Categories
мэдээ нийгэм

ТББХ: “Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ DNN.mn

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр /2024.08.27/ хуралдаж, “Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа.

Байнгын хороо Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасан журмын дагуу Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг явуулсан.  Чуулганы нэгдсэн хуралдаанаар тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед тухайн зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулахгүйгээр уг асуудлыг гүйцээн боловсруулж, төслийн холбогдох зүйл, хэсэг, заалттай уялдуулахаар Байнгын хороонд шилжүүлcэн саналуудаар эхлээд санал хураалт явуулсан.

Төслийн 1 дүгээр хавсралтын 3.3.1.3 дахь заалтыг “Монгол Улсын зэсийн ордуудыг түшиглэн зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн байршлыг эцэслэн тогтоож, дэд бүтцийн нарийвчилсан техник, эдийн засгийн үзүүлэлтийн судалгааг хийж хэрэгжүүлнэ.” гэж өөрчлөн найруулах саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн.

Мөн төслийн 1 дүгээр хавсралтын 4.2.1.13 дахь заалтыг “Нууц мөрдөн шалгах ажиллагаанд тавигдах шүүхийн хяналтыг сайжруулж, тус ажиллагаанд өртсөн иргэнд мэдэгдэх, хүний хувийн мэдээллийг хамгаалах, зөрчигдсөн эрхээ шүүхээр хамгаалуулах хуулийн зохицуулалтыг бий болгоно.” гэж  өөрчлөн найруулах санал мөн дэмжигдсэн.

Түүнчлэн нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр санал хурааж дэмжигдсэн боловч уг саналаар Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүй нь дахин санал хураалгах шаардлагатай гэж үзсэн тул тус хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.3-т заасныг баримтлан 8 саналаар санал хураалт явуулж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.

Тогтоолын төслийн 3 дахь заалтыг хасах зарчмын зөрүүтэй санал томьёолол чуулганы нэгдсэн хуралдаанаар дэмжигдсэнтэй холбогдуулан Байнгын хороо төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэхдээ хууль тогтоомжийн хоорондын уялдааг хангах зорилгоор Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.5 дахь хэсгийг баримтлан “Монгол Улсын Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал батлах тухай” Улсын Их Хурлын 2024 оны 64 дүгээр тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулж хэлэлцүүлснийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ “Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр батлуулах горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *