Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Ц.Болорчулуун: Гурил, улаанбуудайн импортын татварыг нэмж, боомтуудаа хязгаарлаж, дотоодын салбараа хамгаалах хэрэгтэй DNN.mn

ХХААХҮЯ-ны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ц.Болорчулуунтай намрын ургац хураалтын бэлтгэл ажил, өнөөгийн нөхцөл байдлын талаар ярилцлаа.


-Өвлийн бэлтгэл намрын ургац хураалттай холбоотой ажлууд ид өрнөж байгаа байх. Энэ талаар та тодорхой мэдээлэл өгөөч?

-Засгийн газраас 2024-2025 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах тогтоол гарсан. Үүгээр өвөлжилтөд шаардлагатай өвс тэжээлийн нөөцийн бэлтгэл, хашаа саравч, худаг ус гээд олон ажлыг бүх аймаг сумдад нь хариуцуулан өгсөн. Мэдээж хариуцаж байгаа олон байгууллага бий. Манай зүгээс үүрэг чиглэл өгөөд, хэрэгжилтийг нь хангаад ажиллаж байна. Хадлан, тэжээлийн аюулгүйн нөөцөө аймаг, сум дор бүрнээ бэлдээд явж байгаа. Мөн одоо намрын ургац хураалтын ажил хаяанд ирлээ. Энэ жилийн хувьд манай тариаланчдын авч хэрэгжүүлж байгаа арга технологи, цаг агаарын нөхцөл байдал зэргээс шалтгаалан ургац хураалт бусад жилүүдтэй харьцуулахад 10 орчим хоногоор урагшлах төлөвтэй байгаа. Тийм ч учраас зарим нь ургацаа хураагаад, гурил үйлдвэрлэлд эхнээсээ буудайгаа тушаагаад эхэлчихсэн байна. Ургацын ерөнхий төлөв байдлын хувьд бидний төлөвлөж байснаас 15 орчим хувиар буюу 56 мянган га талбайгаар багасаж тариалагдсан. Гэвч ургацын эхний байдлыг харахад хэмжээ, чанарын асуудал харьцангуй гайгүй байна. Тийм болохоор төлөвлөж байгаа хэмжээндээ дөхөж очих болов уу гэсэн тооцоололтой байгаа. Ургацын баланс удахгүй гарна. Үүгээр хэдий хэр хэмжээний улаанбуудай хурааж авах нь тодорхой болно. Сүүлийн жилүүдэд зуд, ган гачигтай холбоотойгоор малчдын сэтгэлгээ, хандлага арай өөр болж, байгалийн хадлан, бэлчээр дээр суурилсан мал аж ахуй эрхлэх нь эрсдэлтэй гэдгийг ойлгож, таримал тэжээл бэлдэх нь их болж байна. Үүний хүрээнд улсын хэмжээгээр 100 гаруй мянган га талбайд тэжээлийн ургамал тариалсан. Энэ бол худалдан авагч нь бий болсон шинэ зах зээл үүсч байгаа учраас тэжээлийн тариалалт нэмэгдэж байна гэж харж байгаа.

-Төмс, хүнсний ногооны хувьд ямар байгаа вэ?

-Засгийн газраас хэд хэдэн арга хэмжээг авч хэрэгжүүлж, тариачид, ногоочдод хаврын тариалалтын үеэр хөнгөлөлттэй зээл олгож байгаа.

Мөн 10 гаруй хүнсний ногоонд урамшуулал олгож, техник тоног төхөөрөмжийн шинэчлэл хийхэд нь дэмжлэг үзүүлэх гээд олон ажлыг хийж байна. Үүний үр дүнд төмс, хүнсний ногооны тариалалт төлөвлөснөөс бага зэрэг давсан. Эрт ургацын ногоонууд худалдаанд аль хэдийнэ гарсан. Ногоочдод тулгамддаг гол асуудал бол зоорь, агуулах, борлуулалт байдаг. Тиймээс Хүнсний 34 дүгээр тогтоолын хүрээнд зоорь, агуулахын хэмжээг нэмэгдүүлэхийн тулд хөнгөлөлттэй эх үүсвэр гаргасан болохоор зоорь агуулахын тоо, хэмжээ нэмэгдэж байна. Мөн хэд хэдэн газар ногоочдынхоо борлуулалтыг дэмжих цэг, төв байгуулж, машины зогсоол, лангуу, агуулахаар дэмжиж байгаа.

-Та түрүүн улаанбуудайн тариалалт 15 хувиар буурсан гэлээ. Үүнд юу нөлөөлөв. Гури лын импортын татварыг тэглэсэнтэй холбоотойгоор улаанбуудай гэхээсээ илүү тосны ургамал тарьсан гэдэг үнэн үү?

-Өнгөрсөн тавдугаар сард гурилын гаалийн татварыг тэглэсэн. Орж ирж байгаа боомтуудын хязгаарлалтыг зогсоож, тоо, хэмжээг хязгааргүй болгосон. Энэ шийдвэр гарсантай холбоотойгоор мэдээж импортоор тодорхой хэмжээний улаанбуудай, гурил орж ирж байгаа. Тус шийдвэр нэг талдаа ард иргэдээ хямд гурилаар хангах зорилттой нийцэж байгаа боловч газар тариалангийн салбарын оролцогч талуудад санхүүгийн эрсдэл үүсэх магадлал бий болсон. Тийм болохоор тариаланчид маань тариалалтаа тодорхой хэмжээгээр бууруулсан. Хоёрдугаарт, техник нийлүүлэлт хийдэг компани, ургамал хамгааллын бодис, бордоо импортолдог газрууд гээд оролцогч талууд нь санхүүгийн эрсдэл үүрч болзошгүй болсон. Тиймээс үүн дээр хариу арга хэмжээ авахаар төлөвлөж байна.

-Оросоос орж ирж байгаа гурил чанаргүй байгаа тухай гомдлууд яаманд ирсэн гэсэн мэдээлэл бий. Энэ тал дээр юу хэлэх вэ?

-Чанарын асуудал байгаа юу гэвэл байгаа. ОХУ-ын стандарт буюу ГОСТ-ыг хангаж байгаа гурил манай дотоодын гурилын үнээс нэг их хол зөрүүгүй. Харин ТУ буюу техникийн нөхцөл хангаж байгаа гурил нь харьцангуй хямд орж ирж байгаа. Тиймээс иргэд өөрсдөө хэрэглэж үзээд сонголтоо хийгээд явах байх. Хэдийгээр улаанбуудайн тариалалт тодорхой хэмжээгээр буурсан ч бид ургацаараа нөхөх ямар боломж байна гэдгийг судлаад нэг их буурахгүй болов уу гэсэн тооцоололтой л байна.

-Дотоодын хэрэгцээгээ 100 хувь хангахгүй байх эрсдэл үүсч магадгүй юм байна гэж ойлголоо. Хэрэв ийм зүйл болбол импортоор улаанбуудай авах асуудал яригдах уу?

-Ургацын бланс харж байж л шийдэх асуудал. Хэрэв үнэхээр авахаар болсон ч импортоор орж ирж байгаа гурилаараа нөхөх үү, улаанбуудайгаар нөхөх үү гэдэг нь Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хурлаар яригдана.

-Орж ирж байгаа гурилын чанарын асуудал дээр яаж анхаарах юм бэ. Мэдээж иргэдийг хямд, чанартай гурилаар хангахын тулд гаргасан шийдвэр ч гэлээ зорилгодоо хүрэхгүй байна гэж хараад байна л даа?

-Мэдээж бизнес хийж байгаа компаниуд өөрсдийнхөө ашгийг харна. Нөгөө талдаа гурил нь дотроо дээр хэлсэн ГОСТ, ТУ гэсэн хоёр янз л байгаа юм. Нэгэнт шийдвэр гарсан болохоор энэ нь хэрэглэгчдийн сонголт л болчихоод байгаа юм. Мөн манай дотоодын гурил үйлдвэрлэгчид бол бүгдээрээ л тоног төхөөрөмжийн шинэчлэл хийчихсэн. Тийм болохоор манай дотоодын гурил ямар нэгэн байдлаар чанарын асуудал харьцангуй гайгүй гэж ойлгож болно.

-Улаанбуудайн тариалалт ингээд жил ирэх тусам багассаар гаднаас хараат болчих вий гэх хүмүүс байна. Тиймээс дотоодын тариалалт, гурил үйлдвэрлэлийг нэмэг дүүлэхийн тулд салбар яамнаас ямар бодлого барьж ажиллах юм бэ?

-Манай тариаланчид одоо бол бүгдээрээ улсын газар эзэмшиж байгаа. Тийм болохоор төрийн өмнө хүлээсэн үүрэг гэж бий. Стратегийн гол бүтээгдэхүүний хангамжийг чанартай, хүртээмжтэй байлгах чиглэлд хүнсний улаанбуудайг тариалах үүрэг нь байгаа. Харин нөгөө талдаа үүргээ биелүүлээд тарья гэхээр борлуулалт хүндрээд ирвэл тариаланчид санхүүгийн эрсдэлд орох нөхцөл байдал бий болно. Тийм болохоор гаалийн албан татвараа нэмэх, орж ирж байгаа боомтуудаа хязгаарлах зэрэг эргэж харж арга хэмжээг авахгүй бол энэ салбар өөрөө уналтад ороод дөнгөж 2008 оноос сэргэж эхэлж байгаа салбар. Одоо бол жилдээ 400 гаруй мянган га талбайд улаанбуудай тариалаад, 470-480 мянган тонныг хурааж аваад дотоодын хэрэгцээгээ хангахуйц хэмжээнд очиж байгаа учраас үүнийг бид цаашдаа тууштай бодлогоор хамгаалахгүй бол болохгүй. Тариаланчдад газар дээрээ тэжээл, тосны ургамал тарих зэрэг өөрсөддөө ашигтай тармилууд тарих сонголтууд бий болж байна. Эрчимжсэн мал аж ахуй хөгжиж буйтай холбоотойгоор эрдэнэ шиш, шар буурцгийн тариалалт гарч ирж байна. Гэвч стратегийн хүнсээ ямар ч тохиолдолд дотоодоосоо хангах бодлогоо тууштай баримтална л гэж ойлгож байгаа.

-Хилээр орж ирж байгаа стратегийн бүтээгдэхүүнүүдийн чанарыг шалгадаг лаборатори ер нь бий юу?

-Импортоор орж ирж байгаа бүх бүтээгдэхүүн дээр манай гаалийн лабораториуд бүгд ажиллаж байгаа. Гурил дээр аваад үзэх юм бол чанаргүй гэхээсээ илүү манай хүнсний гурил гэдэг стандартыг хангаж байгаа. Гэхдээ дотор нь нарийн шинжилгээгээр стандартын бага сага л ялгаа байгаа юм. Ер нь гаалийн бүрэн хяналт дор орж ирж байгаа болохоор огт стандартын шаардлага хангахгүй бүтээгдэхүүн орж ирэх магадлал тун бага.

-Намрын ажилд шатахуун, түлшний нөөц хэр байгаа вэ. Хомсдол үүсэх вий гэсэн болгоомжлол хаа хаанаа байна?

-Намрын ургац хураалт ө өрөө технологийн хугацаатай. Бид ямар ч байсан 14-21 хоногийн хугацаанд бүрэн дуусгах ёстой. Цаг агаарын нөхцөл байдал ч ингэж шахдаг. Энэ хугацаандаа багтах нь чухал. Ингэхийн тулд олон хүчин зүйл нөлөөлдөг. Ургац хураалтанд ажиллах хүч дутмаг байдаг. Үүн дээр яамнаас анхаарч, Боловсролын яам, зарим их, дээд сургуулиудтай яриад оюутнуудыг ажиллуулдаг. Үүнийгээ үе шаттайгаар хийгээд явна. Дээрээс нь эрчим хүч дээр ямар нэгэн доголдол, саад гарахгүй байх учиртай. Ингэж байж бид будаа тариагаа цэвэрлэх, хатаах, хадгалах зэрэг технологийн ажлуудаа хийнэ.

Мэдээж хамгийн том асуудал бол ургац хураалтад явдаг бүх техникүүдийн дийлэнх нь түлшээр ажилладаг. Тэгэхээр шатахууны хомсдол байж болохгүй. Холбогдох яамнаас өгсөн одоогийн мэдээгээр бол шатахуун, түлш дээр ямар нэгэн хомсдол үүсэхгүй гэсэн. Тийм болохоор бид харьцангуй гайгүй явах байх л гэж үзэж байгаа.

-Ган, зудын нөхцөл байдлаас болоод мал, махаа тогтмол гаргадаг байх тухай сүүлийн жилүүдэд их ярьсан. Харин саяхнаас булангийн орнуудад ХАЛАЛ аргаар мах гаргадаг болсон тухай дуулдсан. Ер нь мал, махаа гадагш нь гаргах тал дээр ямар ажлууд хийгдэж байна вэ?

-Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа бодлогын арга хэмжээ, санхүүгийн дэмжлэгүүдийн үр нөлөө нь манай хүнс, хөдөө аж ахуйн салбарт гарч, манай салбарын импорт буурч, экспорт нэмэгдсэн. Тодруулбал, импорт 10 хувиар буурч, экспорт 6-7 хувиар өссөн үзүүлэлт гарсан. Үүнд голлох бүтээгдэхүүн гэвэл ноолуур байна. Дээрээс нь түүхэндээ байгаагүй буюу 120 орчим мянган тонн мах экспортод гаргасан. Дийлэнх нь мэдээж дулааны аргаар бэлтгэсэн мах БНХАУ руу гарсан байна. Мөн бид бусад зах зээлийг эрэлхийлж, станы орнууд буюу Казахстан, Киргизстан зэрэг улсууд руу махны экспорт хийж эхэлсэн. Булангийн орнууд буюу Арабын таван орны гурав нь Монгол Улсаас мах авъя гээд хорио цээрийн шаардлагуудаа нээлттэй болгосон. Тиймээс энэ чиглэлд аж ахуйн нэгжүүдийн хөрөнгө оруулалт, үйл ажиллагаа эхлээд явж байна. Салбар яамнаас махны экспортоо тогтмол нэмэгдүүлэх бодлого бариад ажиллаж байгаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *