Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

Ч.Отгочулуу: Монгол Улсын эдийн засаг доллар руу шилжүүлээд үзэхэд хий эргээд байна DNN.mn

Эдийн засгийн ухааны доктор Ч.Отгочулуутай ярилцлаа.


-Засгийн газар энэ жил түүхэнд байгаагүйгээр төсөвтөө хориг тавиуллаа. УИХ ч баталсан хуулиа цуцалж хөглөлөө. Энэ бүх үйл явцыг эдийн засагчийн байр сууринаас харахад ямар бодол төрж байна вэ?

-Аливаа улсын эдийн засагт хамгийн чухал бодлого бол төсвийн бодлого л доо. Төсвийн бодлого төсвийн хуулиар дамжиж илэрдэг гэж үздэг. Гэтэл сая Төсвийн хууль үнэхээр хариуцлагагүй орж ирсэн. Ямар ч нэгдсэн бодлого, эрэмбэ дараа байхгүй. Сайд нарын амыг хаах гэсэн маягтай. Энэ нь төсвийн тодотголын дараа орж ирж байгаа асуудал шүү дээ. Төсвийн тодотгол өөрөө бас маш хариуцлагагүй орж ирсэн. Сонгууль угтсан янз бүрийн арга хэмжээнүүдийг нөхөн санхүүжүүлэх, шингээсэн байсан. Тэндээсээ сургамж авах болов уу гэсэн чинь бүр эсрэгээрээ “амташсан хэрээ 13 дахина” гэдэг шиг л юм боллоо.

-Ерөнхийлөгч 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавьсан тохиолдол цөөхөн. Хэрвээ төрийн тэргүүн хориг тавиагүй бол эдийн засаг хямрахаар, иргэд босохоор их эвгүй нөхцөл байдал үүссэн. Хоригийг та дэмжсэн үү?

-Ерөнхийлөгч хориг тавьсанд баярласан. Яагаад вэ гэвэл, сайд нар эдийн засагчдыг, залуу гишүүдийг огт тоохгүй, азаргалаад байсан. Гэхдээ Сангийн сайд маань Ерөнхийлөгчийн хоригийг талархан хүлээж авсан. Сэдэв нь чухал биш, дарга чухал юм байна. Энэ нь ч бас аргагүй юм. МАН 2024 оны Улсын Их хурлын сонгуулиар түүхэндээ байхгүй доод хэмжээний санал авлаа шүү дээ. Мөнгөөр зодоод зодоод, төрийн албаны хүмүүсийг дайчлаад дайчлаад 500 гаруйхан мянган л санал авлаа

Гэтэл Хүрэлсүх Ерөнхийлөгч өөрөө 2021 онд 830 мянга билүү хамаагүй өндөр санал авч байсан. Олон түмнийг төлөөлөх гэдэг утгаараа бодоод үзсэн ч, бас Ерөнхийлөгч тусдаа институт гэдэг утгаараа төсөвт хориг тавьсныг үнэхээр зөв гэж бодож байна. Үндсэн хуульд заасан харилцан хяналт, түүнийг хэрэгжүүлж байгаа улс төрийн соёл цаашаа бэхжээсэй гэж бодож байна.

-“Хэт их тэлэлттэй байна” гээд гадна, дотны байгууллагууд анхааруулаад байхад алдагдалтай төсөв баталсан. Агуулгынхаа хувьд төсвийн бодлогод та ямар дүн өгөх вэ?

-Төсвийн бодлого маш муу болсон. Эдийн засагч хүний хувьд хэлэхэд, ямар ч бодлого шингээгүй төсөв. Ямар ч тооцоо, эрэмбэ байхгүй, макро эдийн засагтаа сөрөг нөлөөтэй. Монголд хамгийн том бэрхшээл ажлын байр шүү дээ. Чанартай, тогтвортой ажлын байр байхгүй. Энэ чанартай, тогтвортой ажлын байрыг алж байгаа ганц зүйл бол инфляц. Гэтэл инфляцыг өсгөсөн, өдөөсөн ийм төсөв орж ирж байна гэдэг шулуухан хэлэхэд, эдийн засгийн гэмт хэрэг.

-Засгийн газар УИХ-д 2025 оны төсвийн төслийг дахин өргөн барилаа. Сангийн сайд Б.Жавхлан төсвийн зарлагыг 2.3 их наяд төгрөгөөр танасан гэж мэдээллээ. Анхнаасаа ингээд алдагдалгүй төсөв оруулаад ирэхгүй гэж бодогдсон?

-Шинэ төсвийг өнөөдөр (өчигдөр) өргөн барих шиг боллоо. Төсвийн зардлыг бууруулсан харагдаж байна билээ. Дахин сайн бууруулах шаардлагатай гэж бодож байна. Ирэх онд олон улсын нөхцөл байдал тийм таатай байх шинжгүй байна. Жишээлбэл, АНУ-Хятадын хооронд худалдааны дайн сэргэвэл яах вэ. Тэгвэл Хятадын экспорт буурна. Хятадын экспорт буурахаар манайх дагаад буурдаг. Тэр давтагдах эрсдэл байна. Мөн Орос-Украины дайн өргөжөөд, Европыг хамрах эрсдэл бий. Оросын нефть боловсруулах үйлдвэрүүд цохилтод өртсөөр л байна. Ийм эрсдэлтэй үед бүх зүйл сайхан байх юм шиг төсөөлж болохгүй. Эдийн засгийн өсөлтөө ч их өндөр авч. Гэтэл цөлжилт их байна. Энэ өвөл, хавар зуд давтагдаж магадгүй. Тэгвэл мал аж ахуйн салбар уналтад орно. Сая гурил дээр попорсоор байгаад үндэсний үр тариа үйлдвэрлэгч, гурил үйлдвэрлэгч нараа нэлээн хүнд байдалд оруулчихлаа. Дээр нь зарим нэг улстөрчдийн хувийн ашиг сонирхлоор Евразийн холбоонд орно гэсэн яриа их хүчтэй явагдаж байна.

-Засгийн газар ОХУ-аас бараг 200 гаруй барааг тэг татвартайгаар оруулах гэрээг энэ сард багтааж байгуулахаар шамдаж байна гэсэн мэдээлэл бий. Үр дүнд нь ижил төрлийн бараа үйлдвэрлэдэг барилга, хүнс, хөдөө аж ахуйн жижиг, дунд үйлдвэрүүд хөгжих боломжгүй болно гэсэн бизнес эрхлэгчид бухимдаж буйна. Та энэ талаарх бодлоосоо хуваалцахгүй юу?

-Ингэвэл Оросын бараа бүтээгдэхүүн хэт давуу байдалтай болно. Яагаад вэ гэвэл, одоо Оросын рублийн ханш уначихсан байна. Оросын рубль долларын эсрэг уначихаар Оросоос экспортолж байгаа бараанууд үнэгүй шахуу болчихно. Эрс хямдарна. Рубль сул байгаа учраас манай үндэсний үйлдвэрлэгчидтэй харьцуулахад шударга бус, давуу байдалтай нөхцөл үүснэ. Манай үндэсний үйлдвэрлэгч байгууллагууд хүнд байдалд орох магадлалтай. Үндэсний үйлдвэрлэгчдийн дийлэнх нь хүнд нөхцөл байдалд байна. Татвар, зээлийн төлбөр, элдэв шимтгэл, хураамжийн дарамт ихтэй. Төгрөгийн худалдан авах чадвар сулрахаар Монголбанк бодлогоо чангалсан. Хөрөнгө оруулалт татах, зээл авахад хэцүү болсон. Тэгэхээр компани тэсэж үлдэхийн тулд хамгийн түрүүнд ажлын байраа цомхотгодог. Ийм хүнд үед алдагдалгүй төсвөөр буюу татварын хөнгөлөлтөөр дэмжлэг үзүүлэхийн оронд улам хүнд байдалд оруулаад, дээр нь шулуухан хэлэхэд оросуудад их ашигтай, үндэсний үйлдвэрлэгч нарт халтай нөхцөл байдал үүсгэхээр байна.

-Улсын төсөв ер нь ямар байх ёстой вэ?

-Аль болох хэмнэлттэй байх ёстой. Дээр нь нөхцөл байдал хүндэрч болзошгүй учраас эрсдэлийн сангаа сайн байгуулсан, ер нь ганц, хоёр жилийг даваад гарах хэмжээний байх хэрэгтэй. Тэрнээс биш Андлалын хөшөө шиг, бяслагны үйлдвэр гэх мэт огт хэрэггүй шүү дээ.

-Дахин өргөн барьсан 2025 оны төсвийн төсөлд бяслагны үйлдвэрийн төсөл хэвээр үлдсэн байна?

-Монголд улсын мөнгөөр, төрийн санхүүжилтээр бяслагны үйлдвэр байгуулахын оронд бизнесийн орчин хэрэгтэй. Яагаад Хөвсгөлд хувийн хэвшлийнхэн бяслагны үйлдвэр барьж чадахгүй байна вэ гэвэл тэнд бизнесийн орчин алга байна л гэсэн үг. Тэнд төрөөс бизнесийн үйлдвэр барина гэдэг чинь нэгдүгээрт, завхрал. Хоёрдугаарт, төр өөрөө тэнэглэлдээ буугаад өгсөн байна гэсэн үг. Гуравдугаарт, Монголд хувийн хэвшил, хувийн бизнес эрхлэх хүндхэн байгаагийн бодит жишээ. Ер нь Монголыг цааш авч явах хамгийн том бас чухал хүчин бол хувийн хэвшил. Төр бол яах вэ, хэдэн популист улстөрчид, тэдний шахааны хүмүүсээр дүүрсэн. Тэд баяжаад, нэг их ард түмэндээ хайртай дүр үзүүлээд, дахин сонгогдоод яваад өгнө. Цаад үр дүн, үйл лайг нь хувийн хэвшил төлнө шүү дээ. Даваасүрэнгийн тэнэглэлийг ирээдүйд бидний үр хүүхдүүд л татвараараа төлнө. Дээр нь тэнд хувийн орон зай байхгүй болж байна. Ажлын байр байхгүй болно гэсэн үг. Бид Үндсэн хуулиараа хувийн хэвшлийг хамгаална, төр нь хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй гэсэн суурь зарчимтай. Энэ бүхнээ эвдээд байгаа юм.

-Жил бүр л төсөв өссөн, танах хэрэгтэй гэсэн асуудал яригддаг. Энэ жилийнх шиг хэт өөдрөгөөр төсөөлж, эдийн засгийн нөхцөл байдлыг тооцоололгүй, хуримтлал үүсгэхийг зорихоос илүүтэй олсноо тэр чигээр нь зарах алдагдалтай төсөв батлаад байвал Монгол Улс ямар эрсдэлтэй нүүр тулах вэ?

-Манай улс уг нь цаасан дээр хэдэн дүрэмтэй. Төсвийг хэт тэлэхгүй, өр зээл тавихгүй гэсэн хэдэн хязгаар байдаг. Тэрийгээ байнга өөрчилдөг л дөө. Уг нь хөдлөхгүй дүрэм байх ёстой. Тэр дүрмээ тойрч гарахын тулд, аргалах гэсэндээ эдийн засгаа хэт өсгөж харагдуулдаг. Тооцооллоо их өндөр тавьдаг. Гэтэл доллар луу шилжүүлээд үзэхээр манай эдийн засаг ерөөсөө л хий эргээд байгаа юм. Өсөлт байхгүй. Дундаж цалинг доллар луу шилжүүлээд үзвэл бүр буурчихсан байна. Бид инфляци ихтэй учраас төгрөгийн төөрөгдөлд ороод байна. Энэ төөрөгдлийг засаж залруулахын оронд Засгийн газар төөрөгдлийг ашиглаад, аль болох өр зээл нэмэх заль мэхдээ гаршаад байна. Төсвийн орлого бүрдэхгүй бол бонд гаргачихна, эсвэл зээл авчихна. Монголбанкны нэрээр ч юм уу, эсвэл төрийн өмчийн компанийн нэрээр бонд гаргаад, тэрийг нь ирээдүйд татвар төлөгчид төлнө. Өнөө олж ирсэн мөнгөөрөө баахан улсын үйлдвэр байгуулна, нөгөө хувийн хэвшил чинь зах зээлээс шахагдаж улам хүнд байдалд орно. Ингээд нэг чөтгөрийн тойрогт байсан бол хоёр, гурван чөтгөрийн тойрогт давхар давхар ороод байгаа юм. Гол эрсдэлийг хувийн хэвшлийнхэн, айл өрхүүд л үүрнэ.

-Хятадын эдийн засгийн өсөлт саармагжих төлөвтэй байна. Ирэх онд 83 сая тонн нүүрс экспортолж чадахгүй бол Монгол Улсын эдийн засаг “хямарна”. Иймд бид одоо юун дээр анхаарах ёстой вэ?

-Хятадын эдийн засгийн 30 хувийг барилгын салбар бүрдүүлдэг. Одоо барилгын салбар нь нэлээд ярвигтай, их хүнд байдалд орчихоод байна. Их хэмжээний санхүүжилт, хөнгөлөлттэй зээл өгөөд ч олигтой сэхэж чадахгүй байна. Энэ нь манай экспортод сөргөөр нөлөөлөх боломжтой. Хятадууд гангийн үйлдвэртээ зориулж кокжсжих нүүрс авдаг. Тэр нь жилд 80-100 сая тонн нь л байдаг. Гэтэл тэрийг 100 хувь нэг улсаас авна гэж хэзээ ч байхгүй. Манайх нэг хэсэг яагаад нүүрсний их гараад байсан бэ гэвэл ковидын үеэр Хятад хоёр, гурван жил хилээ хаасан. Манайхаас ер нь нүүрс авахаа больчихсон байсан шүү дээ. Тэрийгээ нөхөж авсан түр зуурын үзэгдэл байсан. Хоёрт, уул уурхайн компаниуд бүтээгдэхүүнээ тээвэрлэж чадахгүй байна. Өнөөдөр манайд бүх тээвэр гацаатай. Төмөр замаар Оросын барааг л зөөж байна гэхэд хилсдэхгүй. Боомтуудын нэвтрэх чадвар маш муу байна. Машин олдохгүй байна. Хятадууд өөрсдөө тээврийн бизнесийг хянахаар, хариуцахаар болж байна. Тэгэхээр манайх үндэсний тээвэрлэх чадвар дээрээ л маш сайн анхаармаар байгаа юм. Боомтынхоо хүчин чадлыг нэмэгдүүлэх хэрэгтэй. Тэрнээс биш, юун Богд уул нүхлэх вэ. Ерөөсөө эрэмбэ дарааллаа олохгүй. Экспортын бараа бүтээгдэхүүн тээвэрлэж байгаа зам тээвэр, ложистик дээр үүсээд байгаа гацааг л яаралтай арилгахгүй бол болохгүй.

-Хятадад Австрали, АНУ, Орос гээд манай “өрсөлдөгчид”-ийн нүүрсний нийлүүлэлт өндөр байна. Тэгэхээр манайхаас нүүрс авахгүй байх эрсдэлтэй юү?

-Манайхаас авахгүй байх боломжтой. Яагаад вэ гэхээр, Хятадын гадаад худалдааны бодлого нь цэвэр зах зээлийн эдийн засгийн зарчим дээр суурилахгүй. Геополитикийн янз бүрийн нөхцөл, шаардлага дагана. Жишээлбэл, бид Таван толгой дээр хятадуудыг хэдэн ч удаа хулхидав. Хятадууд “Бид яах вэ, танай нөхцөл байдлыг ойлгоод байна аа. Удаан ингэж явахгүй шүү” гэж хэлээд байгаа бололтой юм. Хэрвээ та нар хэлсэн ярьсандаа хүрэхгүй бол гээд, юмаа авахаа зогсоохыг үгүйсгэхгүй. Дээр нь Хятад Улс Автрали, Хойд Солонгос, Орос зэрэг улсаас нүүрс авч байна. “Бүс ба зам”-ын хүрээнд Афганистан, Казахстан зэрэг Дундад Азийн улсуудаас нүүрс авах боломж бий. Манайхаас авахгүй байж чадна шүү дээ. Ковидын үед бид сард бараг нэг тонн нүүрс ч зарж чаддаггүй байсан. Тэр дахихыг үгүйсгэх арга байхгүй. Тэгвэл манайх маш хүнд байдалд орно.

-Монгол Улсад шаталсан татварын бодлого хэрэгжүүлбэл зөв үү?

-Манайхан шаталсан татварын тогтолцоог маш буруу ойлгоод байдаг. Орлого нь өсөх тусам өндөр татвар авах ёстой гээд буруу ойлгоод байдаг. Гэтэл яг тэр сонгодог жишээгээрээ, ялангуяа Хойд Европын орнууд яадаг вэ гэхээр бага орлоготой хүмүүс, компаниудыг татвараас бүр чөлөөлчихдөг. Нойл хувийн татвар авдаг гэсэн үг. Тодорхой хэмжээнээс дээш гарвал, тэр илүү гарсан хэмжээнд нь л 10 хувь, түүнээс дээш бол 20 хувь ч гэдэг юм уу ингэж тогтоодог. Өөрөөр хэлбэл, жижгүүддээ ээлтэй, томчууддаа бас тодорхой хэмжээнд орлого олвол тэндээс нь татвар авдаг. Манайх бүр борлуулалтын бүх орлогоос 10 хувийг авчихдаг. Компани, хувь хүн дээр очиж байгаа бодит татвар төлбөр шимтгэлийн нийт ачаалал нь Европоос хамаагүй өндөр буугаад байдаг. Яагаад вэ гэвэл, Европт бага орлоготой бол татвар бараг төлөхгүй. Зөвхөн өндөрсөх тусам, тодорхой илүү гарсан дүн дээр 20, 30 хувийн татвар төлдөг. Нийт дүнгээрээ манай төлж байгаагаас бага болчихоод байдаг юм. Европт ингэж дундаж давхарга бий болгох, жижгүүдээ томруулах, шат ахиулах бодлого явуулдаг. Манайхан гэтэл бүр буруу ойлгоод, “Эд нар маш өндөр татвар төлдөг, бид маш бага төлдөг юм байна” гээд огт өөр өнцгөөс хараад байдаг. Би шаталсан татварыг дэмждэг. Гэхдээ манайхны популист улс төрчдийн ойлгодог утгаар биш, жижигт томрох орон зай өгдөг гэдэг утгаар нь.

-Та эх орны эдийн засгийн нөхцөл байдлыг хараад бухимдаж байна уу?

-Бухимдаад, цөхрөөд, одоо бүр гөлийдөг дээрээ явж байна.

-Энэ адармаатай нөхцөл байдлаас яаж гарах вэ?

-Одоо 14 мега төсөл хэрэгжүүлээд, улс хөгжинө гэж яриад байна. Тэрэн шиг худлаа юм байхгүй. Маогийн үеийн хятадууд тэгж хийгээд, хөгжиж чадаагүй шүү дээ. Дян Сяопин гарч ирээд яаж хөгжсөн бэ гэвэл бизнесийн бүх эрх чөлөөг нь өгчихсөн. Жишээ нь, газартай хүн байвал газар дээрээ тариагаа тариад, тодорхой хэсгийг нь улсдаа өгчих, үлдсэнийг нь яах нь та нарын дур гээд. Хувийн хэвшил нь хувийн хэвшилтэйгээ хамтарна уу, төртэйгөө хамтарна уу, гаднаас хөрөнгө оруулалт оруулна уу, өөрсдийнх нь дур. Гол нь л ажлын байр. Ер нь Хятад эдийн засгийн нээлттэй бодлого явуулсан. Нэг хэсэгтээ Америктай харилцаа сайн байсан. Дэлхийн банкийг оруулж ирж төлөвлөгөө хэрэгжүүлсэн. Гэхдээ манайх шиг төлөвлөгөө биш. Яаж үе шаттайгаар эдийн засаг, санхүү болон бизнесийн эрх чөлөө өгөх вэ гэсэн бодлого, төлөвлөгөө барьсан. Си Жиньпин яаж эрх мэдлийн оргилд гарав гэхээр, бүр багаас нь буюу орон нутгаас эхэлсэн. Хариуцаж байсан орон нутагтаа эхлээд Тайванийн, дараа нь Японы хөрөнгө оруулалтыг татсан. Дараа нь муж, улс гээд ахисан. Гол шалгуур нь хөрөнгө оруулалт ба ажлын байр байсан.

-Хятадын тогтолцоо өөр байх нь?

-Их сонин. Эхлээд орон нутагтаа та нар бизнес хийгээд үзчих. Хөрөнгө оруулалт татаад, тэрийгээ харуулчих. Тэгээд дээшээ яв гэж. Тэгж чадсан нь дээшээ явдаг. Манайд эсрэгээр орон нутагт бизнесийг хаа, боо гэдэг. Монголд хэн хувийн хэвшлийг зодож, ажлын байрыг устгаж чадсан нь дарга болдог, дэвшдэг, сонгогддог. Хятад хэдий наанаа харахад социалист мөртлөө цаад бодлого нь манайхаас илүү либерал шүү дээ. Төсвийн эдийн засагт нь эзэлж буй хувь хэмжээ 20-иос бага байдаг. Манайх бол бараг 40 хувьтай байдаг. Төрийн өмчийн компаниудаа оруулбал 40-өөс их байгаа. Тэгэхээр хэдхэн мега төсөл явуулаад, төр удирдан чиглүүлээд эдийн засаг хөгжчихнө гэж хэзээ ч байхгүй. Тэрний оронд иргэддээ өсөх хөгжих орон зайг нь л өгөх хэрэгтэй. Хөвсгөлд 30 тэрбумаар төрийн бяслагны үйлдвэр барина гэж байгаа улс чинь мега төсөл яриад яах юм бэ. Энэ нь логик зарчмын хувьд ерөөсөө авцалдахгүй байгаа байхгүй юу. Өмнөд Солонгос, Япон яаж хөгжсөн юм бэ гэвэл хувийн хэвшил дэх үндэсний компаниудаа л дэмжсэн. Хятад бас адил. Төрийн гэж байгаа ч үнэндээ дандаа хамтарсан, олон нийтийн өмчлөлтэй, нээлттэй орчин үеийн компаниуд байна. Хөнгөлөлттэй зээл өгч, бас гаднаас технологи хулгайлж өгч байна. Ингэж л хөгжиж байна. Манайх үндэсний компаниудаа бүгдийг нь тал талаас нь “цохиод, зодоод, унагаагаад”, “хөрөнгөтөн, хулгайч”-аар нь дуудаад, татвараар дарамтлаад, цэрэг цагдаа, хэвлэлийнхнийг оруулаад, шантаажлаад дуусгаж байгаа юм. Монгол хүнд орлого олох, хүн шиг амьдрах хүсэлт тэмүүлэл, жам ёсны эрх бий. Энийг нь төр хангахгүй байна.

-Бусад оронтой харьцуулахад өнөөдөр Монгол Улс чөлөөт зах зээлийн эдийн засагтай байна уу, өөр хэлбэр хөгжөөд байна уу?

-Ерөнхийдөө социализмын юм уу, төрийн өмч рүүгээ нэлээн орчихлоо. Гэхдээ бусад улсуудад хэдий төр өмчилдөг ч гэсэн засаглалын сайн зарчим, жишиг бий. Герман байна. Төрийн өмчийн гэх үү, ер нь бол олон нийтийн гэх нь зөв, тэдгээр компаниудынх нь засаглал яг хувийнхтай адилхан. Маш өндөр цалинтай, өндөр хангамж урамшуулалтай. Ерөөсөө л яг хувийн хэвшилтэй адил өрсөлдөөн, гүйцэтгэл дээр суурилсан ур чадварыг тойрч тогтдог. Манайд даргын эдийн засаг бий, даргын найз нар, хамаатнууд хүчтэй болж, бүр сүлжээ үүсгэдэг. Тэгэхээр манайх социализм нэртэй непотизм руугаа явж байна. Социалист нэртэй ч даргын, бараг мафийн гэмээр юм руу орчихлоо л доо. Манайх шиг улс уг нь хөрөнгийн биржийг маш сайн хөгжүүлэх хэрэгтэй. Америкийн том бизнесүүдийн эхлэлийг түүхийг харахад анхандаа зүгээр нэг санаа байдаг. Тэр санаагаа яаж мөнгө болгодог вэ гэхээр хөрөнгийн биржээр дамжуулж хувьцаа босгодог.

-Манайд хөрөнгийн бирж жинхэнэ утгаараа хөгжиж чадахгүй байгаа шалтгаан юунд байна вэ?

-Манайд санаатайгаар хөрөнгийн биржийг ашиглахгүй байна. Польшийг хар, Баруун Европыг гүйцчихлээ. Польш 1990-1992 онд иргэддээ цэнхэр, ягаан тасалбар тарааж, хөрөнгийн биржээ хамт хөгжүүлсэн. Манайд яасан бэ гэхээр 1992 онд Засгийн газар хөрөнгийн биржийг бүр санаатайгаар нам зогсоосон. Тэр хооронд нөгөө эрхийн бичгүүд хувьцаа болж чадаагүй. Хувьцааны соёл бий болж амжаагүй. Нэгэн зэрэг хийгдэх ёстой хоёр ажлын нэг нь хийгдсэн, нөгөө нь хийгдээгүй. Ингээд иргэд хувьцааны талаар маш буруу ойлголттой болсон. Сүүлийн хэдэн жил Хөрөнгийн биржийг босгоод ирэх хугацаа байсан, чадсангүй. “Эрдэнэс Таван толгой”-н 1072 хувьцаа гэдэг үнэхээр хувьцаа биш шүү дээ. Иргэдэд байгаа эрхийн бичиг. Яагаад вэ гэвэл, аль нэг компанийн тайлан баланс дээр хувьцаа бүртгэгдэх ёстой. Одоо болтол бүртгэгдээгүй байна. Энэ мэтчилэн бусад хөгжиж буй орнуудтай харьцуулахад манай улс реформуудыг дутуу алсан могой гэдэг шиг хийсэн. Эргэж буцсан. Ингэснээр бид маш их цаг хугацаа, төрд итгэх итгэл, ардчилалд итгэх итгэлээ алдлаа. Зах зээлд итгэх итгэлээ алдлаа. Итгэл байхгүйгээр бизнес явахгүй, эдийн засаг өсөхгүй шүү дээ. Итгэх үнэт зүйл байх ёстой, ёс суртахуун байх ёстой, гэтэл, энэ бүхэн байхгүй болчхоод байна. Бид үндэсний хуримтлалтай болох ёстой. Том бизнесүүдийг харахад бүгд өр зээл. Гэтэл 30 жилийн дотор Польш, Казахстаныг хар. Яг нэг гараанаас гарсан улсуудаас бид маш их хоцорсон байна. Хоцрогдлын нэг гол шалтгаан нь популизм бас үл итгэлцэл. Гэтэл хөрөнгийн бирж хаана хөгждөг вэ гэхээр, нийгэм нь ёс суртахуунтай, төр нь итгэл хүлээсэн тийм л газар хөгждөг юм байна.

Д.ЭРДЭНЭТУЯА

 

One reply on “Ч.Отгочулуу: Монгол Улсын эдийн засаг доллар руу шилжүүлээд үзэхэд хий эргээд байна DNN.mn”

БҮГДЭЭРЭЭ САЙН БАЙНА
ТА БӨӨРӨӨ 780,000 ДОЛЛАРЫН МӨНГӨНИЙГ ЗАРНА ГЭВЭЛ ЭНЭ ЭМНЭЛГИЙН И-мэйл хаягаар холбогдоно уу: DR.MANIPALHOSPITAL@GMAIL.COM

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *