Монгол Улсад нисэх хүчин үүсэж хөгжөөд 99 жил болж байна.
Түүх сөхвөл 1925 оны тавдугаар сарын 25-ны өдөр Монголын нисэх хүчний анхны онгоц болох тээврийн зориулалттай Ю-13 хэмээх нисэх онгоцыг хүлээлгэж өгөх, цаашид нисэх хүчний суурийг тавихад нь туслах үүрэг даалгаврыг биелүүлэхээр Зөвлөлтийн нисгэгч Алексей Алексеевич Лапин даргатай нисгэх баг Улаанбаатар хотын Консулын дэнжид бэлтгэсэн аэродром дээр уг онгоцыг буулгаж байжээ. Энэ өдрийг Монголын нисэх хүчин үүссэн өдөр гэж үзэн жил бүр тэмдэглэдэг уламжлалтай.
Харин 1956 он бол манай улсад Иргэний агаарын тээврээр үйлчилж эхэлсэн буюу хуваарьт тогтмол нислэгийг эхлүүлсэн түүхэн он юм. 1956 оны долдугаар сарын 7-нд Антоновын зохион бүтээх товчооны Ан-2 агаарын хөлгөөр Дорнод, Ховд, Хөвсгөлийн чиглэлд нислэг үйлдсэнээр МИАТ компани үүсгэн байгуулагдсан аж.
Өдгөө Монгол Улсад МИАТ ТӨХК, Хүннү Эйр, Аэро Монголиа, Эзинис Эйрвэйс зэрэг авиа компани орон нутгийн болон олон улсын тогтмол нислэг үйлдэж байна. Монголын иргэний нисэхийн салбарт 5,000 орчим ажилтан, албан хаагч ажиллаж байгаагийн 70 орчим хувь нь нарийн мэргэжлийнх байдаг.