл мэдрэмжээ илэрхийлэхгүй байгаа хүнийг энэ угаасаа л дуугардаггүй гэсэн хандлагаар хүлээж авдаг. Нөгөө талаас хүн байгалийн амьтан гэдгийнхээ хувьд тодорхой зорилгод хүрэхийн тулд өөрөөсөө олон төрлийн авир араншин, зан чанаруудыг гаргадаг. Зорилгодоо хүрэх гол түлхэгч хүчин зүйл нь юу вэ гэдгээс хамаардаг. Магадгүй ямар ч аргаар хамаагүй зорилгоо биелүүлнэ гэж бодож байвал энэ нь ичгүүргүй байдал. Зоригтой байх гэдэг нь тодорхой зорилгод хүрэхийн тулд тууштайгаар ёс зүйн хэм хэмжээг баримталж, зөв арга замаар хүрэхийг хэлнэ. Зорилгод хүрэх арга зам нь ямар байдлаар хэрэгжиж байгаагаас хамаарч нийгэмд өөр өөрөөр үнэлэгдэж байна. Жишээлбэл, ажлаа тарсны дараа хүн болгон гэртээ харих гэж яардаг, гэтэл дохиогоо өгөхгүйгээр бусад машины урдуур дайраад орж байгаагаа сайрхаж, зоригтой байна гэж бодож болохгүй. Хэрвээ ийм үйлдэл гаргаж байгаа бол энэ нь ичгүүргүй байдал юм. Хүн эцэг эхээс удамшсан, эсвэл нийгмээс олж авсан зан чанаруудаа хэрхэн ойлгож тайлбарлаж, үйлдэж байна гэдэг ойлголтын зөрүүнээс болж нийгэм янз бүрээр ойлгож хүлээж авдаг.

-Тэгэхээр нийгмийн хандлага болон хувь хүмүүсийн туршлагаас хамаарч өөр өөрөөр ойлгож байна уу?

-Тийм. Хүмүүс өөрсдөө эдгээр ойлголтыг янз бүрээр хүлээж авч ойлгодог. Нөгөө талаас бид бие биенийхээ г аргаад байгаа зан чанаруудыг өөр, өөрөөр тайлбарладаг. Тэгэхээр хүмүүсийн гаргадаг зан байдлуудыг нэг талаас харж тайлбарлах нь өрөөсгөл ойлголт. Хүмүүс юу бодож, үйлдэж байгаа вэ гэдэг нь нийгмийн сэтгэл зүйд маш чухал байдаг. Яагаад чухал вэ гэхээр эдгээр зан чанарууд нийг мийн харилцааны чухал хэсгүүд болдог. Нийгмийн харилцааны мини бүлгүүд хоорондоо харилцаж чадахгүй бол цаашлаад нийгэм нийтээрээ зөв харилцаж, ойлголцож чадахгүй нөхцөл байдалд хүрнэ. Б.Цэнддоо гуайн хэлсэнчлэн андуурагддаг чанарт дурдсан хэрүүлч, хүнтэй тардаггүй байх, ичгүүргүй байх зэрэг нь нийгэмд тогтсон хэм хэмжээнд нийцээгүй. Харин шударга байх, өөрийн бодолтой байх, зоригтой байх зэрэг нь нийгэмд тогтсон хэм хэмжээнд нийцэж байгаа чанарууд юм. Тэгэхээр үүнд нийгэмд тогтсон тодорхой ойлголт байгааг илэрхийлж байна.

-Бусадтай таарамжгүй харилцаатай байх нь хувь хүний өөрийн гэсэн үзэл бодолтой хамааралтай юу?

-Бусдын бодлыг огт тоохгүй гээр доминант буюу өөрийнхөө санаа бодлыг хүчтэйгээр гаргаж хэлж байгаагаа тэр хүн өөрийн бодлоо илэрхийлж байна гэж андуураад байж магадгүй. Сэтгэл зүйчид ийм зан чанартай хүн байвал тэр хүндээ ойлгуулж хэл гэж зөвлөдөг. Бид нэг нэгнийхээ ийм зан чанарыг нь хэлэхгүй байсаар байгаад өөрийгөө хянаж чадахааргүй түвшинд аваачдаг. өөрийгөө илэрхийлэхдээ бид боловсон, тайван замаар илэрхийлж болно гэдгийг тухайн хүмүүст ойлгуулах ёстой. өөртөө итгэлтэй, өөрийн бодолтой хүн гэдэг нь чанга дуугаар ярьсан, бусдыг зандарсан хүнийг хэлэхгүй. Бодлоо зөв аргаар тодорхой хэмжээнд таниулж чаддаг байх нь өөрийн бодолтой хүн юм.

-Тэгвэл бид нэгнээ ойлгож, ойлгуулахын тулд эдгээр чанаруудын утгыг нийтээрээ ойлгосон байх шаардлагатай байх нь тийм үү?

-Өөрийгөө зөвөөр илэрхийлж чадахгүй байгаа хүмүүс нийгэмд өөрийгөө ойлгуулж чадахгүй. Хэрвээ бид ойлголцож чадахгүй бол Монголын нийгэм хөгжихгүй. Бид бусдыгаа ойлгохгүй байна гэдэг нь дотор төрж байгаа мэдрэмжээ хуваалцаж сураагүй байгаатай холбоотой. Хэрэв бид хоорондоо ярилцаад эхэлбэл үгнүүд хоорондын ялгааг ойлгож, нэгнийгээ буруу үгээр гомдоодоггүй болно. Нөгөө хүнийхээ илэрхийлэх гээд байгаа тэдгээр шинжүүдийг мэддэг болно. Бид нийгмийн харилцаанд орохдоо чанартай харилцаж, хэлэлцэж чадахгүй байна.

-Дээрх ялгаатай чанаруудыг хэрхэн зөв таньж мэддэг болох вэ?

-Нийгэмд таниулах нь маш чухал. Нийгмийн толь гэр бүл, гэр бүлийн толь нийгэм гэдэг шүү дээ. Нийгэмд таниулахын тулд нийгмийн харилцааны анхдагч нэгж болох гэр бүлийн гишүүд хоорондоо маш сайн ярилцдаг байх нь эдгээр зан чанарыг ойлгох гол нөхцөл юм. Гэр бүлийн харилцаанд өөрчлөлт явагдахгүйгээр нийгэмд өөрчлөлт явагдана гэдэг бараг боломжгүй зүйл. Монголчууд бид хүн хэлээрээ, мал хөлөөрөө гэдэг. Ярихдаа өөрт төрж байгаа мэдрэмжүүдээ нэрлэж хэлж байх ёстой. Жишээ нь, би өнөөдөр ууртай, баяртай, гунигтай байна гэдгээ тодорхой нэрлэж хэлэхгүй бол эргэн тойрны хүмүүс маань биднийг ойлгохгүй. Азиуд угаасаа ийм, эсвэл нүүдэлчин хүмүүс ярилцаж чаддаггүй гэх мэтээр өөрсдийгөө өмөөрч, хамгаалаад байгаа учраас бид нийгмийн харилцаанд орохдоо өөрийгөө зөвөөр илэрхийлэх ур чадварыг эзэмшиж чадахгүй байна.

Б.Баярмаа

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *