Categories
гадаад мэдээ

Оросын агаарын хүчирхэг цохилтын эргэн тойронд DNN.mn

Оросууд Украинд хоёр өдөр дараалан энэ дайнд гарч байгаагүй том хэмжээний агаарын цохилт өгөв. Энэ цохилтонд оросууд стратегийн бөмбөгдөгч онгоц, Хар тэнгис дэх хөлөг онгоц болон хуурай газраас нийт 127 пуужин харваж, 109 дроноор дайрсан байна. Харин Украины агаарын цэргийн хүчнийхэн Оросын 102 пуужин, 99 дроныг устгасан гэж мэдээлжээ. Өчигдөр гэхэд л Украин даяар агаарын дайралтын сэрэмжлүүлэг бараг найман цаг үргэлжилсэн бөгөөд богино хугацааны завсарлагааны дараа довтолгоон дахин давтагдаж байв.

Украины ерөнхий сайд Денис Шмигал “Энэ удаагийн Оросын агаарын довтолгоонд Украины 15 бүс нутаг хохирол амссан” гэж Telegram хуудсаар мэдэгдээд “Дайсан янз бүрийн төрлийн далавчит пуужин, кинжаал, дрон хэрэглэсэн. Украинчуудаас шархдсан, нас барсан хүмүүс гарсан. Тэдний гэр бүл болон найз нөхдөд гүн эмгэнэл илэрхийлье. Оросын террористуудын бай нь дахиад л манай эрчим хүчний дэд бүтэц болж хувирлаа. Харамсалтай нь хэд хэдэн газарт хохирол учирч “Укренерго” системээ тогтворжуулахын тулд цахилгаанаа таслахаас өөр аргагүй болсон” гэж тайлбарлажээ. Харин Украины Онцгой байдлын алба (SSES) Оросын дайралтын улмаас Украины бүс нутагт долоон хүн нас барж, нийт 47 хүн гэмтэж бэртсэний дөрөв нь хүүхэд байсан. Украины 50 гаруй суурин эвдэрч, 57 гаруй объектод гэмтэл учирсан байна. Тодруулбал, Одесса мужид хувийн орон сууц, олон тооны тээврийн хэрэгсэл шатаж, Житомир Ривне, Киев болон бусад бүс нутгуудын дэд бүтцийн чухал объектууд эвдэрсэн. Олон суурин газрууд, тэр дундаа Киев хотод цахилгаан тасарч, нийслэлийн зарим дүүрэгт цахилгаан тасарсны улмаас усан хангамж ч тасалдаад байна.

Мөн Вышгород хотын ойролцоо байрладаг Киевийн усан цахилгаан станцын техникийн хэсэг халдлагад өртсөн. Гэхдээ Киевийн усан цахилгаан станцын далан задрах ямар ч аюул байхгүй байна. Манай цагдаа нар Оросын цэргийн гэмт хэргийг баримтжуулж байна” гэж мэдээлжээ. Мөн Киевийн бүс нутгийн цэргийн захиргааны дарга Руслан Кравченко эвдрэл учирсан бүх газартай танилцсаны дараа Киевийн усан цахилгаан станц онц ноцтой хохирол амсаагүй гэдгийг батлаад “Бид бүх зүйлийг сэргээж, бүх хохирлыг арилгах болно” гэж мэдэгджээ.

Оросын энэхүү томоохон халдлагын дараа Украины ГХЯ-ны сайд Дмитрий Кулеба “Украины түншүүдийн хоёрхон шийдвэр Оросын терроризмыг зогсооход тусалж чадна. Нэгдүгээрт, Оросын нутаг дэвсгэрт байгаа бүх албан ёсны цэргийн объектуудад алсын зайн цохилт өгөх Украины эрхийг баталгаажуулах, хоёрдугаарт, Оросоос манай улсын агаарын орон зайд ойртож буй пуужин, дроныг устгахын тулд тэдний өгсөн агаарын довтолгооноос хамгаалах зэвсгийг ашиглах явдлыг зөвшөөрөх” гээд “Эдгээр шийдвэрүүдийн аль нь ч шинэ хурцадмал байдал бий болгохгүй. Харин ч эсрэгээрээ терроризм, Оросын халдлагын тоо, түүнтэй холбогдон гарах манай иргэдийн хохирлын тоог бууруулах болно. Иймээс хойш тавилгүй, яг одоо эдгээр шийдвэрийг гаргах хэрэгтэй байна” гэжээ. Тэгвэл АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден ОХУ-ын зэвсэгт хүчин Украины эрчим хүчний системд цохилт өгснийг эрс шийдэмгий буруушаасан бол Цагаан ордны Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хэвлэлийн төлөөлөгч Жон Кирби Оросын энэ халдлагыг “Хүйтний улирал ойртож байгаа энэ үед Украины ард түмнийг харанхуйд байлгах гэсэн Оросын энэхүү оролдлогыг бид эрс буруушааж байна” гэж мэдэгдэв.

Мөн Их Британийн Гадаад хэргийн сайд Дэвид Ламми “Оросын арми Украины иргэний дэд бүтцэд халдсан халдлагыг хатуу зэмлэн буруушааж, Украины зүүн нутагт Ройтерс агентлагийн ажилтан амиа алдсанд бас гүнээ харамсаж байна” гэж мэдэгджээ. Харин Украины ерөнхийлөгч Владимир Зеленский “Командлагч Александр Сырский бид хоёр Оросын энэ цохилтын хариуд, манай холбоотнуудын нийлүүлсэн “F-16” онгоцуудыг Оросын пуужин, дроныг устгахаас гадна Оросын цэргийн эсрэг хэрхэн яаж ашиглахыг нарийвчлан тохиролцлоо. Оросын Курск мужид Украинд яг хэрэгтэй байгаа чиглэлээр бид үйл ажиллагаагаа үргэлжлүүлж байгаа бөгөөд сүүлийн 24 цагийн хугацаанд бид хяналтын бүсээ өргөжүүлж, олон орос цэргийг олзлоод байна” гэж мэдэгдэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *