Улсын Их Хурлын 2024 оны ээлжит хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгчөөс гадаад зах зээлийн тогтворгүй байдал, түүхий эдийн үнийн хэлбэлзлээс үүдэн 2025 оны төсвийг үр ашигтай, хэмнэлттэй, алдагдалгүй батлах шаардлагатай гэсэн үндэслэлээр 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр бүхэлд нь хориг тавьсныг тэрээр дэмжиж, Улсын Их хурлын нэгдсэн чуулганаар Ерөнхийлөгчийн хоригийг 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хэлэлцэн, хүлээн авч “алдагдалгүй төсөв батлах” чиглэл өгсний дагуу Засгийн газраас Монгол Улсын 2025 оны төсвийн төслийг шинэчлэн боловсруулж, дахин өргөн барьсан төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Загджав танилцууллаа.
Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн төсөл нь улсын урт болон дунд хугацааны хөгжлийн бодлоготой нийцэж байгааг Монгол Улсын Ерөнхий аудитор дурдаад Засгийн газрын өрийн үлдэгдэл 2025 онд дотоодын нийт бүтээгдэхүүний 41.9 хувьд хүрэх төсөөлөлтэй байхаар тооцоолон тусгасан нь Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын 3.2.3-д заасан төсөв, санхүүгийн аюулгүй байдлын бодлогын зохистой харьцааны түвшинд байна гэлээ.
Мөн Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого, нийт зарлагын хэмжээг 33,470.0 тэрбум төгрөг, дотоодын нийт бүтээгдэхүүний 35.2 хувь байхаар, төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийг анх удаа алдагдалгүй төлөвлөсөн нь төсвийн төлөвлөлтөд ахицтай үзүүлэлт болжээ. Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн төсөл нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан нэгдсэн төсвийн орлогыг тэнцвэржүүлсэн журмаар тооцдог байх, нэгдсэн төсвийн суурь тэнцэл нь тухайн жилийн дотоодын нийт бүтээгдэхүүний хоёроос дээш хувийн ашигтай байх, нэгдсэн төсвийн урсгал зарлагын хэмжээ тухайн жилийн дотоодын нийт бүтээгдэхүүний 30 хувиас хэтрэхгүй байх, Засгийн газрын өрийн нэрлэсэн дүнгээр илэрхийлэгдсэн үлдэгдэл нь тухайн жилийн оны үнээр тооцсон ДНБ-ий 60 хувиас хэтрэхгүй байх гэсэн тусгай шаардлагуудыг тус тус хангасныг дурдав.
Монгол Улсын 2025 оны төсвийн төсөл урт болон дунд хугацааны хөгжлийн бодлогын үзэл баримтлал, улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөнд нийцсэнийг дурдахын зэрэгцээ цаашид анхаарах асуудлын талаар танилцуулав. Тухайлбал, гадаад хүчин зүйлийн нөлөөлөл, уул уурхайн салбарын голлох нэрийн бүтээгдэхүүний эрэлтээс шалтгаалж нүүрсний экспорт төлөвлөсөн хэмжээнд хүрэхгүй тохиолдолд зарлагыг санхүүжүүлэх эх үүсвэр дутагдах, орлого тасрах эрсдэлийг тооцох шаардлагатай. Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуулийг төсөвт өөрчлөлт оруулах бүрд нэмж өөрчилж байгаа нь төсвийн удирдлагын зарчим, сахилга батыг алдагдуулж, дунд хугацааны төсвийн төлөвлөлтийн ач холбогдлыг бууруулж байна. Цахим систем болон техник, эдийн засгийн үндэслэл боловсруулах ажлын өртөг зардлыг тооцож төлөвлөх, хянах, хэрэгжүүлэх, хүлээн авахтай холбоотой зохицуулалт, жишиг үнэ, заавар журам хангалтгүй байгаа нь төсөвт өртгийг үндэслэлтэй тооцож үр ашигтай төлөвлөхөд сөргөөр нөлөөлж байгааг анхаарах шаардлагатай гэв.
Мөн төсвийн урсгал зарлагыг хумьж, зарим хэрэгжиж эхлээгүй хөтөлбөр, үйл ажиллагааг зогсоохоор төлөвлөсөн нь төсвийн зарлагын ДНБ-д эзлэх харьцааг бууруулсан сайн талтай боловч зардлыг хэт механикаар хассан нь 2025 онд төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг бууруулах, тоо хэмжээг хумих эрсдэл үүсэх магадлалтай байна. Төрийн үйлчилгээг илүү цомхон бүтэц, ухаалаг байдлаар үзүүлэхийн тулд төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх тогтолцооны өөрчлөлтийг хууль эрх зүйн орчинд бүрдүүлэх шаардлагатай байна. Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн 1 дүгээр зүйлийн 12-т “Төрийн өмчит хуулийн этгээдийн үйл ажиллагаанд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн аудитын хуулийн этгээдээр аудит хийлгэж болно. Тухайн санхүүгийн жилд аудит хийлгэх төрийн өмчит хуулийн этгээдийн жагсаалт болон аудит хийх хуулийн этгээдийг сонгон шалгаруулах этгээдийг Засгийн газар тогтооно” гэж тусгасан нь Улсын Их Хурлын Засгийн газарт тавих хяналтын зарчмыг алдагдуулахаас гадна Монгол Улсын Үндсэн хууль, түүнд нийцүүлэн гарсан хууль тогтоомжтой нийцэхгүй байгаад анхаарах шаардлагатай гэсэн юм.
Түүнчлэн Монгол Улсын Засгийн газар, холбогдох яам, бүх төсвийн захирагч нарт дараах зөвлөмжийг өгч байна.Үүнд:
- Монгол Улсын Засгийн газарт:
Дунд хугацааны төсвийн төлөвлөлтийн чанарыг дээшлүүлж, төсвийн сахилга батыг хангаж ажиллах;
Төсвийн төслийг төрийн мөнгөний бодлогод нийцүүлэх, төсвийн зардлын тэлэлтээс нийгэм эдийн засагт үзүүлж болзошгүй сөрөг үр дагаврыг үнэлж, бууруулах арга хэмжээ авах;
Төсвийн боломжит эх үүсвэр, бүх төрлийн ашигт малтмалд ногдуулсан Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг бүрэн төвлөрүүлэх;
Улсын төсвийн 2025 оны хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд “бүсүүдэд”, “улсын хэмжээнд” нэршлээр байршил тодорхойгүй тусгагдсан арга хэмжээний задаргааг тусгайлан хэлэлцүүлж батлуулах;
Хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээг төлөвлөхдөө Төрийн хэмнэлтийн хуулийг хэрэгжүүлэх.
- Сангийн яаманд:
УИХ-аас баталсан төсвийн хүрээний мэдэгдэлд үндэслэн төсвийн төслийг боловсруулж байх;
Төрийн өмчит болон өмчийн оролцоотой хуулийн этгээдийн ногдол ашгийг төсөвт бүрэн төвлөрүүлэх;
Тоног төхөөрөмж, их засвар болон техник эдийн засгийн үзүүлэлтийг төлөвлөх, эрэмбэлэх аргачлал, зохицуулалтыг тодорхой болгох.
- Эдийн засаг, хөгжлийн яаманд:
Техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулах ажлын даалгаварт тавигдах шаардлага, хүлээн авах шалгуур, төсөвт өртгийг тооцох, хянах жишиг үнийг тогтоох, холбогдох зохицуулалтыг бий болгох.
Мөн Улсын Их хурлын даргаас өгсөн чиглэлийг хэрэгжүүлж, бүх шатны төсөв захирагчид аудитын зөвлөмжийн хэрэгжилт хангалтгүй байгаад дүгнэлт хийж, анхаарч ажиллах шаардлагатай байгааг онцлон тэмдэглэлээ.