Өнгөрсөн баасан гаригийн УИХ–ын чуулганы хуралдаанаар 2025 оны төсвийн төслийг эцэслэн баталсан. Энэ үеэр УИХ–ын гишүүн Ч.Лодойсамбуу Дэгийн тухай хууль зөрчигдсөн, мөн УИХ–ын дарга Д.Амарбаясгалан хууль зохиож танилцуулсан гэж мэдэгдсэн. Энэ талаар УИХ–ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж өчигдөр мэдээлэл өгсөн юм.
-УИХ-ын даргыг төсөв батлахдаа хууль зохиож уншсан гээд байгаа. Энэ талаар тайлбар өгөхгүй юу?
-Ч.Лодойсамбуу гишүүний сошиалаар гаргасан мэдээлэлтэй танилцсан. УИХ-ын дарга ямар нэгэн дэг зохиож, нэмж тайлбарлаагүй. Ес дэх удаагийн сонгуулийн үр дүнд бий болсон УИХ долдугаар сарын 2-ноос бүрэн эрх нь хэрэгжиж эхэлсэн. Анхдугаар, ээлжит бус чуулган наймдугаар сард болсон. Намрын ээлжит чуулган аравдугаар сараас эхэлсэн. Тэгэхээр УИХ-ын дарга бол Ч.Лодойсамбуу гишүүний ярьж байгаа Дэгийн хуулийн 13.2 буюу горимын саналтай холбоотой асуудлыг анхдугаар чуулган дээр ч, ээлжит бус чуулган дээр ч танилцуулж байсан. Сая намрын ээлжит бус чуулган дээр уншиж танилцуулсан. Дэлхийн улс орнуудын парламентын дарга буюу спикер гэдэг хүн аливаа асуудлаар санал хураалт явуулахдаа тухайн заалтын хэрэглээтэй холбоотой асуудлаа гишүүддээ ойлгуулаад санал хураалгах нь өөрөө Их хурлын дарга буюу хуралдаан даргалагчийн үүрэг нь байдаг. Тухайн цаг хугацаанд болсон гишүүний гормын санал гаргасантай холбоотой УИХ-ын даргын дэгийн хуулийн заалт буюу 13.2-ыг гишүүддээ ойлгуулсан нь спикер хүний хувьд байдаг л асуудал. Ямар нэгэн заалтыг нэмж, өөрчилж уншаагүй гэдгийг Ерөнхий нарийн бичгийн даргын хувьд хариуцлагатайгаар хэлье.
-126 гишүүн процессын хувьд ойлгохгүй байгаа хуулийн асуудал байна уу?
-Монгол Улсын Их хурлын чуулганы хуралдааны Дэгийн тухай хууль гэж бий. Уг хуулийг 2024 оны тавдугаар сарын 16-ны өдөр баталсан. Өөрөөр хэлбэл, өмнөх Их хурал бүрэн эрхийнхээ хугацаанд баталж өгсөн. Энэ Дэгийн хууль Дэд хороо, Хянан шалгах түр хороо, Байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар хуулийг хэрхэн, яаж хэлэлцэх, асуудлыг хэрхэн шийдвэрлэхийг хэлэлцэхийг зохицуулдаг. Үүнийг зохицуулахтай холбоотой Их хурлын тамгын газар буюу Ерөнхий нарийн бичгийн дарга Их хурлын тухай хуулийн 47 дугаар хуульд заасны дагуу Дэгийн зөвлөх гэж явдаг. Мөн дээр дурдсан хороодоор болж буй бүх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж, мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч ажилладаг. Эдгээр хороо, чуулганы хуралдаанд болсон санал хураалт бүрийг цахимаар, нууцаар, гар өргөсөн ч бай саналыг нь нэгтгээд хуралдаан даргалагч нарт хэлдэг. УИХ-ын дарга болон байнгын хороодын дарга нар хуралдаан дээр болж буй зохион байгуулалт, дүнг мэдээлэх үүрэгтэй. Дэгийн тухай хуулийн 10.2-т асуудлыг хэрхэн, яаж шийдвэрлэдэг вэ гэх журам бий. Асуудлыг шийдвэрлэхдээ ил санал хураана. Эсвэл Үндсэн хууль болон холбогдох хууль, эсхүл хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь нууцаар санал хураалтаар шийдвэрлэхийг дэмжвэл нууцаар санал хураадаг. Тэгэхээр Төсвийн тухай хэлэлцүүлэг ил санал хураалтаар болсон. Харин ил санал хураалтыг хоёр хуваадаг. Гишүүд өөрсдөө зөвшөөрвөл цахимаар болон гар өргөж явуулж болно. Энэ 10.2-т заасны дагуу чуулган дээр санал хураалт явсан. Их хурлын дарга тухайн үед Төсвийн хуулийн хоёрдугаар хэлэлцүүлэгтэй холбоотой гуравдугаар хэлэлцүүлэг дээр цахим системийн хэрэглээтэй холбоотой гишүүдээс янз бүрийн горимын санал авч байсан учраас үүнийг нь үндэслээд гар өргөж санал хураалт явуулахаар болсон. Энэ дүнг УИХ-ын Тамгын газрын хуралдаан зохион байгуулах хэлтсээс нэгтгээд Их хурлын даргад явуулаад гишүүдэд мэдээлдэг. Товчхондоо, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны Дэгийн тухай хуульд заасан журмын дагуу бүх процесс явж төсөв батлагдсан. Төсөв хэлэлцэн батлахад Их хурлын тухай хууль, Чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн ямар нэгэн зөрчил огт байгаагүй.