Албан бус бүрэн хэмжээний арми гэгддэг Хезболлагийн дунд тушаалын удирдлагуудын ашиглаж байсан пейжерүүдийг хэн дэлбэлсэн нь одоо болтол тодорхойгүй байгаа билээ. Тэгвэл Америкийн The Washington Post сонин “Ливанд пейжерүүд дэлбэлэх ажлыг Израилийн тагнуулын алба болох Моссад хоёр жилийн турш бэлтгэж, зохион байгуулсан” гэж бичжээ. WP сонин Израиль, Араб, Америкийн аюулгүй байдлын албаны төлөөлөгчид, улстөрчид, дипломатууд, Ливаны төр, засаг болон Хезболлатай ойрын холбоотой байдаг хүмүүсээс авсан мэдээллийг эш татан “Эдгээр төхөөрөмжүүдийн “дутагдалтай шинж”-ийг ашиглан Ливан дахь Хезболла бүлэглэлийн дайчдын пейжерүүдийг нэгэн зэрэг дэлбэлсэн Израилийн энэхүү ажиллагаа нь сүүлийн үеийн дайны хамгийн амжилттай явагдсан “тагнуулын урлаг” болж түүхэнд үлдсэн” гэдгийг онцолжээ. Тус сонин Израиль, Ойрхи Дорнод, Америкийн албаны хүмүүсийн хэлснийг эш татан “Энэхүү төлөвлөгөө анх 2022 онд Тель-Авив дахь Моссадын төв байранд бий болсон. Алан хядагч ХАМАС бүлэглэл 2023 оны аравдугаар сарын 7-нд Израиль руу довтлохоос жил гаруйн өмнөөс Хезболлагийн аюул заналхийллээс сэргийлэх энэ нууц ажиллагаа бодитоор хэрэгжиж эхэлсэн” гэжээ.
Энэхүү төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд хэд хэдэн улсад байсан Израилийн тусгай нууц бүлэг болон тэдний хамсаатнууд оролцсон бөгөөд энэхүү ажиллагааг амжилттай болгоход шаардлагатай хүмүүс өөрсдөө ч мэдэхгүй, санамсаргүйгээр оролцсон юм байна. Энэ нууц ажиллагаа амжилттай хэрэгжсэн нь Израилийг Хезболлагийн удирдагч Хассан Насраллаг хөнөөхөд түлхэц болсон гэж WP онцолжээ. Тайванийн “Gold Apollo” компанийн үйлдвэрээс “AR924” пейжер худалдаж авах анхны саналыг хоёр жилийн өмнө Хезболла хүлээн авчээ. Ус нэвтэрдэггүй эдгээр пейжерүүдийг тусгай кабелиар цэнэглэдэг байсан бөгөөд нэг цэнэгээр хэдэн сар ажиллах боломжтой байв. Хезболлад өөрийн пейжерийг худалдаж авах саналыг Тайванийн “Gold Apollo” компанийн Ойрхи Дорнод дахь худалдааны төлөөлөгч санал болгосон учир зэвсэгт этгээдүүд итгэсэн байна. Гэтэл үнэн хэрэгтээ пейжерүүдийн үйлдвэрлэлийг аутсорсингоор гүйцэтгэсэн бөгөөд “Gold Apollo” компанийн борлуулалтын төлөөлөгч уг төхөөрөмжийг Моссадын хяналтан дор Израильд угсарсныг огт мэдээгүй байсан гэж WP бичжээ.