Их Британийн Шеффилд хотод сонирхогчдын боксын Дэлхийн цомын энэ оны отгон тэмцээн болж, манай тамирчид гурван медаль хүртлээ.
Тодруулбал, Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Д.Отгондалай, О.Батхүү нарын удирдлага дор эрэгтэй тав, эмэгтэй дөрвөн тамирчин өрсөлдөхөд алт, мөнгө, хүрэл медаль тус бүр нэгийг зүүсэн байна. Эрэгтэйчүүдийн 51 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер А.Баттулга алтан медалиар энгэрээ мялааж, төрийн дууллаа эгшиглүүлсэн бол 63.5 кг-д Т.Энхтөр хүрэл медаль хүртэв. Тэгвэл эмэгтэйчүүдээс 54 кг-д ААШТ-ий хүрэл, Азийн наадмын хүрэл медальт О.Есүгэн мөнгөн медаль хүртсэн байна.
А.Баттулга өмнө нь тус тэмцээний мөнгө, Т.Энхтөр хүрэл медальтай бол О.Есүгэн анхны медалиа гардсан нь энэ. Энэ тэмцээний араас дэлхийн чансааг шинэчлэн гаргах бөгөөд Дэлхийн цомын гурван тэмцээний нэг нь Монгол Улсад болсон билээ.