Монгол Улсын Тод манлай уяач, Монгол Улсын начин, МҮМУУХ-ны Ерөнхийлөгч Ц.Дуламсүрэнтэй ярилцлаа.
-ЭРЛИЙЗ АДУУ ХҮНСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛД ЗАНАЛХИЙЛЖ БАЙГААГ МЭДЭХ ХҮНГҮЙ БАЙНА-
-ММСУХ-ны наймдугаар Их хурал болж байна. Монголын Үндэсний Морин Уралдаан, Уяачдын холбооны Ерөнхийлөгчийн хувьд та энэ хурлаас юу хүлээж байна вэ?
-ММСУХ үүсгэн байгуулагдаад 30 жил болох гэж байгаа төрийн бус байгууллага. Анх уяачдын эрх ашгийг хамгаалъя, адууны үнэ цэнийг өсгөе, уяачийн хөдөлмөрийг төрд үнэлүүлдэг болъё гэж байгуулагдсан. Та том айл гэж байна. Тийм ээ, энэ том айл гэрийг анх үүсгэн байгуулагч нь одоогийн Хөдөлмөрийн баатар, XX зууны манлай уяач Данзаннямын Даваахүү, Монгол төрийн наадамд дөрвөн үеэрээ морь айрагдуулсан Галын Баттөмөр гэж энэ хоёр хүн. Анхныхаа шанг Төв аймгийн Баянжаргалан сумын нутагт татаж, тэргүүнээр нь Г.Пунцагбалжир гэж залууг томилсон байдаг. Тэд байгуулагдаад их юм хийсэн үү гэвэл хийсэн. Тэр үед бөх, харваачид цол өгдөг хэрнээ уяачид биш моринд нь цол өгдөг байсан. Тийм болохоор уяачдынхаа хөдөлмөрийг үнэлүүлж, цолтой болгосон. Ингээд л залуучууд моринд хошуурч эхэлсэн. Үйлс нь дэлгэрч, салхи нь баруун хоймортоо байгаа хүнийг уяач гэж хэлж болно гэж би хэлдэг. Юм үнэнээрээ сайхан. Гэвч уяачаа үнэлүүлсэн биш сүүлдээ цолны төлөө, бай шагналын төлөө тулаан болсон. 2011 оноос эхлэн эрлийз, монгол гэсэн яриа хүчээ авч, асуудал хурцадсан.
Дэлхийд өнөөдөр хоёр өөр цусны морь нэг зам дээр уралддаггүй, уралдуулдаггүй. Бид ч гэсэн ингэж болохгүй. Тусад нь уралдуулаад явъя гэсэн чинь оюун санааны мөглөнд орсон нөхдүүд тусдаа уралдаж чадахгүй болохоороо монгол адуунд эрлийзээрээ уралдаж, айраг, түрүү аваад эхэлсэн. Ингээд монгол наадам устах хэмжээнд хүрчихээд байна. Сүүлд ММСУХ-ны долдугаар Их хурал гэж болсон. Энэ хурлаар холбоог үүсгэн байгуулсан Д.Даваахүү, Г.Баттөмөр гуай нарыг хурлын индэр дээрээс хөөж буулгаад, “Та нарын үе өнгөрсөн” гэж хэлээд холбоог нь дээрэмдээд авчихсан. Монголын нийт уяачдын 87 хувийн саналаар үйлдэрлэг байдлаар нь салгаж уралдуулах ёстой. “Бид малаа ялгаж чаддаг хүмүүс” гэсэн санал хүчингүй болж, хэсэг бүлэг нөхдүүд эрлийз адууг төлөөлөгчдөд бэлгэнд өгөх байдлаар санаагаа гүйцэлдүүлсэн. Ингээд л ММСУХ гэж эрлийз 9 ангиллаар хүч түрэн уралддаг цөөхөн хүмүүсийн холбоо болж хувирсан. Хүн харахад 30 жилийн түүхтэй, том холбоо харагдаад байдаг. Гэвч нарийндаа тэд өв соёлоо өөрсдийнхөө гараар өрлөөд сууж байгаа юм. Ийм л учиртай.
-Энэ эрлийз, Монголын хэрүүл тэгээд хэдэн оноос эхлэлтэй юм бэ?
-Монгол төрийн 2011 оны улсын баяр наадмын айраг, түрүүний 29-ийг нь монгол адуу авч байлаа. Ганцхан дааганы түрүүг Хөдөлмөрийн баатар Д.Ононгийн 50 хувьтай шарга даага авсан. Эрлийзэд уралдана гээд бүртгүүлчихсэн байсан даагаа Дамбын Хишгээгийн нэр дээр монгол дааганд бүртгүүлээд түрүүлсэн юм. Ер нь “Сэрвээднэ гэдэг бол дээд зэргийн мунхаглал. Азарганы сэлдий огтолно гэдэг бол дээд зэргийн харгислал юм” гэж хэлээд байгаа. Өнөөдөр хурлаа хийж байгаа энэ нөхөд хүний оролцоогүй сэрвээний өндрийг хэмжинэ гэж яриад байх юм. Гэтэл хүний оролцоогүй бүтддэг зүйл гэж энэ дэлхий дээр бий бил үү. Хэмжээндээ багтахгүй адууг мөнгө өгч уралдуулдаг. Хүний хэмжээндээ орж байгаа хурдан адууг хасуулдаг байдлыг байдаг л нэг асуудал болгочихлоо. Энэ бүхнийг дэмждэг, ерөөсөө эхлүүлсэн, үүр уурхай нь болсон холбооныхон өнөөдөр хурлаа хийж байгаа юм. Би энэ холбооны дотоод асуудалд оролцох ямар ч боломж байхгүй. Харин үнэхээр уяачдын хурал болж байгаа бол Монгол Улсын анхны зургаан Тод манлайн нэгийнх нь хувьд би хэлэх үгээ хэлнэ.
-Наадам үзэгчгүй, уралдах морьгүй боллоо гээд байгаа. Яагаад ийм болоод байна вэ?
-Энэ удаагийн хуралд Сумдын уяачдын холбооны тэргүүн нар ирж оролцоно гэж байна билээ. Жинхэнэ уяач нар нь эрх ашигтайгаа ард нь үлдчихсэн байдаг. Дарга нарын хурлаар уяачдын эрх ашгийг шийдэхгүй шүү дээ. Харин өөрсдийнхөө боломжийг яаж бий болгох вэ гэдгээ л шийднэ. Монгол наадмыг зөвхөн бөх, уяач, харваачдад зориулж хийдэггүй юм. Ард түмэнд зориулж наадам хийдэг юм. Өнөөдөр Архангай аймгийн Хотонт суманд 10 морь уралдаж байна. Говь-Алтай аймагт азарга, соёолон нийлээд л найман морь мордож байна. Ноднин Архангай аймгийн Хашаат суманд долоон соёолон уралдаж, 50 хувьтай эрлийз адуу түрүүлсэн. Энэ адууг манай Сүхбат зааны аав хүүгийнхээ нэр дээр давхиулсан байгаа юм. Жинхэнэ монгол морьдоо уралдуулъя гэхээр хасчихаад байхаар ард түмэн яаж уралдах юм бэ. Тиймээс л морьгүй, үзэгчгүй боллоо гэж хэлээд байгаа хэрэг.
Уралдах морьгүй, уях уяачгүй болчихоод байгаа хэрэг биш үү?
-Уралдах морьд нь байна. Уях мянга мянган залуучууд нь байна. Өнөөдөр морь уядаг, өв соёлоороо гангардаг маш их хүн бий. Бидний ахуйн соёл арай ч журамлагдаагүй байна. Хүүгээ чөдрийн морь дөхүүлдэг болоод ирэхээр нь “Миний хүү тусад оржээ” гэдэг. Даанч бид өнөөдөр уралдаан, наадам хоёроо ялгаж ойлгох чадваргүй, хүсэлгүй болоод байна. Уралдаан гэдэг тэмцээн байхгүй юу. Монгол наадам бол өв соёл. Үүнийг чинь хүн төрөлхтний түүхэнд оруулсан монголчуудын биет бус оюуны өв соёл мөн гээд ЮНЕСКО бүртгэж аваад, гэрчилгээг нь гардуулчихсан. Тиймээс энэ өв соёлыг хамгаалах үүрэг нь бидэнд оногдож байгаа юм. Үндсэн хуулиар Монгол Улсын иргэд бүгдээрээ өв соёл, эх орноо хамгаалах үүрэгтэй гээд заагаад өгчихсөн. Гэтэл энэ өв соёлыг нь хамгаалах учиртай төр ажиллахгүй байна. Бас иргэн бүр ухаарч өгөхгүй байна. Тийм болохоор өв соёл маань устаж, устгагдаж байна даа. Наадамд 6-7-хон морь мордож байна гэдэг чинь устаж байгаагийн шинж, устгаж буйн үр дүн мөн биз дээ. Монгол адуу өөрөө Монголынхоо жилийн дөрвөн улиралд заяасан, тохирсон, бий болсон амьтан. Хүн төрөлхтөн анх гаршуулсан байгалийн төрмөл бүтээгдэхүүн байхгүй юу. Англи, араб адуунууд чинь дандаа бий болгосон хүнийхээ нэрээр нэршсэн адуу. Тийм ч болохоор дэлхийн адуу судлаач нар монгол ба бусад гэсэн хоёрхон адуу байдаг гэж үздэг. Гэтэл өнөөдөр эрлийз нэртэй адуунууд нь түрээд, монгол адуу уралдах боломжгүй болчихсон учраас уяачид цөөрчихсөн. Эгэл жирийн, орон нутагтаа аж төрөн суугаа уяач морь уях боломжгүй болсон. Хөдөөний бор уяачид гэж нэрлэчихээд, тэднийгээ наадах боломжгүй болгосон. Тэгээд ч хэн тэднийг хөдөөний уяач гэж ялгаварлан гадуурхахыг зөвшөөрсөн юм бэ. Нүүдэлчин монголчуудыг устгах хамгийн том гадны бодлогын нэг нь импортоор адуу оруулж ирж байгаа явдал. Дээрээс нь Ерөнхийлөгч өнөөдөр “Хүнсний аюулгүй байдал”-ын тухай гэдэг зүйлийг ярьж байна. Харамсалтай нь, эрлийз адуу жинхэнэ хүнсний аюулгүй байдалд заналхийлж байна.
-Тэр нь юу гэсэн үг юм бэ?
-Эрлийз адууны махыг идэх ямар ч боломжгүй. Өвчний үүр. Монгол адуунд огт байдаггүй байсан бэлгийн замын халдварт өвчин эрлийз адуугаар дамжин бий болсон. Өнөөдөр цусны долоон төрлийн өвчин шинээр бий болчихлоо. Энэ талын хангалттай баримт байна. Монгол азарга ороо нь орсон үедээ л гүүгээ гишгэдэг. Хээлтэй гүүгээ гишгэдэггүй. Гэтэл цэвэр цусны азарга тийм биш. Өөрийг нь тарьчихвал юуг ч хамаагүй гишгэнэ. Гүүгээ хамгаалж чаддаггүй. Тэгээд эднийхээ төлийг авахын тулд монгол азарганы сэлдийг нь огтолж хаяж байна. Хөөрхийлөлтэй болсон амьтан үрийнхээ шингэнийг задгай асгаад явж байдаг. Үүнээс том яргалал гэж юу байна. Эрлийзтэнгүүд “Эрлийз адуугүй айл байхгүй” гэж ярьдаг. Гэтэл тийм биш. Өнгөрсөн жил Баянхонгор аймгийн дөрвөн сумын зааг нутагт 2000 адуу цуглуулахад ганцхан эрлийз адуу ирж байсан. Хотод байгаа цөөхөн хэдэн энэ нөхөд чинь бүхнийг мэддэг юм биш. Байтлаа бүхнийг мэддэг, бас дээр нь зохиодог болох гээд байна. Хөдөөний хөх уяачид чинь харин бүгдийг тунгаагаад, ойлгоод, ажаад л байж байдаг юм. Ямар малыг яаж маллахаа тэд хамгийн сайн мэддэг хэвээрээ байна лээ шүү.
-Эрлийз адууг тахин шүтээд, монгол азарганыхаа сэлдийг нь огтлоод, ингэж үхэн хатан зүтгээд байгаагийн цаана ямар эрх ашиг байдаг юм бэ. Таны хэлээд байгаа цолны төлөө юм уу. Эсвэл өөр зүйл байна уу?
-Бид “би” гэдэг өвчинд нэрвэгдчихээд байна. БИ МУНДАГ гэж харагдахын тулд эхэлж эрлийз адууг оруулж ирсэн. Гэвч яг үнэндээ дэлхийн дуудлага худалдаанаас цэвэр цусны адуу аваад оруулж ирж байгаа нэг ч хүн байхгүй. Монголчуудыг мориноос нь буулгах сонирхол мөнхийн байсан зүйл л дээ. Үүний нэг илрэл нь эрлийз адуу. Эрлийз адууг хонинд унаад явах ямар ч боломжгүй. Одоо бүр ил цагаандаа гарсан. Цахим орчинд “Морины допинг байна. Авах уу” гэдэг зар явдаг болсон. Хуучин ч бас хөөрхий ичдэг, санаа зовдог байлаа. Бодлогогүй хэн нэг хүний гаргасан зүйлийг боловсролгүй, бодлого, мэдлэггүй улстөрчид нь дэмжсээр байгаад улсын тусгаар тогтнолын эсрэг үйлдэл болон хувирч байна.
-Баяр наадмаа хийж чадахаа байсан гээд байх юм, Та. Гэтэл бид чинь уг нь баяр наадмын тухай хуультай шүү дээ?
-Одоо чинь намхан эрлийз морины зургаан нас, өндөр эрлийз морины гурван нас гээд есөн насны эрлийз морьд уралдаж байна шүү дээ. Хуулиар өндөр эрлийз морины амжилтыг нь тооцохгүй гээд заачихсан. Гэвч уралдаад л байдаг. Уралдаж ирээд, цолоо аваад л байдаг. Ер нь ингэхэд төрийн баяр наадмыг хэн хийх ёстой юм. Төр хийх ёстой биз дээ. Үндэсний баяр наадмын тухай хуульд хурдан морины уралдаан гэсэн заалт байсан юм. Бид жагсаж тэмцэж байж үндэсний морин уралдаан гэж өөрчлүүлсэн. Хурдан морь мөн бишийг хэн нотлох юм бэ. Хүүхэдтэйгээ, монгол морьтойгоо, монгол бөхтэйгөө, уяачтайгаа байж байж наадам болдог. Дэлхийд байгаа уралдаанаас хүүхэд унаж уралддагаараа л манай наадам тэс өөр юм шүү дээ. УИХ-ын дарга Д.Амарбаясгалан “Хуулиас дээгүүр журам байна. Үүнийг цэгцэлнэ” гэж хэлсэн. Шадар сайд С.Амарсайхан “Стандартгүй юм байхгүй” гээд хэлчихсэн. Бид хууль дээдлэх зарчимтай, эрх зүйт ардчилсан нийгэмд амьдарч байгаа. Гэвч хуулиа дээдэлж хэрэгжүүлэхгүй байна. Мөн Удмын сангийн тухай хууль батлагдсан. Монгол хүн гэдгийг генээр нь л тогтооно. Морь ч гэсэн үүнтэй адилхан. Хөдөө аж ахуйн сайд байсан Х.Болорчулуун гэдэг нөхөр Д.Ононгоор эрлийз морь уяулж, монгол наадамд гуравт давхиулаад, тэрнийхээ хариу болгож сэрвээдэх гэдэг дүрэм гаргаж, бэлэг барьсан. Бүр хууль болгоно гэж гурван удаа зүтгүүлээд бараагүй, унасан. Монголчууд бас ч гэж ухаанаа бараагүй, арай ч тэгээд баталчихаагүй. Ийм л зүйл яваад байгаа юм. Үүнд төр өнөөдөр анхаарал хандуулж, асуудлыг нэг мөр шийдэх цаг нь болсон. Тийм ч учраас бид хуулиас давсан, монгол наадмыг үймүүлээд байгаа журмаа анхаарч өгөөч гэж УИХ-ын даргад хандана. Архангай аймгийн Их тамир сум өнгөрсөн жил 100 жилийнхээ баяр наадмыг хийсэн. Сумын Засаг дарга нь таараад “Морины уралдааныг наадмаас хасчихаж болохгүй юу” гэж асуусан гээд бод доо.
-Бүр иймдээ тулсан хэрэг үү?
-Эрлийз морьтой нөхөд оччихоод, наадмыг нь хийлгэхгүй, сумын албан хаагчдыг нь зодоод, аргаа барахдаа тэгж асууж байгаа хэрэг. Ингэж л наадмыг үймүүлж байна. Өв соёлоо устгалцаж байна. Хэрэгжүүлэхгүй бол хууль баталж яадаг юм бэ гэж би гишүүдээс асуумаар байна. Хариуг нь хамтдаа сонсмоор байна.
-Эрлийз, монголоосоо халиад одоо бүр авлигын хэрэгсэл болчихсон юм биш үү?
-Ноднин жил уяачдын дундаас хоёр дахь Хөдөлмөрийн баатар төрлөө. Тэгээд ярилцлага өгч байна. Ингэхдээ англи, араб адууг авч ирээд, монгол гүүн дээр гишгүүлсэнийг эрлийз гэж ярьж байх юм. “Адуу, адуутайгаа нийлж байгаа учраас эрлийз гэх ойлголт байхгүй. Монголд төрсөн учраас монгол адуу л гэж хэлнэ” гэсэн. Хөдөлмөрийн баатрын хэлснээр бол монгол-хятад хоёр хүний дундаас төрсөн хүн Монголд төрсөн бол монгол хүн болох нь л дээ. Яг ингэж л эрлийзээр бизнес хийх санаатай.
Нэг ч монгол морь төрийн наадамд айрагдуулж үзээгүй хүн Тод манлай уяач болчихсон. Үүнд щ төр нөлөөлөөд байна. Хууль бус зүйл хийснийг нь өөгшүүлээд, баатар болгоод байна. Ингэж буруу ухуулга явуулмааргүй байна. Өнөөдөр өөрийнхөө морийг мордуулахын төлөөх тэмцэл л явагдаж байна. Энэ холбооны тэргүүн болж, баяр наадмын комисст багтаж байж, санаагаа гүйцэлдүүлнэ. Сарвайснаа авна. Жишээ нь, өнгөрсөн жилийн баяр наадмаар нэг нөхөр 50 сая төгрөгийн авлига өгч байж морио мордуулсан гэж байна лээ. Тэр жил бас 20 сая төгрөгийн хахууль өгч морио мордуулаад, тэрэнд нь эрүүгийн хэрэг үүсгээд, тэгснээ 20 литр айраг болж цайруулаад, цагаандаа гарч дарагдсан. Хэмжээгээр шийднэ гэдгийн чинь цаана л булхай, улс төр, авлига, явагдаад байгаа юм. Тэрийг нь төрд алба хашиж буй зарим хүмүүс зүйл бүрээр усалж тордоод, угааж ариулаад, утаж унгатгаад, арга эвийг нь олоод цэцэглүүлээд байгаа юм. Тэр бүгдийн манлайд шахуу манай ММСУХ цохиж явдаг байсан. Одоо ч үргэлжлүүлэхээр хуралдаж, хуйвалдаж байцгаах шив. Эцэст нь хэлэхэд, ардын үрс наадамд морио мордуулах гарцгүй, авлига цэцэглэсэн нийгэмд наадмаа хүртэл найр тавьж өгчихөөд сууж байна гэж бодохоор өөрөө өөртөө гомдож суух. Хэндээ ч хандах билээ гэхээр цаг төр цөвүүн байна даа.
2 replies on “Ц.Дуламсүрэн: Сэрвээднэ гэдэг дээд зэргийн мунхаглал, сэлдий огтолно гэдэг дээд зэргийн харгислал DNN.mn”
Гайхалтай хэлжээ.
Иймэрхүү ярианд итгэдэг хүмүүс бараг байхгүй болсон энэ хүн холбоо байгуулаад монгол морины уралдаан зохион байгуулаад өдийд холбооны салбараа бүх сум аймагт байгуулсан бүсийн наадмаа хийгээд явах бололцоо хугацаа байсаан энэ холбоог дэмжих аймгийн холбоо гарсангүй арав хүрэхгүй сумын холбоо дэмжсэн нэртэй эдний зохион байгуулдаг монгол магнай уралдаан улсын хэмжээнд ганцхан монгол адууны нэртэй явагддаг ч зөвхөн азрага их нас гэсэн ангилалтай уралдаж байгаа морины тоо жил бүр цөөрч өнгөрсөн жил 30 хүрэхгүй азрага уралдсан түрүүний өмнөх жил их насны 8 хан морв барианд ороод бусад замаасаа татчихсан байх жишээтэй тэгээд хөдөөний хөх уяач гээд төлөөлөх эрхгүй байж яриад явах юм энэ зөрүү нөхөр уяачдыг хөх улаан баян хоосон эрлийтэн гэх мэт ангилал бий болгоод тэднийг хагаралдуулах мэргэжлээрээ удирдах гэж их оролдож бн тэднийг дэмждэг цөөхөн нөхдүүд нийт уяачид төр засаг ард түмнийг гутаан доромжилсон мэдэгдлийг нийгмийн сүлжээгээр өдөр шөнөгүй цацаж байх юм монгол морины хуралдаанаа аймаг сум бүрт зохион байгуулахыг хэн ч зориогүй шүү дээ