“Платеро бид хоёр буюу Андалузын гунигт дуулал” хэмээх зохиолын тухай өгүүлье. Энэ бол Испанийн нэрт яруу найрагч Нобелийн шагналт зохиолчийн үргэлжилсэн үгийн яруу найраг гэгддэг зохиол юм. Платеро бол илжиг. Тухайн илжигтэй цуг амьдарсан амьдралаа зураглан жижиг жижгээр өгүүлсэн тууж л даа. Хавар, зун, намар, өвлийн улиралд байгаль, дэлхий хэрхэн хувьсан өөрчлөгдөж байгаа тухай тэнд амьдардаг хүмүүс модод, шувууд, хүүхдүүд, бүүр эрвээхэй цэцгийн талаар уран тансаг бичжээ. Мөн цэл залуу Платеро бүдүүрэн том болж сүүлдээ ертөнцийн мөнх бусыг үзүүлж түүнийг эзэн нь дурсан санаж байгаагаар уг тууж дуусна. Платерог цутгамал юм шиг гэж хүмүүс хэлдэг.Эзэн нь нээрэн л цутгамал ган шиг бас мөнгөн сар шиг гэж магтжээ. Намхан бүрх малгайтай гашуудлынх мэт бараан хувцастай,назарей маягийн сахалтай намайг Платерогоо унаад шогшиж явахыг улс амьтан хачирхан хардаг байх даа. …Цүдгэр гэдсээ гялалзуулсан бужгархан цыган жаалууд гүйлдэж ирээд “солиот” “солиот” гэж баахан орилно гэсэн нь тэр нөхрийн дүр төрх юм. Хаврын тухай өгүүлэхдээ Алтан хараацай худгийн байшин дотор бамин шулганаж амтат жүржийн унасан модон дээр хөөндий исгэрч, гал цогтой гургалдай дуу үл таслан царс тойрон нисэж,болжморууд өтгөн нарсан дунд ухаан зүггүй маргалдаж байх бүлгээ гэжээ. Галт тэргээр зурсхийн үзэгдээд өнгөрсөн үзэсгэлэнт бүсгүйг хар торны дороос алтан шаргал гэзэг үс нь түр зуурхан л харагдсаан. Тэр “энэ эмгэнэлтэй хүн, илжиг хоёр юу юм бол оо” гэж бодсон болов уу. Бид чинь өөр юу байх ёстой юм бэ. Бид чинь бид л байх ёстой биз дээ хэмээн илжигтэйгээ хүүрнэнэ.Зуны тухайд уулын намхан бутны дэлбээ бүр дээр дөрвөн улаан толботой том цэцгүүд үзэгдэж түүний цаана амьсгал давхцуулсан зэрэглээнд эгц шулуухан нарснууд цайлалзана.Цэцэг анхилсан хуурай сэвшээ сэрэл сэтгэлийг минь хөгжөөнө. Болжморуудын тухай өгүүлэхдээ Эцэс төгсгөлгүй баяр тэмдэглэдэг жаргалтай шувууд гэсэн нь нүдэнд шууд тусна. Жаргалтай байя л гэвэл ердөө далавчаа дэвэхэд л болдог ажгуу. Намрын талаар хэлэхдээ нар өдөн хэвтрээсээ сугарахаас залхуурч тариачид ч нар мандахаас өмнө босдог болжээ.Анхны навч шаргалтахад амралт нь дуусч, хүүхдүүд сургуульдаа явлаа.Ганцаардангуй эл хуль оргино. Навчис мөн л адил хорчийсон нарлаг өрөөнүүд эзгүй ч юм шиг санагдана. Сүүлчийн цацрагт сүүлчийн цэцэг гэрэлтэж, цэцэрлэг жаргах тэнгэрийн хаяа өөд анхилуун түүдэг болон дүрэлзэж халсан сарнай үнэртэнэ.Бид ногоон навчин дунд суусан шувуудыг харж байсан шиг одоо алтан навчис дунд бидний байхыг нүцгэн мөчир дээрээс шувууд харж байна шүү Платеро минь. Өвлийн талаар нар ус хүйтэн хоршсон байнам. Христосын баяр тэмдэглэхээр битүүний шөнө түүдэг асаажээ. Битүүний үдэш үл ялиг үүл нарыг халхалсан болохоор цэлмэг авч таа муутайхан бүүдийсэн саарал хаяатай, үл ажиглагдам тэнгэрийг шар туяа дөнгөж нэвтэлнэ. Платеро маань үд дунд үхлээ хэмээн харуусан бичжээ. Миний хайртай Платеро минь одоо чи тэнгэрийн нугад гарч сахлаг нуруун дээрээ лхаа тэнгэрийн залуухан элчийг тээж намайгаа мартсан ч байж магадгүй, дурссаар ч байж магадгүй хэмээн өгүүлнэ.
One reply on “НОМ ЯРЬЖ ӨГЬЕ: Хуан Рамон Хименес “Платеро бид хоёр буюу Андалузын гунигт дуулал” DNN.mn”
Хийсэн юмандаа эзэн болвол амгалан амьдарна