Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

М.Бадамсүрэн: Төсөв дээр анхнаасаа ажлын хэсгүүдийн саналыг авч, засаад явсан бол Ерөнхийлөгч хориг тавихгүй л байсан DNN.mn

Улсын Их хурлын гишүүн М.Бадамсүрэнтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Анхны 126 гишүүнтэй парламент анхны төсвөө хэлэлцлээ. Тал бүрийн маргаан өрнүүлж байгаад төсвөө баталсан боловч Ерөнхийлөгч бүхэлд нь хориг тавьсан. УИХ-ын гишүүнийхээ хувьд ирэх оны төсөв дээр ямар байр суурьтай оролцож ирэв?

-Юуны өмнө чөлөөт зах зээл, ардчилсан нийгэмд хувийн хэвшил хөгжлийг түүчээлдэг гэж үздэг. Энэ утгаараа хувийн хэвшлийг дэмжсэн бодлогоо төсвийн хуулиараа хэрэгжүүлэх ёстой гэдэг байр сууринаас олон гишүүн үзэл бодлоо илэрхийлж, санал, санаачилгаа гаргаж явсан. Ирэх оны төсвийг хамтарсан Засгийн газраас өргөн барьсан. Том төслүүдээ хөдөлгөж, бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд хөрөнгө оруулалтаа хуваарилсан төсөв орж ирж батлагдсан. Улмаар Ерөнхийлөгч хориг тавилаа. Түүнийг нь УИХ сая дэмжлээ.

-Хувийн хэвшлийг дэмжих ёстой гэлээ. Төрийн зүгээс, тэр дундаа төсвийн бодлогоороо хувийн хэвшлээ ямар байдлаар дэмжих ёстой юм бэ?

-Хувийн хэвшлийг дэмжихийн тулд цөөн хэдэн бодлого хэрэгжүүлж байгаа. Тухайлбал, дэд бүтцээр дэмжих. Энэ хүрээнд ирэх оны төсөвт автозам, төмөр зам, эрчим хүч чиглэлд хөрөнгө оруулалт тусгасан. Үүнийг нь хувьдаа дэмжиж байгаа. Хоёрдугаарт, хөнгөлөлттэй зээлийн бодлогоор хувийн хэвшлийг дэмждэг. Өнөөдөр манай улсад бизнес шинээр эхлүүлэхэд гол тулгамддаг асуудал бол зээлийн хүү өндөр. Тэр дундаа барьцаа хөрөнгийн асуудал байна. Тиймээс энэ асуудал руу чиглэсэн бодлогыг хэрэгжүүлэх шаардлагатай. Хөнгөлөлттэй зээлийг нэмэгдүүлэх чиглэлд миний хувьд зарчмын зөрүүтэй санал гаргаад Байнгын хороогоор дэмжүүлээд явсан. Гэвч чуулганы хуралдааны үеэр санал маань дэмжигдээгүй

-Хөнгөлөлттэй зээлийн хувьд сонгуульд оролцсон нам, эвсэл, нэр дэвшигчид бүгд мөрийн хөтөлбөртөө тусгаж байсан санагдана…?

-Тэгэлгүй яах вэ. Зарим гишүүдийн хувьд энэ агуулгаар сонгогдсон төлөөлөл, намуудад хандан саналаа тодорхой хэлсэн. Юу гэхээр мөрийн хөтөлбөр, амлалтаа хэрэгжүүлэх чиглэлд анхаараач. Тэр дундаа хөнгөлөлттэй зээл олгох асуудлыг бүгд ярьж гарч ирсэн биз дээ гэдгийг хэлж байна лээ. Энэ бол маш зөв санал. Ерөнхийлөгч төсөвт тавьсан хоригтоо гурван зүйлийг онцолсон. Нэг нь нам, эвслүүд сонгуульд дэвшүүлсэн амлалт, мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх асуудлаа төсвийн бодлоготойгоо уялдуулж өгөөч гэдгийг тодотгосон байсан. Тэгэхээр бүх намууд 2024 оны сонгуульд дэвшүүлсэн хөтөлбөртөө хөнгөлөлттэй зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх талаар амласан. Гэвч энэ асуудлаа төсвийн бодлого руугаа чиглүүлж чадаагүй. Миний хувьд энэ талаар зарчмын зөрүүтэй санал гаргаж Байнгын хороогоор дэмжүүлж чадсан ч нэгдсэн хуралдаанаар унасан. Тэгэхээр хориг тавьсантай холбоотойгоор энэ асуудлыг бид дахин анхаарч харах хэрэгтэй.

-Мэдээж татварын бодлогоор аж ахуйн нэгжүүдээ дэмжих шаардлагатай байх, тийм үү?

-Энэ бол маш чухал зүйл. Ирэх оны төсөв дээр татвартай холбоотой дэвшилттэй зүйлүүд орж ирэх нь ирсэн. Одоо ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авсан учраас төсвөө бид дахин харах шаардлага үүссэн гэсэн үг. Тиймээс энэ удаад анхаараагүй асуудлаа анхаарч, цэгцлээгүй ажлаа цэгцлэх боломж гэж харах хэрэгтэй. Миний хувьд эдийн засгаа тэтгэх дэд бүтцийн томоохон төслүүдийн хөрөнгө оруулалтыг аль болох хасахгүй байх ёстой гэсэн байр суурьтай байна.

-Төсвөө танах хэрэгтэй, хэдэн их наяд төгрөгөөр танах боломж байна гэж зарим гишүүд яриад байгаа. Таны хувьд зардлаа багасгах тал дээр ямар бодолтой байна вэ?

-Төсвийн урсгал зардал дээр бууруулах боломжтой зүйлүүд бий. Үүнийг илүү нарийвчлан үзэх хэрэгтэй. Зардалтай холбоотойгоор миний хувьд тодорхой саналуудыг гаргасан. Төсвийн хэлэлцүүлгийн явцад төсвийн зардлыг тодорхой хувиар бууруулъя. Улмаар Засгийн газар гол салбарынхаа зардлаас хасахгүй байж болно. Тэр бол Засгийн газрын мэдэх асуудал. Тэгвэл бусад салбаруудын зардлаас хасах, хэмнэх, танах боломж олон бий. Тэр ажлаа Засгийн газар, салбарын сайдууд манлайлал үзүүлэн зоригтой хийх хэрэгтэй. Түүнээс биш УИХ зардлаас нь тэрийг нь тана, тэрнээс хас гэх нь зохимжгүй. Харин дэд бүтцийн төсвөөс хасаж огт болохгүй. Үүнд хөрөнгө оруулалт хийж байж л эдийн засаг тэлнэ. Энэ УИХ, Засгийн газар бүрэн эрхийнхээ хугацаанд дахиад гурван төсөв батална. Тиймээс эхний ажлаа тодорхой зөв системээр хийж дуусгах хэрэгтэй.

-Төсөв батлагдахаас өмнө таны хувьд чуулганы хуралдааны үеэр Төсвийн байнгын хорооны даргатай санал хураалгаагүй асуудлаар маргасан. Ер нь зарим гишүүдийн хувьд төсвийн хэлэлцүүлэг, дэгтэй холбоотой асуудлаар санал хүсэлт, шүүмжлэл их гаргасан даа?

-УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан Төсвийн ажлын хэсэгт ажилласан. Төсвийн байнгын хорооны даргын хувьд УИХ-ын гишүүдийн асуултад дэндүү субьектив байдлаар хариулж байсан. Тухайлбал, нэг УИХ-ын гишүүний асуултад хариулахдаа “Танай аав чинь чамаас арай өөр хүн байсан шүү” ч гэж байх шиг. Намайг гэхэд л “Яагаад гоншигноод байгаа юм бэ. Саналуудыг чинь хураалгаа биз дээ” гэх жишээний. Тэгэхээр би хувийнхаа саналыг хураалгаагүй. Тэр дундаа тойргийн эрх ашгийн төлөө санал хураалгаагүй. Нийтийн эрх ашгийн төлөө хоёр санал гаргасан. Түүнийгээ л хураалгуулсан. Гэтэл ийм маягаар гишүүдийн асуултад хариулж байгааг нь ёс зүйгүй байна гэж үзсэн. Асуудлыг дэндүү хувь хүн рүү нь чиглүүлж харж болохгүй. Бид бүгд нийтийн эрх ашгийн төлөө л явах ёстой. Би нэг л зүйлийг хэлсэн. Тэр нь “Байнгын хорооны даргын хувьд та ажлын хэсгийн гаргасан саналаар санал хураалт явуулаагүй шүү” гэж. Хэрэв тухайн үед ажлын хэсгээс гаргасан саналыг анхаараад явсан бол өнөөдөр төсөвт Ерөнхийлөгч нь хориг тавих байсан уу. Олон нийт ингэж их шүүмжлэх үү. Энэ мэтээр төсвийн хэлэлцүүлэг, хуралдаанууд анхнаасаа нэг тийм хайхрамжгүй байдлаар эхэлчихсэн нь эцсийн дүндээ Ерөнхийлөгч хориг тавих суурийг нь бэлдэж өгсөн байх. Тэгэхээр бид цаашдаа нэгж бүр дээр асуудлаа тодорхой болгоод тал бүрийн саналуудыг хэлэлцээд, шийдвэрлээд явах хэрэгтэй.

-Ерөнхийлөгч хориг тавиад түүнийг нь УИХ хүлээж авсан. Одоо шинэ Дэг боловсруулаад түүгээрээ төсвөө хэлэлцэнэ. Ингээд явахаар ирэх сарын эхээр төсөв батлагдах байх. Ер нь төсөв батлагдахгүй хойшлогдох тусам орон нутагт хүндрэл үүснэ биз дээ?

-Мэдээж төсөв хойшлогдохоор нөгөө худалдан авах ажиллагаа дагаад хойшлогдоно гэсэн үг. Угтаа ондоо багтаад зарлагдах ёстой ажил хойшлогдоод зарлагдвал хийгдэх цаг хугацаа нь тэр чинээгээрээ хойшилно. Манай улсын хувьд ажил хийх дулааны улирал богинохон. Тэгэхээр хамгийн том хүндрэл энэ асуудал дээр л гардаг. Сая улсын төсөв батлагдсантай холбоотойгоор орон нутагт цагалбар нь хэдийнэ гарчихсан байдаг. Цагалбартаа Ерөнхийлөгч хориг тавих эсэхийг тооцохгүй шүү дээ. Төсөв батлагдах хугацаа нь ч хуулиараа бий. Тиймээс 11 дүгээр сарын 15-наас хийх ажлын төлөвлөгөөгөө гаргачихсан байдаг. Тиймээс УИХ Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авсан учраас төсвөө дахин хэлэлцэнэ. Ингэхдээ орон нутагт төсөвлөсөн тэр дүнгээ битгий өөрчлөөрэй гэдэг саналыг гаргаж байгаа. Хэрэв өөрчлөлт орвол орон нутгийн хувьд энэ нь маш том хүндрэл үүсгэнэ. Тиймээс орон нутагт төсөвлөсөн дүнгээ өөрчлөхгүйгээр бусад шийдэх ёстой, эргэж харах ёстой заалтуудаа засч, янзлаад явах нь зөв болов уу.

-Засгийн газар том төслүүдээ зарласан. Хөрөнгө, санхүүгийн асуудал нь шийдэгдсэн зарим төслүүд нь эхэлж байна. Үлдсэн том төслүүдийн хувьд хөрөнгийн эх үүсвэр нь хаанаас вэ гэдэг нь тийм ч тодорхой биш байна. Мэдээж ганц орлого олдог нь нүүрс. Нүүрсээ хэдий хэмжээгээр экспортолно төдий чинээгээр Монгол Улс орлоготой болно. Энэ утгаараа саяхан “Чайна Энержи”-ээс бидэнд санал тавилаа. Уг саналыг та гишүүнийхээ хувьд ямар байдлаар хүлээн авч байгаа вэ?

-Намын бүлгүүдэд уг асуудлаар танилцуулга хийгдсэн. Уг компаниас бидэнд ирүүлсэн захидалд тодорхой саналуудыг тавьсан. Юу гэхээр нүүрсний үнэ, нийлүүлэх хугацаа, хэмжээ гэх гурван гол зүйлээ тодорхой бичсэн. Ингээд бүлгийн хүрээнд тодорхой асуудал дээр анхаарч улмаар УИХ-аар уг саналыг хэлэлцэх ёстой гэж үзсэн. УИХ-аас эцсийн шийдвэр гарна. Нүүрсний орлого бол манай төсвийн орлогын ихэнх хувийг бүрдүүлдэг. Ер нь ашигт малтмал гэдэг зүйл бол шавхагддаг баялаг. Тиймээс цаашид энэ баялгийн үнэ ханш улам л нэмэгдэнэ.

-Үнэ ханш нь нэмэгдэнэ гэлээ. Гэхдээ зарим хүмүүсийн ярьж байгаагаар ирээдүйд дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ унана. Нүүрс бараг ашиглалтаас гарах тухай яриад байгаа биш бил үү?

-Тийм биш гэж үздэг. Учир нь нүүрс бол олон жилийн хугацаанд бий болсон байгалийн баялаг. Тэр утгаараа нөхөн сэргээгддэггүй баялаг. Тиймээс ирээдүйд улам л үнэ цэнэтэй болно. Хамгийн чухал анхаарах ёстой асуудал бол уг баялгаа бид ард түмэндээ өгөөжтэй байдлаар зөв л удирдах хэрэгтэй. Бид баялгийн хараал гэж ярьдаг. Хараал гэж үнэндээ байхгүй. Баялгаа зөв удирдаж байна уу, үгүй юу гэдэг л асуудал бий. Түүнээс биш баялаг биднийг хараана гэж юу байх билээ. Зөв удирдаад явбал хөгжилд хүрч болдог. Буруу удирдвал хөгжлөөсөө ухрах битгий хэл сөнөж болдог, ийм л зүйл. Тэгэхээр “Чайна Энержи”-ээс тавьсан санал удахгүй УИХ-аар хэлэлцэгдэнэ. Тэр үеэр нарийн асуудлууд нь улам тодорхой болох болов уу гэж бодож байна. Мэдээж улс орны эрх ашиг нэн тэргүүнд тавигдах ёстой.

-Цөмийн энергийн тухай хуулийг УИХ баталлаа. Ураныг экспортлох шинэ эрх зүйн орчинг бүрдүүллээ. Таны хувьд энэ асуудалд ер нь ямар байр суурьтай явдаг вэ?

-Засгийн газрын хувьд гэрээ байгуулахаас өмнө хуулийн орчноо сайжруулъя гэдэг байдлаар хандаж байгаа нь зөв. Хамгийн гол нь уг эрх зүйн орчинг бүрдүүлэх болсон шалтгааныг хэлэх ёстой. УИХ яагаад уг хуулийн өөрчлөлтийг батлах болов гэдэг шалтгааныг гэсэн үг. Тэгэхээр үүнд хамгийн чухал нь манай улсад барууны хөрөнгө оруулалт орж ирэх боломжийг УИХ нээсэн гэдэг байдлаар ойлгох ёстой. Манай улсын гадаад бодлого эхлээд хөрш хоёр орон, дараа нь гуравдагч орон гэж явдаг. Тэгэхээр Үндэсний аюулгүй байдлын зөвлөл талдаа хоёр хөршөөсөө гадна гуравдагч орны хөрөнгө оруулалт Монгол Улсад орж ирэх нь чухал. Энэ утгаараа уг хуулийн өөрчлөлтийг УИХ дэмжсэн. Францын хувьд НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн таван орны нэг. Цөмийн зэвсэгтэй улс. Нөгөөтэйгүүр Хөрөнгө оруулалтын тухай хуулиараа, хөрөнгө оруулалтын гэрээгээ Монгол Улсад ашигтай байх асуудал дээр л анхаарах хэрэгтэй. Хамгийн гол зүйл бол хөрөнгө оруулалтын гэрээ.

-Гуравдагч хөрштэйгөө нээлттэй харилцаад, илүү өргөн хүрээнд хамтраад явъя гэхээр хоёр хөрш, тэр дундаа хойд хөршийн хувьд зарим зүйлээрээ хааж, боох маягаар улс төрийн нөлөө үзүүлэх нь их байдаг. Тухайлбал, эрчим хүч, түлш шатахууны асуудал дээр гэнэтийн шийдвэрүүдийг гаргадаг жишээ олон. Тэгвэл цаашид ер нь түлш, шатахууны хараат байдлаасаа бид яаж гарах боломжтой бол. Эрчим хүчний хувьд бас ч нааштай болж байна шүү дээ?

-Өөрсдөө шатахуун үйлдвэрлэдэггүй улс олон байна. Япон, Өмнөд Солонгос гээд. Гэхдээ энэ орнууд бусад улстай эдийн засгийн харилцан ашигтай хамтын ажиллагаатай байгаа учраас шатахууны хувьд 100 хувь импортоор авч болоод байна. Нэг түүх сөхье. Тэртээ 1959 онд манай улс Дорноговь аймгийн Зүүнбаянд өөрийн гэсэн нефтийн үйлдвэртэй байлаа. Тухайн үед тус үйлдвэрт дэлбэрэлт болсон гэх шалтгаанаар хаагдсан. Гэхдээ бодит байдал дээр хойноос шатахуун оруулж ирж авах нь дотоодоосоо авч байгаагаас илүү өртөг багатай байсан. Тийм учраас л тэр нефтийн үйлдвэр хаагдсан гэж үнэлдэг. Одоо яаж байна гэхээр жилд 1.5 сая тонн газрын тос боловсруулах үйлдвэр баригдаж байна. Уг үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажилд дахиад 400 гаруй сая ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай гэж байгаа. Уг асуудлаа удахгүй УИХ-д оруулж ирнэ гэсэн мэдээ бий. Ингэснээрээ тус үйлдвэр үндсэндээ 6.5 их наяд төгрөгөөр босч байна гэсэн үг. Тэгэхээр уг үйлдвэр маань ашиглалтад орлоо гэж бодъё. Ашиглалтад ороод 1.5 сая тонн буюу бүх хүчин чадлаараа ажиллаж байж сая нэг ашигтай ажиллана. Үүнээс бага хэмжээгээр боловсруулбал ашигтай ажиллаж чадахгүй шүү. Ашиггүй ажиллаад байна гээд зогсож болохгүй. Зогсчихвол горимын тохируулга гэж том асуудал үүсдэг.

-Тэгэхээр хамгийн чухал асуудал нь нефтийн үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллах шаардлага байна гэсэн үг үү?

-Түүнээс илүү чухал асуудал бол нөөцөө бүрдүүлэх явдал. Уг үйлдвэр 2028 онд ашиглалтад орлоо гэж бодоход нөөцөө яаж бүрдүүлэх нь хамгийн тулгамдсан асуудал байна.

-Нөгөөтэйгүүр нефтийн үйлдвэрийг орон нутгийн иргэд нь эсэргүүцдэг. Яагаад орон нутгийн иргэд нь ихэнхдээ эсэргүүцээд байдаг юм бол?

-Орон нутагт өгөөжгүй байна. Энэ мэт олон зүйл бий. Нэг жишээ хэлье. Газрын тосны роялти мөнгө гээд 70 хувь нь улсын төсөвт ордог. Тухайлбал, Халх-гол сумын нэг талбайгаас 60 гаруй тэрбум төгрөгийн орлого олдог гэж бодъё. Тэгвэл үүнээс 70 хувь нь буюу 42 тэрбум төгрөг нь улсын төсөвт ордог. Үлдсэн 18 тэрбум төгрөгийг нь 21 аймаг болон нийслэл хотын дүүргүүдэд хуваагаад өгчихдөг. Өөрөөр хэлбэл, газрын тосны сөрөг нөлөөлөлт өртөөгүй нийслэлд болон бусад орон нутагт хуваагаад өгдөг гэсэн үг. Тэгэхээр үүнийг сөрөг нөлөөлөл явагдаж байгаа тэрхүү орон нутагт нь л үлдээх ёстой. Ингээд үйл ажиллагаа явуулж байгаа компани “Бид Засгийн газарт өгдөг татвараа төлсөн. Яаж хуваах нь бидний мэдэх асуудал биш” гэдэг. Энэ үнэн л дээ. Тэгэхээр роялти буюу байгалийн нөөц ашигласны төлбөрийн 30-аас доошгүй хувийг тухайн бүс нутгийн ард иргэдэд хуваарилдаг олон улсын зарчимыг манай үе үеийн дарга нар одоог болтол шийдэж чадаагүй. Үүнээс болоод орон нутгийн иргэдийн эсэргүүцэл их байдаг гэж боддог. Нүдэн дээр нь олон арван автомашинаар баялгийг нь зөөгөөд байдаг. Гэтэл үр дүнд нь орон нутгийн хөгжил сайжрах битгий хэл улам дорддог. Оршин суугаа иргэдийн хувьд ч сэтгэл санааны сөрөг нөлөөллөөс эхлээд олон зүйлд өртөж байгаа. Ийм байхад орон нутаг яаж дэмжих билээ. Тиймээс үүнийг бид цаашид анхаарах хэрэгтэй. Шийдэх хэрэгтэй.

-Тус үйлдвэр ашиглалтад орлоо гэхэд дотоодын хэрэглээнийхээ хэдэн хувийг дангаараа хангаж чадах вэ?

-Ерөөсөө бүх хүчин чадлаараа ажиллалаа гэхэд л 50-55 хувийг нь хангана. Гэтэл уг үйлдвэр маань бүрэн хүчин чадлаараа ажиллаж чадах уу гэдэг байна. Таны асуугаад байгаа уранаа бид гуравдагч хөрш рүүгээ экспортоллоо гэхэд оросууд түлшний грантаа хаах уу гэж байна. Би дахиад нэг түүх сөхье. Канадын билүү гадны хөрөнгө оруулалттай “Хан ресорс” гэдэг компани байсан. Энэ компани Дорнод аймгийн Мардайд ураны лицензтэй. Энэ зөвшөөрлийг нь тухайн үед Засгийн газраас цуцалсан байдаг. Ингээд төлбөрт нь 70 сая ам.долларыг Монголын Засгийн газарт өгсөн. Яагаад Канадын хөрөнгө оруулалттай энэхүү компанийн тусгай зөвшөөрлийг тухайн үед цуцалсан бэ гэдгийг эрэн сурвалжлах сэтгүүл зүй сэдэв болгоод араас нь хөөвөл их зүгээр санагддаг. Тэгэхээр Францтай гэрээ хийгээд явлаа гэхэд оросууд яах вэ гэдэг болгоомжлол танд байна. Магадгүй оросууд ч гэсэн ураны салбарт манай улстай хамтарч ажиллах сонирхолтой байж мэднэ. Тэгэхээр Монгол Улсын хувьд олон том орнуудын хөрөнгө оруулагчид орж ирэх нь л чухал. Энэ том гүрнүүдийн хөрөнгө оруулагчдыг тэнцвэртэй тогтоон барих нь манай улсын гадаад бодлогоос хамаарна. Зөвхөн Францтай л уранаар хамтарч ажиллана, бусад орнуудтай хамтрахгүй гэдэг байдлаар асуудалд огт хандаж болохгүй.

Э.МӨНХТҮВШИН

One reply on “М.Бадамсүрэн: Төсөв дээр анхнаасаа ажлын хэсгүүдийн саналыг авч, засаад явсан бол Ерөнхийлөгч хориг тавихгүй л байсан DNN.mn”

АЛЬ НЬ №1 ВЭ ??? 5,5 ИХ НАЯДААР 100- ХАН ДАРГАД ЗОРИУЛСАН БОГД УУЛЫН ХОНГИЛ УХАХ УУ? 100,000 ИРГЭНИЙГ ОРОН СУУЦТАЙ БОЛГОХ УУ? ТЭР НҮХ ЧИНЬ 3,5 сая ИРГЭДЭД ОГТ ХҮРТЭЭЛГҮЙ….

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *