Украины зэвсэгт хүчний агаарын цэргийн хүчин өөрийн Telegram сувагтаа Курск муж дахь Оросын бэхлэлт рүү Америкийн “GBU-39” бөмбөгөөр цохилт өгч байгааг харуулсан видео нийтэлж “Оросын цэргийн удирдлагын төв, дроны удирдлага, цахим байлдааны техник хэрэгсэл, зэр зэвсэг болон 40 орчим орос цэргийн албан хаагчийг устгав” гэж мэдээлжээ. Уг цохилтод ашигласан америкийн “GBU-39” залуурт бөмбөг нь 100 кг-аас дээш жинтэй, 110 км-ийн зайнаас цохилт өгдөг бөмбөг юм. Хамгийн гол нь Америкийн “GBU-39” залуурт бөмбөгөөр цохилт өгч эхэлсэн нь Украины армийн нисэх хүчин Оросын пуужин, дроноос хамгаалахаас гадна фронтод цохилт өгөх боломжтой, олон тооны “F-16” онгоцтой болсон гэсэн үг юм.
Мөн Цагаан ордон татвар төлөгчид болох өөрийн сонгогчдын өмнө тэдний мөнгийг Украинд дэмий өгөөгүй гэдгээ харуулахын тулд ирэх сарын дунд гэхэд Путиныг суудлаас нь буулгаж Украины дайныг дуусгах шаадлага үүсээд байгаа билээ. Үүнийг шийдэх гол түлхүүр нь “F-16” онгоцны тоо, ялангуяа зэвсэглэл гэдгийг цэргийн шинжээчид онцолж байна. Иймээс НАТО-гийн тэтгэвэрт гарсан нисэгчдийг Украинд хөлсөөр байлдуулах тухай яригдаж эхлэв.
НАТО-гийн нисэх хүчин Оросоос ялгаатай нь орчин үеийн техник, технологи ашиглан “Түрүүлж илрүүлж, урьтаж сөнөөх” гэсэн зарчмаар ажилладаг. Иймээс НАТО-гийн нисэх хүчинд Афганистан, Сирийн дайнд Оросын байлдааны онгоцуудыг устгасан туршлага байгаа. Энэ нь НАТО-гийн тэтгэвэрт гараагүй нисэгчид ч бодит байлдааны туршлагатай болох гэж Украины дайнд оролцох өндөр магадлалтай гэсэн үг юм. Бас НАТО-гийн нисгэгчид дайнд оролцоно гэдэг нь Украины талд байлдах “F-16” онгоцууд хамгийн орчин үеийн бөмбөг, пуужингуудаар Оросын талд цохилт өгч, цоо шинийг нь байлдааны нөхцөлд туршина гэсэн үг.
Тухайлбал, Politico цахим хуудсандаа нэрээ нууцлахыг хүссэн эх сурвалжаас иш татан АНУ-ын ерөнхийлөгчийн засаг захиргаа Украинд алсын тусгалтай “Агаар-газар” ангиллын “JASSM” далавчит пуужин нийлүүлэх асуудлыг “нээлттэй” хэлэлцэж байна” гэж мэдээлжээ. Уг эх сурвалж “Politico”-д “Украин руу ямар пуужингууд илгээх тухай эцсийн шийдвэр гараагүй байгаа ч Цагаан ордон энэ асуудлаар одоо цэвэр нарийн ширийн зүйлийг хэлэлцэж байна. Тодруулбал, цэргийн нууц технологи алдагдах эсэх, Украины “F-16” нисэх онгоцнуудыг 454 кг байлдааны цэнэгт хошуутай 1088 кг жинтэй пуужингаар хэрхэн хангах вэ гэх мэт нарийн ширийн зүйлсийг ярилцаж байна” гэжээ.
Украинд АНУ, Их Британи, Франц улсууд агаар болон газар дээрээс хөөрдөг 300 км-ийн зайд цохилт өгөх боломжтой далавчит пуужингуудыг нийлүүлээд байгаа билээ. Мөн АНУ болон түүний холбоотнууд Украинд өгсөн “F-16” онгоцонд зориулан агаар-агаар, агаар-газар ангиллын янз бүрийн пуужин нийлүүлж байгаа ч Киевийн ялалтанд “хамгийн их ач холбогдол”-той нь яах аргагүй өнөөгийн цэргийн зэвсэглэлд байгаа хамгийн хүчирхэг, алсын тусгалын зэвсэг болох “JASSM” далавчит пуужин юм.
Politico “Пентагон “JASSM” пуужингуудыг Украинд шилжүүлэхийг одоогоор албан ёсоор баталгаажуулаагүй байна” гэж мэдээлсэн бол АНУ-ын Батлан хамгаалах яамны хэвлэлийн төлөөлөгч Жефф Жаргенсен “Бид Украины аюулгүй байдлын тусламжийн шаардлагыг хангах хэд хэдэн хувилбарыг авч үзэж байгаа ч одоогоор өгөх тодорхой мэдээлэл бидэнд алга байна” гэжээ. Мөн уг пуужинг үйлдвэрлэгч “Lockheed Martin” компани “JASSM” пуужинийн тусгал нь 926 км-ээс даван өндөр нарийвчлалтайгаар байндаа тусаж, 450 кг жинтэй байлдааны хошуугаар цохилт өгдөг. Түүний тусгал нь Украины өмнө нь авч байсан “Storm Shadow” болон “SCALP” гэх мэт далавчит пуужингуудаас хэд дахин их” гэж мэдээлсэн байна, Пентагон 7200 “JASSM” пуужингийн нөөцтэй бөгөөд “Lockheed Martin” уг пуужингийнхаа үйлдвэрлэлийг ихээхэн нэмэгдүүлж эхэлсэн байна. Мөн Politico “JASSM”-ийг Украинд шилжүүлэхийг Конгрессын нэлээд олон хууль тогтоогчид дэмжиж байна” гэж онцолжээ.
Энэ бүхэн Украины дайны агаарт “F-16” онгоцнууд удахгүй бүрэн ноёрхож магадгүй болсныг баталж байна.