Дэлхийн Шуудангийн холбооны (ДШХ) Ази Номхон Далайн орнуудын стратегийн форум Улаанбаатар хотноо болж байна. Монгол улсад анх удаа зохион байгуулагдаж буй уг форумыг Монгол Шуудан ХК зохион байгуулж буй бөгөөд Ази номхон далайн бүс нутгийн 32 орны 100 орчим хүндэт зочид төлөөлөгчид оролцож буйгаараа онцлог юм. Форумд ДШХ-ны Ерөнхий захирал ноён Масахико Метоки болоод бусад улс орнуудын үндэсний шуудангийн үйлчилгээ үзүүлэгчид, зохицуулагчид, бодлого боловсруулагчид оролцож байна. ДШХ-ны Ази, Номхон далайн бүс нутгийн стратегийн форум нь бүс нутгийн шуудангийн операторууд болон оролцогч талуудад тулгарч буй өвөрмөц сорилт, боломжуудыг шийдвэрлэх зорилгоор ДШХ-оос зохион байгуулдаг гол платформ юм. Энэхүү форумд үндэсний шуудангийн үйлчилгээ үзүүлэгчид, зохицуулагчид, бодлого боловсруулагчид, салбарын мэргэжилтнүүдийн төлөөлөл оролцож, ялангуяа цахим худалдаа, дижитал өөрчлөлтийн хүрээнд шуудангийн үйлчилгээг сайжруулах, хувьсан өөрчлөгдөж буй зах зээлийн эрэлтэд дасан зохицох стратегийн талаар ярилцдаг. ДШХньШвейцарынБернхотодтөвтэй бөгөөд олон улсын шуудангийн үйлчилгээг зохицуулдаг НҮБ-ын төрөлжсөн байгууллага юм. 1874 оноос хойш 150 жилийн турш тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж буй уг байгууллага нь өөрийн гишүүн 192 орны хооронд үр ашигтай, найдвартай хил дамнасан шуудангийн солилцоог хангахад чухал үүрэг гүйцэтгэдэг. ДШХ нь дэлхийн харилцаа холбоо, худалдаа, цахим худалдааг дэмжих зорилгоор шуудангийн стандартыг тогтоож, хамтын ажиллагааг дэмжиж, шуудангийн системийг шинэчлэхэд тусалдаг. Ингэснээр олон улсын шуудангийн үйл ажиллагааг тасралтгүй явуулах, шуудангийн салбарын тогтвортой хөгжлийг ахиулахад голлох үүрэг хүлээнэ.