“Парис 2024” олимпийн наадам энэ оны долдугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-нийг хүртэл Франц улсын нийслэлд зохион байгуулагдана.
Тус наадамд манай улсаас есөн төрөлд 33 тамирчин оролцохоор болсон. Гэвч олон нийтийн цахим сүлжээнд “олимпын наадмын буудлагын төрөлд О.Есүгэн, Н.Баяраа нар оролцох боломжгүй боллоо” гэх мэдээлэл цацагджээ.
Үүнтэй холбогдуулан Монголын Үндэсний Олимпын Хороо (МҮОХ)-оос тус мэдээллийн талаар тодруулахад “О.Есүгэн, Н.Баяраа нар “Парис 2024″ олимпын наадамд эрх авсан төрөлдөө оролцоно.
Уг нь тамирчид олимпын наадамд оролцох төрөл дээрээ дахин нэг төрөл нэмүүлэх гэж байсан. Гэвч хугацаа нь дуусан.
Олон улсын буудлагын холбооноос олгосон квотын дагуу тамирчдыг Олимпын наадамд оролцуулах баталгаажуулалтыг МҮОХ-оос албан ёсоор хугацаанд нь илгээсэн” хэмээн мэдэгдлээ.
Харин тамирчин О.Есүгэн өөрийн цахим хуудсандаа “Нэг дасгалд эрхэн авахад бусад төрөлдөө буудах боломжтой байдаг. Монголын үндэсний олимпын хороо нь миний олимпод оролцох мэдүүлгийг дутуу бөглөж явуулсан үндсэн дээр 10м-ын хийн урт бууны төрөлд оролцох тамирчдын жагсаалтад миний нэр байхгүй байгаа” гэх байр суурийг илэрхийлжээ.