Францын Дарь эхийн сүм гэгддэг, 2019 оны гал түймрийн дараа сэргээн босгосон Нотр Дам сүмийн нээлтийн ёслолд хүрэлцэн ирсэн Украины ерөнхийлөгч Владимир Зеленский, АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамптай Парист уулзав. Елисейн ордны хэвлэлийн албаны мэдээлснээр, уулзалт гурван талт форматаар болж, Францын ерөнхийлөгч Эммануэль мөн оролцжээ. Энэхүү мэдээлэлд “Түймрийн дараа сэргээн засварласан Нотр Дам сүмийн нээлтэд оролцохоор Парист ирсэн АНУ-ын шинээр сонгогдсон ерөнхийлөгч Дональд Трампыг Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон энэ сарын 7-ны бямба гаригт Елисейн ордонд хүлээн авч уулзлаа. Хэсэг хугацааны дараа тэдний уулзалтад Украины төрийн тэргүүн Владимир Зеленский нэгдэв. Уулзалт нийтдээ 90 орчим минут үргэлжилсэн бөгөөд Трамп Зеленскийн яриа 35 минут үргэлжилсэн” гэж онцолжээ. Энэ нь Трамп сонгуульд ялснаас хойш Зеленскийтэй хийсэн анхны уулзалт болж байгаа юм.
Украины ерөнхийлөгч энэхүү уулзалтын дараа өөрийн цахим хуудастаа “Ерөнхийлөгч Трамп, ерөнхийлөгч Макрон нартай хийсэн уулзалт үр дүнтэй болж өндөрлөв. Энэ уулзалтыг зохион байгуулсан ерөнхийлөгч Макронд талархаж байна. Бид энэ дайныг аль болох хурдан бөгөөд шударгаар дуусгахыг хүсч байна. Иймээс бид үргэлжлүүлэн хамтран ажиллахаар тохиролцсон. Хүчээр энх тайван тогтоож болно!” гэж бичжээ. Харин Дональд Трамп өөрийн Truth Social олон нийтийн сүлжээнд “ Хэт олон хүний амь үрэгдэж, олон гэр бүл сүйрлээ, хэрвээ энэ хэвээр үргэлжилбэл илүү том, илүү муу зүйлд хүргэж болзошгүй. Иймээс Зеленский энэ галзуурлыг зогсоохын тулд тохиролцоо хийсэн нь дээр юм “ гэж бичжээ. АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп Франц, Украин улсын тэргүүн нартай уулзахдаа Украины далбааны өнгөний хослол болох хөх костюм, шар зангиа зүүж оролцсон бөгөөд түүний уулзалтын дараа бичсэн энэ зүйл улс төр судлаачдыг янз бүрийн дүгнэлт хийхэд хүргэж, тэднийг барьц алдуулж орхив.