Categories
мэдээ нийгэм цаг-үе

Дээлтэй Монгол наадам 18 дахь жилтэйгээ золголоо DNN.mn

Ардын хувьсгалын 103 жилийн ой, үндэсний их баяр наадмын хүрээнд “Үндэсний хувцасны өдөр”-ийг тохиолдуулан 18 дахь жилдээ “Дээлтэй Монгол наадам-2024”-ыгзохион байгууллаа.

Нийслэлийн Аялал жуулчлалын газраас Соёлын яам, Монголын Аялал жуулчлалын холбоо, “Монгол костюмс” төвтэй хамтран зохион байгуулж байгаа энэ арга хэмжээнд үндэсний хувцасны загварын үзүүлбэр, үндэсний тоглоом, наадгай, дээл, хувцас урлаачдын үзэсгэлэн худалдаа болж, үдэш нь хүүхэд залуучуудад зориулан “Дээлтэй диско” орчин үеийн хамтлаг дуучдын тоглолт зохион байгуулна гэдгийг Нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээлсэн юм.

Энэ жилийн “Дээлтэй Монгол” наадамд нийслэлийн есөн дүүрэг, 21 аймгийн төлөөллөөс гадна БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөлөнбуйр аймгийн “Хөрөнгө оруулагчдын холбоо”, Баруун үзэмчин хошуу, Ордос аймгийн Монголчууд, Монгол туургатны утга зохиол, өв соёлын “Дорнын гэгээ аялгуу” нэгдсэн холбоо, Шинжаан уйгурын өөртөө засах орны Торгууд, Өөлд, Цахар, Хошуут, Захчин, Урианхай, Халх үндэстэн ястнуудын төлөөлөл бүхий Ойрад Монголчууд, ОХУ-ын Бүгд найрамдах Буриад улсын Буриад Монголчууд, ОХУ-ын Бүгд найрамдах Халимаг улсын Элстэйн холбоо гэх мэт гадаадын 200 гаруй оролцогч оролцлоо.

Түүнчлэн “Дээлтэй Монгол” наадмын үеэр шилдэг дүүрэг, шилдэг аж ахуйн нэгж байгууллага, шилдэг дээл урлаач, хамгийн сайхан дээлтэй гэр бүл, хамгийн сайхан дээлтэй оролцогч /эрэгтэй, эмэгтэй/, монгол үндэсний хувцастай гадаадын шилдэг оролцогч /эрэгтэй, эмэгтэй/, хамгийн сайхан дээлтэй хүүхэд /эрэгтэй, эмэгтэй/ зэрэг номинаци шалгаруулах юм.

Нээлтийн үеэр Хөлөнбуйраас оролцож буй оролцогчийн сэтгэгдлийг сонссон юм.

-Дээлтэй Монгол наадамд хэд дэх жилдээ, хаанаас оролцож байгаа вэ?

-Хөлөнбуйрын Барга Монголоос эхний жилдээ оролцож байна.

-Өөрийн өмсөж буй үндэсний хувцасныхаа талаар тайлбарлавал…?

-Барга монголчууд уужаар гоёдог байсан. Дээр үед бид энгийн цамцан дээр ууж өмсдөг байсан, одоо бол Монгол дээлний гадуур ууж өмсдөг болсон.

-Энэхүү наадамд оролцож буй сэтгэгдэл?

-Маш сайхан байна. Сэтгэл их догдолж байна. Монголчууд үргэлж баян тансаг байгаасай, бүх монголчууд нэг цул болж нэгдээсэй гэж хүсдэг.

Та өөрийгөө болон өмссөн хувцсаа танилцуулбал?

Намайг Т.Ариунаа гэдэг, үзэмчин судлаач хүн. Үзэмчин судлал сангийн тэргүүн, “Үзэмчин өв брэнд”-ийн үүсгэн байгуулагч. Аман найраг, дуу, ерөөл магтаал гэх мэт үзэмчиний өв соёлыг дэлгэрүүлэхийг хичээж судлаж яваа, ном бүтээлүүд, идээ ундаа, хувцас хэрэглэлүүд маань гарсан, заримыг нь брэнд болгоод хөгжүүлээд явж байгаа. Энэ удаад 13 коллекц загвараар дан үзэмчин хувцасны бүх төрлөөр оролцлоо. Би энэ наадамд оролцох гэж дөрвөн жил бэлдсэн, энэ хувцас хэрэглэлийг хийж бүтээхэд маш их хугацаа шаарддаг. Үзэмчин хувцас бол дотроо эхнэр, төрийн хар хүн,бага насны болон өсвөр насны охид хөвгүүдийн хувцас гэх мэт төрлүүдтэй байдаг. Нэг жилийн өмнөөс”Үзэмчин өв брэнд”-ийг байгуулаад, хүмүүст түгээгээд явж байна. Үзэмчин долоон төрлийн цай хэрэглэдэг, цайны брэндийг бас гаргасан.

Тухайн үндэстэн ястны онцлогийг хувцсандаа шингээнэ гэдэг бол их ур чадвар шүү дээ, та энэ тал дээр ер нь юу гэж бодож байна. Харахад эдгээр хувцаснууд нь бас гайхалтай харагдаж байгааг дурдах нь зүйтэй байх?

-Баярлалаа. Манай үзэмчин бусад үндэстний хувцастай харьцуулахад нийтлэг боловч ялгагдах онцлог ихтэй. Жишээлбэл, дээлний зах гэхэд өндөр босоо байдаг, догол энгэртэй, хоёр талдаа өндөр оноотой, нарийн ширмэл хаваастай, малгайн саравч нь дэлгэмэл, өндөр. Малгай нь гэхэд л маш олон бэлгэдэлтэй, хажуу талаас нь харвал ембүү хэлбэртэй энэ нь эд баялгийг бэлгэддэг. Хүрээ саравч нь хүч чадлыг бэлгэдсэн өндөр омогтой, оройн гучин гурван ширээс нь нарны цацрагийг бэлгэдсэн, орой дээрх товч нь бол ертөнцийн төвийг бэлгэдсэн байдаг. Дээлний ерөнхий хэлбэр бол уулыг бэлгэддэг, манай үзэмчид бүр эртнээс нутаглаж ирсэн үзмийн цагаан уулаа бэлгэдсэн байдаг юм.

Яг судлаад явж байхад таны хувьд юу нь хамгийн сонирхолтой байв?Яагаад судалъя гэж бодсон шалтгаанаасаа хуваалцаач?

– Би өөрөө хувцас дизайнер мэргэжилтэй.Тийм учраас мэргэжлийн талаасаа, нөгөө талаараа би үзэмчин хүн учраас үзэмчний өв соёлыг судлах, өөрсдийн түүхийг судлахыг хүссэн юм. Тэгээд өөрийн мэргэжлийн дагуу хамгийн түрүүнд хувцсаа судлаж эхэлсэн, хувцсаа судлангуут цаашаа бэлгэдлүүд нь, ерөөл магтаал нь, дуу нь, аман найрагт нь татагдсан хэрэг.

“Дээлтэй монгол” наадамд оролцохын тулд маш удаан хугацаанд бэлтгэсэн гэж хэлж байна. Нэг дээлийг бэлэн болгохын тулд хичнээн хоног шаардлагатай байдаг юм бэ?

– Чимэглэлээсээ шалтгаалаад янз бүр, дундажаар бол дээлийг нэг сар оёдог. Манайд нэг эр дарах оёдол гэж оёдол байдаг л даа, 13 наснаас эхлээд энэ оёдлоор хувцсыг нь чимэглэж өгдөг. Тэгэхээр зөвхөн эр дарах оёдлыг л гэхэд хамгийн хурдан оёдог хүн долоон хоног оёдог. Хаваас гэхэд 14-30 хоног оёдог. Удаан хугацаа шаарддаг маш нарийн оёдлуудтай, байгаль дэлхийгээ бэлгэдсэн хээ угалзуудыг зүү ороож хийдэг. Хамгийн үнэтэй 5-8 саяын дээл л гэхэд хоёр сарын хугацаа шаарддаг.

 

 

 Э.Одончимэг

 М.Уранбилэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *