Categories
мэдээ нийгэм

Засгийн газар бидний эрхийг зөрчиж байна

Хантайнхан УЦС-ыг хүлцэнгүй хүлээсээр…

Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Засаг дарга П.Лхагва-Очирт  хоёрхон асуулт тавилаа. Сум байгуулагдсаны 100 жилийн ой хаяанд нь ирчихээд тун завгүй байгаа бололтой.


-Хантай багийн төвийнх­ний амьдрал бүүдгэр байна.Тэдний төлөө Засаг дарга юу хийв?

-Хантай баг том сум байж байгаад 1978 онд Хутаг-Өндөр сумтай нэгдсэн.Эгийн голын усан цахилгаан станц барихаар яригдаж эхэлсэнтэй бараг зэрэгцэн тухайн багаас хүн амын шилжилт хөдөлгөөн ихэссэн, суурингийн хэмжээ ч багассан.Энэ газар хөрөнгө оруулалт хийе гэхээр Эгийн голын УЦС барихтай холбоотой хууль эрх зүйн хүрээнд асуудал байна.УЦС-ын усан халиа тухайн багийн төв, Эгийн голын сав дагуу байрлах учраас Засгийн газрын шийдвэрээр улсын тусгай хэрэгцээнд авч газар өмчлөлийг нь зогсоосон. Энэ газарт УЦС-ын 154,3 км2 талбай бүхий усан сан бий болох  юм. Газрын тухай хуулиар Монгол Улсын иргэн нэг удаа газар үнэгүй өмчлөх эрхтэй.Гэтэл газар өмчлөл зогссон, газар дээрээ барьсан үл хөдлөх хөрөнгөө бүртгэлжүүлж эдийн засгийн эргэлтэд оруулъя гэхээр боломж нь хаагдмал ийм л хүндрэлтэй асуудал байна. 2016 онд Засгийн газрын тогтоол  гарахаас өмнө  амь­дарч байсан айлуудын хашаа хороо, сургууль, цэцэрлэг нь байдгаараа  байгаа. Хөгж­лийн үндэс газар.Газрыг төлөвлөлт, эдийн засгийн эргэлтэд оруулахгүй бол үхмэл хөрөнгө болно.Газар өмчлөх, эзэмших, ашиглахтай холбоотой ажил дээрх тогтоолоор таг зогссон учир энд байгаа үл хөдлөх хөрөнгө үнэлэгддэггүй.Эдийн засгийн эргэлтэд орохгүй болсноос өрх хөгжих боломжгүй болж жилээс жилд, өдрөөс өдөрт амьдралын түвшин буурсаар байна.Амьдрах орчин нөхцөл төдийгүй үр хүүхдэд нь ч сурч, хөгжих эдийн засгийн хэрэгцээ байгаа.

2016 оны 285 дугаар Засгийн газрын тогтоолоор Булган аймгийн Засаг дарга, Хутаг-Өндөр сумын Засаг даргад Эгийн голын УЦС-ын төслийн нөөц газарт газартай холбоотой ямар нэгэн шийд­вэр гаргаж болохгүй гэж  даалгасан. Тийм учир бид ямар ч шийд­вэр гаргах эрхгүй болсон.

2015-2016 онд төслийн нэгжээс олон төрлийн судал­гаа явуулж Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хүртэл нөхцөл байдалтай ирж танилцахад төсөл хэрэгжих нь гэсэн итгэл төрж байв. Хантай багаас 10 хүний бүрэлдэхүүнтэй хоёр баг Дөргөн, Тайширын УЦС байгаль орчинд ямар  нөлөөтэй  байгаа­тай танилц­сан. Хантай багийн иргэд УЦС барих эсэх дээр маргадаггүй, эсэр­гүүцдэггүй. Төрийн том төсөл, улс орны эдийн засагт тустай,  хэрэгжээсэй гэж  хүсдэг. Засгийн газрыг ойрын үед тодорхой шийдвэр гаргаасай гэж хүлээж байна. 2015-2016 онд Хантай багийг нүүлгэн шилжүүлэх асуудал яригдаж  Дамиран уулын  энгэрт бий болох шинэ суурьшлын бүсийн төлөв­лөлтийг  иргэдэд танил­цуулж байсан боловч тухайн үеийн улс төрийн нөхц­лөөс болж батлуулж чадаагүй. Төслийн нэгж ч татан буугдсан.Төслийн нэгж байгаль орчны олон төрлийн судалгаа хийсний дотор айл өрхийн үнэлгээгүй байгаа эд хөрөнгийг үнэлж, шилжүүлэн нүүлгэхэд ямар нөхөн төлбөр олгохыг судалж байсан.Археологийн дурсгалыг эрэн хайх, аврах ажиллагаа, усан халианд автах моддыг шилжүүлэх зэргээр нэлээд ажил хийсэн боловч 2016 оны сонгуулийн дараа Засаг солигдож ажил зогссон.Харин  өнгөрсөн  оноос  асуу­дал сэргэж, төслийн нэгж ч байгуулагджээ. Ерөнхий сайд Л.Оюун-эрдэнэ 2023 онд ирж УСЦ баригдах газартай танилцсан.Энэ төсөл “Алсын хараа-2050”, “Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал”-д суусан байгаа.Харамсалтай нь урагшилдаггүй.Хамгийн их хохирч байгаа нь Хутаг-Өндөр сум, Хантай багийн иргэд.Хантайд одоо 270 гаруй өрх, 800 гаруй хүн амьдардаг.Багийн төв сургууль, цэцэрлэг, бага эмчийн салбартай.Эдгээрт хөрөнгө оруулалт хийе гэхээр бид эрх зүйн боломжгүй. Газрыг нь өмчилж өгөхгүй эдийн засгийн эргэлтэнд оруулахгүй байгаа нь  хүний эрхийг зөрчсөн хэрэг болж байна. Хантайчууд олон жилийн турш Үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдэлж чадахгүй явж ирлээ.

-Ерөнхий сайд Хантайд ирэхдээ энэ асуудлаар юу хэлсэн бол?

-Ерөнхий сайдад энэ асууд­лыг танилцуулсан. Ерөн­хий сайд “Энэ төсөл хэрэг­жинэ” гэж  хэлсэн. Газартай холбоотой, ялангуяа Хантайн төвийн газартай холбоотой Засгийн газрын тогтоол дахь заалтаа эргэж хараач.Эрх зүйн харилцааг нь нээж өгөөч. Ингэснээр иргэдийг  нүүлгэн шилжүүлэхэд нөх­өн олговор олгох боломж гарна ший­дээч гэсэн хүсэлтэд тухайн үед хариулт өгөөгүй. 11-11 төвөөр дамжуулан тавьсан асуудалд Эрчим хүч­ний сайд Б.Чойжилсүрэн ирүүл­сэн хариундаа “Газартай холбоотой ямар нэгэн шийд­вэр гарах боломжгүй” гэсэн байлаа.

Том  төсөл  хэрэгжүүлэх  гэж байгаа бол тэнд амьдарч буй хүний асуудал, нийтийн эрх ашгийг хангах ёстой. Хэ­дэн үеэрээ амьдарсан хү­мүүс нутаг орондоо  баймаар байдаг. Монгол хүний л амьд­рал шүү дээ.Өнгөц харахад амьдрал явж байгаа боловч эдийн засгийн хувьд асар их боломж алдацгааж байгаа. Төрийн дэмжлэгтэйгээр шинэ суурьшлын бүсэд нийтийн үйлчилгээний байгууламжууд болох сургууль, цэцэрлэг, эмнэлэг байгуулаад иргэдийг нүүлгэж өгнө үү гэсэн хүсэлт  анхан шатны нэгжээс байнга ирдэг. Газрын асуудлыг шийдвэрлэж чадахгүй бол оршин суугчдыг яаралтай нүүлгэн суурьшуулах бас нэг гаргалгаа байж болох юм.

Засгийн газартай ширээний ард ярилцъя

Ч.Батцэцэг: Би хоёр жи­лийн өмнө Улаанбаатараас энд шил­жин  ирж Хантай багийн иргэн болсон. Хөдөө нутагт ирсэн юм чинь 0,07 га газраа хувьчилж авна, байшинтай хашаатай, жижигхэн газар ногоо тарина гэж бодож байсан. Гэтэл газар өгсөнгүй.Яагаад өгөхгүй байгааг судалж үзтэл Хантайн төв орчмыг Засгийн газар улсын тусгай хэрэгцээнд авсан юм байна.Энд амьдарч буй бүх айл газрын, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээгүй, нэг ёсондоо хууль бусаар оршин суугчид гэж болохоор. Засгийн газрын “Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай” 2016 оны 285 дугаар тогтоолыг үзэхэд ”Улсын тус­гай хэрэг­цээнд авсан газарт хад­лан бэлтгэх, түр хугацаагаар мал бэлчээр­лүүлэхээс өөр зориулалтаар ашиглуулах шийд­­­вэр гаргахгүй байхыг Булган аймгийн засаг дарга, Хутаг-Өндөр сумын засаг дарга нарт үүрэг болгосугай” гэ­жээ. Энэ тусгай хэрэгцээний газрын давхцал бүхий газарт одоо 88 өрхийн 300 гаруй хүн хамаарч байна. Энэ хүмүүсийн газар, аж ахуй нэгж нь газар нь эзэмших эрхтэй байгаад тусгай хэрэгцээний газартай давхцал үүсгэж байгаа бол нө­хөн олговортойгоор  эргүүлэн авахад гарах зардал, нүүлгэх хуга­цааг тохиролцон гэрээ бай­­­гуулж үе шаттайгаар шийд­вэрлэх арга хэмжээ авна гэж дээрх тогтоолд заажээ.

Би байшин худалдаж авсан.Байшин маань үл хөдлөх хөрөн­­гийн гэрчилгээгүй, “чи зарах уу?”, “би авъя” гээд л мөн­гөө солилц­сон.Ямар ч ба­тал­­гаа байх­гүй гэсэн үг.УЦС бариг­дахад байшинг маань үл хөдлөх хөрөнгө гэж үзэх үү, нөхөн төл­бөр олгох уу.Зас­гийн газ­рын тогтоолыг дахиад үзлээ.Энд “Зөвхөн эзэмших эрхтэй ир­гэн аж ахуй нэгжийн давхцсан газар нөхөн төлбөр авна” гэсэн байна.Надад байшин эзэмших эрх байхгүй учраас нөхөн төл­бөр авах эрх зүйн үндэсгүй юм байна.

Газар эзэмшээгүй.Байшин маань үл хөдлөх хөрөнгийн гэрчил­гээгүй учраас гэрийн тодорхой хаяг байхгүй.Энд байгаа айлууд бүгд “Хантай хоёрдугаар баг” гэсэн бүдүүн тойм хаягтай.Нарийвчилсан хаяг байхгүй гэсэн үг.Ийм хүнд шуудангийн хаяг байхгүй, банк­ны зээлд хамрагдах бо­ломж­гүй, хувийн компани, ин­тер­­нетийн компани үйлчилгээ үзү­ү­­лэхээс татгалздаг юм байна.Гэрийн тодорхой хаяггүй, үл хөд­лөх хөрөнгийн гэрчилгээгүй гэдгээр Улаанбаатараас хаягаа шилжүүлэх боломжгүйд хүрсэн.Харин аз болж манай хоршооны нэг гишүүний өвөл­жөөний газар халианаас гадуур байрлалтай, газар нь гэрчилгээтэй байж таа­раад хаягаа тэнд шилжүүлж ирсэн.Энэ бүхнээс хаяг ямар чухал болохыг ойлгож авлаа.

Би 0.07 га газраа багийн төвд авч болохгүй юм бол хаанаас авч болох вэ гэхээр зааж өгөх газар байхгүй.Хутаг-Өндөр сумын төвд газар олгож байгаа ч жилдээ маш цөөн, 30-80 нэгж талбар олгодог.Сумын төв 2500 гаруй хүн амтай.Тэд газраа өмчилж авч дуусаагүй, дээр нь олон хүн шилжин ирж байгаа.Тэд ч газраа авч амжаагүй байна.Тэг­вэл биднийг хааш нь нүүл­гэх юм бэ. Эндээс холгүй  шинэ суурьшлын бүс төлөвлөж газар зохион байгуулалтын зураг гаргасан гэсэн. Тэр дагуу цэцэр­лэгт хүрээлэн байгуулна гэж хэдэн мод тариад орхисныг мал идсэн, ойр хавьд айл байх­гүй, хамаг хашааг нь хүмүүс буул­­гаад зөөсөн, үлдсэнийг нь бай­галь  хамгаалагч  хашаандаа хураасан байдалтай байдаг. Төр төлөвлөлтийнхөө дагуу биднийг нүүлгэх бол  эртхэн нүүлгэж өгөөч. Энд залуу гэр бүлүүд бий болж байна, тэдэнд амьдрах орон байр хэрэгтэй.Зөвшөөрөлгүй газарт орон байр бэлд­­чихээр дараа нөхөн төлбөр ч авч чадахгүй болно шүү дээ.Хан­тайнхан “Тэртээ тэргүй нүүх юм чинь” гэсээр амь­жиргаагаа дээшлүүлж чадахгүй олон жи­лийг үджээ.Газар  өмчлөхгүй болсноос улбаалан энд ямар ч газрын дуудлага худалдаа болдоггүй. Ингэснээр багийн иргэд газар аваад ногоо та­рих, ферм эрх­лэх, аялал жуулч­лалын үйлчилгээ хийх, үйлдвэр бай­гуулах боломжгүй, юу ч хийж болохгүй болчоод байна.Энэ нь өөрсдийн эрхийн хүрээнд орон нутгаа хөгжүүлэх, эдийн засгаа сайжруулах бо­ломжийг хязгаарлажээ.

Эгийн голын УЦС баригдах нь тодорхой, энэ байгууламж  Монгол Улсын эрчим хүчний бие даасан байдалд чухал ач холбогдолтой. Гэхдээ энд амьдарч байгаа хүмүүс 20-30 жил хүлээсэн.Энэ хүмүүст цаг хугацаа маш үнэ цэнэтэй.Зас­гийн газар бидэнд цалин өгөөд, хооллоод суулгаагүйгээс хойш бид өөрсдөө хоолоо олж идэх ёстой.Тэгэхээр нэг өдөр, нэг сар ч ганцдахгүй, эртхэн асууд­­лаа шийдүүлж амь­жир­гаа­гаа дээшлүүлэх хэрэгтэй бай­­на.Ногоогоо тарьмаар байна.

Бид нуурын эрэг дээр ши­нэ, хөөрхөн тосгонтой бол­но.Шинээр амьдарна гэж хү­лээж байна.Гэтэл тэр гоё зураг, төлөвлөлт олдохгүй бол­жээ.Төлөвлөлтийг хийсэн ком­паниас сураглахад УЦС-ын төс­лийн­хөн мөнгөө төлөө­гүй уч­раас бид зургаа өгөө­гүй гэсэн.Тэгэхээр ямар ч төлөвлөлт, ямар ч төлөвлөгөө байхгүй гэсэн үг.Цаашдаа хэдэн жил хү­лээх нь ч тодор­хой­гүй.Бүх юм тодор­хойгүй байгаад гом­долтой байна. Үүнийг би Монгол Улсын Зас­гийн газар өөрөө хүний эрхийг зөрчиж байна гэж  харж байна. Тиймээс бид нэн түрүүнд Хүний эрхийн комисст хандана.Цаашлаад Засгийн газрыг Захиргааны хэргийн шүүхэд өгнө. Бид өөрсдө­дөө  тааламжтай, багийн төвөөс холгүй суурьшлын бүсээ тог­тоолгох, амьдралын үндсэн хэрэгцээ эрчим хүч, худаг ус гэх мэт дэд бүтцийг яаралтай бий болгуулах, газрыг хуулийн дагуу өмчлөх, сургууль, цэцэр­лэг, эмнэлэг гэх мэт ний­тийн үйлчилгээг яаралтай бий бол­­­гож өгөөч гэж Засгийн газар­­­­­тай тохиролцмоор бай­­на. Эсвэл одоо байгаа энэ газрыг өмч­лүүлж өгөөд биднийг нөхөн төлбөр авах баталгаатай бол­гож өгнө үү гэсэн тодорхой хүсэлт­эй бай­­на.Засгийн газар­­тай ширээ­­­ний ард ярилцъя. Үгүй бол Олон  улсын хүний эрхийн бай­гууллагад хандана.

Эгийн голын УЦС

1964-1970 онд ЗХУ-ын Усны хүрээлэн Монгол Улсын нутаг дэвсгэрт судалгаа хийгээд 28 байршилд УЦС байгуулах боломжтой гэждүгнэжээ.Тэдгээрийн нэг нь Эгийн гол юм.

1992 онд АХБ-ны санхүүжилтээр Эгийн гол дээр УЦС барих анхны ТЭЗҮ-ийг Швецари, Итали, Монголын компани боловсруулж эхэлжээ.

1996-1997 онд дээрх ТЭЗҮ болон байгаль орчны нарийв­чилсан үнэлгээг үндэслэн Засгийн газар энэ төслийг хэрэгжүүлэхийн тулд нэлээд ажил хийсэн боловч зогсжээ.

2006 онд УИХ-ын баталсан Монгол Хятадын хоорондын хөнгөлөлтэй эзэлийн 300 сая доллараар Эгийн голын УЦС-ыг байгуулахаар хэлцэл хийж тендэр зарлан Хятадын компани шалгарсан боловч ажил урагшилсангүй.2013 онд төслийн нэгж байгуулагдаж судалгаанууд хийж  шинэчилсэн ТЭЗҮ боловсруулсан ч хэрэгжсэнгүй. Энэ болгон дээр Хантайн иргэдийг нүүлгэн шилжүүлэх яриа гарч сэтгэл санаа, эдийн засгийг дарамтад оруулж, цаг хугацаа, хөгжил дэвшлийг нь үрж, тодорхойгүй хүлээлтэд байлгаж ирсэн байна.Хантайн иргэдтэй уулзахад ганц л асуудлыг ярьж байна.Бидний  эрх зөрчигдсөөр байх уу гэж.

Хаашаа, хэзээ нүүхээ ч мэдэхгүй…

Хантай багийн бага сургуулийн багш  М.Гансолонго­той сургуулийн эрдмийн баяр болж ахуйд таарч ярилцсан юм. Энэ өдөр тус сургуулийн тавдугаар ангийг долоон хүүхэд төгсч, нэгдүгээр ангийн зургаан хүүхэд үсэглэлийн баяраа хийж  байлаа.

-Сургуулиар орлоо, цом­хон мөртлөө бүх юмтай хүүх­дийн дуу цалгисан ”Хөөрхөн гэр” юмаа?

-Тийм шүү, энэ сууриндаа хамгийн том байшинтай, хам­гийн хөгжил дэвшил, амжилт, хөл хөдөлгөөн, дуу шуутай газар.Сургууль 42 сурагч, зур­гаан багш, 6зургаан ажил­тан­тай, дотуур байртай.Нэг багшид 6-12 хүүхэд ногддог, хүүхэд бүртэй тулж ажиллах боломжтой.Тэр хэрээр хүүхдүүд маань сурлага сайтай.Багш нар бид гүйцэтгэлийн үнэлгээгээр аймагтаа удаа дараа тэргүүлж боловсролын сайдаас магтаал сонссон.Багийн хүн амын бүрт­гэлээр сургууль 60-70 хүү­хэд­тэй байх боломжтой ч олон айл хүүхдээ сум, аймгийн сур­гуульд шилжүүлсэн.Энэ нь УЦС барина, Хантайн төвийг нүүлгэнэ гэдэг яриа удаа дараа гарч ажлын байр цөөрсөнтэй холбоотой.Айлууд нүүж шилж­сээр байгаад сургууль маань татан буугдах вий гэж санаа зовдог.

-Таныг Хантайн төвийн иргэдийн өмнөөс дуугардаг ганц хүн гэж надад хэлсэн?

– Дуугарахаас өөр арга алгаа.2018 онд манай ээж бурхан болсон.Би энд ажил­луулж байсан дэлгүүрийг өвлөж авахаар хөөцөлдөж эхэл­сэн ч байшин нь үл хөдлөх хөрөн­гийн гэрчилгээгүй гэдгээр мухард­сан.Тэгээд бо­доод үзэхэд бид ямар ч өмч хөрөн­гө­гүй, хов хоосон улс болж таар­лаа.Ээж маань 2012 онд аж ахуйн нэгждээ газар аваад үл хөдлөхөөр үнэлүүл­сэн. Харин түүн дээрх бай­шин, сүүлд нь бидний хийж бүтээсэн орон гэр ямар ч үнэлгээ байхгүй, бидний суугаа газар нь өмчлөлгүй, мал, машин хоёроос  өөр өмч байхгүй гэсэн үг. Энийг олж хараад асууд­лыг сөхөж гаргаж ирсэн хүн нь би.

-Өмчийн баталгаагүй байх нь ямар үр дагавартай вэ?

-Энд ажлын байр ховор, айлууд цөөн хэдэн малтай түү­гээрээ амьжиргаагаа зал­гуул­даг.Ядахдаа өөрийн үндсэн хөрөнгөтэй бол банкны барьцаанд тавьж зээл авах, жижиг бизнес эрхлэх боломжийг их алдаж байна.Манай энд­хийн­хэн газрын үнэ цэнийг ойл­гоогүй, ойлгосон ч дуугарах чадваргүй байна.

-Дарга нар санал, хүсэлтэд чинь ямар хариу өгдөг вэ?

– Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг 2023 онд энд ирэхэд би уулзсан.УЦС барих нь тодорхой бол биднийг эртхэн нүүлгэ, шинэ сууршлын бүс тогтоож өгөөч, газрыг нь өмчлүүл, энд ингэж цаг алдаж байхаар тэндээ төвх­­нөж байя гэдгээ хэлсэн.Ерөнхийлөгч УЦС-ыг барина. Энэ хүмүүсийг хохироогоод байж  болохгүй. Газрын асууд­лыг нь зохи­цуул гэж аймаг, сумын дарга нарт үүрэг өгсөн.Аймаг, сумын дарга нарт Зас­гийн газрын 2016 оны 285 дугаар тогтоолоор тийм эрх мэдэл байхгүй шүү дээ.

– Засгийн газрын тогтоол гарахаас өмнө газраа өмчил­сөн айл хэд байна вэ?

– Хоёр  жижиг дэлгүүр  бай­даг. Тэднийг 2012 онд аж ахуйн нэгж бол, татвар төл гэж шаардаж газрыг нь олгож дэлгүүрийг нь  үнэлээд гэрчил­гээ өгсөн юм байна лээ. Өөр газраа өмчилсөн айл байхгүй.

– Газар чөлөөлөх боллоо гэхэд та нарт улс ямар тус­лалцаа үзүүлэх бол?

– Зөвхөн нүүх зардал л өгөх байх. Газраа өмчилж чадаагүй ч эзэмшвэл  байшингаа үнэлүүлэх эрхтэй болох гээд байна. Нүүх­дээ тэр үнэлгээгээрээ нөхөн олговор шаардаж болох юм.Улаанбаатарын айлууд газраа чөлөөлж өгөхдөө 2-3 өрөө бай­раар сольсон гэх юм.Бид­ний газрыг авахдаа яагаад ийм хатуу хандаж байгаа юм бол.

– Шинэ суурьшлын бүсийн тухай Засгийн газар ямар танилцуулга хийж байсан бэ?

– 2016 онд бидэнд танил­цуул­сан төслөөр энэ төвөөс дөрвөн км-ийн цаана сургууль, цэцэр­лэг, эмнэлэгтэй, айл болгонд орон сууцтай байхаар гоё төсөл танилцуулж байсан. Тэгээд сураггүй болсон.Хэзээ тэр нь баригдаж, хэзээ бид тэнд өмчтэй болж сайн сайхан амьдрахыг мэдэхгүй байна. Нүүж ч болдоггүй, сууж ч бол­дог­гүй, шинээр юм  бүтээж ч бол­доггүй хэдэн хүн байна. Миний  мэдэхийн 32 жил ярилаа. Бараг бүхэл бүтэн нэг үе хохи­роод өнгөрч, бидний үе дуусаад дараагийн үе яахыг мэдэхгүй.

Малын бэлчээр, машин замгүй боллоо

“Баялаг  Хантай” хоршоо­ны гишүүн Ц.Болормаа залуу насандаа Хантай цогцолборын үтрэмд ажиллаж, нөхөр нь трак­торын жолооч хийж байжээ. 1990 онд энд УЦС барина гэсэн яриа гарч зэрэгцээд газар  тариалангийн аж ахуй, механикжсан үт­рэм хувьчлагдан үрэн таран болжээ. Олон хүн ажил хайж Эрдэнэт, Улаан­баатар, Хутаг-Өндөр сум руу шилжин явахад Болормаагийн гэр бүл ч яваад 10 гаруй жил хот суурин газар ажиллаж тэт­гэврээ тогтоолгоод нутагтаа ирсэн байна.


-Бид одоо аав, ээжийнхээ бай­шинд амьдарч байна.Шинэ хашаа, байшин барьсангүй.Хэзээ нүү гэх бол гэж хүлээж суудаг.Газрын харилцааны талаар надад ажиглагдсан хоёр асуудал байдаг.Тариа­ланч хүний хувьд газраас шимийг нь хүр­тэж байгаа бол хайрлаж тордож, эмх замбараатай, соёл­той эд­лээсэй.Дур дураа­­раа, хүнийм­сэг хандаж байна.

Хад­лан­гийн талбайг малчдад өмчилж өгөөсэй.Манай­хан тус тусдаа дээр үеэс хадлан авч ирсэн талбайтай.Намар болохоор танайх манай тал­бай дээр орсон, ороогүй гээд бөөн маргаан болдог.Хадлангийн талбайг малын тооноос нь хамааруулж өрхөд хэмжиж өгөөд улс татвар хураамжаа авч болно шүү дээ.

Тариан талбайн хувьд хувийн компаниуд хэмжээт талбайгаасаа өргөтгөж, тэлж хагалаад малын бэлчээрийг шахаж байна.Малаа хаана нь бэлчээх болж байна. Багийн төвийн урдуурх тал­байг Магсаржав САА-н үед “270” нэрлэдэг  байсан. /270га/  Одоо харахад лав 310 га-с илүү болсон.  Энэ  тухай  сумын удирдлагад хэлэхэд “шал­гуулъя” гээд чимээгүй бол­сон.  Хариу   нэхэхээр  “Шал­галтаар  зөрчил  илрээгүй” гэдэг. Засгийн газрын 285 дугаар тогтоолд халианы тал­­байд хамрагдах газарт тариа тарих тухай заалт байх­гүй байхад “270”-д хувийн компаниуд тариа тарьсаар байгаа. Талбайг хэтэрхий  өргөжүүлснээс машины зам нь явахад бэрхшээлтэй болсон гэв.

 

Ж.СЭЛЭНГЭ

2 replies on “Засгийн газар бидний эрхийг зөрчиж байна”

Манай халхууд мөн ч их ухамсартай, өөрсдийгөө золиосолсон эх оронч хүмүүс шүү. Төрсөн нутгаас нь хөөхөд дуугүй л яваад өгдөг.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *