Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Мандахбаяр: Төр АМНАТ-ийн алдаагаа засах хэрэгтэй DNN.mn

АМНАТ-өөс болж хүнд үйлдвэрүүд ар араасаа хаалгаа барьж эхэлсэн. Тэдний нэг “Ганхүдэр орд” компанийн гүйцэтгэх захирал Д.Мандахбаяртай ярилцлаа.


-Танай компанийн үйл ажиллагаанд АМНАТ яаж нөлөөлж байна вэ. АМНАТ авахаас өмнө ямар байсан, одоо нөхцөл байдал ямар болов?

-Бид Монголдоо анх удаа хорголжингийн үйлдвэр барьсан. Нэг шат алхаад ширэм үйлдвэрлэх боломжтой. Орон нутагтаа 200 орчим ажлын байр бий болгоод 10 гаруй төрлийн татвар, төлбөр, хураамж төлөөд явдаг байлаа. Мөн гэрээгээр ажил гүйцэтгэдэг олон гүйцэтгэгч компани, иргэдтэй хамтарч ажилладаг байсан. 2016 онд гэнэт Ашигт малтмалын хуульд нэмэлт, өөрчлөлт ороод Дарханы төмөрлөгөөс агуулга багатай хүдрийг АМНАТ шингэсэн НӨАТ-тай үнээр худалдан авч баяжуулаад экспортлоход олон улсын жишиг үнээр дахин АМНАТ ногдуулдаг болгосон. Үүнээс болж олон үйлдвэр хаалгаа барьсан. Тэдний нэг нь манай үйлдвэр.

Олоогүй орлого, зараагүй металлаас татвар ногдуулдаг улс дэлхийд Монголоос өөр байдаг уу. Ер нь яагаад АМНАТ авдаг болов. АМНАТ-ийг яаж болиулах вэ?

-Сангийн яам төсвийн орлогоо хялбар аргаар бүрдүүлэхийн тулд хү-дэр, баяжуулалт, боловсруулалтын шат бүрд АМНАТ ногдуулдаг дэлхийд байхгүй бодлогыг хэрэгжүүлээд таван жил боллоо.

Үр дүнд нь өөрийн ордгүй нүүрс угаадаг, төмрийн хүдэр, жоншны хүдэр баяжуулдаг 20 гаруй компани АМНАТ-ийн өрөнд орж хаалгаа барьсан. Төмрийн баяжмалаа нэг тн-ыг нь 80 ам.доллараар экспортлоход 120 ам.долларын, хорголжингоо тн тутмыг нь 100 ам.доллараар экспортлоход 150 ам.долларын АМНАТ ногдуулдаг. Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн агуулга багатай хүдэртээ төлсөн АМНАТ-ийг хасч тооцдог болгосон. Тодруулбал, хорголжин экспортлоход 12.75 ам.доллар төлсөн бол зөвхөн хоёр ам.доллар хасагдана. Энэ нь ямар ч үр дүнгүй татварын дарамт өндөр хэвээр гэсэн үг. Монголдоо нэмүү өртөг шингээж үйлдвэрлэсний торгууль болоод үлдэж байна. Зараагүй металлаас төлдөг асуудал бас нэмэгддэг. Экспортлоод АМНАТ төлснөөс хэдэн жилийн дараа Татварын албанаас шалгалт ороод гаалийн лабораторийн дүгнэлтийг үндэслэж баяжмалд маш багаар агуулагддаг зэс, никель, цагаан тугалга, хар тугалгыг Лондонгийн биржийн ханшаар борлуулсан гэж үзээд нөхөн татвар, торгууль, алданги ногдуулдаг. Энэ бол хамгийн том дарамт болдог. УИХ-аар хуулийн төсөл өнгөрсөн зургадугаар сард орсон боловч Сангийн сайд маш буруу тайлбар өгч хойшлуулсан. Сангийн яам Засгийн газрынхаа мөрийн хөтөлбөр, үйлдвэржилтийн бодлогын эсрэг ажиллахаа больж алдаагаа засах хэрэгтэй.

-АМНАТ-ийг болиулбал үйлдвэрүүд хэдий хугацаанд сэргэж чадах бол?

-Төр нь тэднийг уучилж татварын өрийг хүчингүй болгохгүй бол сэргэхэд хэцүү. Цаг хугацаа их орно. Үйлдвэрүүд олон жил сул зогсож эвдрэл элэгдэлд орсон, туршлагатай 1500 хүнээ ажилгүй болгож алдсан тул дахин тэднийг сургаж ажиллуулахад маш их хүндрэлтэй. Төрийн буруу бодлогоос болж үндэсний үйлдвэрлэл эрхлэгчдийн маш их хөрөнгийг царцааж ийм хүнд байдалд хүргэсэн нь маш харамсалтай.

-Давхар АМНАТ бий болсноор Монгол Улсын эдийн засагт хэрхэн нөлөөлж байна вэ. Бид ямар боломжуудаа алдав?

-Өөрийн ордгүй баяжуулах, боловсруулах үйлдвэрүүд нийт АМНАТ-ийн нэг хувь хүрэхгүй орлогыг бүрдүүлдэг байсан. Эдгээр үйлдвэрүүд хэвийн ажиллаж байсан бол 1500 хүн ажилтайгаа, орон нутагтаа татваруудаа төлөөд одоогийн яригдаж буй бүсчилсэн хөгжлийг тэд эхлүүлэх байсан. Ийм үйлдвэрүүд Дархан-Уул, Хэнтий, Өмнөговь, Дорноговь аймагт үйл ажиллагаа явуулж байлаа. Тэд хэвийн ажиллаж байсан бол үйлдвэрүүдийн хүчин чадлаа нэмэгдүүлж дараагийн шатны боловсруулах шатанд шилжиж валютын орлогыг нэмэгдүүлэх боломжтой байсан. Сангийн яам энэ асуудал дээр алдаагаа ойлгож одоо буулт хийх цаг нь болсон.

-Боловсруулах салбарынхан бүтээгдэхүүн үйлдвэрлээд давхар өрөнд оржээ дээ?

-Яг тийм. Үйлдвэрүүд ажиллах тусам өрөнд ордог болсон тул бүгд хаалгаа барьж эхэлсэн. Гадаадын хөрөнгө оруулалттай үйлдвэрүүд Монгол Улсад ажиллах хүсэлтэй ч ийм татварын орчинд ажиллахаас айсаар гайхсаар бүхэл бүтэн таван жил өнгөрлөө.

-АМНАТ давхар авдгийг болихгүй юм бол цаашдаа Монгол Улс гангийн үйлдвэрлэл явуулах төслүүд маань гараан дээрээ зогсчих юм биш үү?

-Энэ асуудлыг шийдэхгүй бол дотоодын түүхий эддээ тулгуурласан өөрийн ордгүй баяжуулах, боловсруулах үйлдвэрүүд хөгжихгүй нь батлагдлаа. Бид зэсийн баяжмалаасаа цэвэр зэс, нүүрснээсээ металлургийн кокс, хагас кокс, шингэрүүлсэн хий, төмрийн хүдрээсээ хорголжин, ширэм, ган, жоншны хүдрээ ядаж 100 хувь, ховор металлаа баяжуулдаг байх боломжийг гадаад дотоодын үйлдвэрлэгчдэд олгох хэрэгтэй. Маш их валют орж ирэх, ажлын байр бий болгох боломжоо алдсаар байгааг хамтарсан Засгийн газар, шинэ УИХ шийдэх хэрэгтэй.

-Засгийн газрын мега төслүүд дунд боловсруулах үйлдвэр мэр сэр харагдаж байсан. Эдгээр төсөл хэрэгжихэд АМНАТ саад болно биз дээ?

-Мега төсөлд гурван том үйлдвэрлэлийн асуудал тусгагдсан. Нефтийн үйлдвэр нэлээд эрт эхэлсэн түүхий эдийн асуудлаа шийдчихвэл тэнд бүтээгдэхүүн хуваах гэрээ, эсвэл АМНАТ дээр хүндрэл үүсгэхгүй шийдчих боломжтой. Харин ширэм, гангийн төсөл, нүүрс, химийн үйлдвэрийн төслийг дэмжихэд АМНАТ-ийг бодлогоор дэмжихээс өөр аргагүй. Ядаж олон улсын жишиг үнийг болиулж Монголд хөрөнгийн биржээс тогтоодог болгох нь зөв. Эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих гэж байгаа бол өсөн нэмэгдэх АМНАТ байх ёстой үгүйг шийдэх хэрэгтэй. Мөн дагалдах металлын асуудлыг цэгцлэх ёстой. Ингэж байж маш олон ажлын байр бий болгож, үйлдвэрүүд илүү үр ашигтай ажиллаж хөрөнгө оруулалтаа нөхөх хугацаа нь наашилж бүсчилсэн хөгжил, аж үйлдвэржилтийн сэргэлт бодитоор хэрэгжинэ.

-Ер нь Монгол Улс яавал гангийн үйлдвэртэй болох вэ?

-Зөв оновчтой бодлогоор дэмжээд өгвөл ширэм, гангийн үйлдвэрээс гадна бусад үйлдвэрийн төслүүдийг манай хувийн хэвшлийнхэн хэрэгжүүлж авч явж чадна. Ер нь Ашигт малтмалын тухай хуулиа эрс сайжруулж байж гадаадын хөрөнгө оруулалт татах, баяжуулах, боловсруулах үйлдвэрүүдийг хөгжүүлэх боломжтой.

М.МӨНХЦЭЦЭГ

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *