Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

А.Ундраа: Өмгөөлөл үзүүлэхгүйгээр бусдад хэрэг тохдог, ял наймаалцдаг зэрэг ноцтой асуудал бодитой байгаа эсэхийг УИХ-ын Хянан шалгах Түр хороогоороо нээлттэй хэлэлцэх цаг болсон DNN.mn

“Үндэсний эвсэл”-ийн жагсаалтын хоёрдугаарт бичигдэн парламентад сонгогдсон УИХ-ын гишүүн А.Ундраатай цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Энэ удаагийн сонгууль Үндсэн хуулийн болон Сонгуулийн тухай хуулийн өөрчлөлтийн хүрээнд явагдлаа. Таны хувьд УИХ-д хоёр дахь удаагаа сонгогдон, ард түмнээ төлөөлөн ажиллаж байна. Юуны өмнө сонгуульд ямар байдлаар оролцов?

-УИХ-ын сонгууль холимог тогтолцоогоор анх удаагаа парламентын 126 гишүүнтэйгээр сонгохоор явагдсан. Энэ бол монголчууд бидний хувьд шинэ өөрчлөлт. Анхны 126 гишүүнтэй парламентын бүрэлдэхүүнийг харахад хэд хэдэн зүйлийг хэлж болохоор байна. Тухайлбал, өмнөх парламентуудад гишүүдийн 1/3 нь шинэ гишүүд үлдсэн нь өмнө хэд хэдэн удаа сонгогдсон гишүүд дахин гарч ирдэг байсан. Харин энэ удаагийн парламентад шинэчлэл өргөн хүрээнд явагдлаа гэж харж байгаа. Манай “Үндэсний эвсэл”-ийн хувьд энэ оны нэгдүгээр сарын 29-нд анх байгуулагдсан. Улмаар маш богино хугацаанд сонгуульд бэлтгэн оролцсон. Хагас жил хүрэхгүй хугацаанд энэ эвсэл маань нэг хамт олон болж бүрдэж чадсан. Түүнчлэн энэ богино хугацаанд үзэл баримтлалаа тодорхойлж, мөрийн хөтөлбөрөө боловсруулж чадсан нь бидний хувьд амжилт гэж харж байгаа.

-“Үндэсний эвсэл”-ийн тэргүүн Н.Номтойбаяртай та өмнө нь буюу 2016-2020 оны парламентад хамт гишүүд байсан. Тэр парламентын үед Н.Номтойбаяр гишүүн бүрэн эрхээсээ татгалзаж байсан шиг санагдаж байна?

-Тэр үеийн парламентад байхдаа бид гар нийлж ажиллаж байсан. Н.Номтойбаяр тэргүүний хувьд хууль тогтоогч, Засгийн газрын гишүүнийхээ хувьд ч ажилдаа маш хариуцлагатай хандаж ирсэн хүн. Нөгөөтэйгүүр гүйцэтгэх засаглал болон хууль тогтоогч талаасаа бид маш сайн гар нийлж ажилладаг байсан. Тэр үед гарсан асуудлаас болж Н.Номтойбаяр гишүүнийг хорьж байсан. Гэхдээ би энэхүү асуудлыг зуун хувь хэлмэгдүүлэлт гэж ойлгодог. Одоо ч энэ байр суурь дээрээ итгэл үнэмшилтэй байгаа. Хүний эрхийг зөрчиж, хэлмэгдүүлж хорьсон нь Н.Номтойбаяр гэдэг хүнийг сонгуулиас шахаж гаргах гэсэн харгис үйлдэл байсан.

Улс төрийн хүрээнд нэгнийгээ ингэж хэлмэгдүүлдэг, улс төрийн зорилгоор намнадаг явдлыг цаашид таслан зогсоох ёстой. Нөгөөтэйгүүр “Үндэсний эвсэл”-ийг бид гар нийлж ажиллаж чаддаг учраас анхнаас нь хамт байгуулаад явсан. Энэ эвслийн гол үзэл баримтлал болох “Иргэн баян бол улс баян” хэмээх философи надад маш их таалагддаг. Тиймээс бид анхнаасаа энэхүү улс төрийн хүчнийг үүсгэн байгуулаад явсан.

-Парламент 126 гишүүнтэй болсноороо улс орны хөгжлийг хурдасгах төрийн бодлого гарах суурь нөхцөл бүрдсэн гэж хардаг уу. Таны хувьд 76 гишүүнтэй байх үеийн парламентад ажиллаж байсан. Тоог нэмэгдүүлсэн ялгаа, ач холбогдлыг та юу гэж ойлгодог вэ?

-УИХ 126 гишүүнтэй болсноороо хэд хэдэн ач холбогдлыг хэлж болно. Анх 1992 онд 76 гэх тоог тогтоосноос хойш 30 гаруй жилийн хугацаанд Монгол Улсын хүн амын тоо нэлээд их нэмэгдсэн. Энэ утгаараа төлөөллийн тоог нэмэх нь зүйтэй гэсэн байр суурьтай байсан. Нөгөөтэйгүүр холимог тогтолцоогоор сонгуулиа явуулсан нь тойргийн улс төр гэхгүй илүү бодлогын шинж чанартай шийдвэр гарах бололцоо бүрдэж байгаа. Өөр нэг онцлох зүйл нь сонгуульд өрсөлдсөн нам, эвсэл нэр дэвшигчдээ эрэгтэй, эмэгтэйгээр нь сөөлжлүүлж оруулсан болохоор энэ парламентад хамгийн олон эмэгтэй гишүүд сонгогдон гарч ирлээ. Гэхдээ бид хүйсийн тэгш төлөөлөлд хүрэх болоогүй байна. Анхны 126 гишүүнтэй парламентын үйл ажиллагаа дөнгөж эхэлж байгаа учраас дүгнэлт хэлэхэд эрт байна.

-Гишүүдийн хувьд Дэгийн тухай хуулийн өөрчлөлтийг бид өөрсдөө хийх ёстой гэдэг зүйлийг хэлж байсан. Өмнөх парламентын баталсан Дэгийн тухай хууль та бүхний үг хэлэх эрхийг зөрчиж байна гэж харж байгаа юу?

-Дэгийн тухай хуулийн зарим өөрчлөлтүүд УИХ-ын гишүүний үг хэлэх эрх чөлөөг хязгаарласан, гишүүдийн ажлаа хийх боломжийг хашиж боогдуулсан заалтууд байна. Үүнийг энэ парламент засаж, залруулах болов уу гэж бодож байгаа. Учир нь ард түмний төлөөлөл ажлаа хийх ёстой. Тэр нөхцөлийг нь Дэгийн тухай хууль хангаж байх ёстой болохоос биш чөдөр болж болохгүй. Энэ хууль парламентаас гарах шийдвэрийн чанарт нөлөөлнө. Парламентаас шийдвэр гарна. Гэхдээ шийдвэр чанартай, сайн байх хэрэгтэй. Сул шийдвэр гаргах нь улс орны хөгжилд чөдөр болно. Тиймээс том зургаар нь харсан ч энэхүү хуулиа бид засаж, залруулах хэрэгтэй.

-Эвсэл байгуулагдаад хагас жил хүрэхгүй хугацаанд бэлдээд сонгуульд орсон гэлээ. Ер нь сонгууль шударга болж өнгөрсөн үү. Яг сонгуулийн сурталчилгаа эхэлчихсэн байх үед танай эвслээс нэр дэвшсэн хэд хэдэн гишүүд үнэмлэхээ авсан шүү дээ…?

-Анх байгуулагдсан цагаас эхлээд “Үндэсний эвсэл”-ийг маш олон талаар хааж боож ирсэн. Нэр дэвшүүлэх үйл явцад саад учруулсан. Нэр дэвшигчдийн мандатыг өгөхгүй янз бүрийн шалтгаанаар уяж, сонгуульд тэгш оролцох боломжийг нь үгүй хийсэн. Зарим нь сонгуулийн сурталчилгаа дуусахаас ердөө долоо хоногийн өмнө мандатаа авсан. Энэ маягаар сонгох, сонгогдох эрхэд халдсан. Үүнийг нийтээрээ харсан болохоор  мэдэж байгаа. Түүнчлэн сонгуулийн үеэр манай эвслийн штабын төв байр луу олон цагдаа хүч түрэн орж ирж, зүй бусаар хандсан. Штабт хуулийн дагуу цагийн ажил хийж байгаа оюутан, залуучуудыг айлган цочирдуулсан. Энэ залуус анх удаагаа сонгуульд ажиллаж, зарим нь анх удаагаа сонгуульд саналаа өгөх гэж байсан. Өнөөдөр бид залуучуудын улс төрийн оролцоо тааруу байгааг шүүмжилж ярьдаг. Гэтэл анх удаагаа сонгуульд ажиллаж, саналаа өгөх гэж байгаа залуучуудыг айлгаж, цочирдуулах нь тэдний цаашдын улс төрийн оролцоог үгүй хийж байгаагаас ялгаагүй. Тэр залуучууд зүгээр ажлаа хийснээрээ ямар нэгэн хууль бус ажил хийчихсэн мэт сэтгэгдэлтэй үлдэж байгаа нь хамгийн харамсмаар зүйл. Энэ мэт дарангуйллын шинж чанартай үйл явц саяны сонгуулиар маш их гарлаа. Ийм зүйл ардчилсан улсад байж болохгүй. Цаашид бид үүнд анхаарах хэрэгтэй. Нөгөөтэйгүүр цагдаа, иргэд гэсэн ялгаатай хандлагаар бие биедээ хүйтэн, ширүүн харьцах, нэгэнтэйгээ дайсагнах ийм нөхцөл байдал руу Монгол Улс аажмаар гулсан орж байгаад миний хувьд сэтгэл эмзэглэж байна. Бид өнөөдөр цагдаажсан төр гэж ярих болсон. Төрийн нэрийг барьж иргэд рүүгээ хүч түрэн ордог асуудал ардчилсан улсад байж болохгүй. Нэг үе цагдаа намайг хамгаална гэж ард түмэн ярьдаг, хүндэлдэг байсан. Харин одоо цагдаа хамгаалах нь битгий хэл битгий дарамтлаасай гэж бодох хүмүүс их байна. Тэгэхээр цагдаад итгэх итгэл гэдэг зүйл маш нандин, маш эмзэг зүйл. Энэ итгэлээ бид алдаж болохгүй. Алдчихвал амгалан тайван амьдрах боломж нөхцөл бүрдэхгүй. Тиймээс энэхүү итгэл эргэж сэргэх нь бид бүгдэд хамаатай асуудал юм.

-Цагдаад итгэх иргэдийн итгэл суларсан гэж байна. Саяхан цагдаад шалгагдаж байсан 21 настай иргэн амь хохирлоо. Үүнээс болж Монголын ард түмэн цочирдолд орлоо шүү дээ. Энэ асуудал дээр та Их хурлын гишүүнийхээ хувьд ямар байр суурьтай байгаа вэ?

-Үнэхээр харамсалтай хэрэг гарсан. Юуны өмнө ар гэрт нь эмгэнэл илэрхийлье. АТГ-т цагдаа нарын талаар гомдол гаргасныхаа дараа харамсалтайгаар амь насаа алдлаа. Талийгаачийн ар гэр, найз нөхөд Төв талбай дээр зул өргөх үед миний бие мөн очсон. Ийм зүйл хэнд ч тохиолдоо билээ. Дахиж ийм зүйл болгохгүй, үүнийг таслан зогсоохын төлөө хууль тогтоогчийнхоо хувьд ажиллана. Энэ оны эхэнд буюу нэгдүгээр сарын 29-нд амь хохирогч цагдаа нарын талаар гомдол гаргасан юм билээ. Тэр цагаас хойш бүтэн тав, зургаан сар яг юу хийж байсан юм. Энэ хугацаанд уг асуудлыг яагаад шалгаад, шийдвэрлээд, мухарлаж болоогүй юм бэ. Хүний амь нас эрсдэж, ар гэр нь дахин гомдол гаргаж, энэ хэрэг олны анхаарлыг татсаны дараа тэрхүү камеруудыг өөр тийшээ харуулсан байсан, камер ажиллахгүй байсан гэдэг зүйлийг гарган ирж байна. Мөн цагдаагийн удирдлагууд өөрсдийгөө хамгаалсан мэдэгдлүүдийг хийсэн. Энэ хэрэг үнэхээр үнэн мөн нь тогтоогдоод цагдаа буруутай бол хариуцлага хүлээнэ гэсэн. Тэгвэл тэгнэ, ингэвэл ингэнэ гэдэг бэлэн нөхцөлтэй сууж байдаг юм уу, цагдаа нар. Тогтоогдох юм бол би огцорно гэж цагдаагийн дарга нь хэлж байна. Яасан үнэтэй албан тушаал вэ. Хүний аминаас үнэтэй албан тушаал юм уу. Энэ дарга яасан айхавтар албан тушаалаасаа зууралдана вэ. Зүгээр ёс зүйн хариуцлага хүлээгээд албан тушаалаасаа буух ёстой байсан. Гэтэл тэгээгүйгээс болоод цагдаагийн албанд зүтгэж байгаа олон мянган алба хаагчдын ажлыг үнэ цэнэгүй болгож байна. Ёс зүйн хариуцлагаа үүрээгүйгээс болоод цагдаагийн нэр хүнд унаж байна. Үүнийгээ энэ цагдаагийн дарга огт ухамсарласангүй.

-Нэг талдаа цагдаагийн хандлагын асуудал гарч ирж байна. Нөгөө талдаа Монголын цагдаад өнөөдөр шинэчлэл хийх шаардлагатай болсон гэж та хэлж байна уу?

-Энэ салбарт ноцтой ялзрал үүссэн байна. Үүнийг засахын тулд Хууль сахиулах их сургууль буюу бүүр боловсон хүчин бэлтгэдэг тогтолцоог бид анхаарах хэрэгтэй. Нэг цагдаа дээр оногдох ачаалал, гэмт хэрэгтэй тэмцэхдээ хүний эрхийн мэдлэггүйгээс болоод гаргаж байгаа алдаанууд юу байна вэ. Нөгөөтэйгүүр маш олон иргэд эрх зөрчигдсөн талаараа гомдол гаргадаг. Хэдэн зуун гомдол ирээд түүн дотроос гуравхан хэргийг шийдсэн байна гэдэг бол олон иргэний гомдол шийдэгдэхгүй, хана мөргөөд зогсдог гэсэн үг. Эдгээр асуудал УИХ хяналт тавих цаг нь болсон. Хяналт тавихын тулд Хянан шалгах Түр хороо байгуулах ёстой. Миний хувьд энэхүү Түр хороог байгуулах нь зүйтэй гэж үзэж байгаа. Харамсалтайгаар амь насаа алдсан залуугийн төлөө хийж чадах чухал зүйл бол асуудлын үнэн, зөвийг тогтоох гэж бодож байна. Нөгөөтэйгүүр адилхан хүний амь нас хохирсон олон хэргүүдийн сураг, ажиг сонсогдож байна. Зарим нь гомдол гаргасан гэж байгаа. Түүнээс гадна эрүүл мэнд, сэтгэл санаагаар хохирсон, өмгөөлөл хангалттай байна уу, өмгөөлөл үзүүлэхгүйгээр бусдад хэрэг тохдог, ял наймаацах зэрэг ийм ноцтой асуудал бодитой байгаа эсэхийг шалгах тогтоох, гаргасан гомдлуудыг мухарлах ёстой. Үүнийг УИХ-ын Хянан шалгах Түр хороогоороо ил тод нээлттэй хэлэлцэх цаг болжээ.

-Тэгэхээр энэ агуулгаар таны хувьд УИХ-ын тогтоолын төсөл санаачлан боловсруулсан гэсэн үг үү?

-Хянан шалгах Түр хороо дээрх хэрэг, асуудлуудтай холбоотой зөрчлийг гаргаж ирэх, шийдлийг нь эрж хайх, улмаар нийгмээрээ хэлэлцэн буруутай этгээдүүдэд хариуцлага тооцох зэргийг бүгдээрээ хэлэлцэх шаардлагатай гэж үзсэн. Тиймээс яг энэ агуулгаар миний бие УИХ-ын тогтоолын төслийг боловсруулж байна. Энэхүү тогтоолын төсөл дээрээ УИХ-ын гишүүдийг хамтран санаачлахыг хувьдаа урина. Нөгөөтэйгүүр энэхүү тогтоолын төсөл дээр маань ямар, хэн гэдэг гишүүн хамтарч байгааг тухай бүрдээ өөрийн цахим хуудсандаа нийтлээд, олон нийтэд танилцуулаад явна.

-Та түрүүн цагдаагийн шинэчлэлийг цагдаа бэлтгэж байгаа боловсон хүчний тогтолцооноос эхлэх хэрэгтэй гэж хэллээ. Яг ямар шинэчлэлт энэхүү тогтолцоонд шаардлагатай байна вэ?

-Цагдаагийн мэргэжлийн ур чадвар дээр нэмээд нэр хүнд, хандлагын асуудлыг бид ярьж байгаа. Мэдээж мэргэжлийн ур чадвар сайтай, ажлаа шударга, хуулийн дагуу хийж байгаа бол дагаад нэр хүнд өснө. Нэр хүнд өсөхийн зэрэгцээ цагдаа, иргэдийн дунд итгэлцэл бий болно. Нөгөө талдаа автоматаар цол нэмэгддэг асуудал байна. Ажлаа сайн хийсэн эсэхээс үл хамаараад тодорхой хугацаанд ажилласан бол цол нь нэмэгддэг. Энэ нь зөв үү, буруу юу. Илрүүлсэн гэмт хэргийн гүйцэтгэлтэй дүйцүүлэн явна гэхээр хэн нэгэнд хэрэг тулгадаг асуудал дагаад өсөх вий гэсэн болгоомжлол байна. Тэгэхээр цагдаагийн асуудлыг зөвхөн нэг өнцгөөр бус олон талаас нь харж байж бид өөрчлөх хэрэгтэй. Үүнд цаг хугацаа шаардагдана. Гэвч бид одооноос шинэчлэлтээ эхлүүлэх хэрэгтэй байгаа юм.

-Энэ парламентад таван улс төрийн хүчний төлөөлөл орж ирсэн. Гурав нь хамтраад гүйцэтгэх засаглал руу орчихлоо. Үлдсэн хоёр нь, тэр дундаа танай эвсэл сөрөг хүчний үүрэг гүйцэтгэж явна. Ер нь энэ хамтарсан Засаг байгуулагдах асуудалд “Үндэсний эвсэл” анхнаасаа ямар байр суурь илэрхийлж байсан бэ?

-“Үндэсний эвсэл” сөрөг хүчний байр сууринаас асуудалд хандаж явна гэдгээ анхнаасаа тодорхой хэлсэн. Олны өгсөн санал, итгэлийг бид хариуцлагатайгаар дааж явж, ард түмнийхээ дуу хоолой нь болох ёстой. Сөрөг хүчин гэхээр юм бүхнийг нь эсэргүүцнэ гэсэн үг биш. Зарчмаараа явах ёстой байх. Гэвч энэ улсад зарчим аль хэдийнэ алдагдсан. Үүний нэг тод жишээ бол энэхүү хамтарсан засаг. Үндсэн хуульдаа олонх болсон нам, улс төрийн хүчин дангаараа Засгийн газраа бүрдүүлнэ. Олонх болж чадаагүй бол суудал авсан бусад улс төрийн хүчинтэй эвсэж Засгийн газраа бүрдүүлнэ гэж тодорхой заасан байгаа. Өөрөөр хэлбэл, ямар үед хамтарч эвсэх вэ, ямар үед дангаараа Засгийн газраа байгуулах вэ гэдэг нь Үндсэн хуульд тодорхой байна шүү дээ. МАН-ын хувьд саяны сонгуулиар дахин олонх болж гарч ирсэн. Гэтэл цөөнхтэйгөө хамтраад Засгийн газраа байгуулчихлаа. Энэ нь Үндсэн хуулийн зөрчил мөн үү, биш үү гэдэг асуудал гарч ирж байна. Энэ асуудлаар Монгол Улсын Үндсэн хуулийн Цэц тайлбараа өгөх хэрэгтэй. Хэрэв Үндсэн хуулиа зөрчсөн бол анхнаасаа нөгөө мордохын хазгай гэдэг нь болж байгаа юм биш үү. Нөгөө талдаа эрх мэдэл, засаглалын хяналт чухал. Энэхүү хамтарсан Засгийн газарт эвсэж орсон АН, ХҮН намууд өөрсдийгөө яаж хянах нь ойлгомжгүй.

-Дотор нь орж байгаад хянана гэдэг тайлбарыг өгч байгаа шүү дээ…?

-Тийм зүйл гэж байхгүй. Гаднаас нь хянаж болохгүй, дотор нь орж хянана гэдэг бол нэг талдаа хуйвалдааны онол шиг ойлгогдохоор байна. Зөвхөн дотроос нь хянана гэдэг бол ардчилсан, нээлттэй, ил тод байх зарчимтайгаа зөрчилдсөн агуулга. Дотор нь орж байж л ямар нэгэн мэдээлэл олж авах боломжтой. Харин гаднаас нь тэрхүү мэдээллийг олж авах боломжгүй гэх маягтай ойлголт явж байна. Тэгэхээр ийм байж болохгүй. Өнгөрсөн дөрвөн жилд үйл ажиллагаагаа явуулсан Засгийн газрыг энтертаймэнт, пи-арын Засгийн газар байсан гэж би хувьдаа шүүмжилдэг байсан. Тэгвэл энэ удаагийн хамтарсан Засгийн газар энтертаймент дээрээ хуйвалдааны Засгийн газар болж таарах гэж байна уу. Өөрөөр хэлбэл, гаднаасаа хаалттай, дотор нь орж байж асуудлыг нь мэддэг Засгийн газар гэсэн үг үү. Тэгэхээр дотроос нь хянана гэдэг ухагдахуун нь өөрөө локигийн алдаатай тайлбар. Ер нь хяная гэвэл хаанаас нь ч хэнийг ч хянах эрх зүйн орчин бидэнд бий. Парламентад сөрөг хүчин гэдэг асар чухал. Хууль тогтоох үйл ажиллагаанд хяналт тавина. Үүнээс гадна иргэд, иргэний нийгмийн байгууллагууд гэж том хүч бийг мартаж үл болно.

-Тэгэхээр таныхаар бол улс төрийн намууд хамтрах ямар ч шаардлага байхгүй ба хамтарснаараа Үндсэн хууль зөрчсөн гэж хэлж байгаа юм байна, тийм үү. Нөгөө талдаа хамтрах гол зорилго нь юу юм бэ гэдэг асуудал яригдаад байгаа шүү дээ. Үүнд та ямар байр суурь илэрхийлэх вэ?

-Хамтарсан Засгийн газрыг харахад нэг зүйл ойлгомжгүй харагдаад байгаа юм. Хамтарна гэж шийдчихээд хамтарсан. Тэгсэн атлаа хэрхэн хамтарч болох вэ гэдэг туршлага судлаад Германд явж байна гэсэн. Би үүнийг нь гайхаж байна. Хамтарчихсаныхаа дараа хамтрах гэрээгээ байгуулдаг юм уу. Эсвэл эхлээд хэрхэн хамтрах вэ гэдэг гэрээгээ байгуулчихаад хамтардаг юм уу. Өөрөөр хэлбэл, танихгүй хоёр хүн хоорондоо шууд гэрлэчихэж. Гэрлэчихсэнийхээ дараа хоорондоо танилцъя гэж байна шүү дээ. Үүнтэй ялгаа алга. Тэгэхээр үнэхээр хамтрах гэж байгаа бол эхлээд юун дээр нэгдэх вэ. Ямар зорилготой хамтрах вэ гэдгээ тодорхой болгох ёстой. Дараа нь тэрхүү зорилго, зорилтоо биелүүлэхийн тулд хамтарсан гэрээ байгуулаад улмаар Засгийн газрынхаа үйл ажиллагааг эхлүүлэх шаардлагатай байсан. Ийм олон асуудал байна. Тэр бүгд нь Үндсэн хуультайгаа зөрчилдөөд байгаа юм биш үү гэсэн байр суурьтай байгаа.

-Таны хэлдгээр үнэхээр мордохын хазгай гэдэг нь болж байгаа бол цаашдаа үр дүн гарах нь бага юм биш үү. Нөгөө амласан, ярьсан том төслүүдээ хөдөлгөх үү. Том бүтээн байгуулалтын ажлуудаа хийж чадна гэдэгт эргэлзээ төрмөөр юм биш үү?

-Юун түрүүнд аль ч нам, эвсэл, улс төрийн хүчин байсан ялгаагүй бид нэг Монгол Улстай. Нэг эх оронтой. Тэр утгаараа чадах чинээгээрээ энэ улсын хөгжил урагшлаасай, эдийн засаг нь илүү дээшээ өсөөсэй гэж бодно. Нэг эерэг мэдээ байгаа нь өнөөдөр дэлхийн зах зээл дээр манай экспортолдог уул уурхайн бүтээгдэхүүний үнэ ханш харьцангуй өндөр байна. Энэ бол бидний хувьд сайн мэдээ. Ойрын хугацаанд ч энэ өсөлт хэвээрээ байх хандлага ажиглагдаж байгаа нь ч сайн. Энэ цаг үед бидний хувьд хувийн хэвшлээ дэмжих хэрэгцээ, шаардлага урьд өмнөхөөсөө илүү чухлаар тулгарч байна. Өнөөдөр залуучууд эх орноосоо дайжин гарч байна. Хувийн хэвшлийн компаниудад ажиллах хүч олдохгүй байна. Энэ олон асуудлын хажуугаар төр нь хувийн хэвшлийнхээ өмнүүр орж бизнесийг нь булаадаг, ажлыг нь авдаг, боломжийг нь хулгайлдаг асуудал их байна. Эдгээр асуудлыг энэ Засгийн газар зоригтой шийдээд явж чадах эсэх нь эргэлзээтэй. Анхаарч, ажиглаж байна даа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *