“Mindfit” сэтгэл заслын төвийн сэтгэл зүйч Д.Золжаргалтай ярилцлаа.
-Инээд байгаа газар аз жаргал байдаг гэдэг. Сэтгэл зүйч хүний хувьд үүнийг яаж тайлбарлах вэ?
-Инээмсэглэл нь нэг талаараа соёл юм. Хэлний бэрхшээлээс үл хамааран ойлгогддог аман бус харилцааны чухал бүрэлдэхүүн хэсэг гэж үздэг. Хүн сэтгэл хөдлөл, мэдрэмжээ биеийн хэлэмж, нүүрний хувирлаараа илэрхийлдэг. Харин инээмсэглэлээр дамжуулж сэтгэл ханамжтай байдал, таашаал, баяр баясгалан, аз жаргал гэх мэт эерэг сэтгэл хөдлөлөө илэрхийлж байдаг. Судалгаанаас үзэхэд хүн хоорондын харилцааны 55 хувь нь аман бус хэлбэрээр мэдээллийг хүлээн авдаг. Хүний ярианы 93 хувийг ярьж байгаа зүйлээс нь бус нүүрний хувирал болон хэрхэн ярьж байгаагаас нь ойлгож болдог. Үүнээс харахад хүнтэй ярилцахад хамгийн чухал нь нөгөө хүндээ эерэг сэтгэгдэл төрүүлэхүйц биеийн хэлэмжтэй, нүүрний хувиралтай байхыг чухалчилж үзэх хэрэгтэй. Инээмсэглэх нь зөвхөн хувь хүний хэрэг биш, нийгмийг эерэг, сайн сайхан байлгах эхний алхам болдог гэдгийг ойлгох хэрэгтэй.
-Сэтгэл судлалын үүднээс хүнийг хамгийн их аз жаргалтай, тайван байлгадаг зүйл нь юу гэж үздэг юм бол?
-Аз жаргал бий болгож буй зүйлсийн нэг бол сэтгэл ханамжийг мэдрэх байдаг. Хүн бүрийн хувьд сэтгэлийн ханамж мэдэрдэг зүйлс харилцан адилгүй өөр байж болно. Тиймээс хүн бүр өөрийн сэтгэлийн таашаал, сэтгэл ханамж, тайван мэдрэмж авдаг зүйлсээ ойлгох нь чухал гэж үздэг. Таны хувьд хэн нэгнийг аз жаргалтай болгодог зүйл нь бусдыг аз жаргалтай болгодог зүйлээс өөр байж болох учраас бусдад хүндэтгэлтэй хандах хэрэгтэй.
Харин таатай, эерэг сэтгэл хөдлөлд тухайн хүний сэтгэл зүйн онцлог, сэтгэлийн хат, стрессийг тэсвэрлэх, даван туулах чадвар, хүмүүжил, орчин нөхцөл, хандлага гэх мэт олон зүйл нөлөөлж болдог. Аз жаргалтай байхын хамгийн чухал зүйл нь гэр бүлтэйгээ сайн харилцаатай байж цагийг өнгөрөөх, ойр дотны хүмүүсийн дэмжлэг, итгэлтэй хүмүүстэйгээ хамт байх юм. Гэрлэсэн юм уу романтик харилцаатай хүмүүс гэрлээгүй хүмүүсээс илүү их аз жаргалтай байдаг гэсэн судалгаа гарсан. Дараа нь ажлаас гадуурх нийгмийн оролцоо, ажил мэргэжил, хамт ажиллаж буй хүмүүстэйгээ харилцаа сайтай байх нь аз жаргалтай байхад нөлөөлдөг гэж үздэг.
-Манай улсад инээмсэглэх соёл бага байдаг. Яагаад бид бусдад инээд бэлэглэж, сайхан сэтгэгдэл төрүүлж болохгүй гэж. Ер нь инээх ямар ач тустай юм бол?
-Монголчуудын хувьд, түүх, нийгэм, соёлын онцлог нь сэтгэл хөдлөлөө илэрхийлэхэд нөлөөлдөг гэж үзэж болно. Эрдэмтэд инээх нь хүний сэтгэл зүйд эерэг нөлөө үзүүлж, стрессийг бууруулж, сэтгэл санааг дэмждэг гэдгийг тогтоосон. Тийм учраас инээх, баярлах нь эрүүл мэндийн хувьд сайнаар нөлөөлнө үү гэхээс буруу зүйл байхгүй. Аль болох л инээж, аз жаргалын даавраа ялгаруулах ёстой.
Хэрэв хэн нэгний инээхийг мэдрэхгүй, аль эсвэл инээх дургүй бол сэтгэл зүйн асуудал үүсч магадгүй. Тухайлбал, стресст орох, ганцаардал, депресс гэх мэт. Инээмсэглэл нь ярилцаж буй хүндээ эерэг сэтгэгдэл төрүүлдэг учраас инээд бэлэглэх нь өөртөө ч тэр, бусдад ч тэр таатай мэдрэмж өгдөг. Түүнээс гадна инээмсэглэл нь өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлдэг. Тиймээс манай монголчууд энэ их стресс, бухимдалтай нийгэмд багахан ч болов бусдадаа инээд, баяр баяслыг төрүүлэх хэрэгтэй. Инээмсэглэл нь аз жаргалын гормон гэж нэрлэгддэг эндорфинийг ялгаруулдаг. Энэ гормон нь стрессийн түвшинг бууруулж, сэтгэлийн хөдөлгөөнийг сайжруулахад тусална. Үүний үр дүнд инээмсэглэл нь амьдралын хүнд хэцүү мөчүүдэд өөрийгөө тайвшруулах, урамшуулах, зоригжуулах үр дүнтэй арга болж хувирдаг. Эндорфин нь мөн сэтгэл санааг сайжруулаад зогсохгүй өвдөлтийн мэдрэмжийг хүртэл бууруулж чаддаг. Инээмсэглэж байгаа хүн бусдын сэтгэл хөдлөлд нөлөөлж чаддаг. Тиймээс инээмсэглэх соёл нь бидний өдөр тутмын харилцаанд үр дүнтэй, чухал үүрэг гүйцэтгэж байдаг.
-Монголд инээх соёлыг хөгжүүлэхийн тулд хувь хүн ямар алхам хийх хэрэгтэй вэ?
-Монголд инээх соёлыг хөгжүүлэхийн тулд бидний өдөр тутмын харилцаанд эерэг, халуун дулаан байдлыг үүсгэх хэрэгтэй. Инээмсэглэсэн, эерэг хандлагатай хүн бүрийн орон зайг дэмжих нь эргээд бүх нийтийн сэтгэл зүйд эерэг нөлөө үзүүлдэг. Ингэж бид сэтгэл зүйн эрүүл мэндээ сайжруулж, гэр бүл, ажил, нийгэмд эерэг орчныг бүрдүүлэхэд хувь нэмрээ оруулж чадна.
-Насанд хүрсэн хүмүүстэй харьцуулахад хүүхэд инээх нь элбэг. Шалтгаан нь тэдний цайлган цагаан сэтгэл байх вэ?
-Хүүхэд амьдралынхаа эхний сард уур хилэн, уйтгар гунигийг мэдэрч, аажмаар баяр баясгалантай болж инээмсэглэж сурдаг. Мэдээж хүүхэд бол гэнэн цагаахан учраас ямар ч зүйлийг эерэгээр харж, инээмсэглэдэг. Хүүхдүүд амьдралыг илүү энгийнээр, шүүмжлэлгүйгээр хүлээж авдаг учраас инээх нь тэдний мэдрэмжийн илэрхийлэл болдог. Хүүхэд төрсөн цагаасаа хойш эргэн тойрны хүмүүсийнхээ өөрт нь яаж хандаж, харилцаж байгаагаас сэтгэл хөдлөл мэдрэмжээ илэрхийлэх чадварт суралцаж байдаг. Бага насны хүүхдийн сэтгэл хөдлөлөө илэрхийлэх чадвар маш хурдан хөгждөг учраас энэ хугацаанд хүүхдийг зөв асрах, харилцах нь чухал байдаг. Харин насанд хүрэгчдийн хувьд сэтгэл хөдлөл, мэдрэмжээ хянаж эхэлдэг нь нэг талаар инээх давтамж нь буурдаг.
-Ер нь манай монголчууд сэтгэл зүйн эрүүл мэнддээ хэр анхаарч байна вэ?
-Монголчууд сэтгэл зүйн эрүүл мэндээ өнгөрсөнтэй харьцуулахад илүү анхаарах болсон. Жишээ нь, сүүлийн жилүүдэд хүн амын дунд сэтгэл зүйн боловсрол олгох олон төрлийн сургалт, арга хэмжээ зохион байгуулагддаг болсон байна. Сэтгэл зүйн сургалт, мэдээлэл өргөн болохын хэрээр хүмүүс сэтгэл зүйн тусламж авах, сэтгэл зүйн зөвлөгөөнд хамрагдах байдал нэмэгдэж байна. Энэ нь хүмүүс сэтгэл зүйн эрүүл мэнддээ анхаарч байгаагийн нэг жишээ гэж харж байна. Гэхдээ энэ талын боловсрол, мэдлэг, үйлчилгээний хүртээмжийг сайжруулах шаардлага байсаар байна. Хүмүүсийн сэтгэл зүйн эрүүл мэндийг ойлгох, сэтгэл зүйн тусламж авах нь нийгэмд нээлттэй хөгжих ёстой.
Г.БАЛГАРМАА