Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох

Таны ганцхан инээмсэглэл хэн нэгэнд аз жаргал бэлэглэдэг гэдгийг мэдэх үү DNN.mn

Өглөө болгон нэгэн жаал хүү надад ийм мэдрэмж өгдөг юм. Хүүхдийн маань цэцэрлэгийн ангийн хүүхэд л дээ. Эелдэг дулаахан харцаар өглөө болгон надтай чин сэтгэлээсээ инээмсэглэн мэндэлнэ.

Хүүхдээ тэвэрч үнсчихээд явах бүрт тэр хүү гүйж ирээд “Амжилт хүсье” гээд бас намайг тэвэрдэг. Түүний энэ гэгээхэн хандлага, мишээл тодруулсан хөөрхөн царай хэн нэгэнд аз жаргалын даавар ялгаруулах увдистай. Хүн бүрд ийм увдис оршдог. Тэр нь маш энгийн. Таны нүүр дүүрэн инээмсэглэлээс л эхэлнэ.

Би машиндаа байнга нэг газраас шатахуун авдаг. Яагаад гэвэл тэдний шатахуун түгээгч эмэгтэйн харилцаа надад эерэг сэтгэгдэл төрүүлж чаддаг юм. Хорголон хар нүдээрээ инээж ирээд л “Манайд тавтай морилно уу. Та дараа дахин ирж үйлчлүүлээрэй. Замын хөдөлгөөндөө аюулгүй зорчоорой” гээд үргэлж чин сэтгэлээсээ хэлэх нь хэчнээн таатай сайхан гээч. Уур бухимдал буцалсан их хотод танихгүй нэгнээс мэдрэх энэ мэт энгийн үг, үйлдэл стрессийг анагаах жор юм шүү. Сайхан сэтгэл, сайхан үг, сайхан инээмсэглэл бүхэн ямар ч үнэ төлбөргүй. Тийм болохоор бусдад харамгүй зориулдаг эерэг нэгэн байгаарай. Хариуд нь та ч бас аз жаргалыг мэдрэх болно.

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *