Монгол төрийн далбаа “хүн төрөлхтний тэнгэрт”дарцаглан мандлаа. Сайхан байна. Бахдалтай байна. Монгол түмэн олон омогшиж байна. Энэхүү омогшлыг 24-хөн настай, турьхан Монгол эмэгтэй бадрааж чадлаа.
Тив дэлхийд эв нэгдлийн бэлгэдэл хэмээн хэдийнэ хүлээн зөвшөөрөгдсөн олимпийн жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 48 килограммын жинд Б.Баасанхүү гэх охин мөнгөн медаль хүртэв. Үнэхээр иртэй, уран байлаа. Дайчин, зоримог байлаа. Сайхан ч барилдлаа.
Ийн хөх Азийн цээжин дэх гуравхан сая Монгол олимпийн 12 дахь мөнгөн медальтнаа өлгийдөж авлаа. Булган сүүлтэй байг, охин минь. Уу-хай, уу-хай. уу-хай, Хурай, хурай. хурай.
Ер нь монгол эмэгтэйчүүд гайхамшигтай юм. Монголын нийгмийн эгзэгтэй хүнд цаг үеийг тэд л нуруун дээрээ үүрч босгож ирсэн байдаг. Жишээ нь, хүн төрөлхтний түүхэн дэх тод улс Их Монгол Улсыг байгуулахад Өэлүн Үжиний гавьяаг дурдахгүй өнгөрч болохгүй. Бага хаадын задралын үед Монгол төрийг сэргээсэн Мандухай сэцэн хатны гавьяаг монголчууд мартахучиргүй. Мөн Ану хатан, Сорхутан Бэхи гэхчлэнгээр Монголын түүхэнд гавьяатай эмэгтэйчүүдийн түүх олон бий.
Ер нь монгол эмэгтэй ямар эрэмгий, эр зоригтой, цог жавхаатай, дайчин болох нь Монголд зочилсон олон орны сэхээтнүүдийн аян замын тэмдэглэлээс тод томруун харагддаг.
Тухайлбал, алдарт Марко Пологийн тэмдэглэлд“ Монгол эмэгтэйчүүд нум сумаар харваж чаддаг. Моринд гарамгай. Эрчүүд нь дайнд мордсон үед ар талын бүхий л үүргийг тэд гүйцэтгэдэг” хэмээн бичсэн байдаг. Мөн Гильям Де Рубрукийн 1253-1255 онд Монголоор жуулчлахдаа бичсэн тэмдэглэлд “Тэд ачаа бараа зөөж, гэрээ ачаалдаг. Үнээгээ саадаг. Ааруул хурууд хийдэг. Арьсыг боловсруулж шөрмөсөөр нь утас хийж гутал, хувцас оёдог. Эсгий хийж гэр бүрдэг” зэргээр монгол эмэгтэйчүүдийн ажилсаг байдал, зориг хатуужлыг тодорхойлон бичсэн тэмдэглэл олон бий.
1989 онд нийгэм солигдоход ч тэр. Социализм, коммунизмын үеийн дараахь ядуурсан нийгэм, туйлдсан эдийн засгийг монгол эмэгтэйчүүд л босгож ирсэн. Тэр үед нийгмээ чирээд явчих хувийн хэвшил байсангүй. Эмэгтэйчүүд л хойшоо, урагшаа явган нүцгэн ганзагын наймаанд явсан юм шүү дээ. Одоо бол хэн ч тоож харахгүй тарваганы арьсыг тэр үед үнэд оруулж байлаа. Үнэд оруулах оруулахдаа Монгол дахь цөөн хэдэн валютыг тэд авч ирж байсан юм. Монголын хөдөөд байгаа өрхийг ганзагын наймаанд явж байсан эмэгтэйчүүд орлоготой болгож, давснаас өөр бараагүй дэлгүүрийг тэд бараагаар хангаж байсан юм шүү дээ. Үнэндээ шилжилтийн тэр хүнд үеийг ганзагын наймаанд халуун хүйтнийг үл хайхран зүтгэсэн монгол эмэгтэйчүүдийн ач гавьяагаар л даван туулж ирсэн дээ. Ингэж үеийн үед Монголын ороо бусгаа цаг үеийг монгол эмэгтэйчүүд л нуруун дээрээ үүрч ирсэн.
Өнөөдөр ч эмэгтэйчүүдийн нуруун дээр л тогтож байна. Улс орон өрх гэрээс тогтдог. Тэр өрх гэрийг хэн авч явж байна гэхээр өнөөх эмэгтэйчүүд. Гэр бүлийн эрүүл мэнд, хоол хүнс, хувцас хунар, хүүхдүүдийн сургууль соёл, ажил төрөл, сэрэхээс унтах хүртэлх айл гэрийн бүхий л асуудлыг эмэгтэйчүүд зохицуулж байна. Нийгэмд ажил хөдөлмөр хэн эрхэлж байна мөн эмэгтэйчүүд.
Монголын хөдөөд өнөөдөр охид эмэгтэйчүүд алга. Шалтгаан нь монгол эмэгтэйчүүд ерөөс хөдөлмөрч, манлайлагч байгаатай холбоотой. Бусад орны эзэгтэй нар шиг тэд гэртээ хүүхдээ хараад суухыг хүссэнгүй. Сурч боловсрох, нийгэмд ажиллаж хөдөлмөрлөх тэдний сонирхол эрэгтэйчүүдээсээ хол тасраад байна. Тиймээс цаашид ч Монголын нийгмийн ачаа эмэгтэйчүүдийн нуруун дээр төвлөрөх бололтой.
Гайхамшигт монгол эмэгтэйчүүдийн нэг тод дүр өнөөдөр олимпийн шинэхэн мөнгөн медиальт Б.Баасанхүү байлаа. Тэр дөрвөн уулын дунд тортог, нерв, асуудал бүрт дарлагдаж, тэрэндээ нэгийгээ дүүжилчих шахам суугаа монголчуудыг сэрээж, бадрааж чадлаа. Чиний баярт монголчууд магнай хагарах шахлаа, охин минь.
Хэдэн сар жилийн өмнө түүхэн 100 жилийнхээ хөтөлбөрийг баталчихсан аймаг, сумд хөтөлбөрөө зогсоож нийтээрээ чиний уран барилдааныг харлаа. Бахархлаа. Тэнд байсан олон хүнд чи урмын оч асаалаа. 24-хөн настай охин дэлхийд Монголын нэрийг дуурсгаж байхад миний тэр асуудал ч яамай байна, юухан байхав гэсэн зориг, хүчийг чи өглөө. Чиний амжилт хэзээ ч тасардаггүй олимпийн бамбар шиг олон хүнд урмын оч, итгэлийг галыг сэргээсэн шүү, охин минь. Илүү том амжилт хүсье. Чи чадлаа.
Р.ЖАРГАЛ