Categories
мэдээ нийгэм

В.Удвал: Ж.Цэвээний “Улсын эрх” бүтээлээс эхлээд судлах, харах юм их шүү дээ DNN.mn

Монгол Улсын үндсэн хуулийн 100 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулан манай сонин эрдэмтэн, судлаачид, хуульчдаас зарим асуултад өгсөн хариуг нийтэлж байна. Энэ удаа Монгол Улсын гавьяат хуульч, доктор PhD, дэд профессор В.Удвалын Үндсэн хуулийн судалгааны түвшин ямар байгаа, уг хуулийн талаар иргэд юуг дутуу дулимаг мэдэж байгаав гэсэн асуултад өгсөн хариултыг энд толилуулъя.


-Үндсэн хуулийн аль тал нь илүү судлагдсан бол?

-Ер нь Үндсэн хуулийн судалгаа хэрхэн хийгдэж байнав тодруулж хэлбэл ерөнхийдүү явж ирсэн гэдэгтэй санал нийлнэ.

Тэр дотор зарим нөхөд 1940, 1949, 1960 оны үндсэн хуулийн талаар судалгаа орхигдонгуй байдаг гэж хэлдэг бол үнэн.

Гэхдээ энэ үеийн хууль дээр ажилладаг хүн цөөн юм болохоор судалгаа, сурталчилгаа тааруу мэт харагддаг байх л даа.

Уг нь 1940-1960 оны үндсэн хууль хамгийн урт насалсан нь Монгол улсын хөгжил цэцэглэлийн жинхэнэ хурдтай үед нийгмийн тэр өөрчлөлт шинэчлэлийн явцтай тохирч байсан гэсэн үг.

Ингээд 1992 онд нийгэм солигдсоноор уг хуульд нэмэлт өөрчлөлт зайлшгүй болсон. Тэгээд хэдэн удаагийн нэмэлт хийгдсэн байгаа.

Харин тэр чиглэлээр эрдэмтэн судлаачид, хуульчид болгон шахуу дуугарч ирлээ.

-Дутуу судлагдсан зүйл  байгаа юу?

-Монгол Улсын анхны Үндсэн хууль буюу 1924 оны Үндсэн хуулийн талаарх судалгаатай үнэнээ хэлэхэд ховорхон танилцаж байсан шүү. 1970-аад оны үед хэвлэгдсэн 1924 оны Үндсэн хууль, түүний өмнө болон дараа батлагдсан Нутгийн захиргааны дүрэм зэргийн эмхэтгэлийг шинэ Үндсэн хууль батлагдах үед лавлагаа гаргах үүднээс уншиж байснаа санаж байна. Энэ нь судалгааны материал гэхээсээ илүү Үндсэн хууль болон түүнд холбогдсон бусад хэм хэмжээний баримт бүгд байв. Харин 2004 онд хэвлэгдсэн Ж.Амарсанаа, О.Батсайхан нарын Монгол Улсын Үндсэн хууль, баримт бичиг ном нэлээд судалгаа хийх боломжийг нээсэн гарын авлага байсан. 1924 оны Үндсэн хууль, түүний батлагдах үеийн төслийн талаарх илтгэл, төслийг хэлэлцэж баталсан тэмдэглэл, анхдугаар Үндсэн хуулийн тайлбар зэргийг оруулсан номыг бид судалгаандаа өргөн  ашигладаг.  2024 оны эхээр Шихихутуг их сургуулиас гаргасан академич Ц.Батбаяр, шинжлэх ухааны доктор Д.Лүндээжанцан нарын бүтээсэн “Хэмжээт цаазтаас Бүгд Найрамдах засагт шилжсэн нь”: ном судалгааны маш чухал бүтээл юм гэдгийг хэлье. Энэхүү номонд гадаадын нэлээд олон судлаачид Монгол Улсын анхдугаар Үндсэн хуулийн судалгааг хийсэн болохыг баримтаар өгүүлсэн байна лээ.

Үндсэн хуулийн судалгааны сонирхолтой материал бол яах аргагүй 1914 онд гарсан Ж.Цэвээний «УЛСЫН ЭРХ» бүтээл юм. Үг бүтээлийг Олноо Өргөгдсөн Богд Хаант Монгол улсын хамаг хэргийг бүгд ерөнхийлөн шийтгэх яамны тэргүүн сайд, Сайн ноёнхан Т.Намнансүрэнгийн захиасаар  хийсэн гэдэг. Үүнийг дурдахын учир нь тэр үеэс Үндсэн хуульт ёсны үндсэн зарчмуудыг монголчууд судалж, монгол улсыг тухайн үеийн боловсон улсын жишгээр хөгжүүлэх анхны үндсэн хуулийн үзэл санаа бүрэлдэн тогтоход зохих хувь нэмрээ оруулсан байдаг .

Цаашид 1924 оны Үндсэн хуулийн судалгааг шинэ түвшинд,шинэ арга барилаар хийж, уг хуулийг судалгааны эргэлтэд оруулах шаардлага байгаа гэдэгт эргэлзэхгүй байна.

-Өнөөгийн цаг үед 1924 оны Үндсэн хуулийг өмнөхөөсөө өөр шинэ чиглэлээр судлах боломж байгаа юу?

-Өмнө нь бид түүхчилсэн байдлаар судалдаг байсан бол одоо хүн төрөлхтний соёл иргэншлийн ололтын нэг болох Үндсэн хуульт ёсны үзэл санааг хэрхэн судалж, түүний зарчмыг анхдугаар үндсэн хуульдаа тусгахыг хичээж байсныг судлах шаардлагатай болж байна.  Тухайн үеийнхэнд Швейцарь лугаа боловсон улсын жишгээр Монгол улсаа хөгжүүлэх эрмэлзлэл байсныг гэрчлэх баримт олон байна. Тэрхүү цаг үеийн сургамж өнөөдөр ч чухал ач холбогдолтой. Учир нь ардчилсан Үндсэн хуулийн үзэл, баримтлалаас ухрах аваас төөрч будилах аюул байгааг мартаж болохгүй цаг үед бид амьдарч байна.

-Үндсэн хууль судлаачийн хувьд та одоо ямар судалгаа хийж байна вэ? 

-Үндсэн хуулийн цэцийн эрх зүйн орчныг боловсронгуй болгох ажил хийгдэж байгаа энэ үед “Үндсэн хуульт ёсыг бэхжүүлэхэд Үндсэн хуулийн цэцийн үүрэг: харьцуулсан судалгаа” сэдвээр докторын ажлаа хамгаалсан судлаачийн хувьд хийх ажил багагүй байна. Хууль тогтоогчид маань сонсдог бол судалгааны үр дүнг ажил хэрэг болгох санал санаачлага байгаа л даа. Мөн 30-аад жил Үндсэн хуулийн эрх зүй, Үндсэн хуулийн процессын эрх зүй, Үндсэн хуулийн эрх зүйн хэрэглээ, шинжилгээ, Үндсэн хуулийн онолын уламжлал шинэчлэл хичээлийг зааж байгаа багшийн хувьд судалгааны ажлууд цаашид хийхээр төлөвлөсөн. Түүн дээрээ сууж байна.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *