Аавыгаа Ажаа гэж дууддаг ёс төв халхынханд саяхныг хүртэл байсан. Дөнгөтийн Цоодол найрагчийн “Ганцхан Ажаатай хорвоо”, Жамбалын Мягмарсүрэн эрхлэгчийн “Ажаагийн хийсэн хусан тэрэгний ялуу” гээд аавынхаа тухай, ус голынхоо тухай нуугьтал бичсэн дурсамжуудыг бид мэднэ. Манай Хөшөөтийн голынхон (Булганы Хишиг-Өндөр) аавыгаа Ажаа гэнэ. Аавын дүү Отгоншарав ахын “Ажаа минь өнгөрсөн тэр намар шиг урт намрыг үзээгүй” гэж хэлсэн үг санаанаас гардаггүй. Намар болохоор буцах шувуудын ганганаатай цуг цээжинд хургаж зүрх хөндүүрлэх нь бий.
Ачит эцгээ алдан өнчирч хоцорсон үрсэд нь намрын сар барагдаж өгөхгүй зовоох нь гарцаагүй. Уул нурж, тэнгэр хөмөрсөн мэт тэр намар Отгон ахын үгнээс сэтгэлд шархиртал буудаг юм. Эндээс ургуулаад бодохоор намрын улирал хүмүүн гэгчид санаж сэрэхүйн “дуут дохио”-г өгдөг шиг. Намрын нар налайгаад л, өнөө айргийн амт нь чимчигнэж, алтан намрын өнгө нь тунараад байгаа хэрнээ нэг л сэтгэл дэнслээд тогтож өгдөггүй. “Намар болоход ээжгүй хүн энгэрээ тэмтэрч нэгийг цөхөртлөө хайдаг” хэмээх найрагчийн шүлэг нэгийг хэлнэ. Мөн “Ээ хүү минь намрын салхиа, ингээд л хүний сэтгэл эвдчихдэг юм” гэж хүүгээ сургуульд нь үдээд зогсож буй эцгийн дүр тодорном.
Намрын улирал амьдралын утга учрыг ингэж л буцаж буй шувуудаар, урьхан хонгор салхиар, уулын оройн будан, бугын дуудлагаар хүмүүний зүрхэнд суулгаж өгдөг буй за. Аавын минь аав Батсүх Ажаа, түүний төрсөн дүү Бавуу Ажаа. Хөшөөтийн голын хоёр багана нь байсан хоёр Ажаа минь. Намар болохоор л нялххан миний сэтгэлд хөндүүрлэн бодогдож алсын уулнаас дүр нь харагдаж, аясын салхинаас дуу нь сонстох шиг л болох юм даа. Учир юунд юм бол оо.