Олон улсад тогтсон ойлголт юм даа. Улс төрийг гурав хуваадаг. Сэдэв ярьдаг, бүтцийн, хувь улс төрч гэж. Тухайлбал, Женко гэдэг нэршил бол хувь улс төрчийн дүр. Бүтцийн улс төр бол мөнөөх л фракц. Сэдвийн улс төр нь хамгийн эрүүл. Улс төрийн орон зайд сэдэв ярьдаг улстөрч байх нь ирээдүйтэй. Бас улс оронд хэрэгтэй. Сэдэв ярьдаг улс төрч бол ард түмний амьдралыг үргэлж уншдаг, тэр хэрээрээ сэтгэж бодож байдаг. Д.Батлут бол сэдэв ярьдаг улс төрчдийн нэг. Түүний улс төрд байгаа хамгийн сайн үнэ цэнэ бол энэ. Шулуухан хэлэхэд, сэдвийн улстөрч өнөөдөр цөөхөн байгаа. УИХ-ын гишүүн Д.Батлут бол нийгэмд нээлттэй, үгээ хэлдэг, ярилцлага өгдөг улстөрч. Сэтгүүлчдийн хувьд хамгийн амар улстөрч юм. Тийм болохоор түүний өгсөн ярилцлагууд, үзэл санаанууд х эвлэл мэдээллийн редакцуудад хангалттай бий. Энэ нь түүнийг нийгэм рүү сэдэв шиддэг, тулгамдсан асуудлуудыг хуульчилдаг төрийн түшээ гэдгийг тодорхойлно. Хүүхдийн мөнгийг хүүхэд бүрд өгөх асуудал шуугиан болоход хэн гэдэг УИХ-ын гишүүн тууштай зогсож, хүнлэг байр сууринаас гол дүр болон зогсож байсныг архиваас харж болно. “Монголын үрсийг ялгаж болохгүй” хэмээн хамгийн чанга дуугарсан нь Д.Батлут гишүүн байдаг юм. Хүүхдийн мөнгө бол нийгмийн эмзэг сэдэв мөн шүү. “Эрдэнэт-Улаанбаатарыг холбосон хамгийн дөт засмал замтай болох юмсан” гэдэг хүсэл түүний аймгийн Засаг дарга байх үеийнх нь мөрөөдөл. УИХ ын гишүүнээр сонгогдохдоо энэ хүсэл зорилготой хамт төрийн ордонд орсон. Энэ нь Орхон аймаг, Хөвсгөл Булганчуудын хүсэл байсан. Тэр шийдүүлж чадсан. 2020 онд байгуулагдсан УИХ-аас Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн Үндсэн чиглэл баталсан. Түүнд Эрдэнэт Улаанбаатарыг холбосон хамгийн дөт зам буюу Жаргалант, Шар хөтөлөөр тавих 100 км авто замын асуудал орсон юм билээ. Өөртөө үргэлж зөв асуудал тарьж, түүнтэйгээ зууралдаж, СОНГУУЛЬ-2024 ард нь гардаг нь түүний сайн тал. Бас багаар тоглодог улстөрчийн ур чадвар түүнд бий. Түүний талаар том улстөрчийн нэг дүгнэлт байдаг юм. Тэр нь “Батлутыг би сайн мэдэхгүй, харин түүний дэргэд сайн хүмүүс олон байдгийг мэднэ” гэж. Энэ бол үг. Бүр түүний талаарх хамгийн сайн тодорхойлолт ч байж магадгүй. “Өрхийн үйлдвэрлэл” бол Д.Батлутын мөнхийн сэдэв мөн. Тэр бараг 20 жилийн өмнө Орхон аймагт “Дэлхийн зөн” байгууллагын ажилтан байхдаа л энэ ажлыг хийж байсан. Энэ сэдвээр түүний хэлдэг үг нь “Манайханд тулгардаг гол бэрхшээл нь гарал үүсэл тодорхойгүй гээд экспортлох боломжгүй болчихдог. Үүнд онцгой анхаарах хэрэгтэй. Дэлхийн жишиг бол их энгийн. Солонгост гэхэд дэлхийд алдартай гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг корпораци нь бүтээгдэхүүнийхээ сав баглаа боодлыг өрхийн үйлдвэрлэлдээ хариуцуулдаг…” гэж. Дэд бүтцийн асуудлыг тэрээр хойд бүсэд оруулж ирэхэд онцгой анхаарч байгаа нь цаанаа ийм учиртай. Ингэж байж хойд бүсийн өрхийн үйлдвэрлэлийг хөгжүүлнэ гэж үздэг. Түүний том амбиц бол хэзээнээсээ Монголын “Алтан гурвалжин” гэж яригддаг бүс нутгууд болох Эрдэнэт-Булган-Хөвсгөлийг Монголын хөгжлийн загвар болгох хүсэл мөрөөдөл юм. Эрдэнэт хот бол угаасаа Монголын шилдэг нь. Уул уурхай түшиглэсэн Шинжлэх ухаан технологийн паркийг тэр Орхон аймгийн Засаг дарга байхдаа байгуулсан. Тус паркад бойжсон төслүүдээс амжилттай хэрэгжээд эхэлсэн нь Евро стандартын будгийн үйлдвэр. Хүний биед сөрөг нөлөөгүй будаг худалдаалдаг энэ үйлдвэр Улаанбаатарын зах зээлд хүртэл бүтээгдэхүүнээ нийлүүлээд эхэлчихсэн. Шинжлэх ухаан технологийн паркад бойжсон төслүүдийн олонх нь жирийн иргэдийн старт-ап төслүүд байгаад тэр урам зоригтой байгаа. Одоогоор тэрхүү ШУТП-д 11 төсөл бойжиж байгаа нь түүний багийнхны амжилт юм. Одоо түүний дараагийн алхам нь Хөвсгөл-Булган Орхоныг бүс нутгийн хэмжээнд тэлэх. Үр дүнг нь хурдасгах. Аль ч аймгийнх нь иргэдийн бизнесийг дэмжих эдийн засгийн загвар нь Орхон аймагт бэлээхэн байна гэж тэр үзэж байгаа. Жижиг, дунд, бичил төслүүдийг бойжуулдаг инкубатор болох Шинжлэх ухаан технологийн паркийг бүсийн хэмжээнд томруулчихад хойд бүсийн гурван аймгийн өрхийн үйлдвэрлэгчдийн бизнес хөгжинө. Хойд бүсийн хөгжлийг тэрээр энэ мэтээр харж байна. УИХ-ын гишүүн бол хүмүүсийн амьдралыг сайн мэдэрч, зөв онош тавьж байх үүрэгтэй. УИХ-ын гишүүний ажил бол үргэлж хүмүүсийн амьдралыг хэлэлцэж байдаг. Ард түмний асуудлыг өмнөөс нь шийдэж байдаг. Улс орны хувь заяа гэдэг энэ. Үүнийгээ хамгийн сайн ухамсарласан төрийн түшээ бол Д.Батлут. Тэр хүмүүсийн дунд л алхдаг. Ордноос Орхон аймаг руу үргэлж жирийлгээд олддоггүйн цаад мөн чанар энэ…
Б.Нямаа