Прокурорын байгууллага 2024 оны 11 дүгээр сарын 25-наас 29-ний өдрийг хүртэл хугацаанд хэрэг бүртгэлтийн 43999, мөрдөн байцаалтын 4782 хэрэгт хяналт тавьж, эрүүгийн 185 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүллээ.
Баян-Өлгий аймгийн прокурорын газраас тус аймгийн Гаалийн газрын албан тушаалтан Ж.У, М.Б нар нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Цагааннуур боомтоор нэвтрүүлсэн эд зүйлсийн шинжилгээний хариу гараагүй байхад гаалийн хяналтын бүсээс гаргаж бусдад давуу байдал бий болгосон, мөн Гаалийн газрын албан тушаалтан Х.Ж, Т.Б, Д.А нар нь Монгол Улсын хилээр нэвтэрсэн тээврийн хэрэгслийн гаалийн хяналт шалгалтыг биечлэн хийлгүйгээр хилээр нэвтрүүлж бусдад давуу байдал бий болгосон хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн тус аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,
– Монгол Улсын иргэн С.Х, Бүгд Найрамдах Казахстан Улсын иргэн Д.А, Бүгд Найрамдах Хятад Улсын иргэн Х.Ж, М.Ш, В.Ш нар нь Баян-Өлгий аймгийн нутаг дэвсгэрт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсан, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан эд зүйлсийг устгасан хэрэгт Эрүүгийн хуулийн 24.2 дугаар зүйлийн 1 /Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох/, 21.1 дүгээр зүйлийн 1 /Нотлох баримтыг хуурамчаар үйлдэх, устгах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн тус аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,
– Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газраас БНХАУ-ын иргэн Ю.Ш нь түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн хэрэгт Эрүүгийн хуулийн 18.5 дугаар зүйлийн 3 /Улсын хилээр барааг хууль бусаар нэвтрүүлэх/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн тус сум дахь сум дундын шүүхэд тус тус шилжүүллээ.